| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2019/00299/И |
| Дугаар | 00373 |
| Огноо | 2019-07-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 00373
| 2019 оны 07 сарын 19 өдөр | Дугаар 153/ШШ2019/00373 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Манхан сум, Улаан хүрээ багт оршин суух, П.. дугаарын регистртэй, А овогт Д-н Бын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 153/2019/00299/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Б нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1964 онд Ховд аймгийн Манхан суманд төрсөн. 1981 оны 06 дугаар сард 8 дугаар ангиа төгсөөд 1981 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарны 13-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Улаан хүрээ бригадад аав Далай, ээж Дариймаа нарын хамтаар бол мал маллаж хоньчноор ажилласан. 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хооронд хугацаат цэргийн алба хаасан. 1986 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 02 дугаар сарны 06-ны өдрийг хүртэл үргэлжлүүлэн тус нэгдлийнхээ Улаан хүрээ бригадад аав ээжийнхээ хамтаар бог мал малласан. Би эхнэр Б.Оюунцэцэгтэй гэр бүл болсон тул 1988 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 09-ны өдөр хүртэл буюу нэгдэл тарах хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Улаан хүрээ бригадад бог мал малласан. Намайг бага байхад аав, ээж болон ойр тойрны бүх хүмүүс Хүрлээ гэж дууддаг байсантай холбоотойгоор тухайн үед аав ээжийнхээ хамт мал маллаж байх үеийн 70 дугаар дансанд миний нэрийг Хүрлээ гэж бичсэн байна. Гэтэл миний албан ёсны бичиг баримт дээрх нэр бол Д.Б юм. Одоо өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох болоход 1981 оноос 1992 оны хооронд ажиллаж байсан зарим 70 дугаар дансанд намайг Хүрлээ гэж багийн нэрээр минь бичсэн, мөн зарим оны баримтууд гарч ирэхгүй байгаа тул шүүхэд хандаж ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд намайг 1981 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 1986 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл тус тус Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Улаан хүрээ бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Д.Б нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Миний бие хөдөө мал маллаж ганцаараа амьдардаг, мал харах хүн байхгүй тул намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан байна. Иймд шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагч Д.Б нь 1981 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл тус тус Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Улаан хүрээ бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Д.Б нь 1981 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл тус тус Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Улаан хүрээ бригадад малчнаар ажиллаж байсан болох нь
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 425 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Манхан сумын Улаанхүрээ бригадын 1982 оноос 1990 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс
Хүсэлт гаргагчийн 1981 оны 06 дугаар сарын 14-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Хүсэлт гаргагчийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр нээлгэсэн 1058668 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Монгол улс, Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 4185 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Хүсэлт гаргагчийн 00602 дугаартай малчин мэргэжлийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Хүсэлт гаргагчийн 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нэгдлийн гишүүнээр элссэн тухай нэгдлийн гишүүний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 103 дугаартай лавлагаа,
Хүсэлт гаргагч Л.Нямбуугийн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 126/002170 дугаартай Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,
Гэрч Т.Төмөрөөгийн ...Би 1961 онд Ховд аймгийн Манхан сумын сургуулийн 4 дүгээр ангийг төгссөн. 1969 оноос 1972 оныг хүртэл цэргийн алба хаасан. 1972 оноос 1990 оныг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд нярав, нягтлангаар ажиллаж байсан. Д.Б нь 1981 онд сургуулиас гарч 1983 оноос 1986 оныг хүртэл цэргийн алба хаасан. 1986 оноос 1990 оныг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Улаан хүрээ, Ботгон бригадад малчнаар ажиллаж байсан. Д.Быг нутгийнхан голдуу Хүрлээ гэж дууддаг байсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Д.Бын ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Аатынхан овогт Далайн Быг 1981 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл тус тус Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Улаан хүрээ бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ