Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/111

 

 

                                       2023/ШЦТ/111

 

              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж,

Улсын яллагч: Б.Нямжав     

Шүүгдэгч: Б.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Бы Ээд холбогдох эрүүгийн 2312................. тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн .......... сумын ....... дүгээр баг, .............. гэх газарт оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Бы Э /РД:А/  

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Архангай аймгийн Булган сумын Тамир багийн Дунд тээл гэх газар 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдөр иргэн Б.У нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.Э нь Архангай аймгийн Булган сумын Тамир багийн Дунд тээл гэх газар 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хохирогч Б.У хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, эрүүл мэндэд нь умдаг зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Б.У“... 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хажуу айлдаа цай ууж сууцгааж байгаад манай нөхөр М, төрсөн ах Этэй хувийн асуудлаас болж маргалдаад асуудал нь хүндрээд барьцалдаад авсан. Тэгэхээр нь би 1 настай хүүхдээ тэврээд дундуур нь орж салгах гэсэн боловч манай хадам ах Э намайг толгой хэсэг рүү цохиж аваад түлхэж унагаасан. Тэгээд мөн эхнэр нь нөхрөө өмөөрч над руу дайраад үснээс зулгаагаад цохиж авсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан.  Манай нөхрийн ах Э намайг толгой хэсэг рүү 1 удаа, хүзүү хэсэг рүү 1 цохисон. Тэгээд хүмүүс салгаад гадагш нь аваад гарсан гадаа маргалдаад байхаар нь би гараад харсан чинь манай нөхрийг газарт унагаагаад дээрээс нь дарчихсан байхаар нь салгах гээд яваад очтол над руу дайрч миний хэвлий хэсэг рүү 1 удаа өшиглөж миний умдаг хавдсан байна өвчтэй байна. Мөн миний тэвэрсэн байсан хүүхдийн хөл хөхөрсөн байсан. Бид нар бүгдээрээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Миний нөхөр М, Э нар маргалдаад тэгээд би барьцалдаад авахаар нь би салгах гэсэн боловч Э нь над руу дайрч намайг зодож миний биед гэмтэл учруулсан. Би гомдолтой байна. Миний бие зовуурьтай байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Нөхрийн бие гайгүй байна, хүүхдийн зүүн хөл хөхөрсөн байсан. Хүүхдийн нэг хөл хөхөрсөн байсан тэрийг Э гэмтээснийг би хараагүй хүмүүс бужигнаж байх хооронд юм юманд нидрээд гэмтээсэн байх тийм болохоор шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Э нь дуугай даруухан хааяа л бага зэрэг архи уудаг хүн байгаа юм. Өчигдөр архи уусан байсан болохоор хоорондын үл ойлголцлоос болж ийм асуудал болсон байх. Эийн эхнэр С нөхрөө өмөөрч миний үснээс зулгаасан. С нь их согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 05-06 дугаар тал/, гэрч Д.Сийн “... 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр манайхтай ойрхон нутагладаг Ганбат ахынд очоод тэр хавийн айлуудын хүмүүстэй нийлээд архи ууцгаасан. Тэгээд манай нөхөр Э дүү нартайгаа маргалдсан тэгээд би санахгүй байгаа юм. Хүмүүсээс дараа нь юу болсон талаар олж мэдсэн. Бид нар мал болон өөрсдийн хувийн асуудлаас болж архи уусан үедээ маргалдсан. Би тухай үед болсон явдлыг санахгүй байна. Би их согтсон байсан. Э нь үг цөөтэй, дуугай, дөлгөөн хүн байгаа юм. Э, М нар хоорондоо зодолдож бие биедээ гэмтэл учруулсан эсэхийг санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 дугаар тал/, гэрч Б.Мгийн ”...бүгд архи ууцгаасан байсан. Тэгээд У ээждээ хонь гаргаж өгсөн гээд л бие биенийхээ үгийг даахгүй барьцалдаж авцгаасан. Би Эийг У гэдэс хавь руу нь нэг удаа өшиглөхийг харсан, өөр зүйл хараагүй. У, С хоёр бие биенийхээ үснээс зулгаацалдад байсан. Би хараагүй, С У цохиогүй байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 дүгээр тал/, гэрч Ж.Гийн ”...жаахан ууцгааж сууж байгаад Э, С нар хоорондоо маргалдаж байгаад цаашдаа У М нартай маргалдаад гэрээс гараад гэрийн гадна маргалдаад байсан. У С нар бие биенийхээ үснээс зулгаагаад, тэгээд гэрээс гарсан, би араас нь гараагүй. Би сайн мэдэхгүй байна, тухайн хүмүүс их согтсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр тал/, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Б.Эийн мэдүүлэг, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 101 дугаартай “...Б.У биед умдагт зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 36-37 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Шүүгдэгч Б.Э нь хохирогчийн эрүүл мэндэд умдагт зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзлээ.  

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.  

 

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтээ бичгээр илэрхийлсэн бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.

 

Иймд шүүгдэгч Б.Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч Б.Эийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.Э нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн,  шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч Б.Ээд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд  анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх  нөхцөл байдалд тооцож, прокурорын сонсгосон ял Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч эрүүгийн хариуцлагын үр дагаврын хүлээн зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Бы Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Ээд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР