Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 152

 

 

 

 

 

 

   2019 оны 01 сарын 09 өдөр

     Дугаар 181/ШШ2019/00152

               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, шүүгч Ч.Ичинхорлоо, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: М Д ХХК-ийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч:  Б  ХХК-д холбогдох

            Гэм хор учруулсны хохиролд 100 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюунсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цолмонбаяр, иргэдийн төлөөлөгч Ч.Одончимэг, нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

            2018 оны 02 сарын 26-ны өдөр Баянгол дүүрэг, 4-р хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 202 байрны 124 тоотын айл Д.Амаржаргалын орон сууцны сантехникийн тоног төхөөрөмжийн гэмтлээс шалтгаалж их хэмжээний ус алдсаны улмаас М Д ХХК-ийн эд хөрөнгийн даатгалын 1701004016 тоот гэрээт даатгуулагч Д.Баярмаагийн 202 дугаар байрны 112 тоот орон сууц /доод айл/-ны гал тогооны өрөө болон ариун цэврийн өрөөний таазны эмульс, шохой ховхорч нийт 100 000 төгрөгийн хохирол учирсан байна.

            Энэхүү гэмтлийн улмаас Д.Баярмаагийн эд хөрөнгөд учирсан 100 000 төгрөгийн хохирлыг М Д ХХК барагдуулж, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ...”, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д зааснаар буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг М Д ХХК нь нөхөн төлбөр нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авах гэрээний дагуу шилжүүлж авсан. Уг гэрээний дагуу эхлээд манай байгууллага нь Д.Амаржаргалд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч тус байрны тоног төхөөрөмжийн хэвийн ашиглалтыг хариуцах Б  ХХК-ийг хариуцагчаар сольж нэхэмжлэлийн шаардлагыг гаргуулахаар болж, холбогдох ажиллагааг шүүхээр хийлгэсэн. Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.6-т зааснаар Б  ХХК нь уг барилгыг барьж ашиглалтад оруулан улсын комисст 2013 оны 12 сарын 12-ны өдөр 2013/479 тоот актаар хүлээлгэн өгсөн байх тул энэхүү хохирлыг хариуцах үүрэгтэй гэж үзэж байна.

            Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар Д.Баярмаагийн эд хөрөнгөд учирсан хохирол 100 000 төгрөгийг буруутай этгээд Б  ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цолмонбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            М Д ХХК нь манай компанитай хийсэн гэрээ хэлцэл байхгүй байж, гэм хорын хохирлыг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компани нь Баянгол дүүргийн 4-р хороонд Цоглог хотхон II, 184 айлын орон сууцны барилгыг барьж, 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ашиглалтанд оруулж, улсын комисст хүлээлгэн өгсөн. Барилгын тухай хуульд зааснаар бол тухайн байрны оршин суугч Д.Амаржаргалын хүйтэн усны хаалт эвдэрсэн гэсэн гэмтэл тогтоогдсон актаар уг гэмтэл нь барилга барьсан компанид огт хамааралгүй, хувь хүний хариуцлагатай холбоотойгоос үүссэн гэмтэл юм. Гэтэл 202-р байрны 124 тоотын эзэмшигчийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлыг манай компаниас шаардаж байгаа нь буруу гэж үзэж байна. Манай компани энэ хэргийн хариуцагч биш.

            Иймд М Д ХХК-ийн Б  ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

            Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: Хариуцагчаар оролцож буй Б  ХХК нь гэм буруутай эсэх нь нотлогдохгүй байгаа тул гэм буруугүй гэж үзэж байна гэв.

            Шүүх зохигч талуудаас гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч М Д ХХК нь хариуцагч Б  ХХК-д холбогдуулан, гэм хор учруулсны хохирол 100 000 /нэг зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

            Нэхэмжлэгч М Д ХХК нь анх шүүхэд хариуцагч Д.Амаржаргалд холбогдуулан гэм хор учруулсны хохирол 100 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Амаржаргалаас татгалзаж, Б  ХХК-ийг хариуцагчаар тодорхойлон, түүнээс гэм хор учруулсны хохирол 100 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдлоо.

            Хариуцагч Б  ХХК нь Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энхтайваны өргөн чөлөө гудамжид байрлах газарт, Цоглог хотхон II, 184 айлын орон сууцны барилгыг барьж, 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2013/479 дугаартай актаар улсын комисст хүлээлгэн өгсөн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан актын баримтаар нотлогдож байх бөгөөд тухайн барилгыг барьж ашиглалтад өгсөн үйл баримтын талаар зохигч талууд маргаагүй. /хх-ийн 61-64 дүгээр талд/

            Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд баригдсан Цоглог хотхон II, 184 айлын орон сууцны 202 дугаар байрны 112 тоот хаягт байршилтай, 56.21 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгч Д.Баярмаа нь М Д ХХК-тай 2017 оны 05 сарын 22-ны өдөр Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын 1701004016 дугаартай гэрээ байгуулан, уг орон сууцаа 90 500 000 төгрөгөөр үнэлж, даатгуулсан байх бөгөөд 2018 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 20:30 цагт тус байрны 124 тоот орон сууцны эзэмшигч Д.Амаржаргалын хүйтэн усны хаалт эвдэрсэн тоног төхөөрөмжийн гэмтлийн улмаас Д.Баярмаагийн 202-112 тоот орон сууцны гал тогооны тааз, 00-ийн өрөөний тааз нийт 15 м.кв талбайтай хана, таазны эмульс шохой норж шарлан хууларсан талаар Хаусинг холд ХХК-ийн Орон сууцанд гарсан эвдрэл, гэмтлийн шалтгааныг тогтоосон 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн акт, мөн тус байрны 136 тоотын эзэмшигч н.Гансүхийн халаалтын коллектор салбарласан өгөхийн шугам цоорсон тоног төхөөрөмжийн гэмтлийн улмаас н.Амаржаргалын эзэмшиж байгаа 202-124 тоот орон сууцанд ус алдаж 38 м.кв талбайтай хана таазны эмульс, шохой норж шарлаж хууларсан, мөн ванны өрөөний сэнс рүү ус орж шатсан байдлыг нь Хаус холд ХХК-ийн Орон сууцанд гарсан эвдрэл, гэмтлийн шалтгааныг тогтоосон 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн акт зэрэг бичгийн баримтууд хэрэгт тус тус авагдсан байна. /хх-ийн 6-10, 29 дүгээр талд/

            Нэхэмжлэгч М Д ХХК нь даатгуулагч Д.Баярмаад Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын 1701004016 дугаартай гэрээний дагуу түүний эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 100 000 төгрөгийг төлсөн болох нь Хаан банкны 2018.03.16-ны өдрийн шилжүүлгийн мэдээллийн баримт /хх-ийн 11 дүгээр талд/-аар тогтоогдсон, энэ нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т зааснаар даатгуулагч Д.Баярмаад учирсан хохирол буюу даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүргээ хэрэгжүүлсэн байна.

            Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д тус тус зааснаар буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагч болох М Д ХХК-д шилжсэн талаар 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдөр М Д ХХК, Д.Баярмаа нарын хооронд байгуулсан Нөхөн төлбөр нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авах гэрээ хэрэгт бичгийн баримтаар авагджээ./хх-ийн 5 дугаар талд/

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдыг эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу М Д ХХК нь хариуцагч Б  ХХК-иас дээрх нөхөн төлбөрт олгосон гэм хор учруулсны хохирол болох 100 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй гэж үзлээ.  

            Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа нэг жил байна”, 14.6-д “Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна” гэж тус тус заасан ба маргааны зүйл болсон хариуцагч Б  ХХК-ийн барьж ашиглалтанд оруулсан Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 202 дугаар байрыг улсын комисст 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээлгэн өгсөн, үүнээс хойш 2018 оны 2 дугаар сарын 25-ны өдөр уг байрны 124 тоотын эзэмшигч Д.Амаржаргалын хүйтэн усны хаалт эвдэрсэн, мөн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр тухайн байрны 136 тоотын эзэмшигч н.Гансүхийн халаалтын коллектор салбарласан өгөхийн шугам цоорсон гэмтэл учирсан талаар бичгийн нотлох баримтууд хэрэгт авагдсан. Эдгээрээс дүгнэхэд маргааны зүйл болсон орон сууцыг барьж ашиглалтад оруулсан хариуцагч Б  ХХК нь 202 дугаар байрны 112 тоотын өмчлөгч Д.Баярмаагийнд гэм хор учирсан гэх нэхэмжлэгч М Д ХХК-ийн шаардаж буй 100 000 төгрөгийг хариуцах үндэслэл тогтоогдохгүй байна.

            Тухайлбал, нэхэмжлэгч М Д ХХК нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэл, бусдын эд хөрөнгөнд гэм хор учирсан байх, үйлдэл /эс үйлдэл/ болон учирсан хохирлын хоорондох шалтгаант холбоо, түүний гэм буруу /санаатай буюу болгоомжгүй/ зэрэг шинжүүд бүрдэж байж л хариуцагч Б  ХХК-ийн хувьд гэм хорыг хариуцан арилгах үүрэг үүсэх учиртай.

            Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотолж чадаагүй байна.

            Иймээс, нэхэмжлэгч М Д ХХК-ийн даатгуулагч Д.Баярмаад олгосон даатгалын нөхөн төлбөр буюу гэм хорын хохирол гэх 100 000 төгрөгийг гаргуулахаар хариуцагч Б  ХХК-иас шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

            ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М Д ХХК-ийн хариуцагч Б  ХХК-иас гэм хор учруулсны хохирол 100 000 /нэг зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4550 төгрөгийг улсын төсвийн орлого болгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл түүнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Б.ТҮМЭНЦЭЦЭГ

 

 

                       ШҮҮГЧИД                                                                Ч.ИЧИНХОРЛОО

 

 

                                                                                                            Б.УУГАНБАЯР