| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 171/2023/0085/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/87 |
| Огноо | 2023-03-15 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрмэнд |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 2023/ШЦТ/87
2023 03 15 2023/ШЦТ/87
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа,
Улсын яллагч Т.Дэлгэрмэнд,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав,
Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Ц-ын Б-д холбогдох эрүүгийн 2225004140083 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дугаар сарын 0-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хивсний оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт Орхон аймаг Баян-Өндөр сум 0 баг 0-0 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 184 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, С овогт Ц-ын Б- /РД:хх00000000/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь 2022 оны 05 дугаар сард Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багт үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн хойно байрлах авто гражын баруун хойд хэсгээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “өвс” гэх нэршилтэй Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,
үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүртэл Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-27 дугаар байрны урд тоглоомын талбай дээр өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан 8,3 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд: “...Би 2013 оны 06, 07 сарын үед хар тамхины зурагтай малгай өмсөж байсан юм. Тухайн үед малгайн дээрх ургамал манай хойд талын гудманд ургачихсан байсан. Тэгээд би тухай ургамлыг зулгааж газарт хаячихаад орой нь хартал хатчихсан байсан. Тухайн хатсан тамхийг дүнсэн тамхи шиг сонингийн цаасанд ороогоод татахад толгой эргээд, нүд харанхуйлаад, гэдэс өлсөөд юм идмээр санагдаад, ам цангаад, инээд хүрээд байсан. Тэгээд тухайн ургамлыг хэрэглэдэг болсон. Би хамгийн сүүлд 2022 оны 10 дугаар сарын сүүлээр Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4 дүгээр сургуулийн ар талын гражны дээр хэрэглэсэн. Би 2022 оны 06 дугаар сарын сүүлээр Цагдаагийн байгууллагад баригдаж хураалгасан ургамлын үлдэгдлийг хэрэглэсэн. Би тухайн ургамлаа 2022 оны 05 дугаар сарын сүүлээр дөнгөж соёолж байхад нь буюу ногооноороо байхад нь түүж авсан... Миний буруу би буруугаа ойлгож байна. 2019 онд шүүхээр шийтгүүлснээс хойш хэрэглээгүй. Би олсон тэрнээс түүгээгүй. Байцаагчид олсон гэдгээ хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38х/,
- Хүний биед болон гадуур хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-14х/,
- Хэв загвар, дээж авсан тэмдэглэл /хх-ийн 17, 22х/,
- Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-19, 23-25х/,
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 28-30х/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 152 дугаартай шинжээчийн “1. Шинжилгээнд ногоон өнгийн төмөр савтай ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илрэв.
2. Шинжилгээнд илэрсэн дельта-9-тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг.
3. Ургамал мэт зүйлийн төмөр савтай жин нь 37,0 гр, цэвэр жин нь 8,4 гр шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 8,3 грамм болов...” гэсэн дүгнэлт / хх-ийн 44-46х/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 151 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн “Ц.Б хх0000000 2022-23” гэж хаягласан шээс, “Ц.Б ХХ0000000 2022-12-07” гэж хаягласан шээсний дээж тус бүр нь шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн “Ц.Б ХХ0000000 2022-23” гэж хаягласан шээснээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй.
“Ц.Б ХХ0000000 2022-12-07” гэж хаягласан шээснээс Тетрагидроканнабинол илрэв.
3.4. Шинжилгээнд илэрсэн Тетрагидроканнабинол НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 49-52х/,
- Ц.Бы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 94х/,
- Ц.Бы иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.Быг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Дээрх нотлох баримтуудаар Ц.Б нь 2022 оны 05 дугаар сард Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэн булаг багт үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн хойно байрлах авто гражын баруун хойд хэсгээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Өвс” гэх нэршилтэй Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг түүж, төмөр саванд хийгээд биедээ авч явсан үйл баримт болсон байна.
Гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч Ц.Бы хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хүний биед болон гадуур хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэв загвар, дээж авсан тэмдэглэл, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 152 дугаартай, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 151 дугаартай дүгнэлтүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Б нь хориглосон Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, биедээ хадгалсан болох нь нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагааг, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамрааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон Улсын гэрээ, конвенцид заасан.
“Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд хүчтэй нөлөөлөл үзүүлдэг Мансууруулах эмийн тухай 1961 оны НҮБ-ын конвенц, Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай 1971 оны НҮБ-ын конвенцийн жагсаалтанд заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтанд байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгодог.
Иймээс сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур санаатайгаар байгальд ургадаг мансууруулах бодис бүхий ургамлыг түүсэн, олж авсан, орон байрнаас эхлэн тусгай зориулалтын байр, агуулах сав, өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт байлгахыг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн шинж нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Шүүгдэгч Ц.Бы үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль тогтоомжийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаж, мэтгэлзээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Харин шүүгдэгч Ц.Б нь би түүгээгүй, олж авсан гэж маргах боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар түүж, өөрийн биедээ авч явж байсан нь тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ц.Быг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчилэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Уг гэмт хэрэг нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан үеэс төгсдөг, хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг бөгөөд хэлбэрийн шинжтэй гэмт хэрэгт бодит хохирол үл шаардах тул шүүгдэгч Ц.Быг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Улсын яллагч: “...Шүүгдэгч Ц.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” гэж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч Ц.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Бы үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ц.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 10 сарын хугацаагаар ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь түүний гэм бурууд тохирсон гэж үзэв.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Ц.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 8,3 грамм цэвэр жинтэй ургамал мэт зүйлийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Ц-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц-ийн Б-ыг 1 /нэг/ жил 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд оногдуулсан 1 /нэг/ жил 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 8,3 грамм цэвэр жинтэй ургамал мэт зүйлийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай.
7. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ