Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сеймуратын Еркеш |
Хэргийн индекс | 110/2020/0059/З |
Дугаар | 110/ШШ2022/0003 |
Огноо | 2022-01-04 |
Маргааны төрөл | Газар, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 110/ШШ2022/0003
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, шүүгч С.Еркеш, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сонинболор нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.Ш
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Я.С
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг дарга,
Хариуцагч:Бугат сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамал,
Гуравдагч этгээд: Т.К нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Ш, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, хариуцагч А.Ж, С.А, гуравдагч Т.К, түүний өмгөөлөгч Т.Бахыт, иргэдийн төлөөлөгч М.Нурмурат, орчуулагч А.Ахмерей, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
1. Нэхэмжлэгч С.Ш нь Бугат сумын Засаг дарга болон газрын даамалд холбогдуулан “Бугат сумын Засаг даргаас Т.Кд олгосон 1998 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 133 дугаартай газар эзэмших гэрчилгээ, 1999 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 030500039 дугаартай газар эзэмших гэрчилгээ,Бугат сумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 11 дүгээр захирамж, 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 000598475 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, Бугат сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/140 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгож, С.Шт Бугат сумын Улаантолгой багийн Хүйтэн буйр дахь 700 м.кв газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээ олгох, гэрээ байгуулахыг тус сумын газрын даамалд даалгах”-аар маргаж байна.
Нэхэмжлэгч анх “С.Шт Бугат сумын Улаантолгой багийн Хүйтэн буйр дахь 700 м.кв газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээ олгох, гэрээ байгуулахыг тус сумын газрын даамалд даалгах” шаардлагатай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Бугат сумын Засаг даргаас Т.Кд олгосон 1998 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 133 дугаартай газар эзэмших гэрчилгээ, 1999 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 030500039 дугаартай газар эзэмших гэрчилгээ, Бугат сумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 11 дүгээр захирамж, 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 000598475 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй
болгуулах, мөн Бугат сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/140 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа тус тус ихэсгэж тодруулж байсан болно.
2. Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/119 дүгээр захирамжаар тус сумын 3 дугаар багийн иргэн М.Аийн эзэмшлийн Улаантолгой багийн Хүйтэн буйр дахь 700 м.кв өвөлжөөний газрыг Өлгий сумын иргэн С.Шт шилжүүлэн, 29 жилийн хугацаагаар эзэмшүүлж, холбогдох баримт бичгийг бүрдүүлэн өгч, газар эзэмших гэрээ хийж, гэрчилгээ олгохыг газрын даамалд зөвшөөрсөн боловч уг эзэмшүүлсэн газар нь Сагсай сумын нутаг дэвсгэрт хамаарч байгаа гэсэн үндэслэлээр газар эзэмших гэрээ хийж, гэрчилгээ олгоогүй байна.
3. Нэхэмжлэгч С.Шаас дээрх захирамжийн дагуу газар эзэмших гэрээ хийж, гэрчилгээ олгохгүй байна гэсэн үндэслэлээр аймгийн Засаг даргад гаргасан гомдлыг 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2-01/868 дугаар албан бичгээр аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт шилжүүлсэн байх ба тус газраас гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй гэсэн үндэслэлээр тус шүүхэд 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргажээ.
4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
“1/Монгол улсын иргэн С.Ш надад 2017 оны 10 дугаар сард Бугат сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/119 дугаартай захирамжаар Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багт оршин сууж байсан М.Аийн өвөлжөөний газар буюу Бугат сумын Улаантолгой багийн “Хүйтэн буйр” гэдэг газарт байршилтай 700 м.кв газрыг 29 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн. Бугат сумын Засаг даргын 2017 оны А/119 дугаартай захирамж нь хуулийн хүчин төгөлдөр болсон. Гэтэл Бугат сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамал миний хууль ёсоор эзэмшилд авсан 700 м.кв газарт газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй, газар эзэмших гэрээ ч байгуулахгүй өдий хүрлээ.
Иймд Бугат сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/119 дугаар захирамжийн дагуу газар эзэмших гэрчилгээ олгохгүй байгаа, газар эзэмших гэрээ хийхгүй байгаа Бугат сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамлыг хариуцагчаар татаж маргаан бүхий газарт газрын эрхийн гэрчилгээ олгох, газар эзэмших гэрээ хийхийг даалгаж өгөхийг хүсэж байна.
2/ Захиргааны хэрэгт Бугат сумын Засаг даргын 1998 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 36 дугаартай захирамжаар маргаан бүхий газрыг М.Ат өвөлжөөний зориулалттай эзэмшүүлсэн, 1998 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрээр уг маргаан бүхий газрыг Т овогтой Кд өвөлжөөний зориулалттай эзэмшүүлсэн талаар газар эзэмших эрхийн гэрчилгээ авагджээ. Бугат сумын Засаг даргаас 1998 онд гарсан шийдвэрүүд нь Баян-Өлгий аймгийн Бугат сумын Улаантолгой багийн “Хүйтэн буйр” гэдэг газарт өвөлжөөний газрыг эзэмшүүлсэн шийдвэрүүд байна гэж үзэж байна. Гэтэл Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг дарга эхлээд иргэн М.Ат 1998 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр газар эзэмшүүлэх шийдвэр гаргасны дараа нь Т.Кд маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэснийг ноцтой зөрчиж байна. Нөгөө талаас тухайн үед Т.Кд олгосон гэх 133 дугаартай газар эзэмших гэрчилгээнд 1998 оны 07 дугаар сарын 22 ба 2001 оны 07 дугаар сарын 22 гэсэн бичилт хийгдсэн нь уг маргаан бүхий газрыг Т.К хууль ёсны дагуу эзэмшиж байсан нь эргэлзээтэй байна.
Иймд хариуцагчаар Бугат сумын Засаг дарга, сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамлыг тус тус тодорхойлж, Бугат сумын Засаг даргын 1998 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэр ёсоор Т.Кд олгосон газар эзэмших гэрчилгээ, Бугат сумын Засаг даргаас 1999 оны 06 дугаар сарын 21-ний өдөр олгосон №030500039 дугаартай Монгол улсын газар эзэмших гэрчилгээ, Бугат сумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Өвөлжөөг шилжүүлэх эзэмшүүлэх тухай” 11 дугаартай захирамж, №000598475 дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг тус тус хүчингүйд тооцож өгөхийг хүсэж байна.
3/Бугат сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/140 дугаартай захирамжаар С.Шт газар эзэмшүүлсэн Бугат сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/119 дүгээр захирамжийг хүчингүйд тооцсон байна. Иймд Бугат сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/140 дугаартай захирамжийг хүчингүйд тооцож өгөхийг хүсье” гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Миний бие 2000 оноос эхлээд адуу өсгөн үржүүлж байна. Миний адуу Бугат сумын 2 дугаар багийн нутагт бэлчиж өссөн. Өвөлжөөгүй, бэлчээргүй байх зовлонг 20-оод жил эдэлж байна. Бугат сумын мал тооллогод байнга малаа тоолуулж байсан. 2016 онд М.Аийн эзэмшиж байсан газрыг хууль журмын дагуу эзэмшсэн. Би 2000 оноос эхлээд тухайн газраар байнга явдаг байсан. Н.Т гэдэг хүн онгоцны буудалд манаач хийдэг байсан. Тухайн маргаан бүхий газрыг Н.Т эзэмшиж байсныг би мэдэхгүй байна. Бугат сумын Засаг дарга шүүхэд маргаантай байхад тухайн газрыг надад эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгосонд харамсаж байна. Тиймээс миний эрх ашгийг хамгаалж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:Нэхэмжлэлийн үндэслэл нь Бугат сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/119 дүгээр захирамжаар М.Аийн өвөлжөөний газар буюу Бугат сумын Улаантолгой багийн “Хүйтэн буйр” хэмээх газарт байршилтай 700 м.кв газрыг 29 жилийн хугацаагаар С.Шт эзэмшүүлсэн байна. Тэрнээс хойш Бугат сумын өмнөх Засаг дарга болон одоогийн Засаг дарга, газрын даамал нар тухайн газарт шийдвэр гаргасан мөртлөө газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй, газар эзэмших гэрээ хийхгүй байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг маргаан бүхий газар Т.Кд ямар нэгэн хамааралгүй газар гэдэг нь Архивын тасгийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 217 тоот “Бугат сумын Засаг даргын 1998 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Н.Т болон Т.Кд ямар нэгэн газар эзэмшүүлэх тухай захирамж гараагүй” гэсэн лавлагаагаар тогтоогдож байна. Бугат сумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Өвөлжөө шилжүүлэн эзэмшүүлэх тухай” 11 дүгээр захирамжид Т.Кд эцэг Н.Ты эзэмшиж байсан газрыг шилжүүлсэн гэж заасан. Гэтэл өнөөдрийн байдлаар Н.Т гэдэг хүнд албан ёсоор “Хүйтэн буйр” гэх газрыг эзэмшүүлсэн сумын Засаг даргын ямар нэгэн шийдвэр гараагүй. Газар эзэмшүүлэхдээ зөвхөн эрх бүхий Засаг даргын захирамж гарах ёстой. Т.К тухайн газрыг эзэмшдэг гэдэг нь албан ёсны нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/140 дүгээр захирамжийг гаргахдаа ямар нэгэн сонсох ажиллагаа явуулаагүй. С.Шт газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болголоо гэхэд М.Ат газар эзэмшүүлсэн Бугат сумын Засаг даргын 1998 оны 36 дугаар захирамжийг, 2016 онд олгосон шинэ гэрчилгээг хүчингүй болгоогүй. С.Шт газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгосноор Т.Кий газар эзэмших эрх нь сэргээгдэх боломж байхгүй. Шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийхэд тухайн Т.Кий сууж байгаа газар нь М.Ат Бугат сумын Засаг даргын 1998 оны 36 дугаар захирамжаар эзэмшүүлсэн газар мөн гэдэг нь тогтоогдсон. Т.К тухайн газарт 20 гаруй жил оршин сууж байна. Гэхдээ газар өөрөө төрийн өмч. Газрыг хэнд эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг төр шийдэх ёстой. Өнөөдрийг хүртэл Н.Т, Т.Кий нэр дээр Бугат сумын Улаантолгой багийн “Хүйтэн буйр” гэх газарт байршилтай маргаан бүхий өвөлжөөг эзэмшүүлсэн шийдвэр хавтаст хэрэгт авагдаагүй. Газрын тухай хуулиар газрыг бусдад эзэмшүүлэхдээ эрх бүхий байгууллагын шийдвэр гарах ёстой. Хариуцагч уг маргаан бүхий газар Сагсай сумын нутаг дэвсгэрт хамаардаг учраас С.Шт гэрээ, гэрчилгээ олгох боломжгүй гэсэн тайлбар ирүүлсэн, шүүхийн үзлэгээр энэ Бугат сумын газар гэдэг нь тогтоогдсон. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэв.
5.Хариуцагч Бугат сумын Засаг дарга хариу тайлбартаа:
“1/ Нэхэмжлэгч С.Шын “Хүйтэн буйр” дахь Т.Кд холбогдох захирамж, газрын гэрчилгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагын дагуу дараах тайлбарыг хүргүүлж байна.Т.К нь маргаан бүхий дээрх газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшиж байгаа ба уг газрыг Т.Кд 1998 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрээр 133 гэх дугаартай газар эзэмших гэрчилгээ, 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 11 дүгээр захирамжаар 000598475 дугаар бүхий газар эзэмших гэрчилгээ олгосон байна. М.Ат мөн адил “Хүйтэн буйр” гэх газраас 1998 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 36 дугаар захирамжаар газар эзэмшүүлсэн байна. Урьд өмнө Т.К, М.А нарын хооронд ямар нэгэн газрын маргаан гарч байгаагүй юм. “Хүйтэн буйр” гэх газарт М.А, Т.К нарын газар нь давхцаагүй гэж үзэж байгаа тул захирамж хүчингүй болгох үндэслэлгүй байна.
2/ Тус сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Хүйтэн буйр” гэх газар нь 2 хүний нэр дээр сумын Засаг даргын захирамж гарсан боловч уг газар нь хоёр тус тусдаа газар бөгөөд С.Шын М.Аээс худалдаж авсан өвөлжөөний газар нь Сагсай сумын нутаг дэвсгэрт хамаарч байна. 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/119 дүгээр захирамжаар С.Шт “Хүйтэн буйр” хэмээх газраас өвөлжөөний газар шилжүүлэн эзэмшүүлэх шийдвэр гарсан. Уг захирамж гарах үед тухайн үеийн Засаг дарга Х.Хайв би захирамж гаргасан боловч уг газрыг газар дээр нь очиж үзээгүй, М.Аийн хэлснээр нь уг захирамжийг гаргасан гэж тайлбар хүргүүлсэн байна. Газрын даамал Х.С нь өндөр насны тэтгэвэрт гарсан ба дээрх захирамж гарах үед ар гэрийн асуудлаас болж Улаанбаатар хотод явсан тул дээрх захирамжийг мэдэхгүй гэсэн тайлбар гаргасан. Гэрч нар Кий аав болох Т нь насаараа одоогийн хүү болох Т.Кий өвөлжөөнд өвөлжиж, хаваржиж байсан тухай, М.А нь тус маргаантай газарт огт өвөлжиж, хаваржиж байгаагүй гэдэг мэдүүлэг өгсөн.
2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/140 дугаар захирамжийг гаргахдаа дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.3 дахь заалт, мөн иргэн Т.Кий 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/119 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай хүсэлтийг үндэслэн хүчингүй болгосон. Нэхэмжлэгч С.Шын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх тухай хүсэлтийг биелүүлэх боломжгүй. Тус сумын Засаг даргын А/140 дүгээр захирамжийг гаргахдаа нэхэмжлэгч С.Шт мэдэгдээгүй бөгөөд уг захирамжийг хууль ёсны гэж үзэж байна” гэжээ.
Хариуцагч Бугат сумын Засаг дарга шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
“1998 оны 36 дугаар захирамж гарснаас хойш М.А тухайн газарт нэг ч удаа суугаагүй. Дараа нь ашиг олох зорилгоор 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр шинэ гэрчилгээ бичүүлж аваад тухайн газрыг 2017 онд С.Шт худалдсан. 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр тухайн газрыг С.Шт эзэмшүүлсэн Засаг даргын захирамж гарсан. Тухайн захирамж гарсантай холбогдуулан 2-3 гэрчээс асууж тодруулахад М.А гэдэг хүн тухайн газарт нэг ч удаа суугаагүй, мөн тухайн газар нь Сагсай сумын нутаг дэвсгэрт хамаардаг гэдгийг нотолж өгсөн. 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн захирамжийн талаар тухайн үеийн Засаг дарга Х.Хайваас гэрчийн мэдүүлэг авахад “...би тухайн газарт очиж үзээгүй” гэж мэдүүлсэн. Тухайн үеийн газрын даамал Х.С“...тухайн үед ар гэрийн асуудлаар Улаанбаатар хотод байсан” гэж мэдүүлэг өгсөн. Тийм учраас 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн захирамжийг хүчингүй болгосон. Тухайн маргаан бүхий газар нь Сагсай сумын нутаг дэвсгэрт хамаарч байгаа учраас гэрээ, гэрчилгээ бичиж өгөх боломжгүй. Шүүхээс үнэн зөв шийдвэр гаргахыг хүсэж байна. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна” гэв.
6.Хариуцагч Бугат сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамал хариу тайлбартаа: ”Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багийн иргэн М.Ат 1998 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Засаг даргын 36 дугаар захирамжаар Улаантолгой багийн “Хүйтэн буйр” хэмээх газрыг эзэмшүүлсэн ба М.А нь 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 000633224 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан байна. Сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 02-ны А/119 дугаар захирамжаар иргэн С.Шт шилжүүлсэн байна. Тухайн үед газрын кадастрын мэдээллийн сангийн программ байгаагүй учир зөвхөн Засаг даргын шийдвэрээр гэрчилгээ олгогдож байсан тул уг маргаан үүсэж байгаа юм. 2018 онд шинээр “Ланд менежер” программд шилжсэн. 2019 онд байршлыг тогтоохоор хэмжилт хийж үзэхэд уг өвөлжөөний газар нь Сагсай сумын нутаг дэвсгэр дотор орж байгаа учир өвөлжөөнд бүртгэл хийж, газрын гэрээ хийж, гэрчилгээ олгох боломжгүй болсон юм. Уг иргэний газрыг Сагсай сумд уламжилж өгөхийг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 150 тоот албан бичгээр хүргүүлсэн” гэжээ.
Хариуцагч Бугат сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамал шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:“Тухайн маргаан бүхий газарт анх С.Ш бид хоёр очиж, газрын хэмжилт байршлыг нь тогтооход тухайн газар Сагсай сумын нутаг дэвсгэрт хамаарч байсан. Тиймээс тухайн газар хилийн цэсийн гадна байгаа учраас Бугат сумын газрын даамал газар эзэмших гэрээ, гэрчилгээ олгох боломжгүй байна” гэв.
7. Гуравдагч этгээд Т.К хариу тайлбартаа :
“Бугат сумын 2 дугаар багийн иргэн, малчин Т.К би тус сумын Улаантолгой 2-р багийн нутаг дэвсгэр болох “Хүйтэн буйр” дахь өвөлжөөг 1998 оноос эхлэн газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байгаа. Гэтэл Бугат сумын төвд амьдардаг М.А гэдэг хүн манай өвөлжөөнөөс баруун урьд зүгт 1017 метрийн зайтай орших өөр газрыг эзэмших болж, тэнд хашаа байшин барьж, 1998-1999 оны үед нэг жил намаржаад түүний дараа хашаа хороогоо буулгаад аваад явсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Маргаан бүхий газар бол шинээр нэвтэрсэн “Ланд менежер” программын дагуу байршил тогтооход Сагсай сумын нутаг дэвсгэрт харьяалагддаг болсон нь тогтоогджээ.Гэтэл иргэн М.А нь тухайн үед дээрх байршлын газарт гэрчилгээ бичүүлж авсан боловч тэр газрыг огт ашиглахгүйгээр гартаа зөвхөн гэрчилгээ бариад сууж байгаад 2016.07.25-ны өдөр шинээр 000633227 дугаартай гэрчилгээ бичүүлээд авчээ. Түүний дараа тус сумын Засаг даргаар Х.Хайв ажиллаж байхдаа 2017 оны 10-р сарын 02-ны өдрийн А/119 дугаартай захирамжаар 700 м/кв газрыг 29 жилийн хугацаагаар С.Шт шилжүүлсэн байна.Захиргааны хэргийн шүүхээс Х.Хайваас гэрчийн мэдүүлэг авах үед “...М.А нь өөрийн газар эзэмших эрхийн гэрчилгээгээ С.Шт шилжүүлж өгөх талаар надад хүсэлт гаргасны дагуу захирамж гаргаж шилжүүлэн эзэмшүүлж байсан. М.Аын эрхтэй гэх газар нь хаана байршилтай ямар газар вэ гэдгийг би мэдэхгүй. Би тухайн уед газрыг очиж үзэж байгаагүй” гэжээ. Харин тухайн үед газрын даамлаар ажиллаж байсан Х.С нь “...М.Аын эзэмшлийн газрыг С.Шт шилжүүлсэн байх ба уг А/119 дугаартай захирамж гарсныг би мэдээгүй” гэжээ. Гэтэл маргаан шүүхээр хянан шийдвэрлэх явцад Өлгий сумын иргэн С.Ш нь миний хууль ёсоор эзэмшиж байгаа өвөлжөөний газрыг булаацалдан улмаар миний өвөлжөөний газарт олгосон эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэмж нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч С.Шаас зарим зүйлийг шүүхээс асууж тодруулах үеэр тэрээр “...надад М.Аийн эзэмших эрхээ шилжүүлсэн тухайн газар нь одоогийн Ты хүүхдүүд Кий оршин сууж байгаа газар юм. Уг газарт одоогоор Ты К оршин сууж байгаа боловч хамгийн анх эхэлж уг газрыг М.А эзэмшсэн. М.А нь уг газрыг эзэмших эрхээ надад шилжүүлсэн. Иймд би Т.Кий өвөлжөөний зориулалтаар эзэмшиж сууж байгаа газрыг эзэмших эрхтэй" гэж маргасан. Дараа нь тэр маргаан нь үндэслэлгүй гэдгийг мэдэнгүүтээ миний гэрчилгээг хүчингүй болгуулахаар маргаж байгаа нь байж боломгүй зүйл гэж үзэж байна.
М.Аийн маргаж байгаа газар бол миний өвөлжөөнөөс 1 км-ийн зайтай газар байгаа ба энэ нь шүүхээс хийсэн газрын үзлэгийн схем зураг, Бугат, Сагсай сумдын хилийн цэс болон С.Шт олгосон газрын зураг, мөн М.Аийн шүүхэд гаргасан мэдүүлгээр тогтоогджээ. Хоорондоо 1 км зайтай газарт тухайн үед гэрчилгээ бичиж өгсөн болох нь харагдаж байгаа ба дараа нь 2016 онд Бугат сумын Засаг даргаар ажиллаж байсан Х.Хайв нь ямар нэгэн байдлаар эзэмшиж ашиглахгүй байгаа газарт хөрш залгаа газар эзэмшигч нарт мэдэгдэхгүйгээр хууль бусаар гэрчилгээ олгосон, дараагаар Авишээс Шаривт шилжүүлсэн болох нь тодорхой болж байна. С.Шын маргаж байгаа газар бол шинээр сумдын хилийн заагийг тодорхойлох үед Сагсай сумын газар нутагт хамаарагдсан болох талаар хавтаст хэрэгт нотлох баримтууд авагдсан байгаа болно.
Би өөрийгөө дээрх газрыг хууль бусаар газар эзэмшиж байна гэж үзэхгүй байна. Харин надад газар эзэмших 2 ч гэрчилгээ байсан боловч түүнийг шинэчилнэ гэж газрыг даамал авч явсан юм. Харин тухайн үед газрыг гэрчилгээтэй хамт захирамж өгснийг санахгүй байна. Энэ талаар миний эцэг Н.Т мэддэг боловч аав маань 12 дугаар сарын 10-ны өдөр нас барсан. Би бага боловсролтой хүн учраас газрыг даамлын бичиж өгсөн гэрчилгээнд л эзэн болж байсан.
Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.7-д “Өвөлжөө, хаваржааны доорх газрыг Монгол Улсын иргэн, хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно” гэж заасан боловч Бугат сумын Засаг даргын 1998 оны 36 дугаартай захирамжаар эзэмшдэг гэх газрыг иргэн М.А нь газар эзэмшигчийн хувиар өвөлжөөний зориулалтаар тухайн үеэс хойш эзэмшиж, ашиглаагүй тохиолдолд 2017 оны байдлаар түүнийг уг газрыг эзэмших эрхтэй гэж үзэх боломжгүй ба М.Аийн тухайн газрыг эзэмших эрх дуусгавар болсон гэж үндэслэлтэй юм. Учир нь уг газар эзэмших эрхийн гэрчилгээ эзэмшигч нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол 40.1-д зааснаар сумын Засаг дарга нь газар эзэмших эрхийг хүчингүй болгоно гэж, 39 дүгээр зүйлийн 39.1.4-т газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон нь газар эзэмших эрх дуусгавар болох үндэслэл болохоор хуульчилсан байдаг. М.Аийн газар эзэмших эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч С.Шт шилжүүлсэн Бугат сумын Засаг даргын 2017 оны А/119 дугаартай захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй, тухайн Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргах талаарх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтыг зөрчсөн байгаа нь илэрхий байна.
Иймд Бугат сумын Засаг даргаар ажиллаж байсан Х.Хайвын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/119 дугаартай захирамж нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн эрх зүйн акт байсан тул түүнийг хүчингүй болгосон Бугат сумын Засаг даргын 2021 оны12 дугаар сарын 17-ны өдрийн А/140 дугаартай захирамж нь үндэслэлтэй байна” гэжээ.
Гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Миний бие “Хүйтэн буйр” хэмээх газарт 1994 оноос хойш амьдран сууж байна. Надад газар эзэмших гэрчилгээ байгаа. М.Аийн эзэмшсэн газар гэдэг нь манайхаас 1 км зайтай газарт байршилтай. Тухайн газар нь Сагсай сумын нутаг дэвсгэрт хамаардаг юм байна. Тухайн газарт М.А нэг жил суугаад дараа нь нүүгээд явсан. Би тухайн газарт 30-аад жил амьдарч, жил болгон татвараа төлж байна. Нэхэмжлэгч С.Шын М.Аээс худалдаж авсан газар нь Сагсай сумын нутаг дэвсгэрт хамаарсан учраас одоо миний оршин сууж байгаа газарт маргаж байна. Тухайн газарт миний аав, ээж маань оршин сууж байсан. Аав, ээж маань нас барсан болохоор аавын нэр дээр бичүүлсэн гэрчилгээг олж авч чадаагүй” гэв.
8. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч тайлбартаа: ”Т.Кд газар эзэмшүүлсэн шийдвэр, гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулахаар маргаж байгаа нь үндэслэлгүй. 1998 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 133 дугаар гэрчилгээгээр Т.Кд газар эзэмшүүлсэн байна. 1998-1999 онуудад олгосон гэрчилгээнүүдийг үндэслээд 2015 оны захирамжийг гаргасан. Энэ газрыг хууль ёсоор газар эзэмших гэрээний дагуу эзэмшиж байгаа. С.Шт газар эзэмших гэрчилгээг шилжүүлэхэд, тухайн зааж өгсөн газар нь эзгүй газар байсан. Дараа нь “Ланд менежер” программаар нэвтэрч үзэхэд, тухайн газар нь Сагсай сумын нутаг дэвсгэрт багтсан учраас эрх бүхий албан тушаалтнууд С.Шт гэрчилгээ бичиж өгөхөөс татгалзсан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч нараас хэд хэдэн удаа мэдүүлэг авсан. Тухайн гэрчүүд мэдүүлэг өгөхдөө “маргаан бүхий газар хоёр өөр газарт байршилтай” гэдгийг хэлж байна. Н.Тд газар эзэмшүүлсэн захирамж олдохгүй байгаад иргэн буруугүй. Т.К одоогийн эзэмшиж байгаа газарт хууль ёсоор оршин сууж байгаа учраас газрын гэрчилгээ, Засаг даргын захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байгаа.
Хариуцагч Бугат сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/140 дүгээр захирамж үндэслэлтэй гэж үзэж байна. М.А тухайн газрыг эзэмшин оршин сууж байгаагүй гэдэг нь нотлогдож байгаа. М.А Бугат сумын Засаг даргын Тамгын газрын дарга хийж байсан, мэдээлэлд ойрхон хүн байсан учраас гэрчилгээ авч, захирамж гаргуулан бичиг баримтуудаа авч байсан.Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна” гэв.
9. Иргэдийн төлөөлөгч:“Нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Т.К “Хүйтэн буйр” гэх газарт 28 жил амьдарсан. М.А гэдэг хүн 1 жил амьдарсан байна. М.Аийн газар Т.Кий өвөлжөөнөөс 1 км-ийн зайтай юм байна. Мөн тухайн газар нь Сагсай сумын нутаг дэвсгэрт хамаардаг гэдэг нь нотлогдсон байна” дүгнэлт гаргав.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгчийн “Бугат сумын Засаг даргаас Т.Кд олгосон 1998 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 133 дугаартай газар эзэмших гэрчилгээ, 1999 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 030500039 дугаартай газар эзэмших гэрчилгээ,Бугат сумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 11 дүгээр захирамж, 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 000598475 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, Бугат сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/140 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгож, С.Шт Бугат сумын Улаантолгой багийн Хүйтэн буйр дахь 700 м.кв газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээ олгох, газар эзэмших гэрээ байгуулахыг тус сумын газрын даамалд даалгах” тухай нэхэмжлэлийн зарим хэсэг үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч С.Ш болон Бугат сумын 3 дугаар багийн иргэн М.А нар 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр эзэмшлийн газрыг бусдад шилжүүлэх гэрээ байгуулснаар Бугат сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/119 дүгээр захирамжаар тус сумын 3 дугаар багийн иргэн М.Аийн эзэмшлийн Улаантолгой багийн “Хүйтэн буйр” дахь 700 м.кв өвөлжөөний газрыг Өлгий сумын иргэн С.Шт шилжүүлэн эзэмшүүлсэн байх ба анх М.Ат Бугат сумын Засаг даргын 1998 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 36 дугаар захирамжаар “Хүйтэн буйр”-т өвөлжөөний газар эзэмшүүлжээ.
Энэхүү 36 дугаар захирамжийн дагуу тухайн үед М.Ат газар эзэмших гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа бөгөөд М.А, түүнээс газар эзэмших эрхийн гэрчилгээг нь шилжүүлэн авсан нэхэмжлэгчээс энэ талаар нотлох баримт гаргаж өгөөгүй, мөн уг захирамжид эзэмшүүлсэн газрын хэмжээг заагаагүй байна.
Харин 36 дугаар захирамжийг үндэслэн М.Ат 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 000633224 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан, уг гэрээ, гэрчилгээнд Улаантолгой “Хүйтэн буйр”-т өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлэх газрын хэмжээг 700 м.кв гэж заасан болох нь холбогдох нотлох баримтуудаар /1 дэх хавтаст хэргийн 4,5,7 дахь тал/ тогтоогдож байна.
3.Гуравдагч этгээдэд анх Бугат сумын Засаг даргаас 1998 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 133 дугаартай газар эзэмших гэрчилгээгээр Улаантолгой багийн “Хүйтэн буйр” нэртэй газраас 400 ам дөрвөлжин газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлсэн, улмаар уг 400 ам дөрвөлжин газрыг 40 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр 1999 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 030500039 дугаартай газар эзэмших гэрчилгээ шинэчлэн олгосон болох нь тус тус холбогдох нотлох баримтуудаар /1 дэх хавтаст хэргийн 63,64 дэх тал/ тогтоогдож байна.
4.Бугат сумын Улаантолгой /2 дугаар/ багийн “Хүйтэн буйр” гэж нэрлэдэг газарт “Жаргалын зам” нэгдлийн үед нэг чулуун хашаа баригдсан, уг чулуун хашаа бүхий газарт Тилеухан, түүний хүү Мельс нар амьдарч байгаад 1992 онд нүүсэн, 1995-1996 оноос одоог хүртэл тухайн газарт Н.Т /агсан/, түүний хүү Т.К нар амьдарч байгаа, М.А нь энэхүү чулуун хашаа бүхий газарт амьдарч байгаагүй, харин тухайн газраас баруун урд талд 1 км гаруй зайтай газарт байшин, малын хашаа барьж, 1998-1999 оны хооронд 1 жил өвөлжсөн гэх үйл баримтууд гэрч М.Гайпберген, Т.Мельс, А.Хадыс, Х.Мектеп, Т.Мыса, Р.Каздробал, Б.Нуграж, М.А нарын мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 73-74,184,190,194,209,214,237 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 81 дэх тал/, гуравдагч этгээдийн тайлбар, үзлэгийн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 51-55 дахь тал/ зэргээр тогтоогдсон, энэхүү чулуун хашаа бүхий газар нь Бугат сумын нутаг дэвсгэрт, М.Аийн 1 жил өвөлжсөн газар нь Сагсай сумын нутаг дэвсгэрт тус тус хамаардаг болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /1дэх хавтаст хэргийн 89-90,92-93 дахь тал/ нотлогдсон болно.
5.Гуравдагч этгээд Т.К болон М.А нарт анх газар эзэмшүүлэх тухай шийдвэр гарч, газар эзэмших гэрчилгээ олгох үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 1994 оны Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 2-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газрыг дундаа эзэмшиж болно”, 28 дугаар зүйлийн 1-т “Иргэнд гэр бүлийнх нь хэрэгцээнд зориулан эзэмшүүлэх хувийн гэр, орон сууцны хашааны газрын хэмжээ 0,05 га-гаас илүүгүй байна”, 51 дүгээр зүйлийн 3-т “Бэлчээрийг ашиглахдаа түүний уламжлалт тогтолцоо болох өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа гэсэн ерөнхий хуваарийг баримтална. Зуслан, намаржаа болон отрын бэлчээрийг баг, хот айлаар хуваарилж нийтээр ашиглана” гэж тус тус заасан, М.Аийн газар эзэмших эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчид шилжүүлэх үед буюу одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.7-д “Өвөлжөө, хаваржааны доорхи газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно” гэж тус тус зааснаар өвөлжөө, хаваржааны доорхи газрыг дундаа хамтран эзэмшиж болохоор зохицуулжээ.
6.Бугат сумын Засаг даргын 1998 оны 36 дугаар захирамжид М.Ат “Хүйтэн буйр”-аас өвөлжөөний зориулалтаар газар эзэмшүүлсэн гэж, тус сумын Засаг даргаас олгосон 1998 оны 133 дугаартай газар эзэмших гэрчилгээнд гуравдагч этгээд Т.Кд Улаантолгой багийн “Хүйтэн буйр”-аас 400 ам дөрвөлжин газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлсэн гэж тус тус заасан.
Гэрч М.А “Миний бие Бугат сумын Засаг даргын 1998.01.20-ны өдрийн 36 дугаар захирамжаар Бугат сумын нутаг дэвсгэрт байрлах “Хүйтэн буйр” гэх газраас өвөлжөөний зориулалтаар газар эзэмших эрхтэй болсон. ...Тухайн газрыг урьд нь Тилеухан гэгч эзэмшиж сууж байгаад өөр газраас өвөлжөөний зориулалтаар газар эзэмшихээр болж нүүж явсан. ...Одоо тус газарт Ты хүүхэд К оршин сууж байгаа. Анх надад энэхүү газрыг сумын Засаг даргын 36 дугаар захирамжаар эзэмшүүлсэн үед Т нь тухайн “Хүйтэн буйр”-ын бэлчээрийн газрыг мөн ашиглаж суухаар болж, надад эзэмшүүлсэн газрыг Т та 2 өвөлжөөний зориулалтаар хамтран ашиглаарай гэж тухайн үеийн эрх бүхий этгээдүүдээс тэмдэглэл хөтөлж шийдвэрлэсэн. ...Тэгээд уг Тилеуханы эзэмшиж байсан чулуун хашаатай газрыг энэхүү Т бид 2 өвөлжөөний зориулалтаар хамтран эзэмшихээр болсон тул бид 2 хоорондоо тохиролцоод маргаан бүхий чулуун хашаатай газрыг Т өвөлжөөний зориулалтаар ашиглахаар болж, би энэ газраас 1017 м-ийн зайтай өөр газарт бууж өвөлжөөний зориулалтаар ашиглахаар болж хашаа байшингаа барьсан” гэж мэдүүлсэн /1 дэх хавтаст хэргийн 73-74 дэх тал/, нэхэмжлэгч “...М.Ат анх Бугат сумын Засаг даргын 1998 оны 36 дугаар захирамжаар эзэмшүүлсэн газар нь Бугат сумын нутаг дэвсгэрт байрлах “Хүйтэн буйр” хэмээх газар байгаа.Тус газрыг урьд нь Тилеухан гэдэг хүн эзэмшиж байгаад өөр газар суухаар нүүж явснаар Тилеуханы өвөлжөө эзэнгүй болохоор нь Бугат сумын Засаг дарга уг газрыг анх М.Ат эзэмшүүлсэн.Үүний дараа тус газарт иргэн Т нь бас өвөлжөөний зориулалтаар хамтран өвөлжихөөр болсон үед М.А, Т нар хоорондоо маргаж, өвөлжөөний зориулалтаар тухайн байршилтай газрыг хамтран эзэмших боломжгүй байдалд хүрсэн, өөрөөр хэлбэл нэг дор суух боломжгүй гэсэн. Ийм шалтгаанаар М.А нь шүүхээс хийсэн үзлэгээр тодорхойлогдсон , схем зурагт 4 гэж тэмдэглэгдсэн өөр байршилтай газарт буюу маргаан бүхий газрын баруун урд хэсэгт 1 км зайтай газарт очиж байшингаа барьж өвөлжиж суусан. Надад М.Аийн эзэмших эрхээ шилжүүлсэн тухайн газар нь одоогийн Ты хүүхдүүд Кий оршин сууж байгаа газар юм” гэж тайлбар /1 дэх хавтаст хэргийн 76-77 дахь тал/ гаргасан, гуравдагч этгээд “Миний бие өмнө нь 1995 оноос тухайн “Хүйтэн буйр” дахь газарт Т.Мельсийн орхиж явсан чулуун хашааны буурь бүхий газарт өвөлжөө, намаржаа, хаваржааны зориулалтаар жижиг блокон байшин, чулуун хашаа барьж ашиглан амьдарч байсан.Тэгээд тухайн газартаа 1998 онд газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан” гэж тайлбар /2 дахь хавтаст хэргийн 102-103 дахь тал/ гаргасан.
Мөн “Улаантолгой багийн “Хүйтэн буйр” гэх газарт “Жаргалын зам” нэгдлийн үед баригдсан чулуун хашаа байсан, уг чулуун хашаа бүхий газарт Тилеухан, түүний хүү Мельс нар амьдарч байгаад 1992 онд нүүсэн, 1995-1996 оноос тухайн газарт Н.Т, түүний хүү Т.К нар амьдарч байгаа” гэх үйл баримт гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон байгаа.
Түүнчлэн Газрын тухай /1994 оны/ хуулийн 28 дугаар зүйлийн 1-т зааснаар иргэнд эзэмшүүлэх хувийн гэр, орон сууцны хашааны газрын хэмжээ 0,05 га-гаас илүүгүй байх бөгөөд Бугат сумын Засаг даргын 1998 оны 36 дугаар захирамжаар М.Ат “Хүйтэн буйр”-аас өвөлжөөний зориулалтаар газар эзэмшүүлэхдээ хэмжээг нь заагаагүй, гуравдагч этгээд Т.Кд тус сумын Засаг даргаас олгосон 1998 оны 133 дугаартай газар эзэмших гэрчилгээнд Улаантолгой багийн “Хүйтэн буйр”-аас 400 ам дөрвөлжин газрыг эзэмшүүлсэн гэж заасан, Улаантолгой багийн “Хүйтэн буйр” дахь нэгдлийн үед баригдсан, урьд нь Тилеухан, түүний хүү Мельс нарын амьдарч байсан чулуун хашааны байршил,хил, зааг, талбайн хэмжээ нь өөрчлөгдөөгүй бөгөөд 454 м.кв талбайтай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар / 1 дэх хавтаст хэргийн 51-53,55 дахь тал,2 дахь хавтаст хэргийн 114-115,158-159 дэх тал/ нотлогдсон болно.
Дээрх байдлаар Бугат сумын Засаг даргаас гаргасан захирамж, олгосон газар эзэмших гэрчилгээ, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн тайлбар, гэрч нарын мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэл болон бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримтуудыг Газрын тухай хуулийн /1994 оны/ 27 дугаар зүйлийн 2, 28 дугаар зүйлийн 1, 51 дүгээр зүйлийн 3 дахь заалтуудтай холбож үзэхэд М.Ат газар эзэмшүүлэх тухай Бугат сумын Засаг даргын 1998 оны 36 дугаар захирамж, гуравдагч этгээдэд Бугат сумын Засаг даргаас олгосон 1998 оны 133 дугаар газар эзэмших гэрчилгээгээр тус тус эзэмшүүлсэн газар нь Бугат сумын Улаантолгой /2 дугаар/ багийн “Хүйтэн буйр” нэртэй газарт байрлах, урд нь тус сумын иргэн Тилеухан, түүний хүү Мельс нарын амьдарч байсан, “Жаргалын зам” нэгдлийн үед баригдсан чулуун хашаа бүхий өвөлжөөний зориулалттай газар гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл Бугат сумын Засаг даргын 1998 оны 36 дугаар захирамж, Бугат сумын Засаг даргаас олгосон 1998 оны 133 дугаар газар эзэмших гэрчилгээгээр М.А болон гуравдагч этгээдэд Улаантолгой багийн “Хүйтэн буйр” нэртэй газраас газар эзэмшүүлэхдээ эзэмшлийн газрын хэмжээ, заагийг газар дээр нь тэмдэгжүүлж өгөөгүй байх ба газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргах эрх бүхий этгээдээс гаргасан шийдвэр, олгосон гэрчилгээ зэрэгт Улаантолгой багийн “Хүйтэн буйр” нэртэй газраас өвөлжөөний зориулалтаар газар эзэмшүүлсэн талаар тусгасан, “Хүйтэн буйр” гэх газарт нэгдлийн үед баригдсан нэг л чулуун хашаа байгаа, уг газарт 1992 оноос өмнө Тилeухан, түүний хүү Мельс амьдарч байсан,гуравдагч этгээд нь уг чулуун хашааны хойд талд байшин, сууц, амбаар зэрэг үл хөдлөх эд хөрөнгө барьж 1995-1996 оноос эхлэн одоог хүртэл амьдарч байгаа, М.Ат “Хүйтэн буйр”-аас өвөлжөөний зориулалтаар газар эзэмшүүлсэн боловч тэрээр гуравдагч этгээд Т.К, түүний эцэг Н.Ттай тохиролцсоноор тухайн газраас өөр газарт байшин, хашаа барьж 1998-1999 онд 1 жил өвөлжсөн зэрэг үйл баримтууд болон тухайн үед мөрдөгдөж байсан Газрын тухай хуулийн дээрх зохицуулалтуудыг үндэслэж Улаантолгой багийн “Хүйтэн буйр” дахь тус сумын иргэн Т.Мельсийн амьдарч байсан, нэгдлийн үед баригдсан чулуун хашаа бүхий газрыг М.А болон Т.К нарт өвөлжөөний зориулалтаар дундаа хамтран эзэмшихээр шийдвэрлэсэн байна гэж дүгнэсэн болно.
7. Газрын тухай хуулийн /1994 оны/27 дугаар зүйлийн 1-т “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн өмчийн газрыг энэ хуульд заасан хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр эзэмшүүлнэ”, 31 дүгээр зүйлийн 1-т “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 30 дугаар зүйлийн 2,З,4,5 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг хянан үзэж тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн өмчийн тухайн газрыг эзэмшүүлэх эсэх тухай шийдвэр гаргана”, 32 дугаар зүйлийн 1–т “Газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сум, дүүргийн Засаг даргын томилсон албан тушаалтан тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгох, уг гэрээг улсын бүртгэлд бүртгэнэ” гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч талаас “Т.Кд тухайн газрыг эзэмшүүлсэн эрх бүхий этгээдийн шийдвэр байхгүй” гэж маргаж байгаа боловч газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргах эрх бүхий этгээдээс буюу Бугат сумын Засаг даргаар1998-1999 онд ажиллаж байсан Ш.Махсутаас гуравдагч этгээдэд Улаантолгой багийн “Хүйтэн буйр”-аас 400 ам дөрвөлжин газар эзэмшүүлэх тухай 1998 оны 133 дугаартай, 1999 оны 030500039 дугаартай газар эзэмших гэрчилгээнүүдийг олгосон болох нь тухайн газар эзэмших гэрчилгээнүүд, гэрч нарын мэдүүлгээр /2 дахь хавтаст хэргийн 119-120,137-138 дахь тал/ тогтоогдож байх тул 133 дугаартай газар эзэмших гэрчилгээнд заасан Бугат сумын Засаг даргын 1998 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэр байхгүй байгаад иргэнийг буруутгах үндэслэлгүй юм.
Түүнчлэн М.Ат маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн эрх бүхий этгээдийн шийдвэр байгаа боловч шийдвэрийг үндэслэн сум, дүүргийн Засаг даргын томилсон албан тушаалтнаас тухайн үед олгосон газар эзэмших гэрчилгээ,гэрээ байхгүй байгаа бөгөөд үүнд мөн адил иргэнийг буруутгах үндэслэлгүй гэж үзсэн болно.
8. Нэхэмжлэгч талаас “Бугат сумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Өвөлжөө шилжүүлэн эзэмшүүлэх тухай” 11 дүгээр захирамжид Т.Кд эцэг Н.Ты эзэмшиж байсан газрыг шилжүүлсэн байдлаар захирамж гарсан. Гэтэл өнөөдрийн байдлаар Н.Т гэдэг хүнд албан ёсоор “Хүйтэн буйр” гэх газрыг эзэмшүүлсэн сумын Засаг даргын ямар нэгэн шийдвэр гараагүй. Газар эзэмшүүлэхдээ зөвхөн эрх бүхий Засаг даргын захирамж гарах ёстой. Т.К тухайн газрыг эзэмшдэг гэдэг нь албан ёсны нотлох баримтаар тогтоогдохгүй байна” гэж маргасан.
Бугат сумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 11 дүгээр захирамжаар Н.Ты Улаантолгой багийн “Хүйтэн буйр” дахь өвөлжөөг Ты Кд /гуравдагч этгээд/ шилжүүлэн эзэмшүүлсэн, гэхдээ уг захирамжид газрын хэмжээг заагаагүй, харин уг захирамжийн дагуу олгосон 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 000598475 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээнд газрын хэмжээг 700 м.кв гэж заасан байна.
Энэхүү 000598475 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгох үед Бугат сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамлаар ажиллаж байсан Х.С нь өмнөх гэрчилгээнүүдийг чагталж зураад эх хувийг нь авч үлдсэн гэж гуравдагч этгээд тайлбарласан /2 дахь хавтаст хэргийн 102-103 дахь тал/ ба хавтаст хэрэгт авагдсан гуравдагч этгээдэд “Хүйтэн буйр” дахь газрыг эзэмшүүлсэн 1998 оны 133 дугаартай, 1999 оны 030500039 дугаартай газар эзэмших гэрчилгээнүүдийг чагталж зурсан байгаа боловч дээрх 2015 оны 11 дүгээр захирамжаар уг гэрчилгээнүүдийг хүчингүй болгоогүй, мөн эрх бүхий этгээдээс хүчингүй болгосон шийдвэр гараагүй байх тул тухайн газар эзэмших гэрчилгээнүүдийг хүчин төгөлдөр, Т.Кий газар эзэмших эрх дуусгавар болоогүй гэж үзсэн болно.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Н.Тд Улаантолгой багийн “Хүйтэн буйр” дахь газрыг эзэмшүүлсэн эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй болох нь тогтоогдож байгаа боловч гуравдагч этгээд Т.Кд эрх бүхий этгээдээс олгосон 1998 оны 133, 1999 оны 030500039 дугаартай газар эзэмших гэрчилгээгээр Улаантолгой багийн “Хүйтэн буйр”-аас 400 ам дөрвөлжин газрыг эзэмшүүлсэн, уг гэрчилгээнүүд нь хүчин төгөлдөр байгаа тул Т.Кд эзэмшүүлсэн “Хүйтэн буйр” дахь чулуун хашаа бүхий газрыг тухайн газарт 20-оод жил хүүгийн хамт амьдарсан эцэг Н.Таас хүү Т.Кд шилжүүлсэн агуулгатай 2015 оны 11 дүгээр захирамж нь бодит нөхцөлд тохироогүй, үндэслэлгүй, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд нийцээгүй захирамж байгаа боловч нэгэнт маргаан бүхий газрыг нэхэмжлэгчид газар эзэмших эрхээ шилжүүлсэн М.А болон гуравдагч этгээд нь дундаа хамтран эзэмших эрхтэй гэж дүгнэсэн тул уг захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй юм.
Иймээс нэхэмжлэгчийн “Бугат сумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 11 дүгээр захирамж, уг шийдвэрийг үндэслэн олгосон 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 000598475 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болголоо.
9.Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Төрөөс газрын талаар дараахь зарчмыг баримтална: 4.1.3.газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах; 4.1.7.газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх”, 35 дугаар зүйлийн 35.1-д “Газар эзэмшигч дараахь эрхтэй: 35.1.1.гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах”, 52 дугаар зүйлийн 52.7-д “Өвөлжөө, хаваржааны доорхи газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно” гэж тус тус заасан.
Гуравдагч этгээд Т.К болон М.А нарт эрх бүхий этгээдээс Улаантолгой багийн “Хүйтэн буйр” дахь чулуун хашаа бүхий 700 м.кв газрыг дундаа хамтран эзэмшихээр шийдвэрлэсэн нь тогтоогдсон тул Бугат сумын Засаг даргын 2017 оны А/119 дүгээр захирамжаар М.Аээс газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авсан нэхэмжлэгч С.Ш болон гуравдагч этгээд Т.К нь Газрын тухай хуулийн дээрх заалтуудад зааснаар Улаантолгой багийн “Хүйтэн буйр” дахь чулуун хашаа бүхий 700 м.кв газрыг дундаа хамтран эзэмших, ашиглах эрхтэй, энэ нь шударга ёс, тэгш байдлын зарчимд нийцэх тул гуравдагч этгээдийн 1998 оны 133 дугаартай газар эзэмших гэрчилгээ, 1999 оны 030500039 дугаартай газар эзэмших гэрчилгээг тус тус хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
10.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Бугат сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/140 дүгээр захирамжаар 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/119 дүгээр захирамжийг бусдын хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон байна.
Дээр дурдсанаар Бугат сумын Засаг даргын 1998 оны 36 дугаар захирамж, 1998 оны 133 дугаар газар эзэмших гэрчилгээгээр М.А болон гуравдагч этгээдэд тус тус эзэмшүүлсэн газар нь Бугат сумын Улаантолгой /2 дугаар/ багийн “Хүйтэн буйр” нэртэй газарт байрлах, урд нь тус сумын иргэн Тилеухан, түүний хүү Мельс нарын амьдарч байсан, нэгдлийн үед баригдсан чулуун хашаа бүхий өвөлжөөний зориулалттай газар буюу 1 газар болох нь тогтоогдсон, газар эзэмшигч нь эзэмшлийн газраа эзэмших,ашиглах, бусдад шилжүүлэх эрхтэй байхад хариуцагчаас дээрх захирамжийг гаргахдаа захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоохгүй, нотлох баримт цуглуулахгүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг оролцуулахгүйгээр М.Аийн газар эзэмших эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч С.Шт шилжүүлсэн захирамжийг хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5,4.2.6, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3,35 дугаар зүйлийн 35.1.1, 38 дугаар зүйлийн 38.1,38.4-т заасантай тус тус нийцээгүй, хуульд заасан журмаар газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авсан нэхэмжлэгч С.Шын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байх тул хүчингүй болгож шийдвэрлэлээ.
11.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэж үзэхэд иргэн М.Ат Бугат сумын Засаг даргын 1998 оны 36 дугаар захирамж, уг захирамжийн дагуу 2016 онд олгосон 000633224 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр Улаантолгой багийн “Хүйтэн буйр” дахь чулуун хашаа бүхий 700 м.кв газрыг эзэмшүүлсэн, уг захирамж хүчин төгөлдөр байгаа, энэхүү газрыг эзэмших эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч С.Шт шилжүүлсэн Бугат сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/119 дүгээр захирамж нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана”, 38.4-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” гэж тус тус заасантай нийцсэн байна.
Иймд Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2-т зааснаар Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох нь сумын газрын даамлын эрх хэмжээнд хамаарах тул Бугат сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/119 дүгээр захирамжаар М.Аээс нэхэмжлэгч С.Шт шилжүүлсэн 700 м.кв газрыг эзэмших эрхийн гэрчилгээг олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулахыг Бугат сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамалд даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
12. Дээрх байдлаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нь Бугат сумын Улаантолгой багийн “Хүйтэн буйр” дахь чулуун хашаа бүхий 700 м.кв газрыг дундаа хамтран эзэмших эрхтэй боловч уг өвөлжөөний бэлчээрийг ашиглуулах эсэхийг Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т зааснаар багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга шийвэрлэх учиртайг дурдах нь зүйтэй.
13.Иргэдийн төлөөлөгчөөс “Т.К “Хүйтэн буйр” гэх газарт 28 жил амьдарсан, М.А гэдэг хүн 1 жил амьдарсан байна. М.Аийн газар Т.Кий өвөлжөөнөөс 1 км-ийн зайтай юм байна. Мөн тухайн газар нь Сагсай сумын нутаг дэвсгэрт хамаардаг гэдэг нь нотлогдсон байна” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй гэсэн дүгнэлт гаргажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар М.А болон гуравдагч этгээд Т.Кд эзэмшүүлсэн газар нь 2 өөр газар биш, харин Бугат сумын нутаг дэвсгэрт хамаардаг, Улаантолгой багийн “Хүйтэн буйр” дахь чулуун хашаа бүхий газар бөгөөд уг газрыг М.А, Т.К нарт эрх бүхий этгээдээс дундаа хамтран эзэмшихээр шийдвэрлэсэн болох нь тогтоогдсон.
Мөн гуравдагч этгээд Т.К “Хүйтэн буйр” дахь чулуун хашаа бүхий газарт 20-оод жил амьдарсан, М.А нь энэ газарт амьдраагүй, уг газраас 1 км зайтай орших газарт 1 жил өвөлжсөн нь тогтоогдож байгаа боловч энэ нь хүчин төгөлдөр захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээтэй этгээдийн газар эзэмших, ашиглах, шилжүүлэх эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй.
Өөрөөр хэлбэл Газрын тухай хуульд газар эзэмшигч нь эзэмшлийн газраа зориулалтын дагуу эзэмших , ашиглах, шилжүүлэх эрхтэй байхаар хуульчилсан ба М.А нь маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн эрх бүхий этгээдийн шийдвэр, газар эзэмших эрхийн гэрчилгээ нь хүчинтэй байхад газар эзэмших эрхийн гэрчилгээгээ хуульд заасан журмаар шилжүүлснээр нэхэмжлэгч С.Ш нь тухайн газрыг дундаа хамтран эзэмших эрхтэй болсон тул газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох, гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй болно.
Иймээс маргаан бүхий газрыг Т.К, С. Шарив нар дундаа хамтран эзэмших эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг нь үндэслэлтэй байх тул иргэдийн төлөөлөгчийн нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.7,23 дугаар зүйлийн 23.4.2, 35 дугаар зүйлийн 35.1.1, 38 дугаар зүйлийн 38.1,38.4, 52 дугаар зүйлийн 52.7, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5,4.2.6 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Бугат сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/140 дүгээр захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Шт Бугат сумын Улаантолгой багийн Хүйтэн буйр дахь 700 м.кв газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээ олгох, газар эзэмших гэрээ байгуулахыг Бугат сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамалд даалгаж, үлдсэн хэсэг болох “Бугат сумын Засаг даргаас Т.Кд олгосон 1998 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 133 дугаартай газар эзэмших гэрчилгээ, 1999 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 030500039 дугаартай газар эзэмших гэрчилгээ,Бугат сумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 11 дүгээр захирамж, 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 000598475 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.