Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2025/0363

 

 

“Абт” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

 

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч С.Мөнхжаргал

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Ц.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 68 дугаар шийдвэр,

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: “Абт” ХХК

Хариуцагч: Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.О, Г.Б,

 

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б,  хариуцагч Ц.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Цбаяр

Хэргийн индекс: 128/2023/0505/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Абт” ХХК-иас Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.О, Г.Б нарт холбогдуулан Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын улсын байцаагч Ц.О, Г.Б нарын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн НА-2122000**** дүгээр нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн 1.1, 1.2, 2.1, 2.2-т заасан зөрчилд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 68 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг баримтлан Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.О, Г.Б нарын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн НА-2122000**** дугаар нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх нь хэсгийн 1.1, 1.2, 2.1, 2.2-т заасан татварын зөрчилд холбогдох хэсгийг хариуцагч нараас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:

"Абт" ХХК-ийн гомдолтой, Татварын улсын байцаагч Ц.О, Г.Б нарт холбогдох татварын улсын байцаагчийн 2022 оны 06-р сарын 29-ны өдрийн НА-2122000**** нөхөн ногдуулалтын актын зарим зөрчилтэй холбогдуулан гаргасан гомдлоор үүссэн хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дугаар сарын 21-ны өдрийн 128/ШШ2025/0068 дугаар шийдвэрт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасныг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

3.1.Татварын хяналт шалгалтаар "Абт" ХХК-ийн экспортолсон жоншны баяжмалд Ашигт малтмалын тухай хуулийн /2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өөрчлөн найруулснаар/ 47 дугаар зүйлийн 47.1. Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна, 47.1.1.ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, 47.1.2. ашигт малтмал экспортолсон этгээд, 47.2.Энэ хуулийн 47.1-д заасан борлуулалтын үнэлгээг дараах журмаар тооцно, 47.2.1. экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан, 47.5. Энэ хуулийн 47.3.3-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлт, боловсруулалтын түвшингээс хамаарч доор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно" гэж заасныг үндэслэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/-ийг ногдуулсан.

Татварын ерөнхий газрын Татварын маргаан таслах зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 23-ний өдрийн 12 дугаар тогтоолоор нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

3.2.”Абт” ХХК нь АМНАТ-ын тусгай зөвшөөрөл эзэмшигч юм. Тус компанид Ашигт малтмалын газраас 2012 оны 10 сарын 22-ний өдөр 30 жилийн хугацаагаар Сб аймгийн Сб сумын Знэртэй газарт 94 гектар талбай бүхий уурхайн талбайд дугаар 0***A тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон байдаг.

Татварын улсын байцаагч бид экспортод гаргасан жоншны борлуулалтын үнэлгээг тухайн үед хэрэгжиж байсан, одоо ч хэрэгжиж байгаа Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйл болон хуульд нийцүүлэн гаргасан хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Засгийн газрын тогтоолын дагуу төлбөр ногдуулсан.

3.3.Ашигт малтмалын тухай хууль /2006 оны/-ийн 47.12-т заасны дагуу хуулийн 47.1, 47.2, 47.12-ыг үндэслэн гарсан Засгийн газрын 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох монгол банкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр", 2014 оны 7 дугаар сарын 4-ний 220 дугаар тогтоолоор батлагдсан "Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлал"-н дагуу тооцсон. Иймд дээрх хуульд нийцүүлэн гаргасан журам, зааврыг татвар төлөгч дагаж мөрдөх үүрэгтэй.

АМНАТ тооцох аргачлалын тухайд 2010-2019 онд Татварын ерөнхий газрын даргын 322 тоот тушаалаар батлагдсан "Уул уурхайн экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг тооцох аргачлал"-ын хүрээнд зохицуулж байсан. 2019 оноос АМНАТ ногдуулах, төлөх, тайлагнах харилцааг Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаар тогтоолоор баталсан "Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам"-аар зохицуулж байна. Энэ эрх зүйн актуудыг дурьдаж буй гол агуулга нь дээрх эрх зүйн актуудаар зохицуулсан харилцаанд тооцооллын болон агуулгын хувьд ямар нэгэн өөрчлөлт ороогүй.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 68 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ

ХЯНАВАЛ:

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

            1.Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.О, Г.Б нар нь Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн даргын 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 212250**** тоот томилолтын[1] дагуу “Абт” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус хэсэгчилсэн хяналт шалгалтыг хийж маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг гаргажээ.

            2.Маргаан бүхий 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн НА-2122000**** нөхөн ногдуулалтын актаар[2]  хяналт шалгалтын явцад нийт 64,384,725,167.6 төгрөгийн зөрчил илэрсэн гэж үзэж, Зөрчлийн тухай хууль 11.19 дүгээр зүйлийн 11.19.1., 11.19.1.1, Татварын ерөнхий хууль 73 дугаар зүйлийн 73.2.1, 82 дугаар зүйлийн 82.1.2, 74 дүгээр зүйлийн 74.1 дэх заалтыг тус тус үндэслэн 3,862,982,969.25 төгрөгийн нөхөн татвар, 1,219,837,986.43 төгрөгийн торгууль, 799,971,520.91 төгрөгийн алданги нийт 5,882,792,476.59 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгч “Абт” ХХК төлүүлэхээр тогтоосон.

            3.Нэхэмжлэгч “Абт” ХХК нь маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн 1.1, 1.2, 2.1, 2.2 дахь хэсгийг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл, мөн шүүхэд нэхэмжлэл гаргасан.

            4.Маргаан бүхий актаар нэхэмжлэгч компанийг дор дурдсан хууль, аргачлалын заалтыг зөрчсөн зөрчил гаргасан гэж үзэн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэжээ. Үүнд:

            4.1.Маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх нь хэсгийн 1.1-д: 2018 онд 29,770.46 тонн, 2019 оны 1,2,3 дугаар сард 8,258.23 тонн, нийт 38,028.69 тонн хайлуур жоншийг экспортод гарган борлуулахдаа нийт 23,708,039,028.08 төгрөгийн борлуулалтын үнэлгээтэй ашигт малтмалд, ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөр ногдуулаагүй нь Ашигт малтмалын тухай хууль /2006 он/-ын 47 дугаар зүйлийн 47.1, 47.2.1, 47.3.2, Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох, монгол банкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр” журам, 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 220 дугаар тогтоолоор батлагдсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлал”-д заасныг,

            4.2.Тэмдэглэх нь хэсгийн 1.2-т: 2019 оны 04 дүгээр сараас 12 дугаар сарын дуустал 17,481.94 тонн, 2020 онд 9,256.47 тонн нийт 26,738.41 тонн хайлуур жоншийг экспортод гарган борлуулахдаа нийт 8,415,886,238.08 төгрөгийн борлуулалтын үнэлгээг дутуу тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөр ногдуулж, төсөвт төлөөгүй нь Ашигт малтмалын тухай хуулийн /2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт/ 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.5, 47.8, Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 193 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал”-д заасныг,  

            4.3.Тэмдэглэх нь хэсгийн 2.1-д: гаалийн мэдээгээр 2018 онд 29,770.46 тонн, 2019 оны 1,2,3 дугаар сард 8,258.23 тонн, нийт 38,028.69 тонн хайлуур жоншийг экспортод гарган борлуулахдаа нийт 23,708,039,028.08 төгрөгийн борлуулалтын үнэлгээтэй ашигт малтмалд, ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөр ногдуулаагүй, төсөвт төлөөгүй нь Ашигт малтмалын тухай хууль /2006 он/-ын 47 дугаар зүйлийн 47.1, 47.4, 47.5, 47.8-д заасныг,

            4.4.Тэмдэглэх нь хэсгийн 2.2-т: 2019 оны 04 дүгээр сараас 12 дугаар сарын дуустал 17,481.94 тонн, 2020 онд 9,256.47 тонн нийт 26,738.41 тонн хайлуур жоншийг экспортод гарган борлуулахдаа нийт 8,415,886,238.08 төгрөгийн борлуулалтын үнэлгээтэй ашигт малтмалд, ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөр ногдуулаагүй, төсөвт төлөөгүй нь Ашигт малтмалын тухай хуулийн /2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт/ 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.2, 47.5, 47.8, Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 193 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал”-д заасныг тус тус зөрчсөн гэж үзжээ.

            5.Анхан шатны шүүх “...ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн болон нэмэлт төлбөр ногдуулж, төсөвт төлөөгүй зөрчилд ногдох нөхөн татвар, торгууль, алданги тус бүртээ хэдэн төгрөг болох, татварын зөрчлийн шинжээс хамаарч бодит байдал дээр ямар болох вэ гэдгийг шүүх тогтоох боломжгүй, энэ талаар шүүхээс захиргааны байгууллагын чиг үүргийн өмнөөс тогтоон шууд шийдвэрлэхгүй, шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн байна.” гэж дүгнэн захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

6 Учир нь маргаан бүхий актаар 2018, 2019 онд ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн болон нэмэгдэл төлбөрийг тооцоогүй, дутуу тооцсон зөрчилд 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өөрчлөн найруулсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг үндэслэжээ.

Ашигт малтмалын тухай (2006 оны) хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-дэх заалтыг “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө” гэж УИХ-ын 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчилжээ.

7.Уг хуулийн 47.1 дэх заалтыг “ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө” гэж УИХ-аас 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчилсөн.

8.Тодруулбал, 2011 оны хуулиар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (цаашид АМНАТ гэх) төлөгч нь зөвхөн “ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч” байсан бол 2019 оны өөрчлөлтөөр АМНАТ төлөгч нь ашигт малтмал “худалдсан”, “худалдахаар ачуулсан”, “ашигласан” этгээд байхаар өргөжүүлэн зохицуулсан байна.

9.Энэхүү 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчилсөн Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг болон бусад холбогдох зүйл, заалтыг Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдийн 04 дүгээр тогтоолоор “Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн” гэж үзэж хүчингүй болгосон.

10.Үүний дараа УИХ-аас баталсан 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг “Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна:”, 47.1.1.“ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч”, 47.1.2.“ашигт малтмал экспортолсон этгээд”, 47.1.3.“Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд” гэж өөрчилсөн бөгөөд уг хууль өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байна.

11.Дээрхээс дүгнэвэл, 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өөрчлөн найруулсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг Үндсэн хуулийн цэцээс хүчингүй болгосон байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “ашигт малтмал экспортолсон этгээд” гэх зохицуулалт тусгагдах хүртэл буюу 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс өмнөх хугацаанд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч бус этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх эрх зүйн үндэслэлгүй байна.

12.Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч компани нь 2018-2020 он хүртэл хайлуур жоншны хүдэр олборлосон, мөн жижиг аж ахуй нэгжээс худалдан авч БНХАУ, ОХУ-руу экспортолсон гэдэг нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч компанийн гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн барааны мэдээлэл[3]-ээр тогтоогдож байна. Тодруулбал, нэхэмжлэгч нь зарим жоншийг дотоодоос худалдан авч өөрийн нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийж, улсын хилээр гаргажээ.

13.Иймээс маргаан бүхий актаар нэхэмжлэгч “Абт” ХХК нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд, 2018-2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг “худалдсан”, “худалдахаар ачуулсан”, “ашигт малтмал экспортолсон этгээд”-ийн аль нь гэж үзэж байгаа нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр дахин шинэ акт гаргах шаардлагатай байна.

14.Түүнчлэн хариуцагчаас 2018-2020 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөөгүй, дутуу ногдуулсан борлуулалтын үнэлгээг гаргахдаа “Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан журмын холбогдох заалтыг, 2014 оны 220 дугаар тогтоолоор батлагдсан аргачлалд заасныг, Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан аргачлал, Татварын ерөнхий газрын даргын 2019 оны А/64 тоот тушаалаар баталсан АМНАТ-ын тайлангийн маягтын 3-р хавсралт Экспортод гаргасан жонш, төмөр, гянтболд, манганы хүдэр, баяжмалд ногдуулсан АМНАТ-ын мэдээ /ТТ-15В/ тайланд “Монголбанкнаас зарласан ам.долларын сарын дундаж ханш”-аар тооцохоор заасныг тус тус үндэслэн тооцсон гэж тайлбарладаг.

15.Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолоор баталсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлал”-ын 2.1.1-д “төмрийн хүдэр, нүүрснээс бусад ашигт малтмалыг өөрөө эсхүл бусдаар дамжуулж экспортолсон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тухайд тухайн сард гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын цахим хуудсанд мэдээлсэн тухайн сард баримтлах зах зээлийн үнийг үндэслэн” гэж заасан.

16.Харин Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолоор батлагдсан “Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал”-д жонш, жоншны баяжмалтай холбоотой заалтууд нь Засгийн газрын 2013 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 131, 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 488 тоот тогтоолоор тус тус өөрчлөгдөж, зарим заалтуудыг хүчингүй болгожээ.

17.2018-2021 онуудад төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас сар бүр мэдээлж байсан FOB-www.indmin.com-ийн үнэ нь ФК-75 хувиас дээш агуулгатай хайлуур жоншны хүдэр, баяжмалын хувьд байна, харин ФК-75 хувиас доош агуулгатай хайлуур жоншны үнэ байхгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож[4] байна.

18.Мөн нэхэмжлэгч компанийн 2018-2022 оныг дуусталх хугацааны гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийж экспортолсон жоншны мэдээлэлд ФК-75-иас бага агуулгатай жоншны мэдээлэл байгаа болох нь Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 02-2.2/2302 дугаар албан бичгээр[5] тогтоогдож байна.

19.Гэтэл хариуцагч нар ФК-75 хувиас бага агуулгатай хайлуур жоншны борлуулалтын үнэлгээг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зарласан олон улсын жишиг үнэ байхгүй байхад тухайн үед зарласан ФК-75 хувийн агуулгатай хайлуур жоншны хүдэр, баяжмалын олон улсын FOB-www.indmin.com жишиг үнээс хувь тэнцүүлэх зарчмаар тооцсон нь ойлгомжгүй  байна.

20.Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолд ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний агуулгын хувь нь Засгийн газраас тогтоосон үнийн эх сурвалжид үндэслэн нийтэд мэдээлсэн тухайн ашигт малтмалын агуулгын хувиас ялгаатай тохиолдолд борлуулалтын үнэлгээг нийтэд зарласан үнээс хувь тэнцүүлэн тооцох талаар зохицуулалт байгаагүй, харин уг аргыг Засгийн газрын 2019 оны 465 дугаар тогтоолд анх удаа зохицуулсан байна.

21.Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр батлагдсан 465 дугаар тогтоол нь хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн  мөрдөгдөж эхлэх бөгөөд үүнээс өмнөх цаг хугацаанд ФК-75% болон түүнээс доош агуулгатай хайлуур жоншны хувьд төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын мэдээлсэн тухайн сард баримтлах зах зээлийн үнэ гэж байхгүй байсан тул нэхэмжлэгчийн 2018-2019 онд экспортолсон хайлуур жоншны борлуулалтын үнийг Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-д зааснаар “экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан” тооцох боломжгүй юм. Иймд мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3-т зааснаар “дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн” тооцох хуулийн зохицуулалт үйлчилнэ.   

22.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн 2018-2019 онд экспортолсон ФК-75 хувиас бага агуулгатай хайлуур жоншны борлуулалтын үнийг маргаан бүхий актаар хэрхэн тооцсон нь тодорхойгүй, мөн тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль, журмын хэм хэмжээг баримталсан гэдэг нь тогтоогдохгүй байх тул тус ФК-75 хувиас бага агуулгатай хайлуур жоншны борлуулалтын үнийг дахин тооцож гаргах шаардлагатай бөгөөд энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэхээр байх тул анхан шатны шүүхийн энэ талаар гаргасан дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

23.Харин хариуцагчийн “...АМНАТ тооцох аргачлалын тухайд 2010-2019 онд Татварын ерөнхий газрын даргын 322 тоот тушаалаар батлагдсан "Уул уурхайн экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг тооцох аргачлал"-ын хүрээнд зохицуулж байсан. 2019 оноос АМНАТ ногдуулах, төлөх, тайлагнах харилцааг Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаар тогтоолоор баталсан "Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам"-аар зохицуулж байна. Энэ эрх зүйн актуудыг дурьдаж буй гол агуулга нь дээрх эрх зүйн актуудаар зохицуулсан харилцаанд тооцооллын болон агуулгын хувьд ямар нэгэн өөрчлөлт ороогүй.” гэх давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэл тогтоогдсонгүй.

Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 68 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                    ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА

 

                                  ШҮҮГЧ                                               С.МӨНХЖАРГАЛ

 

       ШҮҮГЧ                                                           А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 1-р хавтас 64 дэх тал

[2] Хэргийн 1-р хавтас 25-29 дахь тал

[3] Хэргийн 1-р хавтас 243-250, 2-р хавтас 1-7 дахь тал

[4] Хэргийн 3-р хавтас 92-144 дэх тал

[5] Хэргийн 1-р хавтас 242-250, 2-р хавтас 1-7 дахь тал