Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 22

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

Улсын яллагч Б.Жавхлантуяа

Хохирогч Э.Оюунтүлхүүр

Хохирогчийн өмгөөлөгч М.Ганзориг

Шүүгдэгч Г.Алтанцоож

Нарийн бичгийн дарга Г.Энхбат нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Г.Алтанцоожид холбогдох эрүүгийн 201714000018 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1987 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Завхан аймгийн Отгон суманд төрсөн, халх, эрэгтэй, 29 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн 37-08 тоотод оршин суудаг, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх Хайнзан овогт Гүндсамбын Алтанцоож /РД: ИЙ87092012/

Шүүгдэгч Г.Алтанцоож нь 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн 37-08 тоот гэртээ эхнэр Э.Оюунтүлхүүртэй маргалдсаны улмаас эхнэр Э.Оюунтүлхүүрийг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Г.Алтанцоожийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...2016 оны 12 сарын 14-ний өдөр эхнэртэйгээ маргалдсан. Манайд хүргэн ах ирж 3 хоног машинаа янзалсан. Тэгээд тэр өглөө эрт хот явахаар болоод гарахдаа манай хашаанд байсан дүүгийн машиныг халаах гэж асаасан байсан. Тэгтэл нөгөө асаасан машин нь өнхөрөөд хашааны хаалга мөргөж дүүгийн машины гупер, гэрлийн шил зэрэг нь хагарсан байсан. Энэ талаар дүүдээд хэлэхэд янзлаад өгөөрэй гэсэн.  Тэгээд би дүүтэйгээ уулзчихаад ирэхэд манай эхнэр танай хамаатнууд зүгээр ирээд явж болдоггүй юм уу гээд уурлаад байсан. Манай хүү тархи нь хөдөлсөн байсан болохоор хүүгээ аваад гарч үзүүлээд Танил зах орж тор аваад ирэхэд эхнэр бас л уурлаж байсан. Танай ах дүү нараас л боллоо.  Үүнийг миний мөнгөөр л засна биз дээ гээд уурлаад үглээд байхаар нь би түлхэж унагаад д гадаа машины гупер засаж байхад миний хувцсыг гаргаж хаяад явсан. Ирэхэд зайлсан байгаарай гэж хэлсэн. Түлхэж унагаасан, хөнгөн гэмтэл гэж гарсан. Эхнэрийгээ түлхэж унагаасан нь миний буруу. Энэ гэмтэл миний үйлдлээс болсон. Эхнэрээсээ уучлалт гуйсан. Бид эвлэрсэн. Эвлэрлийн гэрээ байгуулж, гэрээнд тавигдсан шаардлага, амлалтаа биелүүлнэ гэсэн мэдүүлэг,

-Хохирогч Э.Оюунтүлхүүрын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 12 сарын 14-ний өдөр нөхөртэйгээ маргалдаж намайг түлхэж унагаасанаас болж миний тархи доргиж хөнгөн гэмтэл учирсан. Алтанцоожийн хамаатны ах нь дүүгийнх нь машиныг асаасан байсан бөгөөд машин нь мөргөж хаалга мөргөж урд гупер нь хагарсан байсан. Үүнийг засахад мөнгө орно гэж бид хоёр маргалдсан. Алтанцоож уурлаж миний захнаас боож унагаасан. Унахдаа бетонон шалан дээр толгойгоороо унасан.Энэ асуудал дээр гомдол саналгүй. Нэхэмжлэх зүйлгүй. Бид сайн дураараа эвлэрсэн гэсэн мэдүүлэг,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 35 дугаартай дүгнэлтэнд:

1. Э.Оюунтүлхүүрийн биед тархи доргилт үүсчээ.

2. Дээрх гэмтэл нь хатуу зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна.

3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

4.Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт  хамаарагдана.

6. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 12 ху/

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 21 ху/

-Г.Алтанцоожийг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 22-25 ху/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч Г.Алтанцоож нь 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн 37-08 тоот гэрт эхнэр Э.Оюунтүлхүүртэй хэрүүл маргаан хийсний улмаас эхнэр Э.Оюунтүлхүүрийг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн “...Алтанцоожийн хамаатны ах нь дүүгийнх нь машиныг асаасан байсан бөгөөд машин нь мөргөж хаалга мөргөж урд гупер нь хагарсан байсан. Үүнийг засахад мөнгө орно гэж бид хоёр маргалдсан. Алтанцоож уурлаж миний захнаас боож унагаасан. Унахдаа бетонон шалан дээр толгойгоороо унасан” гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед тархи доргилт үүссэнийг тогтоосон  35 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Алтанцоожид холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлбөргүй, мөн уг хэргийн хохирогч Э.Оюунтүлхүүр нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн болох нь хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хайнзан овогт Гүндсамбын Алтанцоожийг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-т тус тус зааснаар  шүүгдэгч Г.Алтанцоожид холбодох эрүүгийн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

  3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ж.БАЙГАЛМАА