Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 645

 

 

 

 

 

 

 

 

 

 

З.Гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2017/03448 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч З.Г,

Хариуцагч НШШГГ-т холбогдох,

 

2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 09/13 дугаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тогтоолыг хүчингүй болгуулах, 20 000 000 төгрөг гаргуулан Ариг банкинд олгохыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Батхүү,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Уранцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 09-р сарын 13-ны өдрийн дуудлага худалдаа зарласан тогтоолыг хүчингүй болгуулах хүсэлтэй байна. Дуудлага худалдаа холбогдох хууль тогтоомжийн дагуу явагдаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 55 дугаар зүйлийн 55.3 дахь заалтуудыг зөрчсөн. Иргэний хэрэг үүсгэсэн захирамж гарсан байхад дуудлага худалдааг зохион байгуулсан. Иймд 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 09/13 дугаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тогтоолыг хүчингүй болгуулах, 20 000 000 төгрөг гаргуулан Ариг банкинд олгохыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 02/790 дугаартай шүүхийн шийдвэрийн дагуу н.Эрдэнэ-Очир, З.Г нараас 54 646 932 төгрөг гаргуулан Ариг банкинд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж З.Гийн өмчлөлийн Баянгол дүүргийн 2-р хороо, 2-р хороолол Төмөр замын 26-р байрны 32 тоот 54 м.кв талбайтай орон сууцыг битүүмжилж дуудлага худалдаанд оруулсан.

Үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч болон төлбөр авагч нарт 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 3/29549 тоот албан мэдэгдлээр хүргүүлсэн. Анхны албадан дуудлага худалдаа нь 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр үнэлэгдсэн үнэ болох 80 630 000 төгрөгийн 70 хувь болох 56 441 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй тул 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдааг зарлан дуудлага худалдаанд оруулахад 42 800 000 төгрөгөөр орон сууц зарагдсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 72 дугаар зүйлийн 72.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэхь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч З.Гийг төлөөлж гаргасан итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Гантуяагийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 09/13 дугаар албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах, 20 000 000 төгрөг гаргуулан Ариг банкинд олгохыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2-р хороолол, 26 дугаар байрны 32 тоотын 54 м.кв 3 өрөө орон сууцыг 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК 80 630 000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд тус байрыг 2 дахь дуудлага худалдаанд оруулах тухай Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн алба 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 11/376 дугаар тогтоол гарсан ба энэ дуудлага худалдаа хэрхэн явагдсан талаар тодорхойгүй байтал дахин 2 дахь дуудлага худалдааг зохион байгуулахаар 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 09/13 дугаар тогтоол гарсан бөгөөд “хоёр дахь дуудлага худалдааг эхний дуудлага худалдаа явуулснаас хойш 30 хоногийн дотор явуулна” гэсэн хуулийн хугацааг хэтрүүлж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3 дахь заалтыг зөрчсөн. Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь дуудлага худалдаанд оруулна гэсэн зохицуулалт Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд байхгүй байтал 2 удаа “хоёр дахь дуудлага худалдаа” зохион байгуулсан.

Мөн төлбөр төлөгчөөс төлбөртөө 20 000 000 төгрөг бэлнээр өгөхөөр санал тавихад хүлээж авалгүй дуудлага худалдааг богино хугацаанд зохион байгуулж нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгчийн дуудлага худалдаанд эдлэх эрхийг зөрчсөн. Сүүлийн 2 дахь дуудлага худалдааны талаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд төлбөр төлөгчөөс гомдол гаргаж, түүний хариуг дуудлага худалдаа болдог өдөр буюу 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр өгч ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах хугацааг олгоогүй тухай шүүхэд гаргасан нэхэмжлэл болон гомдолдоо удаа дараа дурдаж байхал шүүх энэ талаар нотлох баримтаа гаргаж өгөөгүй гэсэн дүгнэлт өгснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч З.Г нь хоёр дахь албадан дуудлага худалдааг хуульд заасан хугацаанд нь, доод үнийг харилцан тохиролцож тогтоолгүйгээр, гаргасан гомдлыг шийдвэрлэлгүйгээр явуулсан гэсэн үндэслэлээр хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 09/13 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч марган, дуудлага худалдаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэжээ.

            З.Г, Б.Эрдэнэ-Очир нараас 54 746 932 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 02790 дүгээр шийдвэрийг төлбөр төлөгч сайн дураар биелүүлээгүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулсан нь хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байх бөгөөд анхны албадан дуудлага худалдааг явуулах 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 10/411 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шийдвэр хүчин төгөлдөр байна.

            Дээрх шийдвэр, уг шийдвэрийг давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлэсэн магадлал, тогтоолд төлбөр төлөгчийн төлбөр гаргуулахаар шийдвэрт заасан хөрөнгө болох Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол Төмөр замын 26 дугаар байрны 32 тоот 54 м.кв талбай бүхий, өмчлөх эрхийн Ү-2205018707 дугаар бүртгэлтэй 3 өрөө орон сууцны үнэлгээг 80 630 000 төгрөгөөр тогтоосон хөрөнгийн үнэлгээчний дүгнэлт хууль зөрчөөгүй талаар дүгнэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар түүнийг дахин нотлохгүй.

            Иймд үнэлгээчний тогтоосон үнэ болох 80 630 000 төгрөгийн 70 хувь 56 441 000 төгрөгөөр хоёр дахь удаагийн албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсгийг зөрчихгүй бөгөөд үнэлгээг дахин хийлгэх талаарх хүсэлтийг шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргасан баримтгүй байх тул доод үнийг харилцан тохиролцож тогтоогоогүй гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна.

            Түүнчлэн төлбөр төлөгч буюу нэхэмжлэгчийн анхны албадан дуудлага худалдаа явуулах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр гарсан тул хоёр дахь албадан дуудлага худалдааг хуульд заасан хугацаанд явуулалгүй Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3 дахь хэсгийг зөрчсөн гэж хариуцагчийг буруутгах боломжгүй.

            Шүүх нэхэмжлэгчийн хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 09/13 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг мөн оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 9 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн эрх бүхий этгээдийн шийдвэр гэж үзэхгүй тул 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр явагдсан албадан дуудлага худалдаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2017 оны/ 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсэгт нийцэх ба энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

            Мөн нэхэмжлэгч төлбөрийг барагдуулах хүсэлтийг хариуцагч байгууллага хүлээж аваагүй, 20 000 000 төгрөг байршуулсныг харгалзаагүй гэж тайлбарласан ч уг мөнгийг дуудлага худалдаа явагдсанаас хойш 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газрын дансанд байршуулсан тул хариуцагчийг буруутгах боломжгүй, уг мөнгийг төлбөрт тооцон Ариг банканд шилжүүлэх нэхэмжлэлийн энэ хэсгийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

            Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2017/03448 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                        ШҮҮГЧИД                                           Г.ДАВААДОРЖ

 

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ