Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/364

 

 

 

 

 

    2023          5           04                                    2023/ШЦТ/364  

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

улсын яллагч Г.Онон,  

шүүгдэгч Б.Х- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Б-н Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** байрны *** тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Говьсүмбэр аймгийн Сум дундын шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жил, 6 сарын хугацаагаар тэнссэн,

мөн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, Б овогт Б-н Х- /регистрийн дугаар ***/.

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.Х- нь 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар хорооллын автобусны буудал дээр хамтран амьдрагч болох хохирогч Э.Т-г зодож түүний биед хамрын таславчийн мурийлт, хамрын үзүүрт шарх, баруун завж, баруун хацарт зөөлөн эдийн гэмтэл, хүзүү, зүүн шуу, нуруунд цус хуралт, хэвлий, нуруу, баруун, зүүн өвдгөнд зулгаралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Х- нь 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар хорооллын автобусны буудал дээр хамтран амьдрагч болох хохирогч Э.Т-г зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Б.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

           “...Би хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна, тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан. Би Т-г  хүнтэй хардсан..” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 дахь тал/,

Хохирогч Э.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2022 оны 7 дугаар сард Б.Х-тай танилцаад 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Х-ын гэрт хамт амьдардаг байсан...

2023 оны 03 дугаар сарын 16-ны орой 23 цагийн орчимд Х-ын найз Болдоо над руу залгаад Х- архинд орсон байна, чи ирж энэ хүнтэй учир зүйгээ ол гэсэн зүйл ярьсан. Тэгэхээр нь би эгчийнхээ гэрээс гараад “**” бааранд хүрээд ир гэхээр нь яваад очсон... Б, Х- нар бага зэрэг согтуу байсан. Мөн дахиад нэг найз Э гээд залуу хамт байсан, бид нар бааранд ороод виски уусан... Би орой 21 цагийн орчимд найз Я-тай уулзаад пиво уусан болохоор шууд согтсон. Тэгээд сэрэхэд такси бололтой машинд явж байсан. Хойд суудал дээр Х- суусан. Урд хэн сууж байсныг харж чадаагүй. Х- нь миний амыг дараад чанга боогоод үсдэж миний нүүр рүү гараараа цохиод байсан. Хэдэн удаа цохисон гэдгийг санахгүй байна. Тэгээд ухаан алдаад сэрэхэд 10 дугаар хорооллын хойд талын автобусны буудал дээр Х- нь намайг үсдээд цементэн дээр чирээд байсан. Би ухаан ороод эргэн тойрноо харахад цагдаагийн машин ирсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны  дугаар сарын 21-ний өдрийн **** дугаартай шинжээчийн “...Э.Т-н биед хамрын таславчийн мурийлт, хамрын үзүүрт шарх, баруун завж, баруун хацарт зөөлөн эдийн гэмтэл, хүзүү, зүүн шуу, нуруунд цус хуралт, хэвлий, нуруу, баруун, зүүн өвдгөнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 17-ны өдөр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх шарх хамрын таславчийн мурийлт нь тус тусдаа цус хуралт, зулгаралт нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 3-14 дэх тал/,

Шүүгдэгч Б.Х-ын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 дахь тал/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 31 дэх тал/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Б.Х- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна прокурорын яллагдагчид хүлээлгэх хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч Б.Х-т танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

Иймд шүүх шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Б.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэрэгт хохирогч Э.Т-н “...гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 75 дахь тал/ авагдсан байх тул шүүгдэгч Б.Х-ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар прокурорын гаргасан санал, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  1 /нэг/ ширхэг сидийг хэргийн хамт хавсарган үлдээв.

Шүүгдэгч Б.Х- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.3, 36.6, 36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б овогт Б-н Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-ыг 1,000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Х-т оногдуулсан 1,000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Х-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидийг хэргийн хамт хавсарган үлдээсүгэй.

6. Хэрэгт Б.Х- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ