Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/361

 

 

 

 

 

    2023          5          03                                     2023/ШЦТ/361

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн,

улсын яллагч Б.Билгүүн,  

шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,   

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Х овогт Г-н Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Увс аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Баянгол дүүргийн ***-р хороо, ** дугаар байр *** тоотод оршин суух хаягтай, урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 16-ын өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Х овогт Г-н Г- /РД:****/.

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Г.Г- нь 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ** караокены үүдэнд хохирогч Б.Н-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний толгойн, нүүрэн тус газар гараар хэд хэдэн удаа цохих, цээжин тус газар хөлөөр өшиглөх зэргээр зодож биеийн эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамар, зүүн хацарт цус хуралт, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Г- нь 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ** караокены үүдэнд хохирогч Б.Н-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний толгойн, нүүрэн тус газар гараар хэд хэдэн удаа цохих, цээжин тус газар хөлөөр өшиглөх зэргээр зодож биеийн эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамар, зүүн хацарт цус хуралт, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Г.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

           “...Караоке ороод 3 цаг өнгөрч байхад гараад М-н машинд сууж байтал манай хоёр найз хүмүүстэй маргалдаад байгаа юм шиг болохоор нь машинаас буугаад харсан чинь нэг залуу /Н/ Б-н нүүр рүү цохичихлоо гэж бодоод баруун гараараа 2-3 удаа нүүр рүү нь цохисон. Гэтэл тэр залуу унахаар нь баруун хөлөөрөө нүүр рүү нь нэг удаа өшиглөсөн...

           Миний буруу би тухайн үед виски уугаад согтсон байсан тул найзыгаа цохиулаад уначихлаа гэж бодоод тухайн залууг цохисон. Би хохирогч Н-с  уучлалт гуйсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 64-65 дахь тал/,

Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01 цаг 50  минутын орчим Баянгол дүүргийн *** дүгээр сургуулийн замын хойд талын “ХААН” банктай шилэн барилгын 3 давхарт “***” караокед орж нэг цаг дуулсан. Тэгээд тооцоогоо хийж гарч ирээд караокены үүдэнд найзуудын хамт зогсож байтал хэдэн залуус караоке руу орохдоо манай найзуудтай муудалцаад хэл үгээр доромжлоход манай найз тэр залуучуудыг “та нар наад хэл амаа” гэж хэлээд нэг залууг нь түлхсэн. Гэтэл тэр залуучуудын цагаан ороолт, хар куртиктэй залуу манай эхнэрийг барьж авахаар нь би араас нь хүзүүнээс нь боож татсан. Ард нэг залуу намайг цохих шиг болсон. Миний толгойн ард дагз руу болон нүүр рүү өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

Гэрч М.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 23 цагийн үед Б, Б нар манай нөхөр Н бид 4 модны хоёрт биллъярдын газар руу явсан. Замдаа П гэх найз руугаа залгаж дуудсан. Бид нар 1 цаг 30 минут биллъярд тоглочихоод Бичилд байдаг караоке орцгоосон. Караокед Б бид 2 нэг шил вино уусан. Н пиво уусан. Б, П 2 жолоо барина гээд уугаагүй. Тэгээд караокеноос 03 цагийн үед гараад гадаа үүдэнд Б, Б 2 хоорондоо жаахан маргалдаад явна, явахгүй гээд байж байтал хэдэн залуучууд нэг эмэгтэйтэй караокеноос гарч байхдаа шатан дээр Б-н нэг залуу нь мөрлөчихсөн. Б “зүгээр үү хөгшөөн” гэхэд нөгөө залуу нь “зүгээр дээ хөгшөөн” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “зүгээр гэж байна шүү дэ, зүгээр зайлаач” гэж хэлсэн. Б бас “зайлаач” гэж хэлсэн. Гэтэл тэр залуу нь “юу гээд байгаа өлөгчингүүд вэ” гэж хэлсэн. Гэтэл Б үсэрч очоод тэр залууг цохиод авах шиг болсон. Бужигнаан болоод би нэг залууг нь “болиоч” гээд татаад байж байтал манай нөхөр Н хүрч ирээд тэр залууг татсан. Гэтэл нэг өндөр залуу манай нөхрийг заамдаж аваад хэд хэд цохиод, унагаагаад өшиглөсөн.

Манай нөхрийг Г- гэж залуу нүүрэн тус газарт нь баруун гараараа 2 удаа, толгой руу 3 удаа цохисон. Унагааж байгаад дахиад толгой руу нь 1 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 24-29 дэх тал/,

Гэрч Б.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 22 цагийн үед найз Г-, танил дүү М, Б нартай “***” төвийн ойролцоо уулзаж хоолонд ороод караоке орохоор болоод **  кароакед 00 цаг өнгөрч байхад орсон. Караокены өөр нэг өрөөнд Г-ийн найз байх шиг байсан. Бид хэд караокед нэг архи, нэг виски авч уусан. М жолоо барина гээд уугаагүй. Караоке хаахаар болоод 03 цагийн үед караокеноос гараад Г-, М бид гурав машиндаа сууж байсан. Гэтэл гэнэт хүмүүс гүйлдсэн. Машинд сууж байсан М, Г- хоёр машинаас буусан. Г- нэг залууг цохиод авахаар нь М бид хоёр салгах гэж ноцолдсон. Тэгээд Г-ийг салгаад машиндаа суулгаад хөдөлсөн. Г- нэг залууг хальт цохиж байгаа харагдсан. Нөгөө залуу нь газар уначихсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

Гэрч М.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2023 оны 01 дүгээр сарын 24-ний шөнө 23 цагийн үед найз Г-, М, Б, М нартай цуг Бичил хороололд байдаг караоке ороод найзуудтайгаа 1 шил архи, 1 виски аваад дөрвүүлээ хувааж уусан. Харин М жолоо барьж байсан учраас уугаагүй. Бид нар тэнд 3 цаг орчим болоод 02 цагийн үед гаръя гээд М, Г-, М нар түрүүлж гараад М-н машинд сууж байсан. Би Б-тай цуг үлдээд караокены тооцоо хийгээд гарах гэж байсан. Гэтэл Б бие засаад ирье гээд ариун цэврийн өрөө рүү орсон. Би түрүүлж гараад шатны хажууд тамхи татаад зогсож байтал миний араас хоёр залуу, хоёр эмэгтэй гарч ирсэн. Нэг залуу нь зөрөх үедээ миний зүүн талын мөрийг мөрлөсөн. Тэгэхээр нь би “яагаад мөрлөөд байгаа юм бэ” гэхэд намайг “замаас хол зогсооч” гээд түлхэж унагаагаад хоёр эрэгтэй нь миний дээрээс дэвсээд цохиж байсан чинь араас найз Б гарч ирээд “яагаад хүүхэд цохиод байгаа юм бэ” гэж хэлсэн. Удалгүй байж байсан нэг залууг нь Бумбаяр хөөгөөд гүйгээд явсан.

Г- машинаас бууж ирээд үлдсэн нүдний шилтэй залууг толгой хэсэг рүү нь 1-2 удаа цохисон. Намайг М, М хоёр босгочихоод Г-ийг салгасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 22 цагийн үед “Модны 2”-т эхнэр Б-тэй цуг билльярд тоглохоор очих үед манай найз Н, түүний эхнэр А, П гээд найз нар байсан. Тухайн билльярдын газарт 1 цаг орчим тоглочихоод тэндээсээ гараад хорооллын арын бичлийн зам дагуу байрлах караокед орж 1 цаг орчим болсон. Тухайн үед П бид хоёр машин барьж байсан болохоор уугаагүй. А, П, Б бид дөрөв караокеноос гараад үүдэнд Н-г хүлээгээд тамхи татаад зогсож байсан чинь нэг эмэгтэй, араас нь 5-6 залуу гарч ирсэн. Тэд хэдтэй цуг сүүлд гарч ирсэн хоёр залуутай цуг Н гарч ирсэн, нэг залуу нь намайг шатан дээр миний зүүн талын мөрийг мөрлөчихөөд намайг “зүгээр үү” гэхээр нь би “зүгээр үү, гайгүй юу хөгшөөн” гэхэд цаанаас нь миний түлхэж унагасан залуу “яасан зүгээр үү” гэж ууртай шинжтэй хэлсэн. А, Б нар “зүгээр гээд байгаа юм биш үү, яваач” гээд ууртай маягтай хэлсэн чинь миний түлхэж унагаасан залуу “гичийнүүд минь, дуугүй байгаарай” гэж хэлэхээр нь би гүйж очоод түлхэж унагаах гэсэн чинь цуг унасан.  Би босоод зам гарч гүйсэн. Тэгээд хоёр залуутай цаана зодолдож байгаад салаад байж байтал Н ирээд найзын хамрыг хугалчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дэх тал/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн *** дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...Б.Н-н биед хамар ясны хугарал, хамар, зүүн хацарт цус хуралт дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги  алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт  /хавтаст хэргийн 52-53 дахь тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15-17 дахь тал/,

Шүүгдэгч Г.Г-ийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 59 дэх тал/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 81 дэх тал/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Г.Г- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна прокурорын яллагдагчид хүлээлгэх хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч Г.Г-т танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

Иймд шүүх шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Г.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Г- нь хохирогч Б.Н-т эмчилгээний зардалд нийт 500.000 /таван зуун мянган/ төгрөг төлж барагдуулсан, мөн хохирогч Б.Н нь мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан хүсэлтдээ “...Г.Г-т гомдол, санал байхгүй...” гэх хүсэлт хавтаст хэргийн 95 дахь талд авагдсан байх тул шүүгдэгч Г.Г-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар прокурорын гаргасан санал, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 90 /ер/  хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээв.

Шүүгдэгч Г.Г- нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.3, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Х овогт Г-н Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ийг 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Г.Г-т оногдуулсан 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидийг хэргийн хамт хавсарган үлдээсүгэй.

6. Шүүгдэгч Г.Г- нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай

7. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ