| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 181/2018/03075/И |
| Дугаар | 570 |
| Огноо | 2019-03-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 570
| 2019 оны 03 сарын 06 өдөр | Дугаар 181/ШШ2019/00570 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М П ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т Ц ХХК -д холбогдох,
527 194 272 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунсувд, Г.Энхжавхлан, хариуцагчийн төлөөлөгч Б.Ууганбат, түүний өмгөөлөгч Э.Хэрлэнхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Сэлэнгэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:
Манай компани Т Ц ХХК-тай 134/16 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээ, 135/16 тоот Барьцааны гэрээг тус тус 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатай байгуулж 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд 8 удаагийн худалдан авалтаар 299 340 700 төгрөгийн үнэ бүхий шатахуун худалдан авсан. Бид хариуцагч компаниас удаа дараа төлбөр төлөхийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн оршин суугаа хаяг нь тодорхойгүй байснаас эрэн сурвалжлах нэхэмжлэл гарган, цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулж энэ оны 09 дүгээр сард оршин суугаа хаяг нь тогтоогдсон.
134/16 тоот гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасны дагуу Худалдан авагч нь зээлээр авсан барааны төлбөрийг худалдан авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор М П ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь 499088657 тоот данс, Хаан банкин дахь 5028129620 тоот дансанд тус тус шилжүүлэх буюу бэлнээр төлөх үүрэгтэй. Гэтэл тус компани нь 2016 оны 10 дугаар сараас хойш гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 299 340 700 төгрөгийг өндөөрийг хүртэл төлж барагдуулаагүй байна.
Иймд 134/16 тоот гэрээний 3.3, 5.1-д заасны дагуу үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 299 340 700 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 22-ноос шүүхэд нэхэмжлэл гаргасан 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хугацаа хэтрүүлсэн алдангийг тооцон Иргэний хуулийн 232.4-т зааснаар 50 хувьд хүргэж зогсооход 149 670 350 төгрөг, хүү 78 183 222 төгрөг, нийт 527 194 272 төгрөгийг Т Ц ХХК-аас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргасан ба 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа үндсэн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 135/16 тоот Барьцааны гэрээг байгуулсан тул тухайн гэрээний барьцааны зүйл Улсын бүртгэлийн Ү-2205060734, гэрчилгээний 000460687 дугаартай, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Москва гудамж, 74 тоот хаягт байршилтай, 391 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр, мөн нэгж талбарын 8030/5043, гэрчилгээний 000460687 дугаартай Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ЭТӨЧ Петровисийн ШТС-ын баруун талд 180 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр тус тус нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар нэмэгдүүлсэн шаардлага гаргасан тул эдгээр шаардлагуудаа дэмжиж байна гэв.
Хариуцагч болон түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Т Ц ХХК нь уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан. М П ХХК-тай байгуулсан гэрээний дагуу шатахууныг зээлээр авч ашигласан боловч явуулж байсан үйл ажиллагаа нь тогтворгүй болсноос үр дүн гараагүй учир гэрээний төлбөрийг төлж чадаагүй байдаг.
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д Зээлээр худалдах-худалдан авах гэрээг зохицуулсан, мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2.2, 263.2.3-т хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаа, төлбөл зохих хүүгийн хэмжээг тодорхой хугацаатай гэрээнд заасан байхыг хуульчилсан. Гэтэл маргаан бүхий гэрээний 5.2-т заасан нь нэг удаагийн шинжтэй юу эсхүл төлбөрийг төлөөгүй бол 2 хувийн хүү тооцох уу гэдэг нь ойлгомжгүй байна.
Гэтэл тухайн гэрээний хугацаа дууссан байгаа, хүүг тухайн гэрээний хугацаагаар л тооцох ёстой байтал нэхэмжлэгч 2016 оны 10 дугаар сарын 22-ноос 2017 оны 11 дүгээр сарыг хүртэл хугацаагаар тооцсон байна. Иймд гэрээний дагуу үндсэн төлбөр 299 340 700 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин гэрээний 5.2-т зааснаар хүү гэж 78 183 222 төгрөг гаргуулахаар шаардаж буй нь тодорхойгүй бөгөөд ойлгомжгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алдангийг тооцож нэхэмжилсэн хирнээ давхар хүүг 2 хувиар тооцон шаардаж байгаа нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа тул хүүг зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д алдангийг хэт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүх багасгаж болно гэж заасны дагуу алдангийн хэмжээнээс багасгаж өгөхийг шүүхээс хүсэж байна гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М П ХХК нь хариуцагч Т Ц ХХК-д холбогдуулан гэрээний үндсэн төлбөр 299 340 700 төгрөг, алданги 149 670 350 төгрөг, хүү 78 183 222 төгрөг, нийт 527 194 272 төгрөгийг гаргуулах болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.
Хариуцагч нь гэрээний үндсэн төлбөр 299 340 700 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, алдангийн хэмжээ хэт их байгааг шүүх анхаарч үзэж багасгах болон хүүг төлөх үндэсгүй гэж маргасан.
Хэргийг хянан хэлэлцэхэд дараах үйл баримт тогтоогдсон тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Зохигчдийн хооронд эхлээд 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр барьцааны 135/16 тоот гэрээ байгуулагдаж, Улсын бүртгэлийн Ү-2205060734, гэрчилгээний 000460687 дугаартай, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Москва гудамж, 74 тоот хаягт байршилтай, 391 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн нэгж талбарын 8030/5043, гэрчилгээний 000460687 дугаартай Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ЭТӨЧ Петровисийн ШТС-ын баруун талд байршилтай, 180 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус барьцаалсан ба 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах 134/16 дугаартай гэрээг байгуулж уг гэрээг 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатайгаар, барааны үнийг тухайн үеийн зах зээлийн үнэ, худалдан авагчийн хэрэгцээг харгалзан тухай бүр тохиролцож байх ба зээлээр худалдах барааны үнэ нь ямар ч тохиолдолд талууд хооронд байгуулсан 135/16 тоот барьцааны гэрээний зүйлийн үнэ болох 300 000 000 төгрөгөөс хэтрэхгүй бөгөөд зээлээр худалдан авсан барааны үнэнд хүү тооцохгүйгээр, худалдан авагч нь зээлээр худалдан авсан барааны төлбөрийг барааг худалдан авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор М П ХХК-ийн дансанд шилжүүлэх буюу бэлнээр төлөхөөр тус тус харилцан тохиролцсон байна./хх-9-12, 13-15/
Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээхээр Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан ба мөн хуулийн 263 дугаар зүйлд гэрээний хэлбэрийг тодорхойлсон байдаг.
Талуудын хооронд байгуулсан гэрээ нь дээрх хуулийн заалтад заасан шаардлагыг бүрэн хангасан болох нь хэрэгт авагдсан гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тодорхойлогдож байгаа бөгөөд мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар талууд гэрээний 3.3 дахь хэсэгт “Худалдан авагч нь энэ зүйлийн 3.2-т заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцсон алдангийг худалдагчид төлнө” гэж тохиролцон, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар баримт үйлдэж гарын үсэг зурж байгуулсан хүчин төгөлдөр хэлцэл хийсэн байх тул нэхэмжлэгч гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзнэ.
1. Хэргийн 16-21 дүгээр хуудсанд авагдсан баримтуудаар гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчид 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр “М П ХХК-аас Т Ц ХХК-ийн худалдан авсан шатахууны тооцоо нийлсэн акт”-аар нийтдээ 193,010 литр, 162,620 кг, нийт 300 704 700 төгрөгийн үнийн дүнтэй шатахууныг нийлүүлсэн, мөн 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “М П ХХК-аас Т Ц ХХК-ийн худалдан авсан шатахууны тооцоо нийлсэн акт”-аар шатахууны нийт төлбөр 300 704 700 төгрөг буюу эхний тушаах ёстой төлбөр 2016 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 68 200 000 төгрөгийг төлөөгүй ба 10 дугаар сарын 17-ны өдөр гэрээнд зааснаар 1 сарын хүүг 2 хувиар тооцон 1 364 000 төгрөгийг хариуцагч нь төлсөн талаар тооцоо нийлжээ,
Т Ц ХХК нь 2016.09.27-ны өдрийн 16/16 дугаартай албан бичгээр М П ХХК-д “...гэрээний дагуу 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 68 200 000 төгрөгийн үнэ бүхий 44,000 литр шатахууныг танай байгууллагаас авсан болно. Гэвч харилцагч компаний хайрга худалдах хугацаа нь хойшлогдож, санхүүгийн хувьд хүндрэлтэй байна. ...худалдан авалт гэрээний дагуу зээлийн хүүг төлж явах хүсэлтэй байгаа тул хүсэлтийг хүлээн авна уу” гэсэн, мөн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 16/17 дугаартай албан бичгээр... дахин хүсэлтээ тус тус гаргасан ба нэхэмжлэгч нь хариуцагчид 2016.10.18-ны өдрийн 203/16 дугаар албан бичгээр “...танай компаний хүсэлтийн дагуу 2016 оны 9 дүгээр сарын 17 өдөр төлөгдөх байсан 68 200 000 төгрөгөнд 1 сарын хүү 1 364 000 төгрөг тооцож 2016.10.12-ны өдөр төлсөн байна. Үндсэн төлбөр болох 299 340 700 төгрөгийг 10 дугаар сарын 23-ны өдрийн дотор төлнө үү...” гэж шаардаж байсан болон тооцоо нийлсэн талаар баримтууд авагдсан ба гэрээний дагуу авч, өгсөн шатахуун болон үнийн үлдэгдэл дээр талууд маргаагүй, харилцан зөвшөөрсөн.
Иймээс, нэхэмжлэгчийн шаардсан шатахууны төлбөр болох 299 340 700 төгрөгийг хариуцагч тал хүлээн авсан үйл баримт тогтоогдсон тул гэрээгээр тохирсон үнийг бүрэн төлөх үүрэгтэй байна.
2. Гэрээний 3.2-т “Худалдан авагч нь зээлээр худалдан авсан барааны төлбөрийг барааг худалдан авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор М П ХХК-ийн ...дансуудад шилжүүлэх буюу худалдагчид бэлнээр төлнө” гэж заасан үүргийг “Т Ц ” ХХК биелүүлээгүй болох нь тогтоогдож байх тул тус гэрээний 3.3-т “Худалдан авагч нь энэ зүйлийн 3.2-т заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцсон алдангийг худалдагчид төлнө” гэсэн заалтын дагуу хариуцагч талд алданги төлөх үүрэг үүснэ. Энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцэх бөгөөд нэхэмжлэгч алдангийг мөн хуулийн 232.4-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож, 149 670 350 төгрөгийг нэхэмжлэлээр шаардсан шаардлагыг хангах үндэслэлтэй.
Хариуцагч тал алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасны дагуу алдангийг багасгаж өгөхийг шүүхээс хүссэн боловч энэхүү хуульд заасан заалтыг хэрэглэх нөхцөл байдлыг тогтоосон талаар нотлох баримтыг хариуцагч тал гаргаж ирүүлээгүй тул түүний хүсэлтийг харгалзан үзэх боломжгүй байна гэж дүгнэлээ.
3. Тус гэрээний 5.2-т “Гэрээний 3.2-т заасан хугацаанаас төлбөр төлөлт удааширсан тохиолдолд худалдан авагч тал нь худалдагч талд сарын 2 хувийн хүү тооцон худалдагч талд төлөх үүрэгтэй” гэж талууд тохиролцсоны дагуу нэхэмжлэгч нь хүүнд 78 183 222 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.
Талууд гэрээндээ хүү тооцохоор зааж, харилцан тохиролцсон ба нэхэмжлэгч нь хариуцагчид 2016.10.18-ны өдрийн 203/16 дугаар албан бичгээр “...танай компаний хүсэлтийн дагуу 2016 оны 9 сарын 17 өдөр төлөгдөх байсан 68 200 000 төгрөгөнд 1 сарын хүү 1 364 000 төгрөг тооцож 2016.10.12-ны өдөр төлсөн байна. Үндсэн төлбөр болох 299 340 700 төгрөгийг 10 дугаар сарын 23-ны өдрийн дотор төлнө үү...” гэж шаардаж байсан болох нь баримтаар нотлогдож байна.
Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2.3-т “төлбөл зохих хүүгийн хэмжээ”-г зээлээр худалдах-худалдан авах гэрээнд заавал тусгахаар заасан заалтыг хангаж талууд гэрээндээ энэхүү хуулийн дагуу хүү тооцохоор тусгаж, харилцан тохиролцсон байх тул нэхэмжлэлээр шаардсан хүүг гаргуулах үндэслэлтэй байх боловч нэхэмжлэгчийн тооцоолсон 78 183 222 төгрөгийн хүүг бүрэн хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч нь гэрээний дагуу хариуцагчид анх 2016.08.17-ны өдөр 68 200 000 төгрөгийн шатахуун нийлүүлсэн ба уг төлбөрийг гэрээний 3.2-т зааснаар 30 хоногийн дотор буюу 2016.09.17-ны дотор төлөх үүрэгтэй байтал 2016.10.12-ны өдөр 1 364 000 төгрөгийн хүүг төлсөн болох нь дээр дурдсан /хх-21/ баримтаар тогтоогдож байх тул үүнийг нь 2016.09.17-ны дотор төлөх хугацааг хэтрүүлсэн хүүнд нь тооцож, түүнээс хойш 2016.10.17, 2016.11.17, 2016.12.17-ны нийт 3 сараар /3 сар х 1 364 000 төг/ тооцоолон 4 092 000 төгрөгийг,
2016.09.02-ны өдөр 56 234 000 төгрөгийг 1 сарын хүү 1 124 680 төгрөг, 2016.10.09-ний өдөр 41 927 500 төгрөгийн хүү 838 550 төгрөг, мөн өдөр 54 498 000 төгрөгийн хүү 1 089 960 төгрөг, 2016.09.13-ны өдөр 41 850 000 төгрөгийн хүү 837 000 төгрөг, 2016.09.14-ний өдөр 27 331 200 төгрөгийн хүү 546 624 төгрөг, 2016.09.22-ны өдөр 4 650 000 төгрөгийн хүү 93 000 төгрөг, 2016.09.23-ны өдөр 4 650 000 төгрөгийн 1 сарын хүү 93 000 төгрөг зэрэг 1 сарын хүүний нийлбэр 4 622 814 төгрөгийг нийт 2 сараар үржүүлэн 9 245 628+4 092 000 төгрөг буюу бүгд 13 337 628 төгрөгийн хүүг хариуцагчаас гаргуулах үндэстэй гэж шүүх тооцоолов.
Нэхэмжлэгч нь хүүг 2016 оны 10дугаар сарын 22-ноос 2017 оны 11 дүгээр сарыг хүртэл хугацаагаар тооцон нэхэмжилсэн гэж шаарддаг боловч шүүх хүүг гэрээний хугацаагаар тооцох нь зүйтэй гэж үзсэн болно.
Иймд хариуцагч “Т Ц ” ХХК-иас гэрээний үүргийн үндсэн төлбөрт 299 340 700 төгрөг, алданги 149 670 350 төгрөг, хүү 13 337 628 төгрөг, нийт 462 348 678 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 64 845 594 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Т Ц ” ХХК-аас нийт 462 348 678 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “МТ петролиум” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 64 845 594 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл Улсын бүртгэлийн Ү-2205060734, гэрчилгээний 000460687 дугаартай, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Москва гудамж, 74 тоот хаягт байршилтай, 391 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн нэгж талбарын 8030/5043, гэрчилгээний 000542178 дугаартай Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ЭТӨЧ Петровисийн ШТС-ын баруун талд байрлах 180 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /2 793 922+70 200/ нийт 2 864 122 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч “Т Ц ” ХХК-аас 2 539 893 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “МТ петролиум” ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ