Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/100

 

 

 

 

  2023        03            22                                  2023/ШЦТ/100

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан,

Улсын яллагч Т.Төгөлдөр,

Шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М- овгийн Х-ийн Б-д холбогдох эрүүгийн 2325000000144 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дугаар сарын 0-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 00 цэцэрлэгт жижүүр, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамтаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын 0 баг, 0-0-0 тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, М- овгийн Х-ийн Б- /РД:хх0000000/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Б нь Орхон аймгийн Баян-Өндөр сум, 00 багийн 0-0 тоотод 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 21 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих шалтгааны улмаас хохирогч Ц.Ё-ын толгойн тус газарт нь архины шилээр цохиж, хохирогчийг газарт унасны дараа мөн толгойн тус газарт гараараа 2 удаа цохиж түүний эрүүл мэндэд “духанд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан  гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

- шүүгдэгч Х.Б мэдүүлсэн: ...Гэм буруугаа хүлээж байна...гэсэн мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:   

 

- хохирогч Ц.Ё-гийн мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр намайг гэртээ амарч байхад манай эхнэрийн хамаатан Ө.А 20 цагийн орчим нэг үл таних хүний хамт архи уучихсан 0,75 литрийн архитай хамт манай гэрт ирсэн. Тэгээд би Ө.А ахын авч ирсэн архинаас Ө.А ах болон хамт ирсэн хүнтэй нь хувааж уугаад сууж байхад, тухайн архи нь талаасаа доошоо орж байхад Ө.А ах манайд ирсэн хүнтэйгээ хоорондоо маргалдаад байх шиг байсан. Тэгэхээр нь би Ө.А ахад цаг орой болчихсон байна. Манай хүүхдүүд унтаж амарч байна. Та хоёр маргалдах гэж байгаа бол манайхаас гарч маргалд гэхэд Ө.А ахтай хамт явж байсан хүн ширээн дээр байсан архины шилээр миний толгой хэсэгт нэг удаа цохиж, намайг хойш нь газар унагаж миний дээрээс толгой хэсэгт гараараа 2 удаа цохисон. Тэгэхэд манай эхнэр тухайн хүнээс намайг салгаж, холдуулаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...Ө.А ахтай хамт явж байсан үл таних хүн миний толгой хэсэгт архины шилээр цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11х/,

 

- Гэрч Н.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр би нөхөр 3 хүүхдийн хамт гэртээ амарч байхад 21 цагийн орчим манай хамаатны ах Ө.А нэг үл таних хүний хамт архи уучихсан 0,75 литрийн архи авч манай гэрт ирсэн. Тэгээд Ө.А ах манай нөхөртэй нийлж, хамт ирсэн залуутайгаа гурвуулаа нийлж авчирсан архийг нь талаас нь доош хүртэл ууцгаасан. Тэгээд байж байтал Ө.А ахтай хамт ирсэн хүн манай тавагтай идээнээс амандаа хийж шүлс болгож хазаад буцааж гаргаж тавьж байгаад Ө.А ах тэр хоёр хоорондоо маргалдаад байсан. Тэгэхэд манай нөхөр Ц.Ё-а та хоёр манай гэрт битгий маргалдаарай, манай гэрээс гарч маргалдаж, зодолдоорой гэж хэлээд Ө.А ахад танай дүүг чинь дуудчихлаа, та үлдсэн архиа аваад найзтайгаа хамт явчих гэж хэлээд сууж байхад Ө.А ахтай хамт ирсэн хүн ширээн дээр байсан архины шилийг аваад манай нөхрийн толгой хэсэгт цохичхоод дээрээс дарж газар унагаад манай нөхрийн толгой хэсэгт гараараа 2 удаа цохисон. Тэгэхэд нь би дундуур нь орж салгаад архины шилийг нь булааж аваад сууж байхад Ө.А ахын дүү нь орж ирээд байж байхад манай нөхрийг цохисон хүн Ө.Аын дүүг мөн адилхан зодох гэж дайрахад Ө.А ахын дүү тухайн хүн хоёр сууж, би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...3үгээр сууж баигаад л манай нөхрийн толгой хэсэгт архины шилээр цохисон...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 13х/,

 

- Гэрч Ө.Аын мөрдөн шалгах ажиллагаанд: “...Тэгээд дүүгийнхээ гэрт очиж Б- манай дүүгийн нөхөр Ц.Ё-а бид гурав тухайн архийг хувааж уугаад сууж байгаад би тасарчихсан байсан. Юу болсныг сайн санахгүй байна. Тэгээд нэг сэргэхэд манай дүү Ө.Алтанзаяа ирчихсэн намайг авч явах гэж байсан. Тэгэхэд манай хүргэн Ц.Ё-ын толгой нь хагарчихсан цус гарч байсан. Тэгэхээр нь Ц.Ё-ыг Ө.Алтанзаяагийн машинд суулгаж, эмнэлэгт ирсэн. Дараа нь манай дүү Н.Со надад хамт ирсэн хүнтэйгээ хоорондоо маргалдаад байхаар нь манай нөхөр салгах гэхэд тантай хамт ирсэн Х.Б гэх хүн манай нөхрийн толгой хэсэгт архины шилээр цохиж, толгойг нь хагалчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15х/,

 

- Х.Бас хохирогч Ц.Ё-агийн эзэмшлийн Хаан банкны 000000 тоот дансанд 250,000 төгрөг шилжүүлсэн талаарх баримт /хх-ийн 41х/,

 

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 249 дугаартай

1.Ц.Ё-а-ын биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь хатуу зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Духанд шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

4. Учирсан гэмтэл нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байхаар шинэ гэмтэл байна.

5. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 18-19х/,

 

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32х/ зэрэг нотлох баримтуудыг судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

 

Үйл баримт: Шүүгдэгч Х.Б нь Орхон аймгийн Баян-Өндөр сум 00 багийн 0-0 тоотод 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 21 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих шалтгааны улмаас хохирогч Ц.Ё-ын толгойн тус газарт нь архины шилээр цохиж, хохирогчийг газарт унасны дараа мөн толгойн тус газарт гараараа 2 удаа цохиж түүний эрүүл мэндэд “духанд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 249 дугаартай дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзлээ.

 

Шүүгдэгч Х.Б-ын үйлдлийн улмаас Ц.Ё-агийн биед хөнгөн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Ц.Ё-агийн  ...Ө.А ах манайд ирсэн хүнтэйгээ хоорондоо маргалдаад байх шиг байсан. Тэгэхээр нь би Ө.А ахад цаг орой болчихсон байна. Манай хүүхдүүд унтаж амарч байна. Та хоёр маргалдах гэж байгаа бол манайхаас гарч маргалд гэхэд Ө.А ахтай хамт явж байсан хүн ширээн дээр байсан архины шилээр миний толгой хэсэгт нэг удаа цохиж, намайг хойш нь газар унагаж миний дээрээс толгой хэсэгт гараараа 2 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг, гэрч Н.Сийн “...Ө.А ахтай хамт ирсэн хүн манай тавагтай идээнээс амандаа хийж шүлс болгож хазаад буцааж гаргаж тавьж байгаад Ө.А ах тэр хоёр хоорондоо маргалдаад байсан. Тэгэхэд манай нөхөр Ц.Ё-а та хоёр манай гэрт битгий маргалдаарай, манай гэрээс гарч маргалдаж, зодолдоорой гэж хэлээд Ө.А ахад танай дүүг чинь дуудчихлаа, та үлдсэн архиа аваад найзтайгаа хамт явчих гэж хэлээд сууж байхад Ө.А ахтай хамт ирсэн хүн ширээн дээр байсан архины шилийг аваад манай нөхрийн толгой хэсэгт цохичхоод дээрээс дарж газар унагаад манай нөхрийн толгой хэсэгт гараараа 2 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг...” Гэрч Ө.Аын “...Тэгээд дүүгийнхээ гэрт очиж Б- манай дүүгийн нөхөр Ц.Ё-а бид гурав тухайн архийг хувааж уугаад сууж байгаад би тасарчихсан байсан. Юу болсныг сайн санахгүй байна. Тэгээд нэг сэргэхэд манай дүү Ө.Алтанзаяа ирчихсэн намайг авч явах гэж байсан. Тэгэхэд манай хүргэн Ц.Ё-ын толгой нь хагарчихсан цус гарч байсан. Тэгэхээр нь Ц.Ё-ыг Ө.Алтанзаяагийн машинд суулгаж, эмнэлэгт ирсэн...” гэсэн мэдүүлэг, Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 249 дугаартай дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар бүрэн тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримтын талаар маргаагүй.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.

 

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл ,эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.

 

Шүүгдэгч Х.Б-ын хүний эрүүл мэндэд санаатай үйлдлээр халдаж хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

       

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Х.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сум, 00 багийн 0-0 тоотод 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 21 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих шалтгааны улмаас хохирогч Ц.Ё-ын толгойн тус газарт нь архины шилээр цохиж, хохирогчийг газарт унасны дараа мөн толгойн тус газарт гараараа 2 удаа цохиж түүний эрүүл мэндэд “духанд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан  нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэж,

Шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлэхдээ: Гэм буруугаа хүлээж байна. Миний буруу. Прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэж тус тус дүгнэлт санал гаргасан ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж хүлээх эрүүгийн хариуцлагын төрөл хэлбэр, хэмжээний талаар прокурортой тохиролцсон байна.

 

Шүүгдэгч Х.Б-ын үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл нотлох баримтаар нотлогдсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирогч Ц.Ё-а нь ямар нэгэн санал гомдол байхгүй, хохирол төлбөрөө барагдуулж авсан. Шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн ба хохирлын нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзэв.

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Х.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т  заасан “анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч гэм буруугаа хүлээж прокурортой ял тохиролцсоныг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу тохирсон эрүүгийн хариуцлагыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Бусад асуудлаар:

Шүүгдэгч Х.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, түүний иргэний бичиг баримт болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                                                          ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М- овогт Х-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х-ийн Б-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Х.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        6. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.НАРМАНДАХ