Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/24

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж, шүүгч Б.Баттулга, шүүгч Т.Энхмандах нарын бүрэлдэхүүнтэй,     

нарийн бичгийн дарга П.Энхбат,

улсын яллагч Ш.Батсүх,

иргэдийн төлөөлөгч Ю.Алтан-Оргил,

хохирогч Г.Г

шүүгдэгч З.Б, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Б овогт З-ын Бд холбогдох 2317000000015 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт З-ын Б /РД:........./, Дундговь аймгийн Сайнцагаан суманд 1989 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг,  Тагтын ....... тоотод оршин суух хаягтай /Дундговь аймгийн Гурвансайхан сумын 2 дугаар баг, Дэрсэн ус гэх газар оршин суух бүртгэлтэй/ улсаас авсан гавъяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч З.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 23 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум 3 дугаар баг, Тагтын 12-2 тоот гэртээ хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Г.Гыг эхнэртэйгээ хардсаны улмаас цээжин тус газар нь хутгалж зүүн 5, 6 дугаар хавирганы орчмоор цээжний хөндий нэвтэрсэн хутгалагдсан шарх, цээжний хөндийд цус, хий хуралдалт бүхий амь биед аюултай хүнд хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:

 

  1. Шүүгдэгч З.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 12-14 цагийн хооронд Г ахын бэр дүү нь 3 удаа утсаар залгаад өнөөдөр амралтын өдөр юм чинь хэдүүлээ тоглож өнжье гэсэн. 4 дэх удаагаа залгаад машинтайгаа гэрт ирж эхнэр бид хоёрыг авсан. 8 дугаар байранд очоод 0.5 граммын Соёрхол нэртэй архи уусан. Тэр архинаас А нэг удаа уугаад үлдсэнийг нь би уусан. Намайг тоглоомонд дийлддэггүй юм Быг согтоо гээд өгсөн. 18 цагийн үед танайд очиж тоглоё. Байранд дуу чимээ ихтэй, тамхи татаж болдоггүй юм гээд манайд очсон. Манайд очихдоо 2.5 граммын пиво 6 ширхэгийг авсан. Тэр пивоноос бүгд уусан. Тэгээд би согтсон. А, Г ах хоёр хоорондоо муудаад байсан. Ууж идэхээрээ хоорондоо таардаггүй юм гээд байсан. Б эгч Аыг Г ахын эхнэртэй хардаад байсан. Би хохирогчийг хутгалснаа санахгүй байгаа дуудлагын 2 цагдаа орж ирэхэд би сэргэсэн. Хохирол төлбөрт өнөөдөр 09 цагт хохирогчид 520 000 төгрөг дансаар өгсөн. Эрүүл мэндийн даатгалд 1 370 000 төгрөг өгсөн гэв.  

2. Шүүгдэгч З.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр би гэртээ буюу Сүмбэр сумын 3 дугаар баг Тагтын 12-2 тоотод эхнэр М, хүү О /1 нас 6 сартай/ нарын хамт байж байтал манай гэрт Б, А, Г нар 14 цагийн үед машинтай ирсэн. Б А нар эхнэр нөхөр бөгөөд манай хуурай ах эгч байгаа юм.  Тэгээд өнөөдөр амралтын өдөр юм чинь  хэдүүлээ манай гэрт очиж хөзөр тоглоё гээд Б хэлэхээр нь  эхнэр бид 2 зөвшөөрөөд Аын гэр буюу Сүмбэр сумын 3 дугаар баг 11 дүгээр байрны 2 дугаар орц 1 давхарт урагшаа харсан хаалгатай байранд очсон. Аынд очиход тэдний 2 эмэгтэй хүүхэд байсан ба А, Б, Г, М бид хэд хөзөр 18 цаг хүртэл тоглосон ба мөн тэднийд хөзөр тоглож байхдаа 0,5 литрийн Соёрхол, 2,5 литрийн пиво хувааж уусан. Тухайн архи пивоноос Г огт уугаагүй. Ер нь тэр архийг А надад л хийж өгөөд Быг согтоож байж хөзрөөр хожихгүй бол Б тоглоомд дийлдэхгүй юм байна гээд байсан. Тэгээд 18 цагийн үед Аынхаас гараад дэнжийн Чандмань дэлгүүр орж 3 ширхэг том пиво аваад манайх руу явж үргэлжлүүлээд хөзрөө тоглохоор болсон. Манайд багцаагаар 18 цаг өнгөрч байхад А, Б, Г, М бид нар ирцгээсэн. Тэгээд үргэлжлүүлээд 21 цаг болтол хөзөр тоголсон ба 21 цагийн үед М, Б нар дахин пиво авахаар явцгаасан. Тухайн үед би маш их архи пиво уугаад согтсон байсан болохоор юу болсон талаар огт санахгүй байна. Нэг мэдсэн манай гэрт цагдаа нар ирчихсэн байсан бөгөөд цагдаа нар яах гэж ирснийг би мэдэхгүй байна. Ямар ч байсан цагдаа нар Гыг гэр лүү нь хүргэж өгье гэж байсан. Гэтэл нэг цагдаа нь Гын цамцыг сөхөж үзээд энэ яагаад цус болчихсон юм гэж асууж байсан. Хариуд нь Г юу гэж хэлснийг би мэдэхгүй байна. Тэгээд цагдаа нар намайг эрүүлжүүлэх рүү аваад явсан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 91-92 хуудас/

  1. Хохирогч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би энэ хүнд

гомдоод байгаа зүйл байхгүй. Эдний эхнэр нь намайг хамгийн түрүүнд хутгалуулсаныг мэдсэн. Эд нар өглөөнөөс эхлээд архи уусан. Би орой 6 цагаас пиво уусан. Надад ухаан санаагаа алдсан зүйл байгаагүй гэв.  

4. Хохирогч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр намайг гэртээ буюу Сүмбэр сумын 2 дугаар баг Сүмбэрийн 147 тоотод байж байхад манай төрсөн дүү А түүний эхнэр Б 2 манай гэрт машинтайгаа ирээд таныг шинэ жилээр гэртээ оруулж чадаагүй, одоо та манай гэрт орж цай уу гэж хэлээд гэрлүүгээ дагуулаад явсан. Замаараа А Быг эхнэр хүүхэдтэй нь аваад явсан. Аын гэрт А Б, Б, Бын эхнэр бид 5 хөзөр тоглоод 0,5 литрийн Соёрхол нэртэй архи, хэдэн пиво ууцгаасан. Тухайн архи пивоноос би уугаагүй. Тэгээд 18 цагийн үед Аын гэрээс гараад бид хэд дэлгүүр орж 4 ширхэг том пиво аваад Бын гэрч очсон. Бын гэрт очоод Б хөзөр тоглоё гээд байхаар нь би нэг бол хөзөр тоглоё нэг бол пиво ууя гэж хэлсэн. Тэгээд бид 5 хэсэг хөзөр тоглож байгаад болиод пиво ууцгаасан. Тухайн үед би гэрийн зүүн талын баганы хажууд багана түшээд сууж байсан харин Б зуухны ам дээр сууж байсан. Бын эхнэр миний хойно сандал дээр сууж байсан. А Б 2 гэрийн зүүн орон дээр намайг хараад зэрэгцээд сууж байсан. Тэгтэл Б надад аягаар пиво хийж өгсөн. Би тэр пивыг уугаад сууж байтал хаанаас хутга авсныг нь мэдэхгүй бор өнгийн иштэй нилээн том хутгаар миний цээжний зүүн талд нэг удаа хутгалсан. Тэгээд Бын эхнэр нь Бд хандан чи яагаад Г ахыг хутгалж байгаа юм гээд хашгираад байсан. Тэгээд Бын эхнэр цагдаад дуудлага өгсөн байх. Надад гомдол санал байхгүй харин эмчилгээний зардлаа Баас нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг. /хх-ийн 12-13 хуудас/

          5. Иргэний нэхэмжлэгч Б.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “ Гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон Г.Г нь аймгийн нэгдсэн эмнэлэгт амбулториор үзүүлэхэд эрүүл мэндийн даатгалын сангаас 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 1 393 550 төгрөг гарсан. Энэ мөнгийг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 16 хуудас/

  1. Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...Тэгээд

Бын гэрт очоод бид нар хөзрөө үргэлжүүлэн тоглоод мөн пивоноос бүгд хувааж уусан. Тэгтэл Г бүгдээрээ тоглоомоо болиод пиво ууя гэж хэлсэн. Тэгээд би пивоноос аягаар 3 удаа уугаад согтоод мөн нойр хүрээд байхаар нь Бын гэрийн зүүн орон дээр хэвтээд унтсан. Тэгээд нэг сэрсэн чинь М Быг энэ муу намайг Г ахтай хардаад байх юм гэж хэлж байгаа сонсогдсон. Тэгээд би хэсэг унтаж байгаад сэрээд харсан чинь Г ахын цамц нь цус болчихсон харагдсан. Тухайн үед би Г ахаас юу болсныг асуутал Б шар иштэй хутга бариад гүйгээд байсан тэр хутгаараа намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Яагаад ямар шалтгааны улмаас хутгалсныг нь надад хэлээгүй гэсэн мэдүүлэг. /хх-ийн 25-26 хуудас/

7. Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ....Тэгээд хөзөр тоглож байгаад 18 цагийн үед  Г ах гэртээ очиж гал хийнэ гээд А, Б, Б, Г ах, мөн манай хүү бид хэд 11 дүгээр байрнаас гараад Чандмань-2 дэлгүүрээс 4 ширхэг том пиво аваад манай гэрлүү хөзрөө үргэлжүүлэн тоглохоор явцгаасан. Манай гэрт очоод бид муушиг тоглосон бас дэлгүүрээс авсан пиво бүгд хувааж ууцгаасан. Тэгээд пиво ууж байгаад А Б 2 гэр бүлийн асуудлаас болж маргалдаад байх шиг байсан. Тухайн үед гэнэт харсан чинь Г ахын хувцас нь цус болчихсон харагдсан. Тэгээд Г ахаас асуутал Б хутгалчихлаа гэсэн. Тэгээд цагдаа нар ирээд Быг аваад явсан. Б муушиг тоглож байхдаа Г ахтай намайг хардаж уурлаад байх шиг байсан. Гэхдээ тэгэж айхтар муудалцсан асуудал байхгүй. Б Гыг хутгалж байхыг би хараагүй, ер нь тухайн үед би Бын хажуунаас огт холдоогүй, нэг удаа нүүрс оруулж ирэхээр гарсан. Тухайн үед Гтай хэн ч муудалцаж хутгалчихаар тийм завдал гараагүй. Хэн Гыг хутгалсныг би үнэхээр хараагүй. Нэг хартал Г ахын цээжний зүүн талаас цус гарч байсан гэсэн мэдүүлэг /х.х-ийн 28-29 хуудас/                                                                                                                               

8. Гэрч Г.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: ...Тэгээд Бын гэрт очоод бид нар хөзрөө үргэлжлүүлэн тоглосон бөгөөд мөн пивоноос ууцгаасан. Гэтэл Г бүгдээрээ тоглоомоо болиод пиво ууя гэж хэлсэн. Б, М, Г гурав гарч яваад удалгүй буцаж ирэхдээ 2 ширхэг том пиво  бариад орж ирсэн. Авчирсан пивоноос нь бүгд ууцгаасан би өмнө нь архи уучихсан байсан болохоор Бын гэрийн баруун орон дээр хэвтээд унтаад өгсөн байсан. Тухайн үед Б мөн гэрийн зүүн орон дээр унтаж байсан. Харин М, Б, Г нар гэрээс орж гараад байх шиг байсан. Тэгээд нэг сэрсэн чинь цагдаа ирчихсэн архи уухаа больцгоо, харьцгаа гэж хэлж байсан. Цагдаад хэн дуудлага өгснийг би мэдэхгүй. Тэгээд би Бын гэрээс гарч яваад харьсан. Маргааш нь буюу 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр манай эхнэр Б гэрт ирээд бид хоёрыг унтаж байх хойгуур Г ахыг Б хутгалчихсан байна гэж хэлсэн тухайн үед би Г ахыг хутгалуулсан талаар мэдсэн гэсэн мэдүүлэг /х.х-ийн 33-34 хуудас/

9. Гэрч Б.Тодбилэг мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр би 18 цагаас 02 цаг  хүртэл Сүмбэр сумын нутаг дэвсгэрт шөнийн хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. 23 цаг өнгөрч байхад цагдаагийн хэлтсийн жижүүрийн шуурхай албанаас Сүмбэр сумын 3 дугаар баг Тагтын 12-2 тоотод Б гэх хүнээс “Манай гэрт согтуу хүн ирчихээд явахгүй байна” гэсэн дуудлага ирснийг дамжуулан тухайн дуудлаган дээр очсон. Тэгээд Сүмбэр сумын 3 дугаар баг Тагтын 12-2 тоотод очиход хашаагүй задгай гэр байсан бөгөөд гэрт ороход Б, Г, танихгүй эрэгтэй, эмэгтэй 2 мөн Бын эхнэр гээд 5 хүн байсан. Тухайн үед танихгүй эрэгтэй гэрийн баруун орон дээр унтаж байгаа бололтой хэвтэж байсан ба нөгөө танихгүй эмэгтэй гэрийн зүүн орон дээр унтаж байсан мөн Бын эхнэр тухайн орны хажууд сууж байсан. Г баруун орны урд сандал дээр сууж байсан ба харин Б гэрийн 2 баганы голд зогсож байсан. Тэгээд би юу болсон талаар Баас асуухад Б надад хандан Г манай гэрт орж ирчихээд явахгүй байна энэ хүнийг аваад яв гэж хэлсэн. Тэгэхээр нь би Гыг авч явахаар татаж босгох гэтэл Г миний цээж хөндүүрлээд байна гэж хэлсэн.  Тэгээд Гын өмсөж байсан подволкыг нь хартал цус болчихсон байхаар нь энэ яасан юм бэ гэтэл Г мэдэхгүй гэж байсан. Гэтэл зүүн орон дээр хэвтэж байсан Бын эхнэр босож ирээд Бд хандан чи Г ахыг хутгалчихсан байна ш дээ яаж байгаа юм бэ гэж хэлж байсан мөн орон дээр хэвтэж байсан танихгүй эмэгтэй наад Б чинь хутгалчихсан байх, Б мал хийдэг байнга хутгатай явдаг гэсэн. Тэгэхээр нь Быг эргүүлийн машинд суулгаад цагдаагийн хэлтэс рүү явсан. Тэгээд цагдаа явах замдаа Баас чи Гыг хутгалчихсан юмуу гэхэд Б би хутгалаагүй, гэхдээ Г манай эхнэрийг тэврээд их учиртай байгаад байсан гэж хэлж байсан гэсэн мэдүүлэг /х.х-ийн 36 хуудас/

10. Гэрч М.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2023 оны 01 дүгээр сарын 01-ний  өдөр би 24 цагийн хугацаанд түргэн тусламжийн эмчээр аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж байсан. Тус өдөр 23 цаг 53 минутанд жижүүрийн шуурхай 103 дугаарын утсанд Тагтын 12-2 тоотод хүн хутгалуулсан байна гэсэн дуудлага мэдээллийн дагуу тухайн газар 00 цаг 05 минутанд очсон бөгөөд тус газар нь хашаагүй задгай гэр байсан. Гэр лүү ороход гэрт цагдаагийн 2 алба хаагч ирчихсэн байсан бөгөөд Г болон 2 танихгүй эмэгтэй байсан. Тухайн үед Г гэрийн баруун талын орон дээр суучихсан байсан бөгөөд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой архи үнэртэж байсан. Мөн Г цээжний зүүн талд хутгалуулсан шархтай, шархнаас цус гарч биеийн дагуу болон тухайн сууж байсан газрынх нь шалан дээр дусалсан байсан. Тэгээд би юунаас үүдэн тухайн гэмтлийг авсан талаар Гаас асуухад хөзөр тоглож байгаад хүнд хутгалуулсан гэж хэлсэн яг хэнд хутгалуулсан талаар хэлээгүй. Тэгээд би Гын шарханд анхан шатны цэгцлэлт хийгээд, даралттай боолтоор боогоод эмнэлэгт хүргэж өгсөн.” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 38 хуудас/

11. Гэрч Д.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2023 оны 01 дүгээр сарын 02-ны шөнө 00 цаг өнгөрч байхад би гэртээ амарч байтал манай ажлын газраас үзүүлэх хүн ирлээ гэж намайг дуудсан. Тэгээд би ажил дээр яваад очтол Г.Г нь цээжний зүүн талд, суганы дунд шугам, 5, 6 дугаар хавирганы завсраар нэвтэрсэн шархтай хүлээн авах яаралтай тусламжийн төвд хүргэгдэн ирсэн байсан. Тухайн үед би Гын шарханд үзлэг хийхэд тус шарх нь 6х1,5см орчим хэмжээтэй шархаар цус, хий гарч байсан бөгөөд энэ нь цээжний хөндийд хий хурсан байна гэсэн үг юм. Мөн шархыг зоондолж шалгахад цээжний хөндийд нэвтэрсэн байсан. Тэгээд цээжний хөндий дэх хий цусыг гадагшуулах, оношилгоо эмчилгээний  зорилгоор гуурс тавьж, эвакын аппаратанд холбох мэс засал хийгдсэн. Мөн тус гэмтлийг хаанаас авсан талаар Гаас асуухад хүнд хутгалуулсан гэж байсан яг хэнд хутгалуулснаа надад хэлээгүй. Тэгээд тухайн өдрөө шууд Г.Гыг эмнэлэгт хэвтүүлсэн. Цээжний хөндийд нэвтэрсэн шарх авсан үед хий хуралдаж цус алдалт явагдана. Цээжний хөндийд их хэмжээгээр хий хуралдсан тохиолдолд амьсгалын дутагдалд ордог. Амьсгалын дутагдал нь гүнзгийрсэн тохиолдолд амь насанд аюултай болдог гэсэн мэдүүлэг. /хх-ийн 40 хуудас/

12. Гэрч З.Бямбарагчаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: З.Б нь 1989 онд Дундговь аймгийн Гурвансайхан суманд төрсөн. Эхээс 6-уулаа айлын 4 дэх хүүхэд байгаа юм. Бага насаа Дундговь аймгийн Гурвансайхан суманд эцэг эхийн гар дээр хөдөө мал маллаж өссөн. З.Б нь 5 дугаар ангийн боловсролтой. 2008-2009 оны хооронд цэргийн албыг Сонгинохайрхан дүүргийн 0120 дугаар ангид хааж байсан. Б зан байдлын хувьд даруу төлөв, хүний үгнээс гардаггүй, гүндүүгүй, ажилсаг, бусадтай муудалцаж маргалдаад байдаггүй тийм хүн байгаа юм гэсэн мэдүүлэг. /хх-ийн 42 хуудас/

13. Шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 09ий өдрийн 35 дугаар дүгнэлтэд: Г.Гын биед зүүн 5, 6-р хавирганы орчмоор цээжний хөндий нэвтэрсэн хутгалагдсан шарх, цээжний хөндийд цус хуралдалт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл иртэй зүйлийн1 удаагийн үйлчлэлийн улмаас 2023 оны 01 дүгээр сарын 01-нд үүсгэгдсэн байх боломжтой. Цээжний хөндий нэвтэрсэн шарх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.11-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 45-46 хуудас/

14. Шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 348 дугаартай дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн хутганаас цус илэрсэн. Илэрсэн цус нь шинжилгээнд тэнцэнэ. Хутганаас илэрсэн цус нь хүний цус мөн байна. Хутганаас илэрсэн цус нь В(III) бүлгийн харъяалалтай байна. “Г.Г” гэж хаягласан цус нь В(III) бүлгийн харъяалалтай байна. Хутганаас илэрсэн цус нь “Г.Г эр” гэж хаягласан цустай бүлгийн харъяаллаараа нэг төрлийнх байна. Шинжээч Г.Цаст-Оргил гэжээ. /хх-ийн 60-61 хуудас/

15. Шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 347 дугаартай дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн хөзөрнөөс цус илэрсэн. Илэрсэн цус нь шинжилгээнд тэнцэнэ. Хөзөрнөөс илэрсэн цус нь В(III) бүлгийн харъяалалтай байна. “Г.Г” гэж хаягласан цус нь В(III) бүлгийн харъяалалтай байна. Хөзөрнөөс илэрсэн цус нь “Г.Г эр” гэж хаягласан цустай бүлгийн харъяаллаараа нэг төрлийнх байна. Шинжээч Г.Цаст-Оргил гэжээ. /хх-ийн 67-68 хуудас/

16. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, өвчний түүхийн хуулбар, хохиролын тооцоо /х.х-ийн 3-7, 8, 48-49, 95-98 хуудас/

17. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 100 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд

НЭГ. Гэм буруугийн талаар:

Шүүхээс шүүгдэгч З.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 23 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум 3 дугаар баг, Тагтын 12-2 тоот гэртээ хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Г.Гыг эхнэртэйгээ хардсаны улмаас зэвсэг хэрэглэн цээжин тус газар нь хутгалж зүүн 5, 6 дугаар хавирганы орчмоор цээжний хөндий нэвтэрсэн хутгалагдсан шарх, цээжний хөндийд цус, хий хуралдалт бүхий амь биед аюултай хүнд хохирол санаатай учруулсан  үйл баримт болсон байна.

Шүүгдэгч З.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэх шинжийг хангаж байх тул шүүх бүрэлдэхүүн гэм буруутай гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Г.Гын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч Г.А, Д.Б, Б.М нарын мөрдөн шалгах ажиллагааны ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 09ий өдрийн 35 дугаар дүгнэлт, өвчний түүхийн хуулбар, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, эд мөрийн баримт зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон болохыг дурдлаа.

Мөн шүүгдэгч З.Б нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон, гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батчимэг нь шүүгдэгчийн  гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч маргаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч хохирогч нар ахуйн хүрээнд архидан согтуурснаас үүдэлтэй байна.

Иргэдийн төлөөлөгч шүүгдэгчийг “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж ухаан санаагаа алдалтын байдалтай байхдаа хутга хэрэглэн хүний эрүүл мэндэд гэмтэл учруулсан байна гэж үзэж байна” гэж дүгнэсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

ХОЁР. Шүүгдэгч З.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч Ш.Батсүх шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа: Шүүхээс шүүгдэгч З.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 05 жил 03 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч З.Бд 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Үүнийг өөрчилж шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд гаргаж байна  гэх саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батчимэг: Шүүхээс шүүгдэгч З.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэж байна. Иймд З.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн. Мөн зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Шүүх хуралдааны явцад хохирогч Г.Г нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж хэлсэн зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлж үзээсэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Хувийн байдлын хувьд бага насны 4 хүүхэдтэй. Өрх гэрээ өөрөө авч явдаг. Эхнэр нь 4 нялх хүүхдийн хамт үлдэж байгаа зэрэг нөхцөл байдлыг нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзээч ээ гэж хүсэж байна. Дээрх нөхцлүүдийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах“ гэсэн зохицуулалт байгааг хэрэглэж өгөөч гэж хүсэж байна. Би тухайн хэрэг дээр прокурорын шатнаас нь эхэлж өмгөөлөгчөөр оролцсон. З.Бын хувьд амьдралын идэвхитэй, ар гэрээ тэжээн тэтгэдэг, үр хүүхдүүдээ гэсэн чин сэтгэлтэй. Өөрийнхөө үйлдсэн гэмт хэргийн хүрээнд гэм буруугаа ойлгож, ухамсарлсан гэж харж байгаа. Иймд эдгээрийг мөн харгалзан үзээсэй гэж хүсэж байна гэсэн саналыг тус тус гаргажээ.

Шүүгдэгч З.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдлаа.

Шүүхээс шүүгдэгч З.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч шүүгдэгч З.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3  жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Гэм хорын нэхэмжлэлийн талаар: хохирогч Г.Г нь эмчилгээний зардалд 518 090 төгрөг нэхэмжилснийг,  хохирогч Г.Гын эмчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1 393 550 /нэг сая гурван зуун ерэн гурван мянга таван зуун тавин мянга/ төгрөг гарсаныг тус тус шүүгдэгч З.Б нь төлж барагдуулсан байна.

Эрүүгийн 2317000000015 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор хүрэн өнгийн иштэй, нийт урт 26,5 см ажлын хэсгийн урт 13,3 см, бариулын урт 13 см урттай, ажлын хэсэгт цус мэт улаан хүрэн өнгийн  зүйлээр бохирлогдсон, бариулыг ногоон өнгийн нимгэн даавуугаар ороосон хутга 1 ширхэг, Joker гэсэн бичиглэлтэй, хүний дүрс бүхий зурагтай, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хөзөр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт З-ын Быг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч З.Быг 03 /гурав/ жил 05 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Бд оногдуулсан 03 /гурав/ жил 05 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч З.Б нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т тус тус зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор хүрэн өнгийн иштэй, нийт урт 26,5 см ажлын хэсгийн урт 13,3 см, бариулын урт 13 см урттай, ажлын хэсэгт цус мэт улаан хүрэн өнгийн  зүйлээр бохирлогдсон, бариулыг ногоон өнгийн нимгэн даавуугаар ороосон хутга 1 ширхэг, Joker гэсэн бичиглэлтэй, хүний дүрс бүхий зурагтай, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хөзөр 1 ширхэгийг тус тус устгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

11.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.АРИУНЖАРГАЛ

                     

                                                                 ШҮҮГЧИД                               Б.БАТТУЛГА

                                                             

                                                                                                                   Т.ЭНХМАНДАХ