Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 1211

 

 

 

 

 

 

 

  2019         12              3                                             2019/ДШМ/1211       

 

Ц.Нд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:   

прокурор Н.Ундрах,

нарийн бичгийн дарга Д.Гантулга нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 2161 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Ундрахын бичсэн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 35 дугаартай прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч Ц.Нд холбогдох эрүүгийн 1908041051388 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Бууч овгийн Цын Ц, 1985 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Гарьд-Очир ням” ХХК-д нягтлан бодогч ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 127-25 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ОТ85082860/;

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 472 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

Ц.Н нь 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 127-26 тоотод 12 настай бага насны Г.М “хүүхэдтэй муудалцсан” гэх шалтгааны улмаас утасны цэнэглэгчээр ороолгож зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.           

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ц.Нгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Бууч овгийн Цын Цд холбогдох эрүүгийн  хэргийг  нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцаажээ. Үүнд: Шүүх хуралдаанд улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч Ц.Н нь өмнө  Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 472 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн нь биелэгдсэн эсэх нь тогтоогдохгүй байх тул тодруулж шалгах нь зүйтэй гэсэн үндэслэлээр хэргийг буцаажээ.    

Прокурор Н.Ундрах бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокуророос дараах үндэслэлээр шүүгчийн захирамжийг үндэслэлгүй гэж үзэж байна. Үүнд: Хавтаст хэргийн 35 дугаар хуудсанд Бууч овгийн Цэрэнбалжирын Цгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгуулах хуудас авагдсан байна. Тус хуудсанд яллагдагч Ц.Нг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 472 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 18/225 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан гэж тэмдэглэгдсэн байна.

Нэгэнт торгуулийн ял эдэлсэн талаар ял шалгах хуудсанд тусгагдсан. Шүүгдэгч өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг төлж барагдуулсан талаар мэдүүлсэн, торгох ял биелэгдсэн байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах” хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүх хуралдаанаар хянавал зохих дээрх нөхцөл байдлуудыг тодруулсаны үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж хуульд заасан журмын дагуу хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

  2. Хялбаршуулсан журмаар хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан үндэслэл журмаар шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргахаар хуульчилсан байна.

 Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах атал шүүгч захирамждаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1, 1.2 дахь заалт, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгосон, мөн тогтоох хэсгийн 5 дахь заалтад “Прокурор энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичиг эрхтэй” мэдэгдэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулахад энэ хуулийн Гучин гуравдугаар бүлэгт заасан журмыг баримтлахгүй”, мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй” гэснийг зөрчиж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн  тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 2161 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр хэргийг буцааж мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүй.

Хэрэгт буй баримтаас үзэхэд, шүүгдэгч Ц.Нд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 472 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан  500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн  торгох ялыг биелүүлсэн болох нь “ял шийтгэлийн лавлагаа”-нд буй  “Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 18/225 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан” талаарх баримтаар /хх 35/ нотлогдож байна.

Иймээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заагдсан асуудлаар мөрдөн шалгах ажиллагааг  хийлгэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3  “шүүх хэргийн бодит байдлыг мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар  хэрэгт цугларч, бэхжүүлэгдсэн нотлох баримтын хүрээнд үнэлэлт, дүгнэлт өгч, прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 472 дугаар шийтгэх тогтоолоор Ц.Нд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан байхад анхан шатны шүүгчийн захирамжид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөг гэж зөрүүтэй бичсэн нь ноцтой алдаа биш боловч цаашид анхаарвал зохино.

Иймд прокурор Н.Ундрахын “захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх” талаар гаргасан эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 2161 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож,  Ц.Нд холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

 

                                    ШҮҮГЧ                                                              Б.ЗОРИГ         

 

                                    ШҮҮГЧ                                                              О.ЧУЛУУНЦЭЦЭГ