Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2025/0364

 

 

 

“Гэ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

 

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Оюумаа

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М,

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: “Гэ” ХХК

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлал /Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт/-ын сайд

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/*** дугаартай Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаалыг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 151 дүгээр шийдвэр,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Жб, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бс

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Цогтбаяр

Хэргийн индекс: 128/2024/0617/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 151 дүгээр шийдвэрээр:

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 40 дүгээр зүйлийн 40.4.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Гэ” ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/*** дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.Гомдлын агуулга:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мийн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

2.1.“Тус газрын ашиглах эрх 2019 оны 06-р сарын 25-ны өдрийн захирамжаар үүсж, 2019 оны 09-р сарын 12-ны өдөр Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай 2019/*** тоот гэрээг талууд байгуулснаар газар ашиглах эрх, үүрэг хүлээсэн.

Гэтэл тус газар ашиглах гэрээг байгуулснаас хойш 4 сар гаруйн дараа Ковид-19 цар тахлын улмаас уг газрыг зориулалтын дагуу ашиглах нөхцөл боломжгүй болсон буюу 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх 1 жил 8 сарын хугацаа 605 хоног хөл хориотой, хязгаарлалтын дэглэмтэй байсан бөгөөд үүнээс 79 хоног нь хатуу хөл хориотой байсан тооцоо гардаг бөгөөд энэ нь Засгийн газрын тогтоолуудаар батлагддаг.

Үүнээс харахад газар ашиглах эрх үүссэнээс Ковид-19 цар тахлын бэлэн байдал, хөл хорио хүртэл ашиглах боломжтой 4 сар, уг цар тахалтай холбоотой хөл хорио, өндөржүүлсэн бэлэн байдал дууссан хугацааг 2021 оны 12-р сарын 31-ний өдөр гэж үзвэл уг өдрөөс Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 09-р сарын 25-ны өдрийн А/*** тоот тушаал гарах хүртэл хуанлийн 2 жилийн хугацаа дуусаагүй байна.

Түүнчлэн Ковид-19 цар тахал эхэлснээс дуусах хүртэл хугацаа нь манай компанийн газар ашиглах эрх олгогдсон үетэй бүхэлдээ давхцаж байгаа бөгөөд цар тахлын хөл хорио дууссан ч “Г-Э“ ХХК-ийн явуулдаг үйл ажиллагааны чиглэл болох аялал жуулчлалын салбар нь тэр даруй сэргэж, үйл ажиллагаа явуулах боломж байгаагүй нь нийтэд илэрхий үйл баримт юм. Гэсэн хэдий ч манай компани үйл ажиллагаагаа эхлүүлж, тус газар дээр Байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгүүлж, 2021 оны 11 сарын 22-ны өдөр “Зургийн ажил гүйцэтгэх гэрээ" байгуулж, "ПДК" ХХК-иар барилгын ажлын зураг, 2022 оны 05-р сарын 22- ны өдөр “МНХ" ХХК-тай “Ажил гүйцэтгэх гэрээ" байгуулж, 1,2 га талбай газрын өндөржилтийн нарийвчилсан зураглал, ЮкА аялал жуулчлалын цогцолборын загвар зураг тус тус хийлгэснийг нотлох баримтаар гаргаж өгснийг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д үнэлсэн байдаг.

Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарласан Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугааp тогтоолын 1.10-д Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ... гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан ... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно гэж тус тус зааснаас үзвэл тухайн газар ашиглах эрх үүссэнээс хойш байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийгдсэн, дээр дурдсан төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой гэрээ байгуулж, хөрөнгө мөнгө зарсан байдлыг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх үндэслэлтэй буюу Улсын дээд шүүхийн 2018 оны 06-р сарын 20-ны өдрийн 273, 2019 оны 09-р сарын 22-ны өдрийн 115, 2023 оны 05-р сарын 01-ний өдрийн 30 дугаар тогтоолуудаар "байгаль орчинд нөлөөлөх ерөнхий, нарийвчилсан үнэлгээ хийлгэж архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг батлуулах зэргээр тодорхой бичиг баримт бүрдүүлэх ажиллагаа хийгдэж байсан зэргийг хүндэтгэн үзэх шалтгаанд хамааруулах агуулгаар хэрэглэжээ гэж ойролцоо агуулга бүхий маргааныг хяналтын журмаар шийдвэрлэсэн тогтоолд дүгнэсэн байдаг.

Иймд шүүхийн шийдвэрт дээрх хүндэтгэн үзэх шалтгаануудыг үл хайхран, газар ашиглах эрх олгосноос хойш нийт 4 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

2.2. Тус компани нь дээрх газрын төлбөрт нийт 7,342,460 /долоон сая гурван зуун дөчин хоёр мянга дөрвөн зуун жар/ төгрөгийг төлсөн бөгөөд Газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй гэх зөрчил гаргасан боловч уг төлбөрийг төлөөгүй нь Ковид-19 цар тахалтай холбоотой бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан ба энэ талаар бидэнд ямар нэгэн мэдэгдэл ирүүлээгүй, тайлбар авч байгаагүй.

Манай компаниас 2023 оны 5-р сарын 29-ний өдрийн 0169 тоот албан бичгээр Хан-Уул дүүргийн Татварын үхтхэлтэст "...Ковид-19 цар тахлын давагдашгүй хүчин зүйл, эдийн засгийн хямралаас шалтгаалан бид Хан-Уул дүүргийн Нийн аманд байрлах 1,1 га газарт аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж, бүтээн байгуулалт явуулж чадаагүй. Гадаадаас ирэх жуулчингүй болж, газрын төлбөр, татварыг барагдуулахад хүндрэлтэй байх тул 2023 оны 9-р сар хүртэл сар бүр ижил хэмжээгээр уг төлбөрийг барагдуулах хүсэлтэй байна" гэх агуулга бүхий бичгийг төлөх боломжтой графикийн хамт хүргүүлсэн бөгөөд газрын төлбөр, тооцоо нийлсэн актыг гаргаж өгөхийг хүссэн боловч тус газраас хариу ирүүлээгүй. Татварын ерөнхий хуулийн 6.1.41. "хүндэтгэн үзэх шалтгаан" гэж: 6.1.41.г.хуульд заасан эрх бүхий этгээдийн зарласан нийтийг хамарсан аюулт халдварт өвчний улмаас хорио цээр тогтоосон бүсэд хоригдсон; 6.1.41.д.хуульд заасан эрх бүхий этгээдээс албан ёсоор зарласныг нотолсон галын болон байгалийн гэнэтийн аюул, эсхүл давагдашгүй хүчин зүйл /усны үер, ган, зуд, аюултай цасан болон шороон шуурга, газар хөдлөлт/ зэрэг шалтгааныг; гэж зааснаар Ковид-19 цар тахлын улмаас өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хөл хорио тогтоож, гадаадаас ирэх жуулчлалын үйл ажиллагаа бүрэн зогссон. Манай компани нь аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд уг бизнесийн эс үүсгэвэр болсон аялал жуулчлалын үйл ажиллагаа тэр чигтээ зогсож, газрын татвар, төлбөрийг тус хугацаанд төлөх ямар ч боломж байгаагүй бөгөөд төрийн байгууллагад хүсэлт гаргаж байсан ч тодорхой хариу авч чадаагүй юм. Хэрэв Захиргааны байгууллага мэдэгдэх, сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу хийж, оролцогчийг сонсож, төлбөр төлөх боломжит график гаргуулах хүсэлтийг шийдвэрлэсэн бол газрын төлбөрөө уг графикийн дагуу төлөөд явах бүрэн боломжтой байсан.

2.3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 сарын 25-ны өдрийн А/*** дугаартай Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаалаар манай компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл бүрдээгүй, Ковид-19 цар тахлын хүндэтгэн үзэх онцгой нөхцлийг харгалзан үзээгүй, ямар ч тайлбар, мэдүүлэг аваагүй, мэдэгдэх сонсох ажиллагаа хийлгүйгээр газар ашиглах эрхийг шууд цуцалсан. Хариуцагч нь сөрөг нөлөөлөл бүхий шийдвэр гаргахдаа эрх ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй этгээдэд заавал сонсох ажиллагаа явуулж, тайлбар саналыг нь авах боломжоор хангах үүрэгтэй.

Тодруулбал Богдхан уулсын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 773 дугаартай Сонсох ажиллагааны мэдэгдэлд “...Хавсралтад дурдсан аж газар ашиглагчид нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6 Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно, 37 дугаар зүйлийн 37.1 Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ цахим системээр гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана:, 39.1.1 газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй; 40.1.5, 40.1.6, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бус тогтооно, 22.2.1 онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн нь тогтоогдсон тул тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх цуцлах болсныг мэдэгдье" гэх агуулга бүхий мэдэгдлийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны цахим хуудаст нийтэлж, олон нийтэд мэдээлсэн байдаг.

“Гэ” ХХК-ийн газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр цуцалсан бөгөөд энэ нь бие даасан тусдаа өөр үйл баримт, шийдвэр тул захиргааны байгууллага энэ талаар тусад нь мэдэгдэх, сонсох ажиллагаа хийх үүрэгтэй. Гэтэл дээрх сонсох ажиллагааны мэдэгдлийн хавсралтад байх 23 аж ахуй нэгжүүд нь тус бүр өөр үндэслэлээр буюу хориглосон бүстэй давхацсан, газар ашиглалтын нөхцөл, төлбөрийн хэмжээ, байршил, ашиглаагүй гэх үндэслэл нь ялгаатай байхад олон байгууллагын шийдвэрийг нэг дор гаргахдаа, сонсох ажиллагааг хуулийн заалтыг буруу хэрэглэн нэг дор хэвлэлээр мэдэгдсэн. Энэ шийдвэр гаргахын өмнө нь болон шийдвэр гаргасны дараа нь ч бид мэдэх боломж байгаагүй юм. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 дахь сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд хүргүүлэх 21 буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх арга хэрэгсэлд хамаарахааргүй нөхцөл байдалд хуулийг буруу хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл олон тооны этгээдэд сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т заасан өдөр тутмын хэвлэлд нийтэлж мэдэгдэх аргыг мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасан ижил хүсэл зориг, нэг эрх, ашиг сонирхолтой, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд дундаасаа төлөөлөгчөө томилж оролцохоор ашиг сонирхлын хувьд нэгдсэн олон тооны этгээдүүдийн хувьд тэдгээрт сонсох, мэдэгдэх ажиллагааг хийхэд ашиглахаар хуульчилсан байна.

Гэтэл манай компанийн тухайд маргаан бүхий шийдвэрээр газар ашиглах эрх нь хүчингүй болсон бусад аж ахуйн нэгжүүдтэй хүсэл зориг өөр, газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож буй үндэслэлүүд өөр, анх газар ашиглаж эхэлсэн хугацаа буюу газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэх 2 жилийг тооцох хугацаа өөр, газрын төлбөр тооцох газрын хэмжээ, байршил ч өөр, газраа ашиглаагүй гэх хугацаанд хамаарах аж ахуйн нэгжүүдийн нөхцөл байдал, хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх нөхцөл байдал ч өөр тул тус компанийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 2 жил дараалан ашиглаагүй үндэслэлийн талаарх сонсох ажиллагааны мэдэгдлийг тухайлан хаягаар нь хүргүүлээгүй, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны цахим хуудас болон өдөр тутмын хэвлэлээр мэдэгдсэнийг сонсох ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу хийсэн гэж үзэх боломжгүй. Тиймээс нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэр нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөнөөс хууль ёсны болж чадаагүй, цаашлаад маргаанд хамаарах нөхцөл байдлын тайлбарыг нь сонсоогүйгээс үндэслэл бүхий болоогүй, улмаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус шийдвэр болсон юм.

Мэдэгдэх, сонсох ажиллагаа хийснээр төлөгдөөгүй өр төлбөрийн тооцоо нийлсэн акт, газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй байсан уу гэдгийн бодит нөхцөл байдлыг тогтоох чухал ач холбогдолтой байсан буюу мэдэгдэх сонсох ажиллагаагаар засах боломжтой байсан гэж үзэж байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02-р сарын 20-ны өдрийн 128/ШШ2025/0151 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв. Үүнд:

1.Нэхэмжлэгч “Гэ” ХХК-аас “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дугаар сарын 25-ны өдрийн А/*** дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан.

2.Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын А/*** дугаар тушаалаар[1] “...Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дах хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.4.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалт, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/255 дугаар тушаалаар байгуулагдсан “Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хуралдсан 14 дүгээр хурлаас гарсан шийдвэрийг үндэслээд” “Гэ” ХХК-д ашиглуулахаар олгосон газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй, газрын төлбөрийг заасан хугацаанд бүрэн төлөөгүй тул Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 922 дугаар албан бичгээр ирүүлсэн саналын дагуу тухайн аж ахуйн нэгжийн Б талбайн 11,569 м.кв газрын ашиглах эрхийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

3.“Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2-оос дээш жил  ашиглаагүй” үндэслэлийн тухайд:

3.1.Анх Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/*** дүгээр тушаалаар[2] “Гэ” ХХК-д Хан-Уул дүүрэг, Нийн ам нэртэй 1.1 га газрыг “Аялагч түр буудаллах, отоглох”-ын зориулалтаар ашиглах эрхийн гэрчилгээг[3] 5 жилийн хугацаатайгаар олгож, нэхэмжлэгч хуулийн этгээд нь Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын захиргаатай 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 2019/*** дугаар “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ”[4]-г байгуулжээ.

3.2.Нэхэмжлэгч хуулийн этгээд нь анх хариуцагчтай газар ашиглах гуравласан гэрээ байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш маргаан бүхий акт гарсан 2023 оны 09 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 4 жилийн хугацаанд тухайн газарт төмөр хашаа барьсан боловч гэрээнд заасан аялал жуулчлалын зориулалтаар үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж, барилга байгууламж, зам талбай бариагүй, ашиглаагүй  гэдэг нь газрын үзлэгийн баримтууд[5], Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2/*** дугаар албан бичгээр[6] ирүүлсэн 2019, 2021, 2022 онуудын сансрын зураг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

3.4.Түүнчлэн нэхэмжлэгч талаас “газраа 2 жил дараалан ашиглаагүй  хугацааг Коронавируст халдварын цар тахлын хөл хориотой байсан цаг хугацаа дууссан 2021 оны 12 дугаар сарын 31-ны өдрөөс хойш тоолоход 2 жилийн хугацаа дуусаагүй” гэж гомдлын үндэслэлээ тайлбарласан.

3.5.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх хугацааг хуульд зааснаар гэрээ байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн тооцох бөгөөд Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахалын хөл хориотой байсан цаг хугацаа нь 4 жил үргэлжлээгүй тул нэхэмжлэгчийг хуульд зааснаар маргаан бүхий газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жилийн дараалан ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх үндэслэлгүй.

3.6.Энэ талаарх анхан шатны шүүхийн “..нэхэмжлэгчийн газар ашиглах гэрээ байгуулсан цаг хугацаанд цар тахалтай холбоотойгоор гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх, газар ашиглах эрхийн гэрчилгээ олгосноос хойш 4 жилийн хугацаанд нэхэмжлэгч тухайн газраа ашиглах үйл ажиллагаа явуулаагүй байна.” гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

3.7.Мөн хэрэгт авагдсан байгаль орчны үнэлгээний тайлангууд, зургийн ажил гүйцэтгэх, газрын өндөржилтийн зураглал хийх гэрээнүүд, загвар зураг зэрэг баримтуудаар[7] нэхэмжлэгч хуулийн этгээдийг газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашигласан, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж шүүхээс үзэх  үндэслэлгүй юм.

3.8.Учир нь Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолоор Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан "… зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байх”-ыг ойлгохоор заасан. Нэхэмжлэгч нь газар ашиглуулах гэрээ байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш ашиглалтын газар дээрээ зориулалтын дагуу барилга, байгууламж, зам тайлбай бариагүй бөгөөд хэрэгт авагдсан баримтууд нь нэхэмжлэгчийг газраа зориулалтын дагуу ашигласан, ашиглахаар үйл ажиллагаа явуулахад хүндрэл учирсан, хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон гэдгийг нотлох  баримтууд гэж шүүхээс үзэх үндэслэлгүй байна.

4.Газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй үндэслэлийн тухайд:

4.1.Нэхэмжлэгч болон Богдхан уулын дархан цаазат газрын захиргаа нарын хооронд байгуулсан 2019/*** газар ашиглах гэрээний 2.3.б-д “1 жилд 16,312 төгрөг”-ийг, 2.3.в-д “Газрын төлбөрийг тэнцүү хэмжээгээр улирал бүрийн эхний сарын 25-ны өдөр дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дансанд төлөх”-өөр, 2.4.а-д “Газар ашиглах эхлэх хугацааг 2019-06-25” гэж, 5.5-д “Газрын төлбөрийг газрыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх, хугацаанд нь төлөөгүй тохиолдолд төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хувиар хоног тутам алданги төлөх”-өөр, 5.6-д “Газар ашиглах гэрээг жил бүр дүгнэж, төлбөрийн тооцоо нийлсэн акт үйлдэх”-ээр тус тус заажээ.

4.2.Гэтэл нэхэмжлэгч хуулийн этгээд нь газрын төлбөрийг дээрх гэрээнд заасан хугацаанд төлөөгүй болох нь Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 10-17/*** дугаартай албан бичиг[8], талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд дээрх хугацаанд 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 3,262,460 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 4,080,000 төгрөгийг тус тус төлсөн болох нь төлбөр төлсөн баримтуудаар[9] тогтоогдов.

4.3.Иймд нэхэмжлэгчээс газрын төлбөрөө бүрэн төлөөгүй болох нь дээрх байдлаар тогтоогдсон тул анхан шатын шүүхийн “...Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж заасан үндэслэлээр газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн байна” гэх дүгнэлт үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “...манай компани аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд аялал жуулчлалын үйл ажиллагаа тэр чигтээ зогсож, газрын татвар төлбөрийг тус хугацаанд төлөх ямар ч боломж байгаагүй бөгөөд төрийн байгууллагад хүсэлт гаргаж байсан ч тодорхой хариу авч чадаагүй” гэх давж заалдах гомдлыг шүүхээс хүлээж авах үндэслэлгүй байна. 

5.Сонсох ажиллагааны тухайд:

5.1.Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно.”, 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ:”, 27.2.1-д “хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд  шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах” гэж тус тус заасан.

5.2.Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 773 дугаар Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн хавсралтын 19-д[10] нэхэмжлэгч “Гэ” ХХК-ийг дурдсан байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар хариуцагчаас маргаан бүхий актаар эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж буй этгээд болох “Гэ” ХХК-ийг тодорхойлж, улмаар уг мэдэгдлийг өөрийн байгууллагын цахим хуудаст 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр байршуулсан[11] нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д мэдэгдэх арга хэлбэрүүдээс цахим хэлбэрийг сонгон мэдэгдсэн гэж үзэхээр байна.

5.3.Иймээс нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан “...сонсох ажиллагааны мэдэгдлийг тухайлан хаягаар нь хүргүүлээгүй, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны цахим хуудас болон өдөр тутмын хэвлэлээр мэдэгдсэнийг сонсох ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу хийсэн гэж үзэх боломжгүй.” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.

Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул  анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.           

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 151 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

   ШҮҮГЧ                                                            Э.ЛХАГВАСҮРЭН

 

   ШҮҮГЧ                                                              Д.ОЮУМАА

 

   ШҮҮГЧ                                                             А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 1-р хавтас 66 дахь тал

[2] Хэргийн 1-р хавтас 63 дахь тал

[3] Хэргийн 1-р хавтас 9 дахь тал

[4] Хэргийн 1-р хавтас 11-13 дахь тал

[5] Хэргийн 1-р хавтас 135-139 дахь тал

[6] Хэргийн 1-р хавтас 119-122 дахь тал

[7] Хэргийн 1-р хавтас 16-21,  216-217 дахь тал

[8] Хэргийн 1-р хавтас 14 дэх тал

[9] Хэргийн 1-р хавтас 28-32 дахь тал

[10] Хэргийн 1-р хавтас 145-147 дахь тал

[11] Хэргийн 1-р хавтас 148-153 дахь тал