Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 110/ШШ2022/0004 

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

              Нэхэмжлэгч: Х.А

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нарын хоорондын  нийгмийн даатгалын маргааныг хянан  хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М, Ш.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

              1.Нэхэмжлэгч Х.Аы  итгэмжлэгдсэн төлөөлөгч Яайн Сьезд нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан “Х.Ад өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан  Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2021оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс  өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах“-аар маргаж байна.

            2. Х. Аман нь 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор өргөдөл гаргасан ба тус хэлтсийн байцаагчаас 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр “Алтай суманд шатахуун түгээх станцын түгээгчээр ажиллаж байсан үеийн нийгмийн даатгалын шимтгэл 250859 төгрөгийг “НИК” ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь Нефть хангамжийн салбараас нөхөн төлүүлэхээр  шүүхээс шийдвэр гарсан боловч манайх уг шийдвэрийг  хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн үндэслэлээр өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзаж   хариу өгсөн байна.

            3. Х.А нь  өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан шийдвэрийн талаар Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн  дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гомдол гаргасан боловч тус зөвлөлөөс хуульд заасан хугацаанд гомдлыг шийдвэрлээгүй гэсэн үндэслэлээр  2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

            4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

1/“Иргэн Х.А нь улсад нийт 22 жил 1 сар, үүнээс хөдөлмөрийн хүнд нөхцөлд шатахуун түгээгчээр 13 жил 6 сар ажилласан юм. Х.А нь 55 нас хүрсэн, улсад нийт 20-иос доошгүй жил ажилласан, үүнээс хөдөлмөрийн хүнд нөхцөлд 12 жил 6 сараас доошгүй хугацаанд ажиллаж өндөр насны тэтгэвэрт гарах болзлыг хангасан тул  2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад өндөр насны тэтгэвэр тогтоож өгөхөөр хүсэлт гаргасан боловч тус хэлтсийн нийгмийн даатгалын байцаагч Нараа 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр “Танд өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй” гэсэн хариуг амаар өгсөн. Нараа  “Таны 1995 оноос хойшхи нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан боловч тус байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл шилжин орж ирээгүй байна. Уг мөнгийг оруулах эсэхийг тус хэлтсийн нийгмийн даатгалын байцаагч Ш.Н мэднэ, түүнтэй уулзаарай” гэсэн. Ингээд нийгмийн даатгалын байцаагч Ш.Нтэй уулзахад “Таны Алтай суманд шатахуун түгээх станцын түгээгчээр ажиллаж байсан үеийн нийгмийн даатгалын шимтгэл 250859 төгрөгийг “НИК” ХК-ны Баян-Өлгий аймаг дахь нефть хангамжийн салбараас нөхөн төлүүлэхээр аймгийн иргэний шүүхээс шийдвэр гарсан боловч манайх уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй учраас таны асуудлыг шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариу өгсөн. Аймгийн “НИК” ХХК-ны Баян-Өлгий аймаг дахь Нефть хангамжийн салбарын ерөнхий нябо нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.06.14-ны өдрийн 130\ШШ2021\00577 дугаартай шүүгчийн захирамжаар Х.Аы тус байгууллагад ажиллаж байсан үеийн 250859 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын санд шилжүүлэхээр удаа дараа хүсэлт гаргасан боловч тус хэлтсийн нийгмийн даатгалын улсын байцаагч Ш.Н хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэж ярьж байна.

Иймд Х.Ад өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, Х.Ад 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах шүүхийн шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна.

2/ Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 5 дугаар  сарын 03-ны өдрийн “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ын хавсралтын 14 дэх хэсэгт зааснаар Х.Аы ажиллаж байсан шатахуун түгээгч мэргэжил нь хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарч байгаа юм байна. Иймд нэхэмжлэлийн үндэслэлд заасан Х.Аы шатахуун түгээгчээр ажиллаж байсан хөдөлмөрийн нөхцөлийг хүнд нөхцөл биш харин хортой нөхцөл гэж  тодруулж байна. Х.А нь шатахуун түгээгчээр буюу хөдөлмөрийн хортой нөхцөлөөр 12 жил 6 сараас доошгүй жил ажилласан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Х.А 57 настай, улсад 22 жил 1 сар ажилласан, үүнээс хөдөлмөрийн хортой нөхцөлд 10-аас дээш жил ажилласан гэж үзэж байгаа учраас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэж үзэж байна. Х.Аы 1994 оны 12 дугаар сарын 31-ээс өмнөх 5 жил 6 сар ажилласан жилийг иргэний хэргийн анхан шатны шүүх тогтоосон. 1995 оноос хойшхи жилүүдийг Нийгмийн даатгалын хэлтсээс гаргасан лавлагаагаар тогтоогдсон, дараа нь бас шүүхээс тогтоосон. Хортой нөхцөл нь 13 жил 6 сар гарч байна. 1995 оноос өмнө байнгын ажиллагаатай шатахуун түгээх станцын  этильтэй бензин, солярк, керосин түгээгч,хүлээн авагч гэж заасан учраас 1995 оноос өмнөх хугацаа нь хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарах мэргэжил гэдэг нь нотлогдож байна. Одоо уг албан тушаалын нэршил нь нефть хангамжийн операторчин гэж өөрчлөгдсөн. Ажил үүргийн хуваарь, ажлын байрны тодорхойлолт хэвээр байна. Нэршил солигдсон асуудалд тухайн даатгуулагчийн буруутай ажиллагаа байхгүй. Практикт нефть хангамжийн операторчин гэж явдаг, тиймээс үүнийг шатахуун түгээгч гэж үзэх  ёстой. 1995-2000 он, 2005-2007 оны нийгмийн даатгалын шимтгэл дутуу төлөгдсөн нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэв.

  Хариуцагч  аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийг төлөөлж  дарга М.Армия хариу тайлбартаа: “Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 “Ажил олгогч шимтгэл ногдох хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан буюу хэмжээг нь санаатайгаар бууруулсан бол нуусан буюу бууруулсан орлогод ногдох шимтгэлийг нөхөн төлүүлж, мөн орлоготой тэнцэх хэмжээний алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна“ гэж заасан.

Баян-Өлгий аймгийн “НИК” ХХК-ийн 1995 он, 1996 он,1998 он, 1999 он, 2000 он, 2005 он, 2007 оны зарим саруудын нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан дээр тухайн иргэний нэр нь байхгүй байна. Х.Аы нэхэмжлэлтэй холбоотой аймгийн “НИК” ХХК нь 1995-2007 оны шимтгэл төлсөн санхүүгийн баримт буюу ямар нэгэн нотлох баримт гаргаж өгч чадахгүй байгаа тул нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх боломжгүй гэж үзэж байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэж заасны дагуу хандах нь зөв гэж үзэж байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М, Ш.Н нар хариу тайлбартаа:

Нийтдээ 20-оос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй, гэж заасан байгаа. Гэтэл иргэн Х.А нь нийтдээ 20 жил ажилласан болзлыг, мөн хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд 10 жил ажилласан байх болзлыг ч хангахгүй байгаа. Үүнийг тодотговол 1971 оноос 1995 он хүртэлх “Улсын тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох  газрын доорх ба хөдөлмөрийн хортой халуун, хүнд нөхцөлийн ажил мэргэжил, албан тушаалын жагсаалт”-д “хөдөлмөрийн хүнд нөхцөл”-ийн түгээмэл мэргэжил дотор “байнгын ажиллагаатай шатахуун түгээх станцын этильтэй бензин, солярк, керосин түгээгч, хүлээн авагч” гэж заасан байгаа нь түгээгч ажил, мэргэжил нь 1995 оноос өмнө хүнд нөхцөлд хамрагдаж байна.

Улмаар 1995 онд Засгийн газрын 59 дүгээр тогтоолоор өмнө хэрэглэж байсан хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоох тогтоол, тушаал хүчингүй болсноор зарим ажил, мэргэжлийн нэршил өөрчлөгдөж хасагдсантай холбоотой иргэдээс өргөдөл гомдол ирүүлсэнээр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2007 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 12 тоот тушаал, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2007 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 27 тоот тушаал гарсан байна.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2007 оны 12 тоот тушаалаар “Даатгуулагчийн ажиллаж байсан ажил, албан тушаал нь 1995 оноос өмнө “Тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-д хамаарагдах мэргэжлээр ажилласан хугацаа нь тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох болзол хангагдаж буй тохиолдолд тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоож байх”-ыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт  даалгасан, мөн Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2007 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 27 тоот тушаалын хавсралтын 2, 3-т “1995 оноос өмнө Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан шимтгэл төлбөл зохих хугацааг хангасан боловч тэтгэвэр тогтоолгох насны болзлыг хангаагүйн улмаас тухайн үед тэтгэвэр тогтоолгоогүй, Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайдын 1995 оны 78 дугаар тушаалаар батлагдсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох газрын дор болон    хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-аар 1995 оноос өмнө ажиллаж байсан ажил мэргэжил нь хасагдсан иргэд хамрагдана” гэж заасан нь иргэн Х.А 1995 оноос өмнө түгээгч ажил, мэргэжлээр 12 жил 6 сар ажилсан байх ёстой болно. Гэтэл Х.А энэ болзлыг хангахгүй байна.

Бид  2021 оны 06 дугаар сарын 14 ний өдрийн 130/ШШ2021/00577 дугаар шүүхийн шийдвэрийн дагуу 1995, 1996, 1998, 1999, 2000, 2005, 2007 онуудын нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх зорилгоор “НИК” ХХК-аас тухайн онуудын санхүүгийн баримт материалыг гаргуулан авах хүсэлт илгээж шаардсан боловч 1995,1996,1998,1999,2000 онуудын санхүүгийн материал үрэгдсэн байхгүй гэсэн, 2005, 2007 оны санхүүгийн материалыг ирүүлсэн. Үүнээс тухайн онуудад иргэн Х.А нийгмийн даатгалын шимтгэл төлж цалин авсан хэсгийг шалгаж үзэхэд 2005 онд 10,11,12 сар, 2007 онд 1, 2 саруудад нийгмийн даатгалын шимтгэл төлж цалин авч ажилласан байна. Энэ нь өмнө манай хэлтсээс гаргаж өгсөн архивын лавлагаатай тохирч байна. Иймд шүүхийн захирамжаар гаргасан онуудын нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж ажилласан жилээр тооцох боломжгүй байна.

Иргэн Х.А нийтдээ 17 жил 6 сар ажил хөдөлмөр эрхэлсэн, үүнээс 1995 оноос өмнө 1989.07.01-1994.12.31 хүртэл 4 жил 6 сар түгээгчээр ажилласан нь хүнд нөхцөлд,  1995 оноос хойш 1995.01.01- 1995.02.01 /1 сар/, 1995.03.01-1995.04.01 /1 сар/, 1995.06.01-1995.07.01 /1 сар/, 1995.12.01-1995.12.31 /1 сар/, 1996.11.01-1996.12.31 /2 сар/,1997.01.01- 1997.12.31 /1 жил/, 1998.05.01-1998.12.31 /8 сар/, 1999.04.01-1999.05.01 /1 сар/, 2005.10.01-2005.12.31 /3 сар/, 2006.01.01- 2006.04.01 /4 сар/, 2006.05.01-2006.12.31 /8 сар/, 2007.01.01- 2007.02.28 /2 сар/, нийт 3 жил 08 сар нефть хангамжийн түгээгчээр ажилласан хугацаа нь хөдөлмөрийн хортой нөхцөлд ажилласан гэж үзэх бол хөдөлмөрийн хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох үед нийтдээ 20 доошгүй жил, үүнээс 1995 оноос хойш тухайн нөхцөлөөр 10- аас доошгүй жил ажилсан байх болзлыг хангасан байх ёстой болж байна. Дээрх байдалд дүгнэлт хийж үзэхэд иргэн Х.А нь тэтгэвэр тогтоолгохын тулд хамгийн эхний болзол болох нийт ажиллавал зохих 20 жилийг хангахгүй, мөн 1995 оноос хойш хөдөлмөрийн хортой нөхцөлийн 10 жилийн болзол хангагдахгүй байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Тэтгэврийг хортой болон хүнд аль ч нөхцөлөөр тогтоолгоход нийтдээ 20 жил ажилласан байх,үүнээс  хүнд нөхцөлөөр 12 жил 6 сар, хортой нөхцөлөөр 10 жил ажилласан байх ёстой. 1971 оноос 1995 он хүртэл тэтгэвэр тогтооход түгээгчийн мэргэжил нь хүнд нөхцөлд, дараа нь Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайдын  1995 оны 78 дугаар тушаалаар  хортой нөхцөлд тус тус хамрагдахаар заасан байна. Х.А нь түгээгч мэргэжлээр 1995 оноос өмнө 12 жил ажилласан байх ёстой, эсвэл түгээгч, операторчин мэргэжлээр 1995 оноос хойш 10 жил ажилласан байх ёстой, тэгж байж ажилласан жил нь 20 жил хүрч  хортой эсвэл хүнд нөхцөлөөр тэтгэвэрт гарах болзлыг хангана.

Х.Аы ажилласан жилийг тооцож үзэхэд 1995 оноос өмнө хүнд нөхцөлөөр ажилласан жил нь 12 жил 6 сард хүрэхгүй, 1995 оноос хойш хортой нөхцөлийн 10 жилийн болзлыг хангахгүй. Нийт 20 жилийн болзлыг бас хангахгүй байгаа учраас хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох боломжгүй.

Баян-Өлгий аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэрийн дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэхийн тулд тухайн хүн нь хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого авсан байх ёстой. Хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого байхгүй бол шимтгэлийг тооцон авах боломжгүй. Тийм учраас “НИК” ХХК-д Х.Аы материалыг хүргүүлэх талаар хэлсэн.   Өмнө нь бас Х.А манай хэлтэст өргөдөл гаргасны дагуу бид нар тус компанид хандаж байсан. Зөвхөн 2005, 2007 онуудын материалыг хүргүүлж, бусад онуудын материал байхгүй гэсэн. 2005,2007 оны материалыг шалгахад 2005 оны 10-12 дугаар сар, 2007 онд 01-02 сард цалин авч байсан нь нотлогдсон. Бусад хугацаанд цалин аваагүй хүнд  нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх ямар ч боломжгүй. 1995, 1996, 1998, 1999, 2000 онуудын материал үрэгдэж үгүй болсон гэсэн мөртлөө тухайн байгууллага энэ хугацаанд ийм хэмжээний нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх ёстой гэдгийг  яаж нотолж байгааг мэдэхгүй байна. Х.Аы хөдөлмөрийн хөлс байхгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй учраас шимтгэл тогтоож  төлүүлж авах гэхээр тухайн үеийн ямар нэгэн баримт байхгүй учраас ямар ч  боломжгүй байна. 1995-2000 онуудын баримт байхгүй, баримтууд нь байгаа онуудад  цалин аваагүй, хөдөлмөрийн хөлс байхгүй байгаа анхаарахыг хүсье. Мөн 1998 онд Х.А нь төлбөртэй холбоотой  ажил сайжруулах сануулга авч байжээ. Үүнтэй холбоотой цалин хөлс аваагүй байх гэж бодож байна. Үүнийг харгалзан үзнэ үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

            2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 130/ШШ2020/01195 дугаартай шийдвэрээр /1 дэх  хавтаст хэргийн 35-37 дугаар  хуудас/  Х.А  нь Баян-Өлгий аймгийн Алтай  сумын “Ялалтын оргил” нэгдлийн туслах үйлдвэрт нормчноор 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, мөн нэгдлийн  туслах үйлдвэрт нормчноор  1986 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 01-ийг хүртэл, Баян-Өлгий аймгийн Цагааннуур дахь Нефть хангамжийн баазын Алтай сум дахь шатахуун түгээх станцын  салбарт түгээгч-манаач, түгээгч-эрхлэгчээр 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал  ажиллаж байсныг тус тус  тогтоосон.

            Мөн Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 130/ШШ2021/00577 дугаартай захирамжаар /1 дэх хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/ “НИК” ХХК-ийн салбарын гаргасан “Х.А нь тус байгууллагад 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллаж байсан ба тухайлбал Цагааннуур дахь Нефть хангамжийн баазын Баян-Өлгий аймгийн Алтай сум дахь салбар буюу “НИК” ХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбарын Алтай сумын шатахуун түгээх станцад 1995 оны 1 дүгээр сараас 2000 оны 12 дугаар сарыг  дуустал,2006 оны 1 дүгээр сараас 2007 оны 12 дугаар сарыг дуустал тус тус шатахуун түгээгчээр ажиллаж байсан гэж үзэж байна. ...Иймд нэхэмжлэгч Х.Аы 1995 оны  дутуу 8 сар, 1996 оны дутуу 10 сар, 1998 оны дутуу 4 сар, 1999 оны дутуу 11 сар, 2000 оны дутуу 12 сар, 2005 оны дутуу 1 сар, 2007 оны дутуу 10 сар, нийт 4 жил 8 сарын нийгмийн даатгалын шимтгэл 250859 төгрөг нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг  даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч байгаа” гэсэн тайлбарыг үндэслэн  хариуцагч “НИК” ХХК-ийн Баян-Өлгий аймаг  дахь салбар нь нэхэмжлэгч Х.Аы 1995,1996, 1998, 1999, 2000, 2005,2007 онуудын  нийгмийн даатгалын шимтгэлд нийт 250859 төгрөгийг нийгмийн даатгалын санд шилжүүлэхээр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байх ба эдгээр шүүхийн шийдвэрүүд нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

3.Хариуцагчаас “2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 130/ШШ2021/00577 дугаар шүүхийн шийдвэрийн дагуу 1995,1996,1998, 1999, 2000, 2005, 2007 онуудын нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх зорилгоор “НИК” ХХК-аас  тухайн онуудын санхүүгийн баримт материалыг гаргуулан авахаар шаардсан боловч 1995,1996,1998, 1999,2000 онуудын санхүүгийн материал үрэгдсэн байхгүй гэсэн, 2005, 2007 оны  санхүүгийн материалыг ирүүлсэн. Үүнээс тухайн онуудад иргэн Х.А  нийгмийн даатгалын шимтгэл төлж цалин авсан хэсгийг шалгаж үзэхэд 2005 онд 10,11,12 сар, 2007 онд 1,2 дугаар саруудад  нийгмийн даатгалын шимтгэл төлж, цалин авч ажилласан байна. Иймд шүүгчийн захирамжаар гаргасан онуудын нийгмийн даатгалын шимтгэлийг  төлүүлж, ажилласан жилээр тооцох боломжгүй байна.

Х.Аы ажилласан жилийг тооцож үзэхэд нийтдээ 17 жил 6 сар ажил хөдөлмөр эрхэлсэн,үүнээс  1995 оноос өмнө хүнд нөхцөлөөр ажилласан жил нь 12 жил 6 сард хүрэхгүй, 1995 оноос хойш хортой нөхцөлийн 10 жилийн болзлыг хангахгүй. Нийт 20 жилийн болзлыг бас хангахгүй байгаа учраас хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох боломжгүй.

1995 оноос өмнө 1989.07.01-1994.12.31 хүртэл түгээгчээр ажилласан нь  хүнд нөхцөлд, 1995 оноос хойш  3 жил 8 сар нефть хангамжийн түгээгчээр  ажилласан хугацаа нь  хөдөлмөрийн хортой нөхцөлд ажилласан гэж үзэх  бол  хөдөлмөрийн хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох үед  нийтдээ 20-оос доошгүй жил, үүнээс 1995  оноос хойш тухайн нөхцөлөөр 10-аас доошгүй жил  ажилласан байх болзлыг хангах ёстой, энэ болзол хангагдахгүй байна” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч  Х.Ад өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзжээ.

4. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-т “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй” гэж,

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3-т “Газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд ажилласан даатгуулагч дор дурдсан болзлыг хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй:

1/нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь газрын дор ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр;

2/нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 50 нас хүрсэн, түүнчлэн нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 7 жил 6 сараас доошгүй хугацаагаар мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 45 нас хүрсэн бол тус тус өөрийн хүсэлтээр;

3/нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн, түүнчлэн нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь мөн нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол тус тус өөрийн хүсэлтээр” гэж тус тус зохицуулсан.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан ба дээрх байдлаар тус аймаг дахь  сум дундын Иргэний хэргийн анхан  шатны хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр Х.А  нь Баян-Өлгий аймгийн Алтай  сумын “Ялалтын оргил” нэгдлийн туслах үйлдвэрт нормчин, Баян-Өлгий аймгийн Цагааннуур дахь Нефть хангамжийн баазын Алтай сум дахь шатахуун түгээх станцын салбарт түгээгч-манаач, түгээгч-эрхлэгчээр  нийтдээ 10 жил 1 сар 13 хоног ажилласныг тогтоосон, мөн Цагааннуур дахь Нефть хангамжийн баазын Баян-Өлгий аймгийн Алтай сум дахь салбар буюу “НИК” ХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбарын Алтай сумын шатахуун түгээх станцад түгээгчээр ажиллаж байсан Х.Аы 1995,1996,1998,1999,2000,2005,2007 онуудын  нийгмийн даатгалын шимтгэл  нийт 250859 төгрөгийг “НИК” ХХК-ийн Баян-Өлгий аймаг  дахь салбар нь нийгмийн даатгалын санд шилжүүлэхээр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн  зөвшөөрснийг баталсан тул нэхэмжлэгч Х.А нь уг шүүхийн шийдвэрүүдэд заасан  хугацаанд улсад ажилласан нь тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй.

6. Нэхэмжлэгч Х.А нь 1995 онд 4 сар, 1996 онд 2 сар, 1997 онд 12 сар, 1998 онд 8 сар, 1999 онд 1 сар, 2005 онд 3 сар, 2006 онд 12 сар, 2007 онд 2 сар, нийт 3 жил 8 сар түгээгчээр ажиллаж,  нийгмийн даатгалын шимтгэл төлснийг хариуцагч  хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаа ба  энэ хугацаанд дээрх Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 130/ШШ2021/00577 дугаартай захирамжаар “НИК” ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбараас нийгмийн даатгалын санд шилжүүлэхээр шийдвэрлэсэн Х.Аы нийгмийн даатгалын шимтгэл дутуу төлөгдсөн хугацаа буюу 1995 оны  дутуу 8 сар, 1996 оны дутуу 10 сар, 1998 оны дутуу 4 сар, 1999 оны дутуу 11 сар, 2000 оны дутуу 12 сар, 2005 оны дутуу 1 сар, 2007 оны дутуу 10 сарыг нэмж тооцвол нэхэмжлэгчийн түгээгчээр ажилласан 8 жил 4 сарын нийгмийн даатгалын шимтгэл  төлөгдсөн байна гэж үзлээ.

7.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3-т “Төр, аж ахуйн нэгж, байгууллагаас дараахь хугацааны шимтгэлийг тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын санд төлсөн тохиолдолд эдгээр хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно: 2/ цэргийн жинхэнэ албыг байлдагч, түрүүчээр хаасан хугацаа” гэж, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 3  дугаар зүйлд “Нийгмийн даатгалын тухай хуулиуд хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ажиллагчдын цалингийн сангаас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн төр, хувийн өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага, түүний дотор хоршооллын байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажилласан бүх иргэнийг мөн хугацаанд нийгмийн даатгалд /ажилгүйдлийн даатгалаас бусад төрөлд/ даатгуулсанд тооцож уг хугацааг тухайн иргэний шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно. Үүнд хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүдийн нэгдэлдээ ажилласан, байлдагч, түрүүчээр цэргийн жинхэнэ алба хаасан хугацаа нэгэн адил хамаарна”  гэж тус тус заасан ба хариуцагчаас  Х.Аы Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 130/ШШ2020/01195 дугаартай шийдвэрээр ажилласнаар тогтоосон 1995 оноос өмнөх 10 жил 1 сар,  1983.06.13-1986.06.15 хүртэл цэргийн алба хаасан 3 жил, нийт 13 жил 1 сарын  хугацааг  улсад ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд орох  талаар маргаагүй /1дэх хавтаст хэргийн  52 дахь тал/ болно.

Энэхүү 13 жил 1 сарын хугацаанд дээрх нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн 8 жил 4 сарын хугацааг нэмж тооцоход нэхэмжлэгч Х.А нь  нийт 21 жил 5 сар  улсад ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл  төлсөн нь тогтоогдож байгаа  тул  Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3-т  заасан “нийт 20-иос доошгүй жил ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн  байх” гэсэн өндөр насны тэтгэвэр тогтоох болзлыг хангаагүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй  байна гэж дүгнэлээ.

8. БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн Хөдөлмөр, цалин хөлсний улсын хороо, МҮЭ-ийн Төв Зөвлөлийн 1971  оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 185/142 дугаар тогтоолоор баталсан  “Улсын тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доорх болон хөдөлмөрийн хортой, халуун,  хүнд нөхцөлийн  ажил, мэргэжил,  албан тушаалын жагсаалт”-ын “Дөрөв. Хөдөлмөрийн хүнд нөхцөл”-ийн “ХYII.Түгээмэл мэргэжил” гэсэн хэсгийн 21-т “Байнгын ажиллагаатай  шатахуун түгээх станцын  этильтэй бензин, солярк, керосин түгээгч” гэж,

 Хүн амын бодлого,хөдөлмөрийн сайдын 1995 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 78 дугаар тушаалаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун,  хүнд нөхцөлд хамаарах  ажил, мэргэжлийн жагсаалт”-ын “Хоёр. Хөдөлмөрийн хортой нөхцөл”-ийн 14-т “...нефть хангамжийн операторчин” гэж,

            Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн  77 дугаар тушаалаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун,  хүнд нөхцөлд хамаарах  ажил, мэргэжлийн жагсаалт”-ын “2.Хөдөлмөрийн хортой нөхцөл”-ийн 14-т “...нефть хангамжийн операторчин” гэж  тус тус заасан.

Дээрх зохицуулалтуудаас үзэхэд өмнө нь түгээгчийн ажил, мэргэжил,албан тушаал нь хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарч байсан бол  Хүн амын бодлого,хөдөлмөрийн сайдын 1995 оны 78 дугаар тушаалаар нефть хангамжийн операторчны ажил, мэргэжил нь хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарах болжээ.

            Хариуцагчаас  шатахуун түгээх станцын түгээгчийн ажил, мэргэжил  болон нефть хангамжийн операторчны ажил, мэргэжил нь нэг  буюу ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг, хөдөлмөрийн нөхцөлийн хувьд  ижил гэдэг талаар маргахгүй байгаа бөгөөд нэхэмжлэгчийн Баян-Өлгий аймгийн Цагааннуур дахь Нефть хангамжийн баазын Алтай сум дахь шатахуун түгээх станцын салбарт түгээгч-манаач, түгээгч-эрхлэгчээр 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал   ажилласан  5 жил  6 сарын хугацаа нь хөдөлмөрийн хүнд нөхцөлд, харин Цагааннуур дахь Нефть хангамжийн баазын Баян-Өлгий аймгийн Алтай сум дахь салбар буюу “НИК” ХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбарын Алтай сумын шатахуун түгээх станцад түгээгчээр 1995-2000 он, 2005-2007 оны хооронд ажилласан 8 жил 4 сарын хугацаа нь  хөдөлмөрийн хортой нөхцөлд тус тус  хамаарч байна.

9. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3-т газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд ажилласан даатгуулагч нь өндөр насны тэтгэвэр тогтоолгон авахад тавигдах болзлыг  газрын дор ажилласан даатгуулагч, хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажилласан даатгуулагч, хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан даатгуулагч гэж ялгаж,   тус тусдаа зааж өгсөн.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2007 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 12 дугаар тушаалаар “Тэтгэврийг  хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун,  хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-д  “5.Даатгуулагчийн ажиллаж байсан  ажил, албан тушаал нь  1995 оноос өмнө “Тэтгэврийг  хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун,  хүнд нөхцөлийн   ажил мэргэжлийн жагсаалт”-д хамаарагдах мэргэжлээр  ажилласан хугацаа нь тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр  тогтоох болзол хангагдаж буй тохиолдолд  тэтгэврийг хөнгөлөлттэй  нөхцөлөөр тогтоож байхыг Улсын нийгмийн даатгалын ерөнхий газарт зөвшөөрсүгэй” гэсэн нэмэлт оруулсан.

Энэхүү тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2007 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 27 дугаар тушаалаар  баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох газрын дор болон  хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах  ажил, мэргэжлийн жагсаалтыг хэрэглэх журам”-ын

 2-т “Уг журмын дагуу өндөр насны тэтгэвэр тогтооход 1995 оноос өмнө  БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн Хөдөлмөр, цалин хөлсний улсын хороо,МҮЭ-ийн Төв Зөвлөлийн 1971  оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 185/142 дугаар тогтоолоор батлагдсан  “Улсын тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доорх ба хөдөлмөрийн хортой, халуун,  хүнд нөхцөлийн  ажил, мэргэжил,  албан тушаалын жагсаалт”-д  заагдсан  ажил мэргэжлээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр , тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан  шимтгэл төлбөл зохих хугацааг хангасан боловч  тэтгэвэр тогтоолгох насны болзлыг хангаагүйн улмаас  тухайн үед тэтгэвэр тогтоолгоогүй,  Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайдын 1995 оны 78 дугаар тушаалаар батлагдсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун,  хүнд нөхцөлд хамаарах  ажил, мэргэжлийн жагсаалт”-аар 1995 оноос өмнө ажиллаж байсан ажил мэргэжил нь хасагдсан иргэд хамрагдана” гэж,

3-т “Энэхүү журмын дагуу  иргэдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2007 оны 12 дугаар тушаалыг буцаан хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл  уг  тушаал гарахаас өмнө  хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр  тэтгэвэр тогтоолгох  өргөдөл гаргасан боловч  тэтгэвэр нь энэ журмын 2 дугаар зүйлд заасан шалтгаанаар  тогтоогдоогүй иргэдэд  өндөр насны тэтгэвэр тогтоох бөгөөд   тэтгэврийг тушаал гарснаас хойш  тэтгэвэр тогтоолгох баримт бичгээ шинээр бүрдүүлж, нийгмийн даатгалын байгууллагад өгсөн өдрөөс эхлэн тогтоож олгоно” гэж,

4-т “БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн Хөдөлмөр, цалин хөлсний улсын хороо,МҮЭ-ийн Төв Зөвлөлийн 1971  оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 185/142 дугаар тогтоолоор батлагдсан  “Улсын тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доорх болон хөдөлмөрийн хортой, халуун,  хүнд нөхцөлийн  ажил, мэргэжил,  албан тушаалын жагсаалт”-д  заагдсан  ажил мэргэжлээр 1995 оноос хойш ажилласан иргэдэд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр  өндөр насны тэтгэвэр тогтоохдоо  Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар батлагдсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун,  хүнд нөхцөлд хамаарах  ажил мэргэжлийн жагсаалт”-ыг баримтална гэж тус тус  зохицуулжээ.

Дээрх журмын 2–т зааснаар 1995 оноос өмнө “Улсын тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доорх ба хөдөлмөрийн хортой, халуун,  хүнд нөхцөлийн  ажил, мэргэжил,  албан тушаалын жагсаалт”-д  заагдсан  ажил мэргэжлээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр , тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан  шимтгэл төлбөл зохих хугацааг хангасан боловч  тэтгэвэр тогтоолгох насны болзлыг хангаагүйн улмаас  тухайн үед тэтгэвэр тогтоолгоогүй иргэдэд тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоохоор зохицуулсан, нэхэмжлэгчийн хувьд 55 нас хүрсний дараа буюу 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай  өргөдөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст гаргасан байх ба түүний 1995 оноос өмнө “Улсын тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доорх болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлийн  ажил, мэргэжил,  албан тушаалын жагсаалт”-ын “хөдөлмөрийн хүнд нөхцөл”-д хамаарах  ажил болох   шатахуун түгээх станцын  түгээгчээр ажилласан хугацаа  5 жил  6 сар  байгаа нь  Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн  3 дахь хэсгийн 3/-т “нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн” гэж заасан болзлын “12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан” гэсэн болзлыг хангахгүй байгаа.

Дээрх журмын 4-т зааснаар “Улсын тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доорх болон хөдөлмөрийн хортой, халуун,  хүнд нөхцөлийн  ажил, мэргэжил,  албан тушаалын жагсаалт”-д  заагдсан  ажил мэргэжлээр 1995 оноос хойш ажилласан иргэдэд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр  өндөр насны тэтгэвэр тогтоохдоо  Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар батлагдсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун,  хүнд нөхцөлд хамаарах  ажил, мэргэжлийн жагсаалт”-ыг баримтлахаар зохицуулсан, уг 77 дугаар тушаалаар баталсан  жагсаалтын “хөдөлмөрийн хортой нөхцөл”-д нефть хангамжийн операторчин гэсэн ажил, мэргэжил хамаарч байгаа ба нэхэмжлэгчийн  1995 оноос хойш  түгээгчээр буюу нефть хангамжийн операторчинаар ажилласан хугацаа  8 жил 4 сар байгаа нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн  3 дахь хэсгийн 2/-т “нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 50 нас хүрсэн” гэж заасан болзлын “10–аас доошгүй жил нь хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажилласан”гэсэн болзлыг хангахгүй байна.

Нийтийн эрх зүйд “Хуулиар зөвшөөрөөгүй бүхнийг хориглоно” гэдэг  зарчим  үйлчлэх ба нийтийн эрх зүйн салбарт хамаарах  Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд даатгуулагч нь хөдөлмөрийн хортой болон хүнд нөхцөлд ажилласан тохиолдолд  эдгээр хугацааг нэмж нэгтгэн тооцож хөнгөлөлтэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоохоор зохицуулаагүй, өөрөөр  хэлбэл мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 3-т зааснаар газрын дор ажилласан даатгуулагч, хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажилласан даатгуулагч, хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан даатгуулагч гэж ялгаж, эдгээр  даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгон авахад тавигдах тухайн нөхцөлд ажилласан жилийн болзлыг  дээрх байдлаар тус тусдаа  зохицуулжээ.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т зааснаар захиргааны үйл ажиллагаанд  “хуульд үндэслэх”   буюу захиргаа хуулиар эрх олгогдсон тохиолдолд л үйл ажиллагаа явуулах гэсэн  агуулгатай  зарчмыг баримтлахаар  зохицуулсан.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэж үзэхэд нэхэмжлэгч Х.А нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр  зүйлийн 3 дахь хэсгийн 2-т заасан “10–аас доошгүй жил нь хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажилласан,3-т заасан “12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан” гэсэн өндөр насны тэтгэвэр тогтооход тавигдах болзлыг хангахгүй байх тул өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан хариуцагчийн шийдвэр нь  үндэслэлтэй бөгөөд дээрх зарчмууд болон Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр  зүйлийн 3 дахь хэсгийн 2,3 дахь заалтад  тус тус нийцсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр  зүйлийн 3 дахь хэсгийн 2,3 дах заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Х.Ад өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан  Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс  өндөр насны тэтгэвэр тогтоохыг  Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас  чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    С.ЕРКЕШ