Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 689

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“УБХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2018/00161 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “УБХБ” ХХК,

Хариуцагч “Г” ХХК, Б.Б, Г.Ч, Б.А, Б.Ж нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 138 621 531 төгрөг гаргуулах, үүргийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Зоригтбаатар, Э.Жаргал,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г” ХХК-ийн төсөл Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас сонгогдож, Хөгжлийн банкны санхүүжилтээр олгох хөнгөлөлтэй зээлд хамруулахаар манай банкинд ирүүлсэн тул манайх Хөгжлийн банк, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан дамжуулан зээлдүүлэх гэрээний дагуу төсөл нь шалгарсан зээлдэгчээ судалж, түүнтэй 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, жилийн 9 хувийн хүүтэй, 180 000 000 төгрөгийн зээлийг олгосон.

Зээлдэгч нь зээлийн барьцаанд Сонгинохайрхан дүүрэг, 12-р хороо,1-р хороолол, 1-р байрны 376 тоотод байрлах, Г.Чийн өмчлөлийн 3 өрөө орон сууц, Баянгол дүүрэг, 17-р хороо, 4-р хороолол, 34-р байрны 130 тоотод байрлах, Г.Ч, Б.Б, Б.А, Б.Ж нарын өмчлөлийн 2 өрөө орон сууц, Баянгол дүүрэг, 18-р хороо, 4-р хороолол, 46-р байрны 99 тоотод байрлах, Б.Жы өмчлөлийн 2 өрөө орон сууц, Баянгол дүүрэг, 18-р хороо, 46-р байрны 99 тоотод байрлах, “Г” ХХК-ийн мебель бүрэгч машин, Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Шадивлан 15020, 1-р хэсгийн 88 тоотод байрлах, Б.Жы өмчлөлийн, 240 м.кв талбайтай хувийн сууц, 400 м.кв эзэмших эрхтэй газар, мебелийн үйлдвэр зэргийг барьцаалсан.

“Г” ХХК нь зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрөө төлөхгүй байгаа учраас хариуцагч нараас Хөгжлийн банкны санхүүжилтээр олгосон үндсэн зээл 99 250 000 төгрөг, хүүгийн төлбөр 3 630 205.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 41 695.90 төгрөг, нийт 102 921 901.39 төгрөгийг, манай банкны эх үүсвэрт шилжсэн зээл 32 523 586.86 төгрөг, зээлийн хүү 2 908 729.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 267 314.13 төгрөг, бүгд 35 699 630.33 төгрөг, нийт 138 621 531.71 төгрөгийг гаргуулж, хариуцагч нарын барьцаалуулсан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Г” ХХК, Г.Ч, Б.Б, Б.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “УБХБ” ХХК нь “Г” ХХК-тай анх тохиролцсоны дагуу 350 000 000 төгрөгийг зээлдүүлэхээр тохиролцсон бөгөөд “Г” ХХК нь 350 000 000 төгрөгөөр тоног төхөөрөмж худалдан авснаар үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж, банкны зээлийг төлж барагдуулах, бүрэн бололцоотой байсан. Гэтэл “УБХБ” ХХК нь тохиролцооноос буцаж, 180 000 000 төгрөгийн зээл олгосноор “Г” ХХК-ийн бизнес төлөвлөгөө биелэгдэхгүй, зээлийг хэвийн байдлаар төлөх бололцоог алдагдуулсан.

Нэхэмжлэлээс 102 921 901.39 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Улаанбаатар банкны эх үүсвэрт шилжсэн зээлийн үүрэг буюу 35 699 630.33 төгрөгийг нэхэмжилсэн хэсгийг зөвшөөрөхгүй.

Зээлийн гэрээний үүрэгт Г.Чийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг барьцаалсан хэсгээр үүргийг хангуулахыг зөвшөөрөхгүй. Учир нь Г.Ч уг орон сууцыг барьцаалахыг зөвшөөрсөн эсэхийг шалгалгүйгээр бүртгэлийн байгууллага барьцааны гэрээг бүртгэснийг хүчингүй болгуулахаар Захиргааны шүүхэд хандаж, захиргааны хэрэг үүсгэсэн байгаа тул уг хөрөнгөөр үүргийг хангуулахыг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Г” ХХК-иас 138 621 531 төгрөгийг гаргуулан “УБХБ” ХХК-д олгож,

Хариуцагч “Г” ХХК үүргээ сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд Иргэний хуулийн 163 дугаар зүйлийн 163.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан зээлийн барьцаанд тавьсан хөрөнгүүдийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар дуудлага худалдаагаар худалдсан үнээс зээлийн гэрээний үүргийг хангуулах,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 921 257.66 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “Г” ХХК-иас 921 257.66 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “УБХБ” ХХК нь үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 102 921 901.39 төгрөг нэхэмжилсэн ба банкны эх үүсвэр рүү шилжсэн үнийн дүн хэмээн 35 699 630 төгрөг нэхэмжилсэн. Анхан шатны шүүх 35 699 630 төгрөгийг үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү дээр нэмж гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь “УБХБ” ХХК зөвхөн зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй. Иймд 35 699 630 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү.

            Баянгол дүүргийн 17-р хороо, 4-р хороолол 34 дүгээр байрны 130 тоот үл хөдлөх хөрөнгөтэй холбооотой маргаан Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэгдэж байгаа бөгөөд үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой асуудлыг шийдвэрлэж байхад үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд үүргийн гүйцэтгэлийг хангаж шийдвэрлэсэн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүдээс Баянгол дүүргийн 17-р хороо, 4-р хороолол 34 дүгээр байрны 130 тоот хаягтай үл хөдлөх эд хөрөнгийг хасч тооцож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

            Нэхэмжлэгч “Улаанбаатар банк” ХХК нь Хөгжлийн банк болон Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай дамжуулан зээлдүүлэх З-ЖД-С 2015-49 тоот гэрээг 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр байгуулж, жижиг дунд үйлдвэрлэлийн төслүүдэд өөрийн банкаар дамжуулан зээл олгох, хянах, эргэн төлөх үүрэгтэй зээлдэгч болсон байх бөгөөд төсөл хэрэгжүүлэгч буюу дэд зээлдэгчээс зээлээ төлсөн эсэхээс үл хамааран дэд зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөх, эрсдэлийг хариуцах үүргийг Хөгжлийн банкны өмнө хүлээжээ.

            Нэхэмжлэгч “Улаанбаатар банк” ХХК дэд зээлдэгч “Г” ХХК-иас зээлийн төлбөрийн үлдэгдэл нийт 138 621 531,71 төгрөг нэхэмжилснээс 102 921 901,39 төгрөгийн зээлийг үлдэгдлийг хариуцагч төлөхийг зөвшөөрсөн, харин банкны эх үүсвэрт шилжин бизнесийн зээлээр тооцож нэхэмжилсэн гэх 35 699 630,33 төгрөгийг төлөхөөс татгалзсан байна.

            Дэд зээлдэгч буюу хариуцагч “Г” ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний дагуу Улаанбаатар банкаар дамжуулан 180 000 000 төгрөгийн зээлийг авч, зээлийг эргүүлэн төлөх явцдаа зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөнөөс нэхэмжлэгч Улаанбаатар банк дамжуулан зээлдүүлэх гэрээнд зааснаар зээлийн эх үүсвэр тус банканд шилжсэн, Улаанбаатар банк Хөгжлийн банкны өмнө 35 699 630,33 төгрөгийн зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй болсон гэснийг хариуцагч эс зөвшөөрч, уг төлбөр хэрхэн хуримтлагдаж үүссэн нь тодорхойгүй тул мэргэжлийн шинжээчээр дүгнэлт гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.

            Хэрэгт бизнесийн зээлд шилжсэн зээлийн төлбөрийн тооцоолол /хх-125/, “Г” ХХК-ийн зээлийн дансны хуулга авагдсан ч 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар хуримтлагдсан 32 523 586,86 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэл нь ямар тооцооллоор гарсан, аргачлал тодорхойгүй, нэг талын уг баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй байна.

            Иймд хариуцагчаас банкны эх үүсвэрт шилжсэн бизнесийн зээлийн тооцооллыг тодруулах зорилгоор мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргасан нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна. Анхан шатны шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцээгүй, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан үндэслэл болж байна.

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2018/00161 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 950 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

                               ШҮҮГЧИД                                   Г.ДАВААДОРЖ

                                                                                   А.ОТГОНЦЭЦЭГ