| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 171/2023/0089/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/101 |
| Огноо | 2023-03-22 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ж.Батбаатар |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 2023/ШЦТ/101
2023 03 22 2023/ШЦТ/101
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан,
Улсын яллагч Ж.Батбаатар,
Шүүгдэгч Ш.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П овогт Ш-гийн Э-д холбогдох эрүүгийн 2325000000017 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Ховд аймгийн Алтай суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Уртынгол баг Баянталын 4-72 тоотод оршин суух,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 626 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар 3 жилийн хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзах эрүүгийн хариуцлага хүлээж байсан, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, П овогт Ш-гийн Э- /РД:хх0000000/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.Э нь 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 19 цагийн орчимд Орхон аймгийн, Баян-Өндөр сум, 0 багийн 0-0 тоотод иргэн С.Б-ын гэр дотор хохирогч Л.Б-ыг “урьд өмнө хүргэн ах С.Б-ыг гэрээсээ хөөж байсан” гэх шалтгаанаар гараараа цээж, толгой хэсэгт нь цохих хэлбэрээр зодож түүний эрүүл мэндэд нь “баруун эгэмний ясны далд хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Ш.Э мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд: “...хэрэг болсон өдөр Л.Б- ах манай гэрт ирсэн. Тухайн үед миний хүргэн ах С.Б- гэртээ согтуу унтаж байсан. Л.Б- ах гаднаас орж ирэхдээ шилтэй архи авч ирсэн байсан бөгөөд тэр архиа С.Б- ахтай хувааж уух гээд түүнийг сэрээх гэж толгой руу нь цохиод байхаар нь наад хүн чинь унтаж байна шүү дээ гэж хэлээд маргалдсан. Л.Б-ыг зодох ямар нэгэн шалтгаан байгаагүй. Өөрөө унтаж байсан хүн сэрээж архи уух гээд байсан юм. Би Л.Б-ын цээж рүү нь түлхэж, цээж рүү нь хэд хэдэн удаа гараараа цохисон. Ер нь тухайн үед Л.Б- архи уучихсан их согтуу байсан... хийсэн хэрэгтээ маш их харамжсаж байна... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээ төлбөр 1 сая гаран төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42, 43х/,
- Хохирогч Л.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд: “...2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 18 цагийн орчим миний найз С.Б- над руу утсаар яриад намайг гэртээ хүрээд ирээч гэсэн. Тэгэхээр нь би таксинд явдаг өөрийн найз Гэрлээг дуудаад С.Б-ын гэр рүү хүргүүлсэн. С.Б-ын гэр рүү хүргүүлэхдээ дэлгүүрээс 0.5 литрийн Хараа нэртэй архи нэг шилийг аваад очсон. С.Б-ын гэрт очиход С.Б- согтуу унтаж байсан. Гэрт нь С.Б-ын эхнэрийн төрсөн дүү Тайвнаа гэж залуу, түүний эхнэр, 5-6 орчим насны эмэгтэй хүүхэд байсан. Намайг тэдний гэрт нь орсон чинь С.Б-ын эхнэрийн дүү Тайвнаа гэж залуу чи миний ахыг урд нь гэрээсээ хөөж гаргасан байсан гээд шүдээ хавираад нүүр, толгой, цээж рүү цохиж зодсон. Би санал дээр суугаад гараараа тэр хүнийг холдуулах гээд түлхээд гараа сарвайгаад сууж байсан. Энэ үед С.Б-ын эхнэр нь гаднаас орж ирээд намайг сандал дээр сууж байхад миний цээж рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Би гарлаа харилаа гээд гэрээс нь гарсан чинь С.Б-ын эхнэр нь банхар барь барь гээд над руу туулгасан. Би зугтаагаад хашаанаас нь гарсан. Хашаанаас гарах хооронд нохой нь миний өмсөж явсан куртикнээс зуугаад урсан. Би тэдний хашаанаас гараад найз Гэрлээ рүү утсаар ярьж дуудаад хүргүүлсэн. Маргааш өглөө нь сэрсэн чинь миний баруун талын гар маш их өвчтэй хөдөлж болохгүй байхаар нь эмнэлэг дээр очиж үзүүлсэн чинь миний баруун талын эгэм яс хугарсан байсан... 09-ний өдөр миний эгэм хугарсан гэдгийг би мэдээгүй. С.Б-ын дүүд зодуулаад салахад миний баруун гар маш өвчтэй, хөндүүр хөдөлгөж болохгүй байсан. Би юм хавчуулагдсан байх гэж бодсон. Маргааш өдөр нь мөн гар өвдөөд байхаар нь архи уусан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9, 11х/,
- Гэрч Л.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд: “...2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 11 цаг орчим гэртээ байж байсан чинь миний төрсөн дүү Л.Б- над руу утсаар яриад өвчин намдаах эм аваад ирээч, өчигдөр хүнд зодуулаад эгмээ хугалчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөхрийнхөө хамт өвчин намдаах эм аваад дүүгийнхээ гэрт очсон чинь Л.Б- хоёр хүүхдийнхээ хамт байсан бөгөөд миний дүүгийн баруун талын гар нь хөдөлж болохгүй, гараа өргөж даахгүй байсан. Эмнэлэг дээр авч очоод үзүүлсэн чинь зураг авхуул гэсэн. Рентген зураг авхуулахад баруун талын эгэмний яс нь хугарсан байна гэсэн. “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын эмнэлэг сувиллын цогцолбор дээр очиж дахин зураг авч үзээд эгэмний яс хугарсан байна. Хадуул гээд 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэж эгэмний ясаа хадуулсан. ... Миний дүү өөрөө ярихдаа найз С.Б-ыг дуудаад байхаар нь нэг шил архи аваад очсон чинь С.Б- согтоод унтсан байсан. Харин эхнэрийнх нь дүү гэж залуу намайг зодоод миний гарыг гэмтээчихсэн. Намайг зодуулж байхад С.Б-ын эхнэр нь орж ирээд мөн миний цээж рүү өшиглөсөн. Гэрээс нь зугтаагаад гарсан чинь нохойгоо над руу туулгасан гэж ярьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14х/,
- Гэрч Г.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд: “...Б- над руу утсаар яриад найз нь найз дээрээ очих гэсэн юм. Найз маань дуудаад байна. Чи намайг хүргээд өгөөч гэж хэлэхээр нь би тэдний гэрийн гадаа очоод түүнийг гараад ир гэж утсаар нь дуудаж аваад явсан. Л.Б-оос хэзээ ажилтай юм бэ гэсэн чинь өнөөдөр өглөө ажлаасаа буусан, өдөр ганц юм уусан гэж хэлсэн. Тухайн үед гайгүй л байх шиг байсан. Тэгээд бид хоёр Баянтал руу явсан бөгөөд Л.Б- замдаа дэлгүүрээс нэг шил архи аваад Баянталд очоод блокон хашаатай айлын гадна буусан. Машинаас буухдаа найз нь болохоороо чамайг дуудна шүү гэхээр нь би за гэж хэлээд явсан. Л.Б-ыг айлын гадна буулгачхаад Уртынгол багийн зам дээрээс нэг хүн аваад Цагаанчулуут багт хүргэж өгөөд нөгөө хүнээ буулгаж байхад Л.Б- над руу эргэж залгаад би хүнд зодуулчихлаа, чи яаралтай хүрээд ирээч гэхээр нь би эргээд түүн дээр очсон. Намайг эргээд очих үед Л.Б- нөгөө айлаасаа яваад засмал зам дээр зогсож байсан. Түүнийг машиндаа суулгаад хэнд зодуулчихсан юм бэ гэсэн чинь манай найзын дүү нь намайг зодчихлоо, манай найз тасраад уначихсан байна гэж хэлсэн. Түүний дух нь халцарсан, баруун талын гар өвдөөд байна, миний гарыг хугалчих шиг боллоо гээд баруун талын гар нь унжаад чөлөөтэй хөдөлгөж чадахгүй байсан. ...Б- тэндээсээ яваад шууд гэртээ хүргүүлсэн. Харанхуй байсан болохоор хувцсыг нь анзаарч хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17х/,
- Гэрч Б.У-ы мөрдөн шалгах ажиллалагаанд: “...Би 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гэр хорооллын чиглэлд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэх хугацаанд цагдаагийн газрын жижүүрээс Орхон аймгийн Баян-Өндөр сумын 0 багийн 0-0 тоотод бусдад зодуулсан хүн байна гэсэн дуудлага мэдээлэл өгсний дагуу тухайн дуудлагаар очиж ажилласан. Тухайн хаяг дээр очиход Л.Б- гэж эрэгтэй хүн гэртээ 10-16 орчим насны хоёр хүүхдийнхээ хамт байсан. Тухайн хүнтэй уулзахад өчигдөр өдөр гэл үү уржигдар өдөр гэл үү найзынхаа гэрт очсон чинь дүүд нь зодуулчихлаа. Эмнэлэгт үзүүлсэн чинь миний эгэм хоёр удаа хугарсан байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20х/,
- Гэрч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд: “...2022 оны 12 дугаар сарын эхээр нэг өдөр гэрийнхээ ойролцоо байдаг Осор гэж настай ахын хамт 2 шил архи хувааж уугаад согтоод гэртээ харьж унтсан. Маргааш өглөө нь боссон чинь манай эхнэр болон эхнэрийн дүү нар надад ямар нэгэн зүйл яриагүй. Үүнээс хойш 7-8 хоногийн дараа гадуур явж байгаад найз Л.Б- руу утсаар ярьсан чинь танай эхнэрийн дүү намайг зодоод миний эгэмийг хугалсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27х/,
- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 11 дугаартай дүгнэлтэд 1. Л.Б-ын биед баруун эгэмний ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
2.3. Уг гэмтэл нь хатуу зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой, шинэ гэмтэл байна.
4. Баруун эгэмний ясны далд хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана.
5. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 35-36/,
- Шүүгдэгч Ш.Эы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48х/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 49х/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Эд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу хангалттай тогтоогдсон байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг нотлох баримтуудыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн үйлдлийг нотолсон гэж дүгнэв. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрдүүлэхдээ хохирогч, гэрч, шинжээч, яллагдагчаас мэдүүлэг авахдаа оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан нөхцөл байдал болон мөрдөн шалгах ажиллагааны журам зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй байх тул уг нотлох баримтуудыг үнэлэх боломжтой гэж үзэв.
Дээрх нотлох баримтуудаар Ш.Э нь 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 19 цагийн орчимд Орхон аймгийн, Баян-Өндөр сум, 0 багийн 0-0 тоотод иргэн С.Б-ын гэрт хохирогч Л.Б-ыг “урьд өмнө хүргэн ах С.Б-ыг гэрээсээ хөөж байсан” гэх шалтгаанаар гараараа цээж, толгой хэсэгт нь цохих хэлбэрээр зодож түүний эрүүл мэндэд нь “баруун эгэмний ясны далд хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.
Гэм буруугийн талаар:
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч: Яллах дүгнэлтийн хавсралтад тусгасан нотлох баримтуудыг яллах талын нотлох баримтаар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалж, шүүгдэгч Ш.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан,
шүүгдэгч Ш.Э нь гэм буруугийн талаар маргаагүй.
Шүүгдэгч Ш.Эий үйлдлийн улмаас хохирогч Л.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь: шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Л.Б-ын “...2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 18 цагийн орчим миний найз С.Б- над руу утсаар яриад намайг гэртээ хүрээд ирээч гэсэн. Тэгэхээр нь би таксинд явдаг өөрийн найз Гэрлээг дуудаад С.Б-ын гэр рүү хүргүүлсэн... С.Б-ын гэрт очиход С.Б- согтуу унтаж байсан... Намайг тэдний гэрт нь орсон чинь С.Б-ын эхнэрийн дүү Тайвнаа гэж залуу чи миний ахыг урд нь гэрээсээ хөөж гаргасан байсан гээд шүдээ хавираад нүүр, толгой, цээж рүү цохиж зодсон... Би тэдний хашаанаас гараад найз Гэрлээ рүү утсаар ярьж дуудаад хүргүүлсэн. Маргааш өглөө нь сэрсэн чинь миний баруун талын гар маш их өвчтэй хөдөлж болохгүй байхаар нь эмнэлэг дээр очиж үзүүлсэн чинь миний баруун талын эгэм яс хугарсан байсан...” гэсэн,
- Гэрч Л.Оюунбилэгийн “...2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 11 цаг орчим гэртээ байж байсан чинь миний төрсөн дүү Л.Б- над руу утсаар яриад өвчин намдаах эм аваад ирээч, өчигдөр хүнд зодуулаад эгмээ хугалчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөхрийнхөө хамт өвчин намдаах эм аваад дүүгийнхээ гэрт очсон чинь Л.Б- хоёр хүүхдийнхээ хамт байсан бөгөөд миний дүүгийн баруун талын гар нь хөдөлж болохгүй, гараа өргөж даахгүй байсан. Эмнэлэг дээр авч очоод үзүүлсэн чинь зураг авхуул гэсэн. Рентген зураг авхуулахад баруун талын эгэмний яс нь хугарсан байна гэсэн... 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэж эгэмний ясаа хадуулсан. ... Миний дүү өөрөө ярихдаа найз С.Б-ыг дуудаад байхаар нь нэг шил архи аваад очсон чинь С.Б- согтоод унтсан байсан. Харин эхнэрийнх нь дүү гэж залуу намайг зодоод миний гарыг гэмтээчихсэн...” гэсэн,
- Гэрч Г.Г-ын “...Б- над руу утсаар яриад найз нь найз дээрээ очих гэсэн юм. Найз маань дуудаад байна. Чи намайг хүргээд өгөөч гэж хэлэхээр нь би тэдний гэрийн гадаа очоод түүнийг гараад ир гэж утсаар нь дуудаж аваад явсан... Баянталд очоод блокон хашаатай айлын гадна буусан. Машинаас буухдаа найз нь болохоороо чамайг дуудна шүү гэхээр нь би за гэж хэлээд явсан. Л.Б-ыг айлын гадна буулгачхаад Уртынгол багийн зам дээрээс нэг хүн аваад Цагаанчулуут багт хүргэж өгөөд нөгөө хүнээ буулгаж байхад Л.Б- над руу эргэж залгаад би хүнд зодуулчихлаа, чи яаралтай хүрээд ирээч гэхээр нь би эргээд түүн дээр очсон. Намайг эргээд очих үед Л.Б- нөгөө айлаасаа яваад засмал зам дээр зогсож байсан. Түүнийг машиндаа суулгаад хэнд зодуулчихсан юм бэ гэсэн чинь манай найзын дүү нь намайг зодчихлоо, манай найз тасраад уначихсан байна гэж хэлсэн. Түүний дух нь халцарсан, баруун талын гар өвдөөд байна, миний гарыг хугалчих шиг боллоо гээд баруун талын гар нь унжаад чөлөөтэй хөдөлгөж чадахгүй байсан...” гэсэн,
- Гэрч Б.У-ы “...Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн 60-12а тоотод бусдад зодуулсан хүн байна гэсэн дуудлага мэдээлэл өгсний дагуу тухайн дуудлагаар очиж ажилласан. Тухайн хаяг дээр очиход Л.Б- гэж эрэгтэй хүн гэртээ 10-16 орчим насны хоёр хүүхдийнхээ хамт байсан. Тухайн хүнтэй уулзахад Өчигдөр өдөр гэл үү уржигдар өдөр гэл үү найзынхаа гэрт очсон чинь дүүд нь зодуулчихлаа. Эмнэлэгт үзүүлсэн чинь миний эгэм хоёр удаа хугарсан байна гэж хэлсэн...” гэсэн,
- Гэрч С.Б-ын “...7-8 хоногийн дараа гадуур явж байгаад найз Л.Б- руу утсаар ярьсан чинь танай эхнэрийн дүү намайг зодоод миний эгэмийг хугалсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгүүд, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 11 дугаартай дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ш.Э-ы энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаа дугаар зүйлийн 13-т ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулсан. Гэтэл шүүгдэгч Ш.Э нь хохирогч Л.Б-ын хуулиар баталгаажуулсан иргэний халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч Ш.Эы гаргаж буй үйлдэл нь хүний эрүүл мэндэд хохирол учруулах боломжтой, хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж түүнийг хүсч үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. Иймд шүүгдэгч Ш.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Л.Б- нь мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан хүсэлтдээ: “...Ш.Э надтай уулзаж уучлалт гуйсан тийм учраас надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн, хэрэгт хохирлын талаар нотлох баримт авагдаагүй байх тул шүүгдэгч Ш.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Шүүгдэгч Ш.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Улсын яллагч: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Эыг 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэв.
Шүүгдэгч Ш.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Ш.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт буруугаа хүлээн зөвшөөрсөн болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, түүний орлогыг харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Ш.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, түүний иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П овогт Ш-гийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш-гийн Э-ыг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Эд оногдуулсан 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Э нь 1,000,000 /нэг сая/ төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ш.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ