Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 411

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 10 өдөр                                   Дугаар 139/ШШ2019/00411                                                      Дундговь аймаг

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч Дундговь аймгийн С а сум,                 Үйзэн гэх газар оршин суух, Д овогт Б С  /РД:ЗМ /-ны ажилласан жил сэргээн тогтоолгох тухай 139/2019/00430/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж  нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  .... Б овогтой С миний бие ..., улсад 20 гаруй жил хөдөлмөрлөсөн. Миний бие нь бага наснаасаа эхлэн мал аж ахуй эрхэлж эхэлсэн. ... Би Хулд сумын Талын цэцэг нэгдлийн Бүлээн бригадад 1985 оны 11 сарын 01-ний өдрөөс 1990 оны 1 сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан хугацааг холбогдох материалыг  үндэслэн сэргээн    тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1986 оны 01 сарын 01 өдрөөс 1990 оны 01 сарын 01 хүртэл ажилласан жилээ тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэв.

 

 Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.С нь Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд 1986 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 1 сарын 01-ний өдрийг хүртэл   малчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага  гаргажээ.

Б.Сд хамаарах Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд 1986 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 1 сарын 01-ний өдрийг хүртэл   малчнаар ажиллаж байсан талаарх баримт архивт хадгалагдаагүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна. /хэргийн 5-р хуудас/

Нэхэмжлэгч Б.С нь Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд 1986 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 1 сарын 01-ний өдрийг хүртэл   малчнаар ажиллаж  байсан болох нь:

 

- Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 09 сарын 24-ний өдрийн 08/540 “ Хулд сумын Талын цэцэг нэгдэл, Талын цэцэг ББХК, Талын цэцэг хоршоо”-ны талаарх хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 6-р хуудас/

-Багийн Сд Хулд сумын Талын цэцэг нэгдлээс олгосон 1986-1988 онуудад хамаарах ажилласан хоног, авсан хөлсний бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 10-11 хуудас/

-Б.Сны  1987-1990 он,  1991 оны 1 сараас 1991 оны 7 сар хүртэлх хугацааны цалингийн баримтуудын хуулбар /хэргийн 12-21 хуудас/

 -Гэрч Х.Бү-ын “    Б.С  нь Дундговь аймгийн Хулд  сумын Талын цэцэг нэгдлийн Бүлээн бригадад 1985 оны 11 сард  илгээлтээр гарч хоньчиноор ажиллаж эхэлсэн.  Б.С нь нэгдэлд хувьчлал тарах хүртэл малчнаар ажиллаж байсан. Би  1973 оноос 1992 онд хувьчлал тарах хүртэл Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд зоо техникчээр ажиллаж байсан учраас Б.Сныг нэгдэлд мал маллаж байсан гэдгийг нь сайн мэдэж байна....” гэх мэдүүлэг /хэргийн 27-р  хуудас/

-Гэрч С.Сү-ын “ Б.С  нь Дундговь аймгийн Хулд  сумын Талын цэцэг нэгдлийн Бүлээн бригадад 1985 оны 11 сард  илгээлтээр гарч  хоньчиноор   мал маллаж эхэлсэн. Би тэр үед Бүлээн бригадын даргаар ажиллаж байсан.   Б.С нь нэгдэлд  1985 оны 11 сараас илгээлтээр гарснаас хойш хувьчлал тарах хүртэл малчнаар ажиллаж байсан. Би  1978 оноос  Хулд сумын Талын цэцэг нэгдэлд мужаан, аж ахуйн нярав Булаг, Бүлээн дарга, малчин зэрэг ажлуудыг хувьчлал тарах хүртэл хийж байсан ...”гэх мэдүүлэг /хэргийн 29-р  хуудас/

-Гэрч С.Цэ-ийн “ Б.С  нь Дундговь аймгийн Хулд  сумын Талын цэцэг нэгдлийн Бүлээн бригадад 1985 оны 11 сард  илгээлтээр гарч хоньчиноор аав ээжийн хамт байсан.  Б.С нь нэгдэлд илгээлтээр гарснаас хойш хувьчлал тарах хүртэл малчнаар ажиллаж байсан. Би 1980 оноос 1987 он хүртэл Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд бичээчээр, 1987 оноос хойш хувьчлал тарах хүртэл малчинаар ажиллаж байсан учраас Б.Сныг нэгдэлд мал маллаж байсан гэдгийг нь сайн мэдэж байна....” гэх мэдүүлэг /хэргийн 29-р хуудас/ зэргээр шууд байдлаар нотлогдож байна.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.1-д  заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д  овогт Б С /РД:ЗМ /-г  1986  оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг  тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Сгийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч тал  энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.Б