| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 181/2019/00470/И |
| Дугаар | 923 |
| Огноо | 2019-04-22 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 923
| 2019 оны 04 сарын 22 өдөр | Дугаар 181/ШШ2019/00923 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 1-332 тоотод оршин суух, Намнан овогт Төмөрбаатарын Намнансүрэнгийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, Н Ш Ш Г Г т холбогдох
үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өнөрзаяа, нарийн бичгийн даргаар Ч.Түмэнбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дүгээр сарын 14-ний өдрийн 979 дугаар захирамжаар Т.Н надаас 48.132.029 төгрөг гаргуулж “Хас банк”-д олгохоор шийдвэрлэсэн.
Дээрх төлбөрийн үүргийн гүйцэтгэл барьцаалагдсан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 332 тоот, 18 мкв орон сууцыг НШШГГ-аас үнэлгээчнээр үнэлгээ тогтоолгож 58.300.000 төгрөгөөр үнэлүүлсэн.
Миний бие тус үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул ШШГ тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу гомдол гаргаж, иргэний хэрэг үүсэн хянагдаж байгаад тус шүүхийн шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 181/Ш32018/04739 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцаасан. Иймд миний бие дээрх үндэслэлээр дахин нэхэмжлэл гаргаж байна.
Тус орон сууцыг 1989 онд миний эмээд Хотын гүйцэтгэх захиргаанаас өгсөн, миний гэр бүлийнхэн үе дамжин амьдарч байгаа гал голомт минь юм. Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээн дээр 18 мкв гэж бичигдсэн боловч гал зуухны болон коридорын талбайн хэмжээ ороогүй бичигдсэн байдаг тул 58.3 сая төгрөгийн үнэлгээ бидэнд хохиролтой байна. Манайх уг орон сууцаа 2 өрөө болгож амьдарч байгаа бөгөөд сүүлд баригдсан 1 өрөө орон сууцнуудтай харьцуулшгүй зай талбай томтой, байршил сайтай, хэт өндөрт биш 2 давхрын байршилтай, тохилог орон сууц юм. “Стандарчлал, тохирлын үнэлгээний тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдлыг хамгаалах объектод тогтоосон үндэсний стандартыг заавал мөрдөнө” гэж заасан ба Стандарчлал хэмжилзүйн үндэсний зөвлөлийн 2009 оны 1- дугаар сарын 24-ний өдрийн 52 дугаар тогтоолоор орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал MNS 6058:2009 стандартыг баталж, заавал мөрдөхөөр хуульчилсан. Энэхүү MNS 6058:2009 стандартад зааснаар орон сууцны барилгын доторх сууцны ариун цэврийн өрөө, тагт, харанхуй өрөө, хонгилын талбай зэргийг ашигтай талбайд тооцохоор заасан. Энэхүү хэмжилтийг барилгын зураг төсөл боловсруулах эрх бүхий байгууллага хийж гаргадаг.
Гэтэл НШШГГазрын томилсон үнэлгээний компани ийм хэмжилт байхгүй байхад өөрсдийн барагцаагаар таамгийн шинжтэй үнэлгээ тогтоосон нь хуульд ниицэхгүйн зэрэгцээ өмчлөгч миний эрх ашигт харшилж байна. Иймд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороон, 11 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 332 тоот, 18 мкв орон сууцыг НШШГГ-аас үнэлгээчин томилж тогтоосон 58.300.000 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгож, “Стандарчлал, тохирлын үнэлгээний тухай” хууль болон MNS 6058:2009 стандартын дагуу тус орон сууцны талбайн хэмжээг тогтоож, дахин үнэлүүлэхийг Н Ш Ш Г Г т даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан боловч энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа Хөрөнгийн үнэлгээний Баян модот ХХК-ийн 58 300 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах гэж багасган тодорхойлж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 979 дугаар захирамжаар хариуцагч Т.Н гээс 48.132.029 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулах, хэрэв төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2203003728 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 11 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 332 тоот хаягт байршилтай 18 мкв талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж Хас банкинд олгохоор шийдвэрлэжээ.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр үүсгэж, төлбөр төлөгч Т.Н д шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацаатай мэдэгдлийг гардуулсан боловч төлбөрийг барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Т.Н гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203003728 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүүргийн 8 дугаар хороо 11 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 332 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай орон сууцыг 2017 оны 05 дүгээр сарын 12-ны өдрийн 153/16 дугаар тогтоолоор битүүмжилж, 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 153/26 дугаар тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгөд талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй, үнийн санал ирүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар хөндлөнгийн шинжээчээр “Хөрөнгийн үнэлгээний баян модод” ХХК-ийг томилж үнэлгээ тогтоолгоход 58.300.000 төгрөгөөр үнэлсэн. Хөндлөнгийн шинжээчийн тогтоосон үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу төлбөр төлөгч Т.Н д 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 4/30628 тоот албан бичгээр мэдэгдэн баталгаат шуудангаар хүргүүлж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баримтжуулсан.
Иймд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээр хуулийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үндэслэлгүйгээр хүчингүй болгуулахыг хүссэн Т.Н гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хэргийг хянан хэлэлцээд, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Н нь хариуцагч Н Ш Ш Г Г т холбогдуулан, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 332 тоотод байрлах, 18 м.кв талбайтай орон сууцыг үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний баян модод ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх, тус нэхэмжлэлийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үнэлгээ хуульд заасан журмын дагуу хийгдсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж эс зөвшөөрч маргасан.
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2016/00979 дугаар захирамжаар Т.Н гээс 47 933 221 төгрөгийг гаргуулж Хас банкинд олгох, уг мөнгийг төлөөгүй тохиолдолд зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 332 тоотод байрлах, 18 м.кв талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна.
Т.Н нь шүүхээс шийдвэрлэсэн захирамжид заасан 47 933 221 төгрөгийн төлбөрийг төлөөгүйн улмаас Хас банк ХХК нь албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасныг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШЗ2017/02781 дугаартай шүүгчийн захирамж, 00235 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэнээр Н Ш Ш Г Г нь 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 17280284 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолыг үйлджээ.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 332 тоотын, 18 м.кв талбайтай орон сууцыг 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 153/16 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол үйлдэж, мөн өдрөө төлбөр төлөгч Т.Н тэй уулзаж, төлбөрийг 7 хоногийн дотор төлөх хугацааг олгож, энэ хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд орон сууцыг хурааж худалдан борлуулахыг мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийг үйлдэн, мөн 153 дугаартай Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг бичиж, төлбөрийг 2017 оны 05 дугаар сарын 19-ний дотор төлөхийг төлбөр төлөгч Т.Н д мэдэгдсэн байна.
Төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэгчээс төлбөрийг барагдуулахаар тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүйн улмаас шийдвэр гүйцэтгэгч нь 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Эд хөрөнгө хураасан 153/26 дугаартай тогтоолыг эд хөрөнгийн эзэн Т.Н , хөндлөнгийн гэрч Г.Ариунжаргал, Б.Төгөлдөр нарыг байлцуулан үйлдээд, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийг бичиж, төлбөр төлөгч Т.Н г 2017 оны 07 дугаар сарын 17-ны дотор төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд үнийн санал авч төлбөр авагч талд танилцуулахыг мэдэгдэж, шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэх мэдэгдлийг өгсөн байхад Т.Н нь шийдвэр гүйцэтгэгчээс тогтоосон хугацаанд мөн төлбөрийг төлж барагдуулаагүй байна.
Улмаар шийдвэр гүйцэтгэгч нь 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 3/23080 дугаартай албан бичгээр Т.Н д Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнийн саналаа 2017 оны 09 дүгээр сарын 25-ны дотор ирүүлэхийг мэдэгдсэн байтал төлбөр төлөгч Т.Н нь үнийн саналаа шийдвэр гүйцэтгэгчид ирүүлээгүй байна. Төлбөр авагч Хас банк нь 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 5522/313 тоот албан бичгээр Т.Н гийн барьцааны хөрөнгийн зах зээлийн бодит ханшийг тогтоож, үнэлгээчин томилуулах хүсэлт гаргасны дагуу шийдвэр гүйцэтгэгч нь 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Шинжээч томилох тухай 295 дугаар тогтоолыг үйлдэж, шинжээчээр хөрөнгийн үнэлгээний Баян модот ХХК-ийг томилжээ./хх-44-46/
Хөрөнгийн үнэлгээний Баян модот ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 17/11-05 дугаар албан бичгээр, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 332 тоотын, 18 м.кв талбайтай орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн ашиглалтын байдалд хийсэн дүгнэлт, түүнийг шинжилж зах зээлийн үнэлгээг 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн байдлаар 58.3 сая төгрөгөөр тогтоон үнэлсэн тайланг гаргасан байна./хх-47-50/
Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар маргаагүй, Хөрөнгийн үнэлгээний Баян модот ХХК-ийн үнэлсэн үнэлгээ нь Стандарчлал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдлыг хамгаалах объектод тогтоосон үндэсний стандартыг заавал мөрдөнө” гэж заасан ба Стандарчлал хэмжилзүйн үндэсний зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 52 дугаар тогтоолоор орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал MNS 6058:2009 стандартыг баталж, заавал мөрдөхөөр хуульчилсан. Энэхүү MNS 6058:2009 стандартад зааснаар орон сууцны барилгын доторх сууцны ариун цэврийн өрөө, тагт, харанхуй өрөө, хонгилын талбай зэргийг ашигтай талбайд тооцохоор заасан байхад хэмжилтийг хийлгүй өөрсдийн барагцаагаар таамгийн шинжтэй үнэлгээ тогтоосон...гэж марган тухайн орон сууцны талбайн хэмжилтийг Брайт пойнт ХХК-иар хийлгэсэн ба Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 332 тоотын, 18 м.кв талбайтай орон сууцны талбайн хэмжээг 41.43 м.кв гэж тогтоосон тайланг нотлох баримтаар шүүхэд өгчээ.
Нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлд дурдсан маргааны зүйл болсон Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 332 тоотын, 18 м.кв талбайтай орон сууцны зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор Н Ш Ш Г Г нь Баян модот ХХК-ийг шинжээчээр томилсон болохоос тухайн орон сууцны метр квадрат-талбайн хэмжээг тогтоолгохоор Баян модот ХХК-ийг шинжээчээр томилоогүй.
Түүнчлэн, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заасантай нэхэмжлэгчийн маргаж буй ...орон сууцны талбайн хэмжээг тогтоогоогүй, хэмжилт байхгүй байхад өөрсдийн барагцаагаар таамгийн шинжтэй үнэлгээ тогтоосон... гэх үндэслэл нийцэхгүй бөгөөд энэ нь няцаагдаж байна.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч болох өмчлөгч Т.Н нь орон сууцны үнийн саналыг ирүүлээгүйн улмаас үүрэг гүйцэтгүүлэгч Хас банк ХХК нь шинжээч томилж үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргасны дагуу хариуцагч байгууллага нь шинжээчээр Хөрөнгийн үнэлгээний Баян модот ХХК-ийг томилж, зах зээлийн үнэлгээ тогтоолгосон нь хууль зөрчөөгүй гэж үзнэ.
Баян модот ХХК нь төлбөр төлөгчийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 332 тоотын, 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг тухайн үеийн зах зээлийн 1/. Орлогын хандлагын арга, 2/. Зах зээлийн хандлагын арга зэрэг аргуудыг тус тус ашиглан Шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд тус тус заасан журмыг баримтлан үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг хийж, 58 300 000 төгрөг болохыг нь тогтоожээ. Тухайн компанийн тогтоосон энэхүү эд хөрөнгийн үнэлгээ хуулийн дагуу хийгдсэн, төлбөр төлөгч буюу гомдол гаргагч Т.Н гийн эрх ашгийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Иймээс, дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 177 дугаарзүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2017 он/-ийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Н Ш Ш Г Г т холбогдох, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 332 тоотод байрлах, 18 мкв талбайтай орон сууцыг үнэлсэн Баян модот ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн Т.Н гийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Хонгорзулын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг хуульд заасан журмын дагуу гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ