| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийгэрийн Амартөгс |
| Хэргийн индекс | 182/2018/03084/И |
| Дугаар | 00147 |
| Огноо | 2019-01-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 00147
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэгт байрлах, М ХХК /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэгт байрлах, МО хадгаламж зээлийн хоршоо /-д холбогдох,
“Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 74.952.667 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гүнчмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюу-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч М ХХК-ийн төлөөлөгч Ш.Өлзийсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “***** тоот регистрийн дугаартай, 9031001104 тоот улсын бүртгэлийн дугаартай, 12 тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээтэй МО хадгаламж зээлийн хоршоо нь манай байгууллагаас 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 60,000,000 төгрөгийг 3,5 хувийн хүүтэй, 12 сарын /2018 оны 07 дугаар сарын 06 хүртэл/ хугацаатайгаар зээлсэн бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 60,000,000 сая төгрөг, 2018 оны 07 дугаар сараас зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгээ төлөөгүй бөгөөд бизнесийн үйл ажиллагаа нь хүндрэлтэй байгааг мэдэгдэж, зээлийн хүүгээ зогсоох арга хэмжээ авч өгөхийг хүссэн зэргийг үндэслэн Зээлийн гэрээний 4.7 дахь хэсэгт зааснаар зээл төлөгдөж дуустал зээл болон нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү төлөх үүрэг хүлээсэн бөгөөд /хавсралт 1-д / энэ нь нэмэгдүүлсэн хүү 2,142.667 төгрөг, зээлийн хүү 12,810,000 төгрөг, үндсэн зээл 60,000,000 төгрөг, нийт 74,952.667 төгрөгийг барьцааны гэрээний 2.10-т зааснаар зээлдэгч МО хадгаламж зээлийн хоршооны барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гүнчмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “МО хадгаламж зээлийн хоршоо нь 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 60,000,000 төгрөгийг М ХХК-иас 1 жилийн хугацаатай 3.5% хүүтэйгээр зээлж авсан байдаг. 2018 оны 07 сард зээлийн хүүгээ төлсөн боловч үүнээс хойш зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлж байгаагүй. Ингээд өөрсдөө зээлийн хүүг зогсоох хүсэлт тавьсан учраас манайх шүүхэд хандсан байгаа. Үндсэн зээл 60,000,000 төгрөг, зээлийн хүү 12,810,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,142,667 төгрөг, нийт 74,952,667 төгрөгийг хариуцагч эргэн төлөх ёстой. Хэрэв хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан.
Зээл авснаас хойш 12 сарынхаа зээл дуусах хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлсөн. Бидний нэхэмжилж байгаа 74,952,667 төгрөг нь 2018 оны 07 сараас эхлээд нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү байгаа 2018 оны 07 сарыг хүртэл төлсөн. 2017 оны 07 дугаар сарын 06-нд 1 жилийн хугацаатай зээл аваад 2018.07 сар хүртэл хүүгээ төлсөн.
2018 оны 06 дугаар сарын 06-12 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хугацааны хүү 12,810,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 60,000,000 төгрөгийн зээлийн хүү 12,810,000 төгрөгөөс тооцсон хугацаа нь мөн 2018 оны 06 дугаар сарын 06-12 дугаар сарын 06 байгаа. Үндсэн зээлээс 1 ч төлөлт хийгдээгүй” гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч МО хадгаламж зээлийн хоршоонд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 60,000,000 төгрөг, зээлийн хүү 12,810,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,142,667 төгрөг, нийт 74,952,667 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай тус тус нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч М ХХК, хариуцагч МО хадгаламж зээлийн хоршоо нарын хооронд 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ болон барьцааны гэрээ тус тус байгуулагдсан, уг гэрээгээр хариуцагч МО хадгаламж зээлийн хоршоо нь 60,000,000 төгрөгийг, сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдэж, гэрээнд заасан хугацаанд хавсралт 1-д заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл төлөх үүргээ эхний 3 сар зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд 4 дэх сараас эхлэн эргэн төлөлтийн хуваарь төлөгдөөгүй үндсэн өрийн үлдэгдлээс үндсэн хүүг сарын хүүний 20 хувиар нэмэгдүүлэн тооцох нөхцөлтэйгөөр тохиролцож, зээлийн барьцаанд МО хадгаламж зээлийн хоршооны өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-********* дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруугийн 20/5 дугаар байрны 3 тоот 40.4 м.кв талбайтай, орон сууц, оффисыг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №200629 дугаартай зээлийн гэрээ, гэрээний хавсралт, 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №200629 дугаартай барьцааны гэрээ болон нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогджээ. /хх-ийн 6-8, 9-10 дүгээр тал/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2018 оны 07 дугаар сараас зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгээ төлөөгүй бөгөөд бизнесийн үйл ажиллагаа нь хүндрэлтэй байгааг мэдэгдэж, зээлийн хүүгээ зогсоох арга хэмжээ авч өгөхийг хүссэн зэргийг үндэслэн Зээлийн гэрээний 4.7 дахь хэсэгт зааснаар зээл төлөгдөж дуустал зээл болон нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү төлөх үүрэг хүлээсэн бөгөөд /хавсралт 1-д / энэ нь нэмэгдүүлсэн хүү 2,142.667 төгрөг, зээлийн хүү 12,810,000 төгрөг, үндсэн зээл 60,000,000 төгрөг, нийт 74,952.667 төгрөгийг барьцааны гэрээний 2.10-т зааснаар зээлдэгч МО хадгаламж зээлийн хоршооны барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү...” гэж тайлбарлажээ.
Шүүх хариуцагч МО хадгаламж зээлийн хоршооны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Р Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.2, 72.3-т заасан журмын дагуу 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийг гардуулан өгч, 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэйг тайлбарлаж өгсөн. /хх-ийн 23-24 тал/
Гэвч хариуцагч МО хадгаламж зээлийн хоршооны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Рита нь хуульд заасан хугацаанд тайлбар өгөөгүй, холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй болно.
Хариуцагч МО хадгаламж зээлийн хоршооны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Рита нь шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүргээ биелүүлээгүй, хэргийн оролцогчдын эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжит хугацааг шүүхээс олгож шүүх хуралдааныг хойшлуулж байсан. /хх-ийн 31-33 дугаар тал/
Шүүх хариуцагч МО хадгаламж зээлийн хоршооны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Р 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 15.00 цагт товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсан болон өөрөө шүүх хуралдааныг товыг мэдэж гарын үсэг зурсан боловч хариуцагч тал нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийн дагуу мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.
Талуудын хооронд байгуулагдсан дээрх зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1-д заасан хуулийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Зээлийн гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл байх тул зээлдэгч хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй.
Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх бөгөөд зээлийн гэрээний 5.2.2-т зээлдэгч нь зээлийн хүүг энэхүү гэрээний хавсралт №1-д заасан хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээжээ. /хх-ийн 6 дугаар талын ар/
Зээлийн гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл байх тул зээлдэгч хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй.
Хариуцагч МО хадгаламж зээлийн хоршоо нь зээлийн гэрээний хугацаанд зээлийн хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүү төлсөн ба зээлийн гэрээний хугацаа дууссан буюу 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс хойш зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөөгүй болох нь хэрэгт авагдсан баримт МО хадгаламж зээлийн хоршооноос нэхэмжилж буй зээлийн нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээлийн тооцоо, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 11 дүгээр тал/
Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр дууссан боловч, хариуцагч гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлийн үлдэх хэсэг, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжлэх эрхтэй.
Хариуцагч 2017 оны 07 дугаар сарын 06-ноос хойш зээлийн төлбөрийг төлөөгүй байх тул зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх, авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүүг төлөх үүрэгтэй.
Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч МО хадгаламж зээлийн хоршооноос үндсэн зээл 60,000,000 төгрөг, зээлийн хүүнд 12,810,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2,142,667 төгрөг, нийт 74,952,667 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202012965 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруугийн 20/5 дугаар байрны 3 тоот 40.4 м.кв талбайтай, орон сууц, оффисыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дүгээр зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч МО хадгаламж зээлийн хоршооноос 74,952,667 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч МО хадгаламж зээлийн хоршоо нь зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202012965 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруугийн 20/5 дугаар байрны 3 тоот 40.4 м.кв талбайтай, орон сууц, оффисыг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 602,913 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч МО хадгаламж зээлийн хоршооноос 602,913 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.