| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 169/2023/0037/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/38 |
| Огноо | 2023-03-15 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ч.О |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн
2023 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 2023/ШЦТ/38
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга *******
Улсын яллагч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.*******
Шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн Ц.*******т холбогдох эрүүгийн 2322000000026 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1984 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Дундговь аймгийн Адаацаг суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 1, Дундговь аймгийн Адаацаг сумын 2 дугаар баг ******* ******* гэх газарт нутаглах урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* овогт *******гийн ******* /РД/.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ц.******* нь Дундговь аймгийн Адаацаг сумын 2 дугаар баг “******* *******” гэх газарт 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 10 цагийн орчимд иргэн Ц.г модоор зодож эрүүл мэндэд нь зүүн чигчий хурууны 4 дүгээр шивнүүр ясны далд хугарал, баруун, зүүн бугалга, нурууны зөөлөн эдийн няцрал цус хуралт бүхий хүндэвтэр хохирлыг санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна” гэв.
Шүүгдэгч Ц.*******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би Адаацаг сумын 2 дугаар багийн “******* *******” гэх газарт төрсөн эгч гийн хамт оршин суудаг юм. 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр айлд оччихоод ирэхэд манай эгч намайг муу сайн архичид гэж хэлж байсан. Тэр үед би эгчтэй хэрэлдэж маргаагүй чимээгүй өнгөрсөн. Маргааш өдөр нь буюу 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өглөөний 10 цагийн орчимд гэртээ байж байтал эгч үхэр малаа тавьчихаад гэрт орж ирсэн. Тэгээд би эгчийн өчигдөр хэлсэн үгийг нь бодоод ер нь танай гэрт хэзээ архи дарс уудаг байсан юм. Танайд согтуу хөлчүү ирж байсан удаа байхгүй гэсэн. Тэгээд бид 2 гэрээс маргалдаж гарсан. Ингээд би гэрийн үүдэнд байсан нарийн модыг аваад нуруун дундуур нь 2-3 удаа цохисон. Өөр газар нь цохиогүй. Тэгээд би мал руугаа мордоод явсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Урьд өмнө нь эгчийг зодож байсан асуудал байхгүй. Би эгчийн нурууны орчимд нэлээд хэдэн удаа цохисон. Эгч гараараа хамгаалаад байсан. Би 2004 онд цэргээс халагдаж ирснээсээ хойш Адаацаг суманд мал маллан амьдарч байгаа. Гэр бүл зохиож байгаагүй. Прокурорын тогтоолтой танилцсан. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 /
Хохирогч Ц.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2023 оны 01 сарын 02-ны өдөр Адаацаг сум 2 дугаар баг “******* *******” гэх газар нутаглах өөрийн гэртээ 10 цагийн үед малын тэжээлээ өгөх гээд байж байтал манай төрсөн дүү ******* надад хандаж пизда минь юм асууя ороод ир хов яриад гэхээр нь *******т би хов яриагүй гэсэн чинь ******* надад хандаж “би танай гэрт ирж архи уудаггүй шүү пизда чинь” гээд өөдөөс дайраад байсан. Тэгэхээр нь би айгаад гэрээс гараад зугтаасан чинь араас гүйж ирсэн. Би гэрийн зүүн урд талд газар ойчсон чинь намайг барьж байсан модоороо зодож эхэлсэн. Миний биеийн зүүн гар руу 3 удаа, баруун гар руу 1 удаа, баруун мөр рүү 2 удаа, нуруу шилэн хүзүүний хэсэгт модоор цохиж зодсон. Тухайн үед би их айсан. Намайг хамгаалах хүн байгаагүй. Гэрт 5 дугаар ангийн охин унтаж байсан. Гэхдээ дараа нь хаалгаар намайг зодуулж байгааг харсан гэж хэлж байсан. Би аймагт ирээд эмнэлэгт үзүүлээд гарын яс хугарсан байхаар нь *******т утсаар залгаж “гарын яс хугарсан байна” гэж хэлсэн чинь ******* “хохь чинь пизда минь амнаасаа болсон” гэж хэлсэн. Өөр зүйл болоогүй. Тухайн үед ******* болон гэрт манай 5 дугаар ангийн хүүхэд унтаж байсан. Дараа надад манай хүүхэд хэлэхдээ би гадаа чимээ гараад байхаар нь хаалгаар харсан чинь таныг ******* зодоод байх шиг байсан, айгаад байсан болохоор сайн хараагүй гэж ярьж байсан. ******* урьд өмнө нь намайг айлган сүрдүүлж миний биед халдаж зодож байсан зүйл байхгүй. ******* миний төрсөн дүү байгаа юм. Ам бүл тусдаа тоологдож явдаг. Намайг зодсонд нь гомдолтой байна. Хуулийн дагуу шалгуулах хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 05-06/
Насанд хүрээгүй гэрч Т.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2023 оны 01 сарын 02-ны өглөө Адаацаг сумын хөдөө байх гэртээ байж байсан чинь 10 цагийн үед байх би сайн санахгүй байна. Би унтаж байгаад сэрэхэд манай гэрт хүн байгаагүй. Тэгээд би гэрийнхээ хаалгаар шагайгаад харахад манай гэрийн зүүн урд талд ээж руу ээжийн дүү ******* ах чанга хашхираад зодох гээд байгаа юм шиг санагдсан. Тэгэхээр нь би их айгаад гэрийнхээ зүүн орон дээр суусан юм. Би гадаа өөр юу болсон талаар мэдэхгүй байна. Намайг гэрийнхээ хаалгаар шагайгаад харахад ******* ах манай ээж рүүгээ чанга хашхираад зодох гээд байгаа юм шиг санагдсан байна. Тэгэхээр нь би гэрийнхээ зүүн орон дээр суусан юм. Өөр зүйл мэдэхгүй. ******* ах миний биед халдаж, зодож, айлгаж, сүрдүүлж байсан зүйл байхгүй. ******* ах манай ээж г урьд өмнө нь биед халдаж, зодож, айлгаж сүрдүүлж байсан зүйл байхгүй. Би тухайн үед ******* чанга дуугараад байхаар нь би маш их айсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/
Дундговь аймгийн шүүх шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 17 дугаартай:
1,2. Ц.гийн биед зүүн чигчий хурууны 4 дүгээр шивнүүр ясны далд хугарал, баруун, зүүн бугалга, нурууны зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтлүүд хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн 5 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байна.
4. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
5. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Шивнүүр ясны хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэг зөөлөн эдийн няцрал нь тус тусдаа болон бүрдэл байдлаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-16/
Хохирогч Ц.гийн Дундговь аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 1/
Ц.гийн Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн эмнэлгийн үзлэгийн хуудас /хх-ийн 29-30/
Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32/
Шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн хохирол төлсөн талаарх баримт болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Үйл баримтын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч Ц. нь 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 10 цагийн орчим бусдад зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд зүүн чигчий хурууны 4 дүгээр шивнүүр ясны далд хугарал, баруун, зүүн бугалга, нурууны зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл учирсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруу хэргийн зүйлчлэлийн талаар:
Хохирогч Ц.гийн эрүүл мэндэд учирсан зүүн чигчий хурууны 4 дүгээр шивнүүр ясны далд хугарал, баруун, зүүн бугалга, нурууны зөөлөн эдийн няцрал цус хуралт” гэмтлийг шүүгдэгч Ц.******* нь 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Дундговь аймгийн Адаацаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “*******-Ихэр” гэх газарт модоор цохиж учруулсан болох нь хэрэгт авагдсан хохирогч Ц.гийн “...Би гэрийн зүүн урд талд газар ойчсон чинь намайг барьж байсан модоороо зодож эхэлсэн. Миний биеийн зүүн гар руу 3 удаа, баруун гар руу 1 удаа, баруун мөр рүү 2 удаа, нуруу шилэн хүзүүний хэсэгт модоор цохиж зодсон. ... Би аймагт ирээд эмнэлэгт үзүүлээд гарын яс хугарсан байхаар нь *******т утсаар залгаж “гарын яс хугарсан байна” гэж хэлсэн” гэх мэдүүлэг болон шинжээчийн 2023 оны 01 сарын 05-ны өдрийн 17 дугаартай хохирогч Ц.гийн биед “зүүн чигчий хурууны 4 дүгээр шивнүүр ясны далд хугарал, баруун, зүүн бугалга, нурууны зөөлөн эдийн няцрал цус хуралт” бүхий хүндэвтэр гэмтэл учирсаныг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.*******ын хохирогч Ц.г модоор зодож түүний эрүүл мэндэд “зүүн чигчий хурууны 4 дүгээр шивнүүр ясны далд хугарал, баруун, зүүн бугалга, нурууны зөөлөн эдийн няцрал цус хуралт” бүхий хүндэвтэр зэргийн гэмтлийг учруулж байгаа үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч Ц.*******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хохирол төлбөрийн талаар:
Шүүгдэгч Ц.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ц.гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирчээ. Шүүгдэгч Ц.******* нь хохирогч Ц.д 2.000.000 төгрөгийн хохирол төлсөн талаархи баримтыг шүүхэд ирүүлсэн, хохирогч Ц. шүүхэд хохирлын талаар ямар нэгэн баримт ирүүлээгүй, шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй тухайгаа шүүхэд мэдэгдсэн байна. Иймд шүүгдэгч Ц.*******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.
Хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан түүнээс хохиролтой холбоотой баримтыг ирүүлээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар хохирогч Ц. нь цаашид гарах хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг заахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 06 дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэжээ. Прокуророос шүүгдэгч Ц.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэх саналыг бичгээр гарган, шүүгдэгч Ц.*******т холбогдох эрүүгийн 2322000000026 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцсэн байна гэж дүгнэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул прокурорын саналын дагуу шүүгдэгч Ц.*******т Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдлаа.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ц.******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар хохирогч Ц. нь цаашид гарах хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.УУГАНБАЯР