Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/112

 

 

 

 

 

                                             2023/ШЦТ/112

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: Ж.Ундармаа

Шүүгдэгч: С.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Сын Бт холбогдох 2212002340114 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, малчин, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт А аймгийн Х сумын Х багийн .. гэх газарт оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Сын Б /РД:../

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч С.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч С.Б нь 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Хайрхан сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт хохирогч З.Огийн гээгдүүлсэн 1.200.000 төгрөгийн үнэлгээ бүхий Galaxy S21 5G маркийн гар утсыг бусдын эзэмшлийн хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч 2022 оны 09 дүгээр сард ломбарданд 700.000 төгрөгийн барьцаанд тавьж завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч З.Огийн мэдүүлсэн “Би 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Хайрхан суманд ирсэн гар утасны лизингийн худалдаанаас Galaxy S21 5G маркийн бүдэг ягаан өнгийн гар утсыг 2.200.000 төгрөгөөр худалдан авсан. Тэгээд 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Хайрхан сумын Хайрхан багийн нутгаар айлуудаар бэлэн хувцас зарж яваад тухайн утсыг гээгдүүлсэн. Тэгээд би явсан газраараа маргааш нь дахин явж утсаа хайсан боловч олдоогүй”, “би утсаа ололгүй байж байгаад 2022 оны 12 дугаар сарын 05-ны орчим миний гээгдүүлсэн Galaxy S21 5G маркийн бүдэг ягаан өнгийн гар утсыг Архангай аймгийн Хайрхан сумын Хайрхан багт оршин суух С.Б гэдэг хүн олж аваад гэртээ авдартаа байлгаж байгаад 2022 оны 09 дүгээр сард Улаанбаатар хот руу явахдаа ломбарданд тавьсан, тэгээд авч чадаагүй алдсан гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18, 21-22/,

 

гэрч Б.Нийн мэдүүлсэн “маргааш нь буюу 2022 оны 06 дугаар сарын 05-нд З.О гэх хүн дахин манайд ирээд өчигдөр би бараа зарж яваад өөрийн гар утсаа гээчихжээ, танайд орхиогүй байна уу, орсон айлуудаараа асууж явна гээд манайхаар орж ирээд явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,

 

гэрч Д.Нгийн мэдүүлсэн “2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Хайрхан суманд ирсэн гар утасны лизингийн үйлчилгээгээр “Galaxy S21 5G” маркийн бүдэг ягаан өнгийн гар утсыг 2.200.000 төгрөгөөр шинээр нь надтай хамт очиж худалдаж авч байсан юм. Түүнээс хойш 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр З.О эгч би нөгөө “Galaxy S21 5G” маркийн гар утсаа өчигдөр хөдөөгүүр айлуудаар бараа зарж яваад алдчихлаа гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 /,

 

гэрч Т.Агийн мэдүүлсэн “Миний өөрийн ажиллуулдаг Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 8а байрны 3 тоотод байрлалтай “Бадрах баян булаг” нэртэй барьцаалдан зээлдүүлэх үйл эрхэлдэг газарт 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 13 цаг 23 минутад эмэгтэй хүн орж ирээд Galaxy S21 5G маркийн гар утсыг барьцаанд авах уу гэсэн. Тэгэхээр нь би авна гэхэд хэдэн төгрөгөөр авах уу гэхээр нь би 700.000 төгрөгөөр авна гэхэд за тэгвэл тэр үнэнд барьцаанд тавъя гээд надад иргэний үнэмлэхээ өгсөн. Тухайн иргэний үнэмлэхийг харахад Сын Б гэсэн нэртэй хүн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/

 

гэрч С.Бийн мэдүүлсэн “С.Б нь эмнэлгээр үзүүлж яваад мөнгөгүй болчихлоо гээд над руу гар утсаар яриад гар утсаа ломбарданд тавьчихаад явъя, би өөрийн нэр дээр ломбарданд тавих гэхээр Улаанбаатар хот руу орж ирж авч чадахгүй, тийм болохоор таниар авахуулахад амар гээд миний нэр дээр ломбарданд тавих гэсэн юм гэхээр нь би за тэг гээд өөрийн нэр дээр С.Бийн барьж байсан гар утсыг 21 дүгээр хорооллын хавьцаа байдаг гар утас авдаг ломбарданд би өөрийн иргэний үнэмлэхээ үзүүлээд 700.000 төгрөгөөр тавьсан. Тэгээд мөнгийг С.Б өөрөө аваад явсан. Мөн тухайн гар утас кодтой байсан болохоор би тухайн гар утасны кодыг Хархорин захын тэнд 50.000 төгрөгөөр гаргуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/

 

гэрч Б.Пгийн мэдүүлсэн “Би 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр онлайнаар тухайн бүдэг ягаан өнгийн Galaxy S21 5G маркийн гар утсыг 1.000.000 төгрөгөөр худалдаж аваад тухайн гар утсаа барьж байгаад буцаагаад зарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/

 

С.Бийн мөрдөн байцаалтын шатанд өөрийн гэм бурууг хүлээж яллагдагчаар мэдүүлсэн “Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй. Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. 2022 оны хавар шиг санагдаж байна, манайх зусланд буух үеэр юм байна, манай гэрийн гадаа Архангай аймгийн Хайрхан сумын Хайрхан багийн Омбо гэх газарт нойл руу явах замдаа гэрийнхээ гаднаас улаан хавтастай, том дэлгэцтэй утас олсон. Тэгээд тухайн үед гэртээ авдартаа хийгээд маргааш нь нүүдэл суудал хийж байгаад мартчихсан байж байгаад 2022 оны 08 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хот руу ороод цэнэглэж байгаад асаахад дэлгэц дээрээ кодтой байхаар нь эгч Бт өгөөд кодыг нь гаргуулуулсан. Би өөрөө эмнэлгээр яваад завгүй байсан, тэгээд мөнгөний хэрэг гараад эгч Бээр ломбарданд 700.000 төгрөгөөр тавиулсан. Тэгээд мөнгөний боломж олдоогүй тухайн утсыг орхичихсон юм” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65/,

 

“Дамно” ХХК-ний 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн АЦ-22-124 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 51-54/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.   

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүгдэгч С.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэргийн улмаас хохирогч З.Од учирсан 1.200.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч С.Б нь төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

   

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгч С.Бийн хүлээн зөвшөөрсөн ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч С.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч С.Бт оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч С.Б нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Бийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч С.Бийг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох талаар хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцуулаагүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Сын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бт оногдуулсан 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.Бийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.АЛТАНЦЭЦЭГ