| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 171/2023/0104/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/102 |
| Огноо | 2023-03-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.8.1., |
| Улсын яллагч | Г.Анх-ирээдүй |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 2023/ШЦТ/102
2023 03 23 2023/ШЦТ/102
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа,
Улсын яллагч Г.Анх-Ирээдүй,
Шүүгдэгч Ш.Б-, Э.Б-, Б.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт Ш-ын Б-э, Б- овогт Э-ын Б- нар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Далайчин овогт Б- Мөнх-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн 2325000850152 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дугаар сарын 0-ний өдөр Орхон аймагт төрсөн, 0 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “....” ХХК-нд засварын мастер ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт, Орхон аймгийн Жаргалант сумын 0 баг 0-0 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б- овогт Ш-ын Б-э /РД: хх0000000/,
Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дугаар сарын 0-ний өдөр Орхон аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сувилахуйн арга зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, эхнэр, хүүхдийн хамт, Орхон аймгийн Жаргалант сумын 0 багийн 0-0 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б- овогт Э-ын Б- /РД: ФВ98021418/,
Монгол Улсын иргэн, 1996 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Орхон аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, тээврийн хэрэгслийн инженер мэргэжилтэй, Орхон аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газарт боловсрол, соёл, спортын асуудал хариуцсан мэргэжилтэн, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Орхон аймгийн Жаргалант сумын Жаргалант баг 4-16 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Далайчин овогт Б- Мөнх-Эрдэнэ /РД: ФВ96040911/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө Орхон аймгийн Жаргалант сумын Жаргалант баг 2 дугаар байрны гадна талд хохирогч О.Н-тай “чи муу яасан гоё ах нартай юм бэ?” гэж хэлж маргалдан, улмаар гараараа нүүр лүү нь цохиж эрүүл мэндэд “зүүн хөмсөгт 1 тооны няцарсан, зүүн завжинд 1 тооны зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Э.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө Орхон аймгийн Жаргалант сумын Жаргалант багийн 2 дугаар байрны гадна талд хохирогч Б.М-йг нүүр лүү нь гараараа 2 удаа цохисон гэсэн шалтгаанаар маргалдан, улмаар толгойгоороо хохирогчийн хамар хэсэгт мөргөж эрүүл мэндэд “Хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө Орхон аймгийн Жаргалант сумын Жаргалант багийн 2 дугаар байрны гадна О.Н-гийн жолоодож явсан хохирогч Р.Р.Х-ын эзэмшлийн Тоёото приус 30 маркийн 00-00 ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шилийг гараараа цохиж хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш буюу 450,000 төгрөгийн хохирол, 30,000 төгрөгийн хор уршиг учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
- Шүүгдэгч Ш.Б- шүүх хуралдаанд: “...Гэм буруугаа хүлээж байна...” гэсэн мэдүүлэг,
- Шүүгдэгч Э.Б- шүүх хуралдаанд: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг,
- Шүүгдэгч Б.М- шүүх хуралдаанд: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:
- Хохирогч О.Н- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Тэгэхээр нь би машинаас буугаад Ш.Б- ах Э.С- ахыг газар унагаагаад байхаар нь салгах гээд очсон. Тэгтэл Ш.Б- нь “чи муу яасан гоё ах нартай юм бэ” гээд миний нүүр лүү гараараа 1 удаа цохисон. Тэгснээ намайг газар унагаагаад цамцнаас чирээд байсан. Тэгэхээр нь би арай хийж түүнээс салж зугтаагаад машины жолооны ард суусан юм. Тэгтэл Б.М- ах ирээд шууд машины салхины шил рүү гараараа 1 удаа цохисон. Тэгэхээр нь би машинтайгаа зугтаж явсан бөгөөд 2 дугаар байрны хойно очоод цасанд тээглээд зогссон юм. Энэ үед машинд Х- байсан. Тэгтэл Э.Б-, Э.С-, Ш.Б-, Б.М- нар нь над дээр ирчихсэн байсан юм. Тэгээд тэд нар хоорондоо маргалдаад байсан бөгөөд би тэд нараас арай зайдуу байсан юм. Ийм л үйл явдал болсон. Тухайн үед би машин барьж хөдлөхдөө хэн нэгнийг дайраагүй, мөргөөгүй, хөл дээгүүр нь гараагүй юм. Миний хувьд хэн нэгнийг цохиж зодоогүй бөгөөд намайг Ш.Б-эс өөр хүн цохиж зодоогүй ээ. Бусад хүмүүс хэн хэнийгээ яасныг хараагүй болохоор мэдэхгүй байна. Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн 2023 оны 01 дугаар сарын 06- ны өдрийн №85 дугаартай дүгнэлттэй танилцсан бөгөөд миний биед учирсан зүүн хөмсөгт 1 тооны няцарсан шарх, зүүн завьжинд 1 тооны зулгаралт зэрэг гэмтлүүдийг Ш.Б- ах гараараа намайг хэд хэдэн удаа цохихдоо учруулсан юм. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19х/,
- Хохирогч Б.М- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Намайг эхлээд Э.Б- нь толгойгоороо миний хамар луу мөргөсөн юм. Дараа нь нэг нь миний зүүн нүд рүү гараараа 1 удаа цохисон юм. Хэн цохисныг нь мэдэхгүй байна. Мөн би машин хөдлөхөд сандраад хөлөөрөө эвгүй уначихсан юм. Миний хувьд хэнд ч гар хүрээгүй бөгөөд Э.Б-тай л барьцалдаж авсан юм. Бусад хүмүүс хоорондоо юу болсныг хараагүй болохоор мэдэхгүй байна. Би Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №84 дугаартай дүгнэлттэй танилцсан бөгөөд миний биед учирсан хамрын ясны хугарал, таславчийн муруйлт гэмтлийг Э.Б- нь намайг толгойгоороо нэг удаа мөргөж учруулсан юм. Баруун хөлийн гуянд цус хуралт гэмтэл нь би машин хөдлөхөд өөрөө эвгүй унасан бөгөөд тэгэхэд л учирсан байх. Харин зүүн нүдний зовхинд учирсан гэмтлийг хэн учруулсныг хараагүй болохоор мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25х/,
- Хохирогч Р.Р.Х- мөрдөн шалгах ажиллагаанд: “...2022 оны 12 дугаар сарын 30-ны орой сумын шинэ жилтэй байсан тул манай нөхөр Болор-Эрдэнэ нь шинэ жилд оролцохоор гэр бүлийнхээ 00-00 ХХХ улсын дугаартай Тоёота приус-30 загварын машинтайгаа явсан юм. Тэгээд нөхөр маань шөнийн 00 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Тэгтэл 2022 оны 12 сарын 31-ний өглөө нөхөр маань надад хэлэхдээ “манай машины урд салхины шилийг Б.М- хагалчихсан байна” гэж хэлсэн юм. Би яг нарийн асуудлыг нь мэдээгүй ээ. Тэгээд Б.М- нь манай машины шилийг сольж өгсөн бөгөөд одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ээ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22х/,
- Гэрч Э.С- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Тэгээд бас маргалдсан бөгөөд тэгтэл О.Н- нь Приус-30 машиныг жолоодоод аяархан хөдөлсөн юм. Тэгэхээр нь би түүнийг зогс гээд хэлсэн бөгөөд мөн Б.М- ч зогс гэж хэлсэн. Тэгээд Б.М- нь зогс, буугаад ир гээд машины хамар дээр эхлээд зөөлөн цохисон бөгөөд түүнийг зогсохгүй яваад байхаар нь Б.М- тус машины салхины шил рүү гараараа хүчтэй 1 удаа цохисон юм. Тэгтэл тас гээд л урд салхины шил хагарсан юм. Ер нь машины салхины шилийг Б.М- нь санаатай цохиж хагалсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32х/,
- Гэрч Э.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд: “...2022 оны 12 дугаар сарын 30-ны 21 цагийн үед би өөрийн 00-00 ХХХ улсын дугаартай Тоёота Приус-30 загварын машиндаа найз Намхай, хуурай ах Мягмаржав нарын хамт 2,5 литрийн 3 ширхэг пиво уусан юм. Бид нар тэгэхдээ сумын шинэ жил болж байсан заалны гадаа зогсож байсан бөгөөд шөнийн 00 цагийн үед би машиныхаа түлхүүрийг Э.Б-ад өгчихөөд тэгээд түүгээр гэрийнхээ гадаа хүргүүлсэн юм. Тухайн үед Э.Б- нь намайг машинаа үлдээчих гэхээр нь би үлдээчихсэн бөгөөд намайг машинаас буухад Адъяаням, О.Н-, Э.Б-, Э.С-, Б.Х- нар үлдсэн. Тэгтэл 2022 оны 12 дугаар сарын 31-ний үүрийн 05 цагийн үед Б.М-йн ээж Буянаа эгч над руу залгаад “Б.М- нь чиний машины шилийг хагалчихжээ” гэж ярьсан. Тэгэхээр нь би босоод 2 дугаар байрны хойно байсан машин дээрээ очиход миний машины урд салхины шил нь хагарчихсан, хажууд нь Адъяаням болон сумын цагдаа нар байсан юм. Тус машин нь манай гэр бүлийнх бөгөөд манай эхнэр Р.Р.Х-ын нэр дээр байдаг юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37х/,
- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан 85 дугаартай:
1. О.Н-гийн биед зүүн хөмсөгт 1 тооны няцарсан, зүүн завжинд 1 тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.
5. Гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно...” гэсэн дүгнэлт /хх-ийн 47-48х/,
- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 84 дугаартай:
1.2 Б.М-йн биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний зовхи, баруун хөлийн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
3.4 Уг гэмтлүүд нь хатуу зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
5. Хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Зүүн нүдний зовхи, баруун хөлийн гуянд цус хуралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамраагдахгүй.
6. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 52-54х/,
- “Ашид Билгүүн” ХХК-ний 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн гаргасан 290 дугаартай “... Салхины шил /урд/ 450,000 төгрөг эд анги солих ажлын хөлс 30,000 төгрөг нийт 480,000 төгрөг...” гэсэн хохирлын үнэлгээ /хх-ийн 61-62х/,
- Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 146х, 158х, 170х/ зэрэг нотлох баримтуудыг судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.
Үйл баримт: Шүүгдэгч Ш.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө Орхон аймгийн Жаргалант сумын Жаргалант баг 2 дугаар байрны гадна талд хохирогч О.Н-тай маргалдан гараараа түүний нүүр лүү нь цохиж эрүүл мэндэд зүүн хөмсөгт 1 тооны няцарсан, зүүн завжинд 1 тооны зулгаралт бүхий гэмтэл учруулсан,
Шүүгдэгч Э.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө Орхон аймгийн Жаргалант сумын Жаргалант багийн 2 дугаар байрны гадна талд хохирогч Б.М-тэй маргалдан, улмаар толгойгоороо хохирогчийн хамар хэсэгт мөргөж эрүүл мэндэд хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт бүхий гэмтэл учруулсан,
Шүүгдэгч Б.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө Орхон аймгийн Жаргалант сумын Жаргалант багийн 2 дугаар байрны гадна О.Н-гийн жолоодож явсан хохирогч Р.Р.Х-ын эзэмшлийн Тоёото приус 30 маркийн 00-00 ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шилийг гараараа цохиж хагалан 480,000 төгрөгийн хохирол учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, хохирогч нарын мэдүүлгүүд, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгч нарын мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан 85 дугаартай дүгнэлт, 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 84 дугаартай дүгнэлт, “Ашид Билгүүн” ХХК-ний 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн гаргасан 290 дугаартай хохирлын үнэлгээ зэрэг бичмэл нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзлээ.
Шүүгдэгч Ш.Б-ийн үйлдлийн улмаас хохирогч О.Н-н биед хөнгөн гэмтэл, шүүгдэгч Э.Б-ын үйлдийн улмаас хохирогч Б.М-йн биед хөнгөн гэмтэл, шүүгдэгч Б.М-йн үйлдийн улмаас хохирогч Р.Р.Х-ын эзэмшлийн Тоёото приус 30 маркийн 00-00 ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 480,000 төгрөгийн хохирол, учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч О.Н-н “...Тэгэхээр нь би машинаас буугаад Ш.Б- ах Э.С- ахыг газар унагаагаад байхаар нь салгах гээд очсон. Тэгтэл Ш.Б- нь “чи муу яасан гоё ах нартай юм бэ” гээд миний нүүр лүү гараараа 1 удаа цохисон. Тэгснээ намайг газар унагаагаад цамцнаас чирээд байсан. Тэгэхээр нь би арай хийж түүнээс салж зугтаагаад машины жолооны ард суусан юм. Тэгтэл Б.М- ах ирээд шууд машины салхины шил рүү гараараа 1 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг,
хохирогч Б.М-йн “.... Намайг эхлээд Э.Б- нь толгойгоороо миний хамар луу мөргөсөн юм. Дараа нь нэг нь миний зүүн нүд рүү гараараа 1 удаа цохисон юм. Хэн цохисныг нь мэдэхгүй байна. Мөн би машин хөдлөхөд сандраад хөлөөрөө эвгүй уначихсан юм. Миний хувьд хэнд ч гар хүрээгүй бөгөөд Э.Б-тай л барьцалдаж авсан юм... Э.Б- нь намайг толгойгоороо нэг удаа мөргөж учруулсан юм. Баруун хөлийн гуянд цус хуралт гэмтэл нь би машин хөдлөхөд өөрөө эвгүй унасан бөгөөд тэгэхэд л учирсан байх...” гэсэн мэдүүлэг,
хохирогч Р.Р.Х-ын “...2022 оны 12 дугаар сарын 30-ны орой сумын шинэ жилтэй байсан тул манай нөхөр Болор-Эрдэнэ нь шинэ жилд оролцохоор гэр бүлийнхээ 00-00 ХХХ улсын дугаартай Тоёота приус-30 загварын машинтайгаа явсан юм... нөхөр маань надад хэлэхдээ “манай машины урд салхины шилийг Б.М- хагалчихсан байна” гэж хэлсэн юм...” гэсэн мэдүүлэг,
гэрч Э.С-ын “...Тэгээд бас маргалдсан бөгөөд тэгтэл О.Н- нь Приус-30 машиныг жолоодоод аяархан хөдөлсөн юм. Тэгэхээр нь би түүнийг зогс гээд хэлсэн бөгөөд мөн Б.М- ч зогс гэж хэлсэн. Тэгээд Б.М- нь зогс, буугаад ир гээд машины хамар дээр эхлээд зөөлөн цохисон бөгөөд түүнийг зогсохгүй яваад байхаар нь Б.М- тус машины салхины шил рүү гараараа хүчтэй 1 удаа цохисон юм. Тэгтэл тас гээд л урд салхины шил хагарсан юм...” гэсэн мэдүүлэг,
гэрч Э.Болор-Эрдэнийн “...Тухайн үед Э.Б- нь намайг машинаа үлдээчих гэхээр нь би үлдээчихсэн бөгөөд намайг машинаас буухад А, О.Н, Э.Б-, Э.С, Б.Х нар үлдсэн. Тэгтэл 2022 оны 12 дугаар сарын 31-ний үүрийн 05 цагийн үед Б.М-йн ээж Буянаа эгч над руу залгаад “Б.М- нь чиний машины шилийг хагалчихжээ” гэж ярьсан. Тэгэхээр нь би босоод 2 дугаар байрны хойно байсан машин дээрээ очиход миний машины урд салхины шил нь хагарчихсан, хажууд нь Адъяаням болон сумын цагдаа нар байсан юм...” гэсэн мэдүүлэг,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан 85 дугаартай дүгнэлт, 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 84 дугаартай дүгнэлт,
“Ашид Билгүүн” ХХК-ны 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн гаргасан 290 дугаартай хохирлын үнэлгээ зэрэг нотлох баримтаар бүрэн тогтоогдсон, шүүгдэгч нар хэргийн үйл баримтын талаар маргаагүй.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл ,эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Ш.Б-, Э.Б- нар хүний эрүүл мэндэд санаатай үйлдлээр халдаж хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн, шүүгчдэгч Б.М-й үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг устгах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагч: “...шүүгдэгч Ш-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгийн,
шүүгдэгч Э-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгийн,
шүүгдэгч Б- М-йг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгийн торгох ялыг тус тус оногдуулах” гэсэн,
Шүүгдэгч нар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн” гэж тус тус дүгнэлт санал гаргасан ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж хүлээх эрүүгийн хариуцлагын төрөл хэлбэр, хэмжээний талаар прокурортой тохиролцсон байна.
Шүүгдэгч Ш.Б-, Э.Б-, Б.М- нарын үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл нотлох баримтаар нотлогдсон, шүүгдэгч нар гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн тул шүүгдэгч Ш.Б-, Э.Б- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, шүүгдэгч Б.М-йг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Хохирогч нар нь ямар нэгэн санал гомдол байхгүй, хохирол төлбөрөө барагдуулж авсан. Шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн ба хохирлын нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Ш.Б-, Э.Б-, Б.М- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээж прокурортой ял тохиролцсоныг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт... прокурорын саналын хүрээнд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу тохирсон эрүүгийн хариуцлагыг оногдуулж шийдвэрлэлээ.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч Ш.Б-, Э.Б-, Б.М- нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон тэдний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 7 дахь хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б- овогт Ш-ын Б-э, Б- овогт Э-ын Б- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Д овогт Б-ийн М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш-ын.Б-ийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч Э-ын Б-ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-н М-ийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-, Э.Б-, Б.М- нар нь дээрх торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ш.Б-, Э.Б-, Б.М- нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон тэдний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Б-, Э.Б-, Б.М- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ