Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/40

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг

          Улсын яллагч О.Эрхэмбаяр

          Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2222001520187 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 15-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1992 оны 05 дугаар  сарын 06-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 2 дугаар баг *******гийн 4-7 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ******* овогт *******ийн ******* /РД:*******/.

 

     Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

  Шүүгдэгч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 20-ны Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг дэвсгэрт хүүхдийг нь өдрийн цагаар хардаг иргэн С.*******гийн итгэмжлэн хариуцуулж өгсөн Хаан банкны ******* дансны дугаартай виза картнаас 370.000 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

       ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна.” гэв.

Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Надад ******* гэх хүн ой гарантай хүүхдээ харуулдаг байсан. 2022 оны 07 сарын 20-ны өдөр ******* надад хүүхдээ үлдээгээд картаа үлдээгээд явсан. Картанд мөнгө орж ирвэл та ойр зуурын юмандаа хэрэглээрэй гэж хэлээд орхиод явсан. Тэгээд өдөр нь би "Хаан банк"-ны картыг нь аваад *******гт байрлах *******ын дэлгүүр ороод ойр зуурын хэрэгцээний юм 20.000 төгрөгт авсан. Тэр дэлгүүрээс бэлнээр 20.000 төгрөг авсан. Нийт 40.000 төгрөг уншуулж авсан. Тэгээд би гэрт ирж авсан юмаа тавьчихаад эргээд аймгийн төвд байх "Цоглог" дэлгүүр ороод 27.500 төгрөгт гоо сайхны юм авсан. Тэндээсээ "Бөхт" ороод явж байтал Гүррагчаа гэдэг хүн таараад зээлсэн 200.000 төгрөгөө авъя гээд байхаар нь *******гийн картнаас уншуулаад АТМ-ээс аваад өгсөн. Бас 50.000 төгрөг аваад зах ороод гурил ойр зуурын юм гэртээ авсан. Тэгсэн орой 22 цагийн үед ******* ирээд "та яагаад картнаас мөнгө авчихсан юм бэ" гэж уурлаж байгаад гараад явсан. Ер нь бол хүүхдээ харуулаад 200.000 төгрөг өгнө гэж байсан. Тухайн өдөр яг хэдэн төгрөг авч хэрэглээрэй гэдгээ хэлээгүй. Ойр зуурын юманд хэрэглээрэй гэж хэлсэн. Би 300 гаран мянган төгрөг авсан. Авсан мөнгөө буцааж өгөөгүй байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63/

Хохирогч  С.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ 2022 оны 07 сарын 20-ны өдөр өөрийнхөө хүүхэд харуулдаг хүн болох *******т өөрийнхөө “Хаан банк”-ны виза картыг үлдээгээд 10.000 төгрөг байгаа тэрүүгээр хоол ундны юм аваарай гэж хэлсэн. Тэгээд 12 цагийн үед ******* рүү унаа явуулах уу карт явуулчих гэсэн чинь унаа байна эндээс явуулчихъя гэж хэлсэн. Тэгээд ажлаа хийж байгаад орой ажил хүлээлцэхдээ картаа үзсэн чинь баахан зарлага гарчихсан байсан. Тэгээд ******* рүү яагаад мөнгө гарчихав яасан бэ гээд байсан чинь ******* төлөөд өгнө гэсэн. Би гэрт очсон чинь хүн байхгүй байсан. Тэгээд хайж явж байгаад гар утас руу нь залгасан чинь холбогдохгүй байсан. Хайж байгаад 22 цагийн үед уулзаад асуусан чинь ******* эгч нь ийм их мөнгө байгаа гэж мэдээгүй шүү дээ. Дэлгүүрт юм авсан чинь өртэй хүн таараад карт булааж аваад өөрөө авчихсан юм гэсэн. Миний картнаас 370.000 төгрөгийг ******* ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр миний өөрт хариуцуулж өгсөн картыг ашиглан авчихсан байсан. Би 10.000 төгрөг л зарцуулаарай гэж хэлсэн. Өмнө нь картаа үлдээгээд тэдэн төгрөгт юм аваарай гэж хэлэхээр авчихдаг л байсан. Илүү мөнгө авдаггүй байсан. ******* 10.000 төгрөгөөс илүү мөнгө миний данснаас авч зарцуулах эрх байхгүй. Миний данс “Хаан банк”-ны ******* тоот данс юм. 2022 оны 07 сарын 20-ны өдөр ******* 13 цаг 05 минутад 18.000 төгрөг, 13 цаг 07 минутад 20.000 төгрөг, 13 цаг 10 минутад 20.000 төгрөг, 14 цаг 52 минутад 32.000 төгрөг, 17 цаг 15 минутад 200.000 төгрөг, 18 цаг 29 минутад 80.000 төгрөгийн 6 удаагийн үйлдлээр 370.000 төгрөгийг авсан байсан. Үүнээс 10.000 төгрөгийг нь захиран зарцуулах эрхтэй. Үлдэгдэл 360.000 төгрөгийг надад хэлэлгүй авчихсан байсан. Би өөрийнхөө данснаас гарсан мөнгийг авчихвал гомдол санал байхгүй. 150.000 төгрөгийг *******ээр хүүхэд харуулсны хөлс гээд авахгүй. Үлдэгдэл 210.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10/

Гэрч Д.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би *******ийг танина. 2019 оны хавар аав харавчихлаа гэж надад худал хэлж манай ломбардаас 1.000.000 төгрөгийн зээл авч байсан. Тухайн мөнгөө одоо болтол өгөөгүй байгаа. Би *******тэй 2022 оны 07 сарын 20-ны өдөр уулзаагүй. Надад мөнгө өгөөгүй. 2022 оны 08 сарын 01-ний өдөр худгаас ус авч яваад замаараа *******ийн гэрээр орж уулзсан. Тухайн үед ч надад мөнгө өгөөгүй. 2022 оны 08 сарын 05-ны өдөр надтай цагдаагаас хүн холбогдож ярьсан. ******* над руу залгаад танд 200.000 төгрөг өгсөн гэж цагдаад хэлсэн. Та авсан гээд хэлчихээрэй гэхээр нь би аваагүй мөнгөө юу гэж авсан гэж хэлхэв дээ гээд утсаа тасалсан. Тэрнээс хойш надтай холбогдоогүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/

С.*******гийн ******* тоот Хаан бакны дансны хуулга /хх-ийн 16/

У.Гагтөгс, Н. нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 18-19/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 21/  болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

Үйл баримт, гэм буруугийн талаар:

 

Дээрх баримтуудаар хохирогч С.*******гийн ХААН банкны ******* тоот данснаас 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр 360.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн үйл явдал болсон болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, дипозит дансны хуулга зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Хохирогч С.*******гийн ХААН банкны ******* тоот данснаас 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гарсан 360.000 төгрөгийн зарлагын гүйлгээг шүүгдэгч ******* нь хохирогчийн виза картны нууц үгийг ашиглан хийсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 07 сарын 20-ны өдөр ******* надад хүүхдээ үлдээгээд картаа үлдээгээд явсан. ...Тэгээд өдөр нь би "Хаан банк"-ны картыг нь аваад *******гт байрлах *******ын дэлгүүр ороод ойр зуурын хэрэгцээний юм 20.000 төгрөгт авсан. Тэр дэлгүүрээс бэлнээр 20.000 төгрөг авсан. Нийт 40.000 төгрөг уншуулж авсан. Тэгээд би гэрт ирж авсан юмаа тавьчихаад эргээд аймгийн төвд байх "Цоглог" дэлгүүр ороод 27.500 төгрөгт гоо сайхны юм авсан. Тэндээсээ "Бөхт" ороод явж байтал хүн таараад зээлсэн 200.000 төгрөгөө авъя гээд байхаар нь *******гийн картнаас уншуулаад АТМ-ээс аваад өгсөн. Бас 50.000 төгрөг аваад зах ороод гурил ойр зуурын юм гэртээ авсан. Тэгсэн орой 22 цагийн үед ******* ирээд "та яагаад картнаас мөнгө авчихсан юм бэ" гэж уурлаж байгаад гараад явсан” гэх,

      шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгссөн: “Миний буруу, уучлаарай санаатай тэгээгүй” гэх,

 хохирогч С.*******гийн “2022 оны 07 сарын 20-ны өдөр өөрийнхөө хүүхэд харуулдаг хүн болох *******т өөрийнхөө “Хаан банк”-ны виза картыг үлдээгээд 10.000 төгрөг байгаа тэрүүгээр хоол ундны юм аваарай гэж хэлсэн. Миний картнаас 370.000 төгрөгийг ******* ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр өөрт  нь хариуцуулж өгсөн картыг ашиглан авчихсан байсан. Би 10.000 төгрөг л зарцуулаарай гэж хэлсэн. Өмнө нь картаа үлдээгээд тэдэн төгрөгт юм аваарай гэж хэлэхээр авчихдаг л байсан. Илүү мөнгө авдаггүй байсан. ******* 10.000 төгрөгөөс илүү мөнгө миний данснаас авч зарцуулах эрх байхгүй.” гэх мэдүүлгүүд болон С.*******гийн ******* дугаартай Хаан банкны дансны хуулгаар  нотлогдож байна. Хэрэг учрал болохоос өмнө хохирогч С.******* нь өөрийн виза картны нууц үгийг шүүгдэгч *******т итгэмжлэн өгч, өөрийн зөвшөөрлөөр шүүгдэгчээр гүйлгээ хийлгэж байсан болох нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

     Дээрх нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч *******ийн үйлдэл нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг шинжийг бүрэн хангасан бөгөөд түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 Өөрөөр хэлбэл шүүгдэгч *******т урьд нь итгэмжлэн өгсөн хохирогч С.*******гийн Хаан банкны виза картны нууц үгийг дахин ашиглаж хохирогчийн зөвшөөрөлгүйгээр бэлнээр болон бэлэн бусаар гүйлгээ хийж 360.000 төгрөгийг авч байгаа үйлдэл нь бусдын эд хөрөнгийг завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. Иймд шүүгдэгч *******ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирол төлбөрийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь хохирогч С.*******гийн ******* дугаартай Хаан банкны виза картнаас 6 удаагийн гүйлгээгээр 370.000 төгрөгийг авч ашигласан байна. Хохирогч С.******* мөрдөн байцаалтын шатанд 10.000 төгрөгийг нь ******* захиран зарцуулах эрхтэй, 360.000 төгрөгийг надад хэлэлгүй авсан. Мөн 150.000 төгрөгийг *******ээр хүүхэд харуулсны хөлс гээд авахгүй. Үлдэгдэл 210.000 төгрөг нэхэмжилж байна гэж мэдүүлжээ. Иймд шүүгдэгч *******ээс 210.000 төгрөг гаргуулж хохирогч С.*******д олгохоор шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа бөгөөд шүүгдэгчийн 2 хүүхдийн хамт амьдардаг хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэхээр шийдвэрлэв.

Шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд шүүгдэгчид оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч С.******* нь хохирлын талаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг заав.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ******* овогт *******ийн *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******т шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн  Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс 210.000 /хоёр зуун арван мянга/ төгрөг гаргуулан хохирогч С.*******д олгосугай.

6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч С.******* нь хохирлын талаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.УУГАНБАЯР