Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 26

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС    

Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг, улсын яллагч О.Баасанхүү, шүүгдэгч Б.Анхбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ /ҮД:2016/, иргэний нэхэмжлэгч Б.Мөнхтулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Тээврийн прокурорын газраас:                          

 

    Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1987 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, нөхөр, 1-4 насны 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 58 дугаар гудамж 903 тоотод оршин суух хаягтай, АУҮИС-ийн эм зүйн сургуульд оюутан, ял шийтгэгдэж байгаагүй, /РД:АЮ87052961/ Боржигин овогт Бат-Очирын Анхбаярт Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 201624001002 дугаартай 185/2017/0043/Э индекстэй хэргийг 2017 оны  01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Шүүгдэгч Б.Анхбаяр 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 22 цагийн орчим “Тоёота хайлукс” маркийн 93-65 УБИ улсын дугаартай автомашиныг жолоодон Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Долоон буудлын Соёлын төвийн баруун талын замд явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11 дэх заалтыг зөрчсөнөөс иргэн Б.Мөнхтулгын жолоодож явсан “Тоёота приус” маркийн 26-23 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж 505.000 төгрөгийн шууд, 770.000 төгрөгийн нийт хохирол учруулсан, мөн дүрмийн 2.5 а,в дэх заалтыг зөрчин зам тээврийн ослын газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн нь:                       

     

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Анхбаярын: 2016 оны 10 дугаар сарын 29-ний орой 22 цагийн үед би 93-65 УБИ улсын дугаартай тоёота хайлукс маркийн машин жолоодон соёл худалдааны төв орчихоод 32-ын тойргоос буцаж эргээд явахад урд ямар нэгэн гэрэл дохио өгөөгүй приус 10 маркийн машин зогсож байгаа харагдсан. Хажуугаар нь зөрөөд явах гэсэн чинь ланд-200 маркийн машин надтай зэрэгцээд гүйцэт түрүүлээд явсан. Би тоормозоо гишгэсэн боловч приус 10 машиныг мөргөсөн. Тэр өдөр ээжийн маань бие муу, би аптек орчихоод яарч явж байсан болохоор хэргийн газраас явсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Б.Мөнхтулгын: 2016 оны 10 сарын 29-ний орой 22 цагийн үед зогсоолоос машин гарах гээд би 1 дүгээр эгнээнд дохиогоо өгөөд хүлээгээд зогсож байсан. Тэгтэл машины араас мөргөчихөөд яваад өгсөн. Тухайн үедээ машинаасаа бууж ирэлгүй шууд явсанд гомдсон. Машины хойд талд эвдрэл учирсан. Гэхдээ машиндаа учирсан хохирлоо барагдуулж авсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Цаашид замын хөдөлгөөнд соёлтой оролцоосой гэж хүсч байна гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

хавтаст хэргээс шинжилсэн:

 

Мөрдөн байцаалтад гэрч О.Бат-Эрдэнийн: ...2016 оны 10 дугаар сарын сүүлээр 21 цагийн үед манай найзын эхнэр Анхбаяр хөх өнгийн тоёота хайлукс маркийн 93-65 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон би кабинд нь сууж ... 7 буудлын Соёлын төвийн баруун замд ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр ойролцоогоор 40-50 орчим км/цагийн хурдтай явж байтал тоёота приус маркийн автомашин зогсож байсан. Тэр үед Анхбаяр зүүн гар тал руугаа шилжиж орох гэсэн боловч машин явж байсан учраас тоормозоо гишгээд гулгаж очоод араас нь мөргөчихсөн. Машинаа унтраагаад хүлээсэн боловч машинаас нь ямар нэгэн хүн гарч ирээгүй. Тэгээд тэр үедээ яараад яваад өгсөн. Учир нь Б.Анхбаярын ээжийнх нь бие муу байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-24/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Базарын: ...Би Б.Анхбаяртай 2010 оноос хойш хамтран амьдарч байна. Бид хоёрт гэр бүлийн баталгаа байхгүй. Намайг Архангай аймгийн Жаргалант суманд байхад 2016 оны 11 дүгээр сарын эхээр Анхбаяр утсаар холбогдоод машин шүргэчихсэн гэж ярьж байсан. Тэгэхээр нь би чам руу цагдаагийн байгууллагаас ярьсан уу гэж асуухад яриагүй гэж хэлж байсан. Тэгтэл би 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр машинаа бариад Анхбаярын хамт 3, 4-р хорооллоос буюу Өргөөгөөс урагшаагаа уруудаж байхад цагдаа зогсоогоод зам тээврийн осол хийсэн байна гээд бичиг баримт хурааж авсан. Тоёота хайлукс маркийн 93-65 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь С.Бахат гэдэг хүний нэр дээр байдаг. Уг автомашиныг 2013 оны 6 дугаар сард нэг танилаасаа 7 сая төгрөгөөр худалдаж авсан. Үүнээс хойш бид хоёр ээлжилж унадаг... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-27/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ч.Хүрлээгийн: ...би 2013 оны 06 дугаар сард танил болох Д.Базарт Тоёота хайлукс маркийн 93-65 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 10 сая төгрөгөнд зарсан. ...Би энэ тээврийн хэрэгслийг Батбаатараас ажлынхаа хөлсөнд авсыхаа дараа өөрийнхөө нэр дээр болгох зорилгоор зөндөө явсан боловч тэр албан ёсны эзэмшигч Бахат гэх хүн нь ердөө олдоогүй ба тийм учраас өөрийнхөө нэр дээр болгож чадаагүй юм.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

 

Техникийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ¹714 тоот:  

  1. Toyota Hilux маркийн 93-65 УБИ улсын дугаартай автомашины жолооч Б.Анхбаяр нь МУ-ын ЗХД-ийн -8.11. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна. 2.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осол холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх - гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
  2. Toyota Prius маркийн 26-23 УНЦ улсын дугаартай автомашины жолооч Б.Мөнхтулга нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
  3. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл гэмтлийн байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
  4. Toyota Hilux маркийн 93-65 УБИ дугаартай автомашины тоормозны мөрөөр хурдыг тодорхойлвол:

Тоормозны мөр – St=17.0 метр

Тоормозны  идэвхжлийн коэффицент: КЭ=1,1

Зам дугуйн барьцалдалтын коэффицент (тухайн нөхцөлд замын гадаргуугийн байдлаас үзэхэд хуурай, асфальт, шулуун тэгш, үзэгдэх орчин чөлөөтэй гэсэн байх тул): φ=0,7 аар авч болно. Иймд V-52.4 км/цагийн хурдтай явсан байна. Цагдаагийн ахмад Ш.Ариун-Эрдэнэ гэсэн дүгнэлт /хх-38-39/,

 

Зам тээврийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3, 7/, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх-4, 8/, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-5, 9/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-10, 12-13/, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-11/, Б.Мөнхтулгын тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-17/, 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ¹173 тоот “Ашид билгүүн” ХХК-ийн хохирлын үнэлгээ: Марк загвар тоёота приус, улсын дугаар 26-23 УНЦ, эзэмшигчийн нэр Б.Мөнхтулга, шууд хохирол 505.000 төгрөг, нийт хохирол 770.000 төгрөг гэх дүгнэлт /хх-33/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-34/, Б.Анхбаярын тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-67/, Мөнхтулгын тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-91/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-94/ -ээр тогтоогдон нотлогдов.

 

              Шүүгдэгч Б.Анхбаярыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын зөрчин зам тээврийн осол гаргасан атлаа зам осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн Монгол улсын Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.       

              Шүүгдэгч Б.Анхбаярын гэм буруутай үйлдлээс иргэний нэхэмжлэгч Б.Мөнхтулгын эд хөрөнгөд 770.000 төгрөгний хохирол учирсан нь техникийн шинжээчийн 714 тоот дүгнэлт, “Ашид билгүүн” ХХК хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний тайлангийн ¹173 тоот үнэлгээгээр тус тус нотлогдов.

              Шүүгдэгч Б.Анхбаяр гэм хорын хохиролд 803.000 төгрөг нөхөн төлсөн нь хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-94/, иргэний нэхэмжлэгч Б.Мөнхтулгын шүүхэд мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байна.    

             

              Шүүгдэгчийн хувийн байдлыг шинжилсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Анхбаяр ял шийтгэгдэж байгаагүй нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-96/, 2012 оны 04 сарын 20, 2016 оны 01 сарын 06-нд тус тус төрсөн 1-4 насны 2 хүүхэдтэй нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбараар /хх-81-82/ тус тус нотлогдов.

              Шүүгдэгч Б.Анхбаяр анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдэн чин санаанаас гэмшиж байгаа, гэм хорын хохирол арилсан, бусдад төлөх төлбөргүй, 1-4 насны 2 хүүхэдтэй байдлуудыг харгалзан ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-ийг хэрэглэв.

              Б.Анхбаярын №960735 дугаартай жолоочийн үнэмлэхийг Б.Анхбаярт буцаан олгох нь зүйтэй байна.

              Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298  дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:       

1. Бат-Очирын Анхбаярыг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар Бат-Очирын Анхбаярыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.Анхбаярт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Б.Анхбаяр цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар Б.Анхбаярт 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.     

6. Б.Анхбаярын №960735 дугаартай жолоочийн үнэмлэхийг Б.Анхбаярт буцаан олгосугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Б.Анхбаярт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.        

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Анхбаярт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.                                      

                   

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ү.ТҮМЭНЖАРГАЛ