| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Александрын Сарангэрэл |
| Хэргийн индекс | 128/2024/0188/З |
| Дугаар | 221/МА2025/0366 |
| Огноо | 2025-06-03 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2025/0366
Л.Эын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч:Шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж
Нэхэмжлэгч:Л.Э
Хариуцагч: Нийслэлийн Улсын бүртгэлийн газар
Гуравдагч этгээд: Ё.Э
Гуравдагч этгээд: "УП" ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “Бз дүүргийн 8 дугаар хороо, Ухн, 4 дүгээр байрны С блок 6 тоот зогсоолын Ү-220413**** дугаар бүртгэлийг хүчингүй болгуулах”
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ё.Э нь Нийслэлийн Улсын бүртгэлийн газарт холбогдуулан “Л.Эын өмчлөлийн 7 тоот зогсоолын Ү-220409**** бүртгэлийг хүчингүй болгуулах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 766 дугаар шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.От, гуравдагч этгээд Ё.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Мд, өмгөөлөгч Э.З, гуравдагч этгээд "УП" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Од,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Еликай
Хэргийн индекс: 128/2024/0188/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 766 дугаар шийдвэрээр:
1.1.“Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 он/ 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг тус тус баримтлан иргэн нэхэмжлэгч Л.Эаас Нийслэлийн улсын бүртгэлийн газарт холбогдуулан гаргасан “Ё.Эын өмчлөлийн Бз дүүргийн 8 дугаар хороо, Ухн, 4 дүгээр байрны С блок 6 тоот зогсоолын Ү-220413**** дугаар бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
1.2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.8-д заасныг баримтлан гуравдагч этгээд Ё.Эаас Нийслэлийн Улсын бүртгэлийн газарт холбогдуулан гаргасан “Л.Эын өмчлөлийн Бз дүүргийн 8 дугаар хороо, Ухн, 4-р байрны С блок 7 тоот зогсоолын Ү-220409**** бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
2.1.Анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд
Хэрэгт авагдсан албан ёсны байгууллагын баталсан зураг төсөлд маргаан бүхий 6 тоот авто зогсоол байгаагүй дурдсан түүнчлэн "Э зураг төсөл" ХХК-ийн 2024.04.16-ны өдрийн 14 тоот албан бичиг, Нийслэлийн архивын газрын 2024.04.09-ний өдрийн №01/160 тоот албан бичиг, Хот байгуулалт хөгжлийн газрын 2024.04.09-ний өдрийн №10/885 дугаартай албан бичиг 06 тоот автомашины зогсоол тусгагдаагүй. Түүнчлэн уг тусгагдаагүй зургийн өөрчлөлт бүртгэгдээгүй болохыг маш тодорхой дурдсан. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4 дугаарт ч энэ талаар дэлгэрэнгүй дурдсан.
Гэтэл улсын бүртгэлийн байгууллагад гуравдагч этгээд "УП" ХХК-ийн гаргаж өгсөн захиалагчийн жагсаалт гаргаж өгсөн дагуу бүртгэсэн нь үндэслэлтэй, хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлт хийжээ. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээд нь эрх бүхий этгээдээс баталсан зураг, төслийг өөрсдийн санаачилгаар өөрчилж, улсын бүртгэлийн байгууллагад гаргаж өгсөн дагуу бүртгэсэн нь үндэслэлтэй гэсэн. Улсын бүртгэлээс гаргаж өгөөд буй дээрх зураг, төслийг эрх бүхий этгээд хянаагүй, өөрчлөлт нь албан ёсоор баталгаажаагүй, эрх бүхий этгээдийн архивт хадгалагдаагүй.
Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д "зураг төслийн дагуу баригдсан байх шаардлага тавигдах боловч анхнаасаа зураг төслийн дагуу гүйцэтгэж ашиглалтад оруулаагүй байгаа үйлдлийг шүүх зөвтгөж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.
Өөрөөр хэлбэл барилгын дотоод зохион байгуулалтыг анхны зураг төслөөс яаж бол яаж өөрчилж болдог бөгөөд үүнийг эрх бүхий байгууллагад мэдэгдэх, өөрчлөлтийг тэмдэглүүлэх шаардлагагүй гэж ойлгогдож байна. 2 автомашины зогсоол байхаар төлөвлөгдсөн хэсэгт 3 цаашлаад 4, 5, 6 зогсоол гаргаж хийх боломжтой гэдгийг энэ шийдвэрээс тодорхой харж болно.
2.2.Барилгын дүрэм, журмын дагуу болон Авто зогсоолын стандарт зэргийг холбогдох хяналт, шинжилгээ, үнэлгээний байгууллагаар хянуулаагүй байсан.
Монгол улс бол тодорхой хууль тогтоомжтой, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт, стандартын дагуу аливааг зохион байгуулахыг шаарддаг хууль дээдлэх зарчим бүхий ардчилсан улс билээ.
Гэтэл дурын этгээд өмнө нь дурдсанчлан зөвшөөрөл авахдаа өөр зураг, төсөл үзүүлж баталгаажуулдаг боловч барилга байгууламжийг ашиглалтад оруулж бусдад эзэмшүүлж ашиглахдаа "сюрприз /SURPRISE/" барих байдлаар гэнэт, зураг төслөөс өөрөөр зохион байгуулалтыг өөрчилж, зохион байгуулах хандлага нэлээд байдаг. Энэ хууль бус үйлдлийг шүүхийн зүгээс зөвтгөж шийдвэрлэсэн байдал нь дараах хууль тогтоомж, дүрэм стандартад нийцэхгүй байна.
Маргаан бүхий орон сууцны зориулалт бүхий барилга нь 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ашиглалтад орсон бөгөөд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Засгийн Газрын 2009 оны 204 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан "БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ, ЗӨВШИЛЦӨХ, МАГАДЛАЛ ХИЙХ ДҮРЭМ”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.10.-д "хөрөнгө оруулагч, захиалагч нь барилга байгууламжийн зориулалт, төлөвлөлт, барилгын бүтээц, хийц, инженерийн шугам сүлжээг хэсэгчлэн болон бүхэлд нь засвар, шинэчлэлт, өөрчлөлт хийх тохиолдолд барилгын хийц, бүтээцэд физик элэгдлийн болон газар хөдлөлтийг тэсвэрлэх чадварын Үнэлгээ хийлгэж, барилгын чанар, бат бэх, тогтвортой байдал, найдвартай ажиллагаа болон инженерийн шугам сүлжээнд (дулаан, усан хангамж, цахилгаан, мэдээлэл холбоо зэрэг мэргэжлийн байгууллага) итгэмжлэгдсэн лаборатори, зураг төсөл зохиох тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллагаар судалгаа, дүгнэлт гаргуулсан байна:" гэж заасны дагуу төлөвлөлтөд өөрчлөлт оруулахаар бол хяналт шинжилгээний байгууллагын дүгнэлтийг үндэслэн барилга байгууламжийн өөрчлөлтийг хянуулах тусгай зохицуулалттай.
Мөн Стандарт хэмжилзүйн Үндэсний зөвлөлийн 2003 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 88 дугаар тогтоолоор батлагдсан тогтоолоор "Автомашины зогсоолын ангилал, ерөнхий шаардлага"-ыг баталсан. Энэ стандартын 5.6-д зогсоол болон автомашин хоорондын зайн ерөнхий стандартыг баталсан байх бөгөөд хоорондын зай 0.5м-с 0,8 м хүртэл зайтай байхаар заасан нь тодорхой байна.
Гэтэл манай тохиолдолд эдгээр зай хоорондын хэмжээ огт баримтлагдаагүй хууль бусаар нэмсэн 6 дугаартай автомашины зогсоолд машин байрлуулахдаа "7" дугаартай зогсоолд байрлах нэхэмжлэгч Л.Эын тээврийн хэрэгсэлд байнга тулган байрлуулдаг, зорчигч тал буюу бага насны хүүхэд тээврийн хэрэгслээс буух, суухад хойд хаалгыг нээхэд хүндрэлтэй байдаг талаар шүүх хуралдаанд удаа дараа тайлбарласан боловч огт хүлээж аваагүй. Энэ хэсэгтэй холбоотой тайлбар, дүгнэлт шүүх огт хийгээгүй. Эндээс үзвэл стандартын хэмжээ хэрхэн зөрчигдөж байгааг шүүх анхаараагүй, хүүхдийн тээврийн хэрэгслээс чөлөөтэй бууж, суух хөдөлгөөнийг хязгаарласан, хүүхдийн эрхийг хөндсөн асуудлыг шүүх хайхраагүй зэргийг нэмж дурдах нь зүйтэй.
2.3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие дээрх хүндрэлтэй нөхцөл байдлыг шүүхэд тайлбарлаж, нотлохын тулд тухайн хэсэг дээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-д заасны дагуу үзлэг болон туршилт хийх хүсэлт гаргасныг шүүх хангаагүй.
Туршилтын нөхцөл байдлаас "6" дугаар автомашины зогсоолын хэсэгт тээврийн хэрэгсэл байрлуулах бэрхшээлтэй төдийгүй даацын ханануудын төвд тээврийн хэрэгслийг тэгш бус, далий байрлуулах нөхцөл байдал үүсдэг болохыг нотлохыг хүссэн юм.
Иймд дээрх нөхцөл байдалд дутуу дүгнэлт, анхны зураг төсөл болон гуравдагч этгээд "УП” ХХК-ийн гаргаж өгсөн зураг төсөл өөр байсаар байтал хүлээн авч бүртгэсэн байдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
1.1.Нэхэмжлэгч Л.Эаас “Бз дүүргийн 8 дугаар хороо, Ухн, 4 дүгээр байрны С блок 6 тоот зогсоолын Ү-220413**** дугаар бүртгэлийг хүчингүй болгуулах” буюу гуравдагч этгээд Ё.Эын өмчлөлийн авто зогсоолын улсын бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хариуцагч Нийслэлийн улсын бүртгэлийн газарт холбогдуулан гаргасан.
1.2.Нэхэмжлэгчээс “манай байрны авто зогсоолын анхны зураг төслөөр зөвхөн 2 зогсоол байхаар төлөвлөгдсөн боловч барилгын зураг, төсөл /эскиз/-г дур мэдэн өөрчилж 3 авто зогсоолоор өөрчилсөн нь хууль зөрчсөн бөгөөд хууль ёсоор зогсоолыг өмчлөх эрхтэй этгээдийг эрхийг ноцтой зөрчиж байна, миний болон хүүхдийн автомашинаасаа буух, чөлөөтэй гарахад саад учруулж байгаа, анхнаасаа төлөвлөгдөөгүй хэсгийг дур мэдэн өмчлүүлэх шийдвэр гаргасан улсын бүртгэл нь хууль бус” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлон маргажээ.
1.3.Хариуцагч бүртгэлийн байгууллагаас Бз дүүрэг, 8 дугаар хороо, Ухн, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 4 дүгээр байрны зоорийн давхрын С блок 6 тоот хаягт байрлах авто зогсоолыг гуравдагч этгээд Ё.Эын нэр дээр анх улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгохдоо Ё.Эын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гаргаж өгсөн мэдүүлэг[1], “УП” ХХК-ын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “...6 тоот 15 м.кв талбайтай 14,000,000 төгрөгийн үнэ бүхий автомашины зогсоолын төлбөр тооцоо дууссан тул Ё.Эын нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг олгож өгнө үү” гэх албан бичиг[2], “УП” ХХК нь иргэн Ё.Этай 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн авто зогсоол захиалгаар барих тухай гэрээ[3], Хот байгуулалт, газрын кадастрын мэдээллийн хэлтсийн барилга байгууламжийн дугаарлалтын тодорхойлсон албан бичиг[4], хаяг байршлын план зураг, 01/2014 гэсэн шифр бүхий план зураг, фото зураг[5] зэрэг баримтад үндэслэн улсын бүртгэлийн Ү-220413**** дугаарт бүртгэж 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэрчилгээ[6] олгосон болох нь тогтоогдож байна.
1.4.Мөн Бз дүүргийн 8 дугаар хороо, “Х а” хотхон нь Барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авах комиссын” 2016 оны 181/2016 дугаартай актаар[7] 47 авто машины зогсоолтойгоор хүлээлгэн өгсөн бөгөөд зоорийн давхрын С блокын 5, 6, 7 гэх 3 авто машины зогсоол нь байсан, зураг төсөлд өөрчлөлт ороогүй болох нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан “Э” ХХК-ийн боловсруулсан 2014 оны Е-01/2014 дугаар шифртэй эксиз зураг[8] “Э зураг төсөл” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 14 тоот албан бичиг[9], Нийслэлийн архивын газрын 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 01/460 тоот албан бичиг[10], Хот байгуулалт, хөгжлийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 10/885 тоот албан бичиг[11], Хот байгуулалт, хотын стандартын газрын 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 01-11/206 тоот албан бичиг[12]-ээр тус тус тогтоогдож байна.
1.5.Дээрх үйл баримтаас дүгнэхэд, гуравдагч этгээдээс маргаан бүхий 6 тоот авто зогсоолыг өөрийн өмчлөлд бүртгүүлэх мэдүүлэг гаргахдаа 01/2014 план зураг гаргаж өгсөн, мөн улсын бүртгэлд хавсарган өгсөн баримтуудаас уг 01/2014 план зурагт “маргаан бүхий 6 тоот зогсоол анхнаасаа төлөвлөгдөөгүй байсан, анх 2 зогсоол байхаар төлөвлөгдсөн байсныг зурагт өөрчлөлт оруулж 6 тоот нэмж оруулж 3 зогсоол болгосон” гэж нэхэмжлэгчийн маргаж буй нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа бөгөөд гуравдагч этгээдээс мэдүүлэгтээ хавсарган өгсөн баримтууд нь зөрүүтэй байсан гэдэг нь мөн тогтоогдохгүй байна.
1.6.Иймээс хариуцагч улсын бүртгэлийн байгууллагыг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “Улсын бүртгэгч дараах үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзана:”, 8.1.3-т “хуульд заасан журмын дагуу мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийн бүрдэл дутуу, засвартай, эсхүл мэдээлэл нь зөрүүтэй”, 10 дугаар зүйлийн 10.6-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлэгт дараах нотлох баримтыг хавсаргана:”, 29 дүгээр зүйлийн 29.1-т “Улсын бүртгэгч дараах үндэслэлээр эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаана.”, 29.1.3-т “мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгүүд зөрүүтэй, агуулга нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн” гэж тус тус заасныг зөрчсөн бөгөөд маргаан бүхий авто зогсоолын өмчлөлийн бүртгэлийг зөрүүтэй баримтыг үндэслэн бүртгэж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бүртгэл үйлдсэн гэж шүүхээс үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
1.7.Энэ үндэслэлээр нэхэмжлэгч талын “...Улсын бүртгэлээс гаргаж өгөөд буй дээрх зураг, төслийг эрх бүхий этгээд хянаагүй, өөрчлөлт нь албан ёсоор баталгаажаагүй, эрх бүхий этгээдийн архивт хадгалагдаагүй.” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
2.Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд:
2.1.Гуравдагч этгээд Ё.Эаас “нэхэмжлэгч Л.Эын өмчлөлийн 7 тоот зогсоолын Ү-220409**** бүртгэлийг хүчингүй болгуулах” бие даасан шаардлагыг Нийслэлийн Улсын бүртгэлийн газарт холбогдуулан гаргажээ.
2.2.Гуравдагч этгээд Ё.Э нь анх 6 тоот авто зогсоолыг 2016 онд худалдах, худалдан авах гэрээ байгуулж, улмаар 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсан бөгөөд дээрх хугацаанд авто зогсоолыг эзэмшиж ашиглаж байсан, харин нэхэмжлэгч Л.Э нь 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Л.Эын нэр дээр 7 тоот зогсоолын улсын бүртгэлийн гэрчилгээ[13]-г авсан байхад уг зогсоолын бүртгэлтэй холбоотойгоор 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр бие даасан шаардлага гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул энэ үндэслэлээр гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.
Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 766 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ