Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 110/ШШ2022/0005

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

              Нэхэмжлэгч: А.О

              Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Я.С

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,

              Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.А

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн  Засаг дарга,

              Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Х

              Гуравдагч этгээд: Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар,

              Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ө.Х, Т.А нарын хоорондын газрын  маргааныг хянан  хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч  А.О ХХКХХК-ийг төлөөлж захирал С.Ш, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд, хариуцагч аймгийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч  С.Ансаган, хариуцагч аймгийн  Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Хонаев, гуравдагч этгээд  аймгийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч  Ө.Хуралай, Т.Ариунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Арманбек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

              1. Нэхэмжлэгч А.О ХХКХХК нь  Баян-Өлгий аймгийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн  Засаг даргад холбогдуулан “Баян-Өлгий аймгийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 32 дугаар тогтоолын  2 дугаар хавсралтын  3-т заасан  “2114934 төлөвлөлтийн нэгж талбарын дугаартай,  Өлгий сумд байрлах,2101: төрийн захиргааны байгууллагын зориулалттай 1549 м.кв газар”-ын,  2021 оны  06 дугаар сарын 29-ний өдрийн 39 дүгээр тогтоолын 1-т  заасан “төрийн байгууллагын гарааш, зочид буудал, төрийн  албан хаагчдын орон сууц  барих зориулалтаар  эзэмшүүлэх гэж өөрчлөлт оруулж,  шинэчлэн баталсан Өлгий сумын 5 дугаар багт байрлах 2114934 төлөвлөлтийн нэгж талбарын дугаартай 1549 м.кв талбайтай газар”-ын, Баян-Өлгий аймгийн  Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/223 дугаар  захирамжаар аймгийн Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлсэн 1549 м.кв газрын  “А.О “ ХХК-ийн  2 автомашины гараашны доорх 71 м.кв талбайтай  газарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох,  “А.О “ ХХК-ийн 2 автомашины гараашны доорх 71 м.кв талбайтай  газрыг  тус компанид эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах”-аар маргаж байна.

            2.Нэхэмжлэгч А.О ХХКХХК-ийн өмчлөлийн  “Таван богд” зочид буудлын хажууд тус компанийн хөрөнгөөр 2007 онд 2 автомашины гарааш  барьсан. Тухайн үеэс эхлэн 2 автомашины гараашны  талбайн газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргуулахаар  аймгийн Засаг дарга нарт хүсэлтээ гаргаж байсан ба Баян-Өлгий аймгийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 32 дугаар тогтоолоор уг газрыг төрийн захиргааны байгууллагын зориулалтаар эзэмшүүлэхээр аймгийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд  нэмэлт өөрчлөлт оруулж баталсан байна. 

            3. Нэхэмжлэгчээс дээрх тогтоолын холбогдох хэсэгт өөрчлөлт оруулахаар  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд  гаргасан гомдлыг 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 02/133 дугаар албан бичгээр  аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт шилжүүлсэн байх ба тус газраас 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 249 дүгээр албан бичгээр “төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах боломжгүй”   гэж хариу өгснөөр тус шүүхэд 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргажээ.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

“4.1.Алтан-Орда” ХХК нь 1999 онд аймгийн төвийн буудал “Таван богд” зочид буудлыг худалдан авч одоо хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Тус зочид буудал хөл хөдөлгөөн ихтэй, гадаад, дотоодын зочид төлөөлөгчид маш ихээр үйлчилдэг. Тус зочид  буудалд байрлахаар ирсэн зочдын тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангах зорилгоор тус компанийн хөрөнгөөр 2 автомашины гараашийг 2007 онд барьж ашиглалтад өгсөн. Уг автомашины гараашийг барих үед аймгийн эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авч, улмаар газар эзэмшүүлэх тухай аймгийн Засаг даргын шийдвэр гаргуулах ажлыг хөөцөлдөж байсан. Үе үеийн аймгийн Засаг дарга уг газрыг А.О ХХКХХК-д эзэмшүүлэх тухай захирамж гаргаж өгнө гэж амлаж байсан боловч бүрэн эрхийн хугацаа нь дууссан байсан. Гэтэл Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 2 дугаар сард болсон ээлжит 3 дугаар хуралдаанаас аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд  өөрчлөлт  оруулахад уг газрыг аймгийн Засаг даргын Тамгын газрын эзэмшилд шилжүүлэх шийдвэр гаргажээ.

Иймд, Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны ээлжит 3 дугаар хуралдаанаас гаргасан тус аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай тогтоолын А.О ХХКХХК-ийн эзэмшлийн хоёр автомашины гараашны доорх 144 м.кв газрыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын  мэдэлд шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах, уг хоёр автомашины гараашны доорх 144 м.кв газрыг тус компанид эзэмшүүлэх тухай захирамж гаргахыг Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгах  шийдвэр гаргаж өгөхийг хүсье.

4.2.Захиргааны хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тодруулж байна.Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 02  дугаар сарын 25-ны өдрийн 32 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 3 дахь хэсэгт заасан 1549м.кв  талбайтай газраас А.О ХХКХХК –ийн 2 автомашины гараашны доорх 71 м.кв газрыг шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах, Хурлын 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 39 дугаартай тогтоолын 1 дэх хэсгийн “2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 3 дугаар хуралдааны 32 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтын 3-д заасан Өлгий сумын 5 дугаар багт байрлах 2114934 төлөвлөлтийн нэгж талбарын дугаартай 1549 м.кв талбайтай газрыг төрийн байгууллагын гарааш, зочид буудал, төрийн албан хаагчдын орон сууц барих зориулалтаар эзэмшүүлэх гэж өөрчлөлт оруулж шинэчлэн баталсугай” гэсэн хэсгээс 1549 м.кв газраас А.О ХХКХХК-ийн 2 автомашины гараашны доорх 71 м.кв газрыг шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах, уг хоёр автомашины гараашны доорх 71 м.кв газрыг тус компанид  эзэмшүүлэх тухай захирамж гаргахыг аймгийн Засаг даргад даалгах гэж тодруулж байна.

4.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар “Алтан -Орда” ХХК-ийн урьд тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар ихэсгэж байна. Энэ нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/223 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар аймгийн Засаг даргын Тамгын газрын эзэмшилд олгосон 1549 м.кв газраас 71 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж ихэсгэж байна” гэжээ. 

Нэхэмжлэгч  шүүх  хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

Миний бие С.Ш 1999 оны 01 дүгээр сард хуучин “Таван богд” гэх нэртэй зочид буудлыг 40,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Хувьчилж аваагүй, худалдаж авсан гэдгийг тодотгож хэлье. 1999 оны 03 дугаар сард Өлгий сумын Засаг дарга надад 970 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон. Зочид буудлын байрлаж байгаа газар нь 708 м. кв газар бөгөөд сүүлд инженерийн шугам сүлжээ байршиж байгаа 36 м.кв газрыг дуудлага худалдаагаар худалдаж аваад газрын хэмжээг 744 метр квадрат болгосон. Дараа нь 96 м.кв газрыг нэмж авсан. Энэхүү 744 м.кв болон 96 м.кв газар хоёулаа эзэмших эрхийн гэрчилгээтэй, хууль ёсны дагуу эзэмшиж байгаа газар. Харин үлдсэн 144 м.кв газарт 2007 онд гарааш барьж ашиглаж эхэлсэн бөгөөд, 2015 онд гараашныхаа үзэмжийг сайжруулаад одоо хүртэл ашиглаж байна. Би ямар нэгэн эзгүй газрыг ашиглаагүй. Тухайн газар нь 970 м.кв газарт багтаж байсан учраас гарааш барьж ашигласан. Би тухайн зочид буудлыг худалдаж авсан үед ямар нэгэн газрын маргаан байгаагүй. Энэ талаар Засаг даргын гарын үсэгтэй нотлох баримтаа шүүхэд гаргаж өгсөн. Би тус зочид буудлыг худалдаж авснаас хойш өнөөдрийг хүртэл 970 метр квадрат газрын төлбөрийг бүрэн төлж ирсэн.

Манай компани тус газрыг хууль ёсоор эзэмшиж байгаа. Орон нутгийн засаг захиргаа солигдох бүрд хүсэлтээ гаргаж ирсэн. Гэтэл 2020 оны 03 дугаар сард аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас уг газрыг эзэнгүй газар гэж үзээд аймгийн Засаг даргын Тамгын газарт шилжүүлсэн. Өнөөдрийг хүртэл аймгийн Засаг даргаас болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас маргаан бүхий гараашнуудыг буулгах, газрыг чөлөөлөх тухай мэдэгдэл, албан шаардлага хүргүүлж байгаагүй. Иймээс би өөрийгөө уг газрын хууль ёсны эзэмшигч мөн гэж үзэж байна. Иймд, шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсье” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Я.Сьезд шүүх  хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл дараах үндэслэлээр үндэслэлтэй гэж үзэж байгаа. А.О ХХК нь маргаан бүхий газарт маш ойрхон газарт зочид буудлын үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн, тамга тэмдэгтэй компани юм. Зочид буудалд байнга гадаад, дотоодоос жуулчид ирж үйлчлүүлдэг бөгөөд тэдгээрийн ихэнх нь автомашинтай ирдэг. Үйлчлүүлэгчдийн автомашины аюулгүй байдлыг хангах үүднээс автомашины хоёр гарааш бариад 15 жилийн нүүрийг үзэж байгаа. Үйлчилгээний байгууллага үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд уг газрыг эзэмшүүлэх талаар хүсэлт гаргаж байсан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хоёр удаа тогтоол гаргахдаа эрх ашиг нь хөндөгдөх этгээдээс санал авч, сонсох ажиллагаа явуулаагүй. Хурлын тэмдэглэлээс харахад энэхүү асуудлыг хурлаар авч хэлэлцээгүй байгаа. Маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.

Аймгийн Засаг дарга эрх ашиг нь хөндөгдөх 3 төрийн байгууллагад мэдэгдсэнчлэн нэхэмжлэгч А.О ХХК-д мэдэгдэх ёстой байсан.

Гуравдагч этгээдээс нэхэмжлэгч эзэнгүй газарт зөвшөөрөлгүйгээр гарааш барьсан гэж тайлбарлаж байгаа. Зөвшөөрөлгүй баригдсан аливаа үл хөдлөх хөрөнгийг сумын Засаг дарга албадан буулгах тухай шийдвэр гаргасны үндсэн дээр буулгах журамтай. Гэтэл 15 жилийн хугацаанд албадан буулгах тухай албан шаардлага гаргаж байгаагүй. Албадан буулгаагүй юм аа гэхэд тухайн 71 м.кв газарт бүтээн байгуулалт хийх гэж байгааг мэдэгдэх хуудсаар нэхэмжлэгчид мэдэгдэх ёстой байсан.

Газрыг эзэмших тухай эрхийн акт, гэрчилгээ гараагүй ч гэсэн нэхэмжлэгч маргаан бүхий газрыг хууль ёсоор эзэмшиж байсан гэж үзэж байна. Зөвшөөрөлд зүгээр нэг гарын үсэг зурахгүй. Барилгын, цахилгаан, эрчим хүч, дулааны  болон хажуугийн  объектуудад үзүүлэх нөлөө зэрэг бүх нөхцөл байдлыг нягтлан тогтоосны үндсэнд зөвшөөрөлд гарын үсэг зуруулсан. Энэ баримтыг үндэслээд нэхэмжлэгч гарааш барьсан.Энэ зөвшөөрөл нь маргаан бүхий газар тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон газар гэдгийг илтгэж буй баримт гэж үзэж байна. Аймгийн Засаг даргаар ажиллаж байсан гэрч нар ч гэсэн хүсэлт гаргаж байсныг гэрчлээд мэдүүлэг өгсөн.

Анх нэхэмжлэл гаргахдаа 144 м.кв гэж шаардлага гаргасан боловч шинжээчийн дүгнэлтэд машин орж,гарах зай гэх мэт үзүүлэлтүүдийг харгалзаад газрын хэмжээг 71 м.кв гэж дүгнэлт гаргасан учраас нэхэмжлэгч талд үүнтэй холбоотой ямар нэгэн маргаан байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсье” гэв.

              5.Хариуцагч  Баян-Өлгий аймгийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хариу тайлбар, нэмэлт тайлбартаа:

“5.1.А.О ХХКХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 12 тоот албан бичгээр ирүүлсэн хүсэлтийг холбогдох мэргэжлийн байгууллага болох Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт уламжилсан юм. А.О ХХКХХК-ийн 2 машины гараашны зориулалтаар ашиглаж ирсэн газар нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтыг зөрчсөн гэж аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь хариу ирүүлсэн байна. Иймд газартай холбоотой асуудлыг аймгийн Засаг дарга шийдвэрлэх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

5.2.А.О ХХКХХК-ийн нэхэмжлэлийн дагуу газар дээр нь очиж асуудлыг бодитой судлан үзэхэд А.О ХХКХХК нь өөрийн хөрөнгөөр 2007 онд уг 2 автомашины  гараашийг барьж ашиглалтад өгсөн байна. Одоо уг автомашины гараашийг байнга ашиглаж байгаа юм байна. Тус компани нь хоёр автомашины гараашийг барих үед тус аймгийн эрх бүхий мэргэжлийн байгууллагуудаас албан ёсны зөвшөөрөл авч тухайн үед ажиллаж байсан аймгийн Засаг дарга баталгаажуулжээ. Уг асуудлыг тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 03 дугаар хуралдаанд эрх бүхий албан тушаалтан нар танилцуулахад хоосон эзэнгүй газар гэж танилцуулснаас болж өнөөгийн маргаан гарчээ. Хэрэв уг автомашины гараашийг тухайн үед А.О ХХКХХК-ийн өмчлөлийн барилга байгууламж гэж танилцуулсан бол асуудлыг сайтар нягтлан судалсны үндсэн дээр хуульд нийцсэн шийдвэр гаргах ёстой байсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэжээ.

              6. Хариуцагч  Баян-Өлгий аймгийн  Засаг дарга хариу тайлбартаа:

“6.1.А.О ХХКХХК нэхэмжлэлдээ компанийн хөрөнгөөр маргаж буй газарт 2 автомашины гараашийг 2007 онд барьсан тухай дурдсан. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т зааснаар аймгийн Засаг дарга аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ, мөн 27 дугаар зүйлийн 27.4-д “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг  хориглоно” гэж тус тус заасан бөгөөд аливаа хуулийн этгээд нь дур мэдэн эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр эзэмшилгүй газарт барилга байгууламж барих эрхгүй юм. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Газрыг Монгол улсын 18 насанд хүрсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж, ашиглана” гэж заасан байх тул хуулиар хүлээсэн  үүргээ сахин биелүүлэх үүрэгтэй. Иймд нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

6.2.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 32 дугаар тогтоолоор батлагдсан “2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тогтоолыг үндэслэн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр аймгийн Засаг даргын Тамгын газрын эзэмшил газрын баруун талд залгаа байрлалтай 1549 м.кв газрыг аймгийн Засаг даргын Тамгын газарт төрийн захиргааны байгууллагын зориулалтаар газар эзэмшүүлэх тухай аймгийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/223 дугаартай захирамж нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг аймгийн Засаг дарга шийдвэрлэнэ”, 33 дугаар зүйлийн 33.1.1-т “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэсэнтэй нийцсэн байна. Дээрх шийдвэр нь А.О ХХКХХК-ийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй болно. Иймд 2021 оны А/223 дугаар захирамж нь хууль эрх зүйн чадамжтай гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэжээ.

Хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Хонаев шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

“Нэхэмжлэгч уг газрыг 1999 оноос эхлэн ашиглаж байгаа нь үнэн. Гэхдээ газар эзэмшүүлэх тухай шийдвэр болон газар эзэмших эрхийн гэрчилгээ дэх газрын хэмжээ нь зөрүүтэй зэрэг маргаантай асуудлууд байгаа. Тухайлбал 1999 онд 970 м.кв газарт шийдвэр гарсан гэсэн тайлбарыг нэхэмжлэгч талаас гаргаж байгаа боловч 744 м.кв газрыг зочид буудлын үйл ажиллагаа явуулах зориулалтаар, 96 м.кв газрыг байшин барих зориулалтаар эзэмшүүлсэн эрхийн гэрчилгээнүүд хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан. Одоо маргаантай 131 м.кв газрын тухай гарсан шийдвэр байхгүй. Тийм учраас Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 32 дугаар тогтоолоор Баян-Өлгий аймгийн 2021 оны газар зохин байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт оруулсан. Энэхүү тогтоол нь ямар нэгэн хуулийн заалтыг зөрчөөгүй, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бүрэн эрхийнхээ хүрээнд баталсан тогтоол байна гэж үзэхээр байна.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 32 дугаар тогтоолын дагуу аймгийн Засаг даргаас захирамж гаргасан бөгөөд энэхүү захирамж нь Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т зааснаар аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ аймгийн Засаг даргад гаргаж, аймгийн Засаг даргын зүгээс уг хүсэлтийг хангаж холбогдох шийдвэрийг гаргаснаар газар эзэмших, ашиглах эрх үүснэ. Гэтэл 131 м.кв газартай холбоотой ямар нэгэн албан ёсны шийдвэр гараагүй учраас уг газрыг төрийн мэдэлд авсан нь үндэслэлтэй шийдвэр болжээ.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 27.1, 27.3, 27.4 дэх заалтууд зөрчигдөж байгаа учраас Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 32 дугаар тогтоол болон энэ тогтоолд үндэслэж гарсан аймгийн Засаг даргын захирамж үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.

7. Гуравдагч этгээд  Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар хариу  тайлбартаа :

Манай байгууллагын албаны барилга нь 1956 онд ашиглалтад орсон, цаашид ашиглалтын хугацаа дуусаж байгаа тул шинээр барилга барих зайлшгүй шаардлага гарсны улмаас газар олгож өгөх хүсэлтийг аймгийн Засаг даргад гаргасан.Улмаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 32 дугаар 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолыг үндэслэн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр аймгийн Засаг даргын Тамгын газрын эзэмшил газрын баруун талд залгаа байрлалтай 1549 м.кв газрыг аймгийн Засаг даргын Тамгын газарт төрийн захиргааны байгууллагын зориулалтаар эзэмшүүлэх тухай аймгийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/223 дугаартай захирамж гарч, захирамжийн дагуу газар эзэмших гэрээ байгуулан, 0000025345 дугаартай эрхийн гэрчилгээ авч, газрын кадастрын зургийг үйлдүүлэн, газрын улсын бүртгэлд бүртгүүлж баталгаажуулж авсан. Энэ нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 27 дугаар зүйлийн 27.3, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасантай нийцсэн байна.Дээрх шийдвэр нь А.О ХХКХХК-ийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй болно. Харин уг нийтийн эзэмшилд байсан газарт А.О ХХКХХК нь дур мэдэн автомашины гарааш барьсан нь Газрын тухай хуулийн 27.3, 27.4 дэх заалтыг тус тус зөрчсөн байна.Иймд 2021 оны А/223 дугаар захирамж нь хууль эрх зүйн чадамжтай гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

 

Гуравдагч этгээдийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч  Ө.Хуралай шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

“Баян-Өлгий аймгийн Засаг даргын мэдэлд байгаа 1549 м.кв газарт тус байгууллагын байр болон хойд талын гараашнуудын оршиж буй газрууд хамаардаг. Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө гуравдагч этгээдийн зүгээс гаргаж өгсөн аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс, Тагнуулын газар зэрэг байгууллагуудын зөвшөөрлүүд зөвхөн объекттой холбоотой болохоос биш газартай холбоогүй. Нэхэмжлэгчийн зүгээс аймгийн Засаг даргад маргаан бүхий газартай холбоотой хүсэлтээ удаа дараа гаргаж байсан гэж тайлбарлаж байгаа боловч аймгийн Засаг даргын нэр дээр ирсэн аливаа хүсэлт, гомдлыг ажлын алба нь цохолт хийгээд, хууль журмыг судлаад, шийдвэрийн төслийг боловсруулаад Засаг даргад танилцуулдаг журамтай. Гэтэл нэхэмжлэгч байгууллагаас энэ талаар ямар нэгэн хүсэлт гаргаж байгаагүй ба хавтаст хэрэгт ч энэ талаар нотлох баримт авагдаагүй.

Нэхэмжлэгч уг маргаан бүхий газрыг эзэмших эрхийн гэрчилгээгүй гэдэг нь харагдаж байгаа ба энэхүү маргаан бүхий газар нь хэн нэгэн этгээдэд эзэмшүүлээгүй, сул газар байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ариунцэцэг шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

“Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.О ХХКХХК нь 944 м.кв газрыг захирамжийг үндэслээд эзэмшиж байгаа гэж тайлбарлаж байгаа боловч уг газрыг эзэмшүүлсэн тухай эрх бүхий байгууллагын ямар нэгэн шийдвэр, захирамж байхгүй ба хавтаст хэрэгт ч энэ талаар нотлох баримтаар авагдаагүй. 2013 онд газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэх зорилгоор А.О ХХКХХК-нд 708 м.кв газрыг газар эзэмшүүлэх тухай Засаг даргын захирамжийг хүчингүй болголгүй, өмнөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгоод шинээр гэрчилгээ олгож байсан. Дараа нь 2020 онд кадастрын шинэчилсэн зургийн дагуу 36 м.кв газрыг нэмээд, 744 м.кв болгоод өргөтгөл хийсэн газрыг нэмж олгосон. Тухайн үед нэхэмжлэгчийн зүгээс гараашны оршиж байгаа газрын талаар нэмж асуудал хөндөх боломжтой байсан ч энэ тухай хүсэлт гаргаж байгаагүй. 2008 онд А.О ХХКХХК нь 96 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар авсан. Энэхүү газрууд бүгд тус тусдаа нэгж талбарын дугаартай, эзэмших эрхийн гэрчилгээтэй. Тиймээс 944 м.кв газрыг хувааж олгож байсан гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

Миний бие аймгийн Засаг даргын Тамгын газарт газрын асуудал хариуцаад ажилладаг ба надад С.Ш гуайн зүгээс 2 удаа газартай холбоотой хүсэл гаргаж байсан. Эхнийх нь 2013 онд өмнө Өлгий сумын 3 дугаар баг, одоогийн 13 дугаар багт байрлах Э.Пүрэвсүрэн гэх иргэний өмчлөлийн газартай холбоотой хүсэлт байсан. Уг хүсэлтэд нь тухайн үед аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Н.Санатбек хариу өгч байсан. Дараагийн хүсэлт нь Бугат сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хамаарах газартай холбоотой байсан ба уг хүсэлтийг нь эрх хэмжээнийхээ дагуу шийдвэрлэхээр аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт шилжүүлж байсан. “Алтан –Орда” ХХК нь 944 м.кв газрыг бүхэлдээ эзэмшиж байгаа гэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй гэдгийг дахин хэлье. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

              1.Нэхэмжлэгч А.О ХХКХХК-ийн “Баян-Өлгий аймгийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 32 дугаар тогтоолын  2 дугаар хавсралтын  3-т заасан  “2114934 төлөвлөлтийн нэгж талбарын дугаартай,  Өлгий сумд байрлах,2101 төрийн захиргааны байгууллагын зориулалттай 1549 м.кв газар”-ын,  2021 оны  06 дугаар сарын 29-ний өдрийн 39 дүгээр тогтоолын 1-т  заасан “төрийн байгууллагын гарааш, зочид буудал, төрийн  албан хаагчдын орон сууц  барих зориулалтаар  эзэмшүүлэх гэж өөрчлөлт оруулж,  шинэчлэн баталсан Өлгий сумын 5 дугаар багт байрлах 2114934 төлөвлөлтийн нэгж талбарын дугаартай 1549 м.кв талбайтай газар”-ын, Баян-Өлгий аймгийн  Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/223 дугаар  захирамжаар аймгийн Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлсэн 1549 м.кв газрын  “Алтан- Орда “ ХХК-ийн  2 автомашины гараашны доорх 71 м.кв талбайтай  газарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох,  “Алтан- Орда “ ХХК-ийн 2 автомашины гараашны доорх 71 м.кв талбайтай  газрыг  тус компанид эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах”  шаардлагатай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг үндэслэлтэй байна.

              2. Нэхэмжлэгч талаас “Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн  өмчлөлийн  “Таван богд”  зочид буудлын хойд талд 2007 онд барьсан 2 автомашины гараашийг 2015 онд дахин сайжруулан барьж одоог хүртэл ашиглаж байна. 2007 онд автомашины гараашийг анх барихад  аймгийн Засаг дарга зэрэг холбогдох эрх бүхий  албан  тушаалтнуудаас гараашны газрын байршлын зурагт зөвшөөрч гарын үсэг зурсан ба тухайн үеэс эхлэн  аймгийн Засаг дарга нарт гараашны  талбайн газрыг  эзэмшүүлэх тухай  хүсэлтээ гаргаж байсан. Өнөөдрийг хүртэл аймгийн Засаг даргаас болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас маргаан бүхий гараашнуудыг буулгах, газрыг чөлөөлөх тухай мэдэгдэл, албан шаардлага хүргүүлж байгаагүй. Иймээс  уг газрын хууль ёсны эзэмшигч мөн гэж үзэж байна” гэж маргасан.

Хариуцагч талаас  “Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг  хориглоно” гэж заасан бөгөөд А.О ХХКХХК нь  2  автомашины гараашийн талбайн газрыг эзэмших хүчин  төгөлдөр эрхийн гэрчилгээгүй тул   хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байгаа гэж үзэхгүй” гэсэн хариу тайлбар гаргажээ.

              3.Хэрэгт  авагдсан нотлох баримтуудаар /1 дэх хавтаст хэргийн 1-2,7-8, 9, 28, 54, 55, 56, 78, 80-82,103-108,162,166,170-171,184 дэх тал/  нэхэмжлэгч А.О ХХКХХК-ийн өмчлөлийн  “Таван богд” нэртэй зочид буудлын  баруун хойд талд 39,07 м  зайтай газарт буюу  гуравдагч этгээд аймгийн Засаг даргын Тамгын газрын  барилга байрлаж буй хашааны баруун талд 2,52 м зайтай газарт  71 м.кв талбайтай 2 автомашины гарааш  байрладаг, уг гараашийг тус компани нь эзэмшиж, ашиглаж байгаа, 2007 онд  аймгийн Засаг дарга, Өлгий сумын Засаг дарга, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга, аймгийн ерөнхий архитекторч, Өлгий сумын архитекторч болон    галын  аюулгүй байдал,эрчим хүч, цэвэр, бохир ус, холбооны асуудал хариуцсан эрх бүхий байгууллагын албан тушаалтнуудаас “Алтан –Орда” ХХК-ийн гараашны  газрын байршлын зураг гэх баримт бичигт  зөвшөөрч гарын үсэг зурсан, 2007 оны 11 дүгээр сар, 2013 оны 07 дугаар сар, 2020 оны 05 дугаар сард А.О ХХКХХК-аас уг 2 автомашины гараашны  талбайн газрыг  эзэмших тухай хүсэлтээ  тухайн үеийн Засаг дарга нарт  гаргаж байсан гэх үйл баримтууд тус тус  тогтоогдож байна.

              4.Маргаан бүхий захиргааны актууд болох Баян-Өлгий аймгийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 32 дугаар “2021 оны  газар зохион байгуулалтын  төлөвлөгөөнд  нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тогтоолын “Төсөвт байгууллагад эзэмшүүлэх газрын байршил, хэмжээ”-г баталсан 2 дугаар хавсралтын 3-т  “Өлгий сумд байрлах, 2114934 төлөвлөлтийн нэгж талбарын дугаартай, 2101:төрийн захиргааны байгууллагын зориулалттай 1549 м.кв газар” гэж  заасан.

              Мөн Хурлын 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 39 дүгээр  “2021 оны  газар зохион байгуулалтын  төлөвлөгөөг баталсан тогтоолын хавсралтад  өөрчлөлт оруулах тухай” тогтоолын 1 дэх  заалтаар  “32 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 3-д заасан  Өлгий сумын 5 дугаар багт байрлах 2114934 төлөвлөлтийн нэгж талбарын дугаартай, 1549 м.кв талбайтай газрыг  “төрийн захиргааны байгууллагын зориулалттай” гэснийг  “төрийн байгууллагын гарааш, зочид буудал, төрийн албан хаагчдын орон сууц барих зориулалтаар”  гэж өөрчлөлт оруулж баталсан.

              Улмаар  Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/223 дугаар захирамжаар  Өлгий сумын 5 дугаар  багийн нутаг дэвсгэр  аймгийн Засаг даргын Тамгын газрын  эзэмшил газрын  баруун талд залгаа байрлалтай 1549 м.кв газрыг  төрийн захиргааны байгууллагын зориулалтаар   аймгийн Засаг даргын Тамгын газарт 40 жилийн хугацаагаар эзэмшүүлж, 0000025345  дугаартай  газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон  байна.

              5. Маргаан бүхий дээрх тогтоолуудаар аймгийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд “төрийн байгууллагын гарааш, зочид буудал, төрийн албан хаагчдын орон сууц барих” зориулалтаар эзэмшүүлэхээр  тусгасан бөгөөд маргаан бүхий захирамжаар  аймгийн Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлсэн 1549 м.кв газарт  нэхэмжлэгчийн 2  автомашины гарааш байрлаж байгаа 71 м.кв газар  бүхэлдээ багтаж  байгаа болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт,гэрчийн мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэл болон газрын байршлын кадастрын зургуудаар /1 дэх хавтаст хэргийн 32-33, 80-82, 103-108, 154-156, 197 дах тал/ тогтоогдсон болно.

            6.Захиргааны  ерөнхий хуулийн  4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх; 4.2.6.бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 24 дүгээр зүйлийн  24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 25 дугаар зүйлийн  25.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна:25.1.1.ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах; 25.1.2.оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах”, 27 дугаар зүйлийн 27.1-т “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно”, 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ: 27.2.1.хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх”, 73 дугаар зүйлийн 73.1-т “Төлөвлөлт гэж захиргааны байгууллага дараах асуудлаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах төлөвлөгөө боловсруулах, түүнтэй холбогдон энэ хуульд заасны дагуу сонсох ажиллагааг явуулж, саналыг хянан үзэж батлах ажиллагааг ойлгоно: 73.1.2.хот байгуулалт болон газар зохион байгуулалт хийх”, 74 дүгээр зүйлийн 74.1-д “Төлөвлөгөөнд сонсох ажиллагааг төлөвлөгөөг боловсруулж байгаа захиргааны байгууллага хариуцна”, 74.2-т “Төлөвлөгөөнд сонсох ажиллагааг явуулахдаа энэ хуулийн 27 дугаар зүйлийг баримтална” гэж тус тус заасан.

            Дээрх зохицуулалтуудаас үзэхэд төлөвлөлт буюу  газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулж батлахад захиргааны байгууллагаас сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулахаар, тодруулбал  сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд хүргүүлэх, оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах, ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах  зэргээр  тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоож,  бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий шийдвэр гаргахаар хуульчилжээ.

            7.Баян-Өлгий аймгийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн, 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны тэмдэглэлүүд, хариуцагч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тайлбар,  гэрч Х.Өы мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /1 дэх хавтаст хэргийн 28,40-47,132-141,154-156 дахь тал/ аймгийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг  боловсруулах,батлах, нэмэлт өөрчлөлт оруулах  шийдвэр гаргах үйл ажиллагаанд  эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээд болох А.О ХХКХХК-ийг оролцуулаагүй, сонсох ажиллагаа явуулаагүй, шийдвэр гаргахад ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулаагүй  болох нь тогтоогдож байна.

            Өөрөөр  хэлбэл   аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 32, 39  дүгээр тогтоолуудаар нэхэмжлэгч А.О ХХКХХК-ийн 71 м.кв талбайтай үл хөдлөх  эд хөрөнгө байрлах газрыг оролцуулан аймгийн 2021 оны  газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 1549 м.кв газрыг “төрийн байгууллагын гарааш, зочид буудал, төрийн албан хаагчдын орон сууц барих” зориулалтаар эзэмшүүлэхээр  баталсан буюу эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хөндсөн захиргааны шийдвэр гаргах ажиллагаа явуулж байгаа талаар тус компанид мэдэгдээгүй, тайлбар, нотлох баримт гаргах  эрхээр хангаагүй. Мөн  аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах  асуудлыг хэлэлцэх  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  хуралдаан дээр  “төрийн захиргааны байгууллагын” зориулалтаар эзэмшүүлэхээр төлөвлөгөөнд  заасан газарт  бусдын үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байгаа талаар болон энэхүү үйл баримтын талаар нотлох баримт цуглуулж  танилцуулаагүй, эдгээр асуудал нь хуралдаанаар хэлэлцэгдээгүй байна.

            8. 2007 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан Хот байгуулалтын тухай хуулийн /1998 оны/ 10 дугаар зүйлийн 10.1-т “Хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дараахь зүйлийг хориглоно:10.1.2-т “Техникийн нөхцөлийн зөвшөөрөл, бүрдэлгүй газар олгох” гэж заасан байх ба нэхэмжлэгчийн автомашины гарааш барих зориулалтаар  газар эзэмших тухай техникийн нөхцөлийн зөвшөөрөлд тухайн үед холбогдох эрх бүхий  албан тушаалтнууд болон  Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т зааснаар аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх эрх бүхий этгээд аймгийн Засаг дарга, мөн уг асуудлаар санал өгөх  эрхтэй этгээд болох Өлгий сумын Засаг дарга нар тус тус  гарын үсэг зурсан, улмаар   нэхэмжлэгчээс 2 автомашины гарааш барьж, одоог хүртэл эзэмшиж,  ашиглаж  байгаа үйл баримт тогтоогдсон болно.

9.Газрын тухай хуулийн  32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана”, 32.5-д “Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаарх үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна”, 59 дүгээр зүйлийн  59.1-д “Газар чөлөөлүүлэх, албадан нүүлгэхэд цагдаагийн байгууллага дараахь үүрэгтэй: 59.1.1.хууль, гэрээнд заасан үндэслэлээр газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болсон, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр газар эзэмшсэн, ашигласан бол албадан нүүлгэх тухай Засаг даргын шийдвэрийн биелэлтийг хангах” гэж тус тус заасан.

              Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгчээс 2007 оны 11 дүгээр сар, 2013 оны 07 дугаар сар, 2020 оны 05 дугаар сард  уг 2 автомашины гараашны  талбайн газрыг  эзэмших тухай хүсэлтээ  тухайн үеийн аймгийн Засаг дарга нарт   гаргаж байсан гэх үйл баримтууд  тогтоогдож байгаа, харин  газар эзэмших  тухай уг хүсэлт нь  шаардлага хангаагүй,  эсхүл газар эзэмшүүлэхээс татгалзсан талаар   нэхэмжлэгчид мэдэгдсэн, мөн  зохих зөвшөөрөлгүйгээр газар эзэмшсэн, ашигласан гэж үзэж албадан нүүлгэх  шийдвэр гаргасан үйл баримт тус тус  хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

               

              10. Дээрх байдлаар нэхэмжлэгчид тухайн 2 автомашины гараашны  талбайн газрыг эзэмшүүлэх тухай  эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй боловч нэхэмжлэгчийн 2007 онд гаргасан автомашины гарааш  барих зориулалтаар газар эзэмших тухай техникийн нөхцөлийн зөвшөөрөлд  аймгийн Засаг дарга болон холбогдох бусад этгээдүүд  зөвшөөрч  гарын  үсэг зурснаар тэрээр 2 автомашины гарааш барьж  одоог  хүртэл эзэмшиж, ашиглаж байгаа,  нэхэмжлэгчийн автомашины гараашны талбайн  газрыг эзэмших тухай хүсэлтэд эрх бүхий этгээдээс татгалзсан хариу өгөөгүй, албадан нүүлгэх  шийдвэр гаргаагүй.

              Мөн аймгийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах, нэмэлт өөрчлөлт оруулах  асуудлыг хэлэлцсэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан дээр “төрийн захиргааны байгууллагын” зориулалтаар эзэмшүүлэхээр төлөвлөгөөнд  заасан газарт  бусдын үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байгаа гэдгийг хамтын удирдлагын зарчмаар ажилладаг байгууллага болох  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд танилцуулаагүй, энэ асуудал хэлэлцэгдээгүй болох нь тогтоогдож байх  тул маргаан бүхий захиргааны актуудын улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших хүсэлтээ шийдвэрлүүлэх, төлөвлөгөөнд санал, тайлбар өгөх, улмаар захиргааны байгууллагын шийдвэрт гомдол гаргах, шүүхэд нэхэмжлэл гаргах  эрх,  хууль  ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж үзлээ.

              Гэтэл эдгээр  бодит нөхцөл байдлыг шалгаж тогтоохгүйгээр  буюу захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь  хөндөгдөж болзошгүй этгээдийг  оролцуулахгүйгээр, шаардлагатай  нотлох баримтыг цуглуулахгүйгээр бусдын үл хөдлөх эд хөрөнгө болох автомашины гарааш  байрлаж байгаа 71 м.кв газрыг оролцуулан Өлгий сумын 5 дугаар багт байрлах 1549 м.кв  газрыг  аймгийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд  “төрийн байгууллагын гарааш, зочид буудал, орон сууцны” зориулалтаар  эзэмшүүлэхээр баталж, улмаар аймгийн Засаг  даргын Тамгын газрын газар эзэмших тухай хүсэлтийн дагуу  аймгийн  Засаг даргын шийдвэрээр  эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 4.1.7-д заасан газар зохион байгуулалтын төлөвлөлтөд иргэдийн оролцоог хангах, газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх гэсэн төрөөс  газрын талаар баримтлах зарчмууд, 31 дүгээр зүйлийн 31.3,  32 дугаар зүйлийн 32.1, 32.5 дах хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5,4.2.6-д заасантай тус тус нийцээгүй байна.

              Иймд  дээрх үндэслэлээр “Баян-Өлгий аймгийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 32 дугаар тогтоолын  2 дугаар хавсралтын  3-т заасан  “2114934 төлөвлөлтийн нэгж талбарын дугаартай,  Өлгий сумд байрлах,2101:төрийн захиргааны байгууллагын зориулалттай 1549 м.кв газар”-ын,  2021 оны  06 дугаар сарын 29-ний өдрийн 39 дүгээр тогтоолын 1-т  заасан “төрийн байгууллагын гарааш, зочид буудал, төрийн  албан хаагчдын орон сууц  барих зориулалтаар  эзэмшүүлэх гэж өөрчлөлт оруулж,  шинэчлэн баталсан Өлгий сумын 5 дугаар багт байрлах 2114934 төлөвлөлтийн нэгж талбарын дугаартай 1549 м.кв талбайтай газар”-ын, Баян-Өлгий аймгийн  Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/223 дугаар  захирамжаар аймгийн Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлсэн 1549 м.кв газрын  “Алтан- Орда “ ХХК-ийн  2 автомашины гараашны доорх 71 м.кв талбайтай  газарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох үндэслэлтэй байна.

              11.Харин нэхэмжлэгчийн “А.О ХХК-ийн 2 автомашины гараашны  талбайн 71 м.кв газрыг тус компанид эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах тухай” нэхэмжлэлийн  шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

              Учир нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 33 дугаар зүйлийн 33.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ:

              33.1.1.энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана;

              33.1.2.энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж тус тус заасан.

              Дээрх заалтуудаас үзэхэд  хүсэлт гаргасан газрын байршил нь  аймаг, сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд  иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байх  нь  газар эзэмшүүлэхэд тавих үндсэн шаардлагын нэг  бөгөөд  мөн  иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан газар эзэмшүүлэхээс бусад зориулалтаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг  дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэхээр зохицуулжээ.

              Гэтэл тухайн тохиолдолд  нэхэмжлэгч А.О ХХКХХК-ийн  2 автомашины гараашны талбайн  газрыг  иргэн, аж ахуйн  нэгжид эзэмшүүлж болохоор аймгийн 2021 оны  газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд заагаагүй, мөн  хэрвээ төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн  нэгжид эзэмшүүлж болохоор  заасан тохиолдолд уг газрыг эзэмшүүлэх асуудлыг дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэхээр зохицуулсан байх тул  шүүхээс  уг газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэх шийдвэр гаргахыг  хариуцагч аймгийн Засаг даргад даалгах  нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

              12.Мөн нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд “1999 оны 03 дугаар сард Өлгий сумын Засаг дарга  970 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон. Зочид буудлын байрлаж байгаа газар нь 708 м. кв газар бөгөөд сүүлд инженерийн шугам сүлжээ байршиж байгаа 36 м.кв газрыг дуудлага худалдаагаар худалдаж аваад газрын хэмжээг 744 метр квадрат болгосон. Дараа нь 96 м.кв газрыг нэмж авсан. Энэхүү 744 м.кв болон 96 м.кв газар хоёулаа эзэмших эрхийн гэрчилгээтэй, хууль ёсны дагуу эзэмшиж байгаа газар. Харин үлдсэн 144 м.кв газарт 2007 онд гарааш барьж ашиглаж эхэлсэн. Би ямар нэгэн эзгүй газрыг ашиглаагүй. Тухайн газар нь 970 м.кв газарт багтаж байсан учраас гарааш барьж ашигласан” гэсэн  нэмэлт тайлбар гаргасан.

              Хэрэгт нэхэмжлэгчээс нотлох баримтаар ирүүлсэн 1999 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 030100009 дугаартай  “Орда” зочид буудалд Өлгий сумын нутаг дэвсгэрт 970 ам дөрвөлжин газрыг 30 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2000 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 030100009 дугаартай  А.О ХХКхоршоонд Өлгий сумын нутаг дэвсгэрт 750  м.кв газрыг 30 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар тус тус  авагдсан байгаа.

              Баян-Өлгий аймгийн Засаг даргын  2008 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 324 дүгээр захирамжаар А.О ХХКХХК-д эзэмшүүлсэн 96 м.кв газрыг 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/196 дугаар захирамжаар Ш.Айдост  шилжүүлэн эзэмшүүлсэн байх ба 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн  342 дугаар захирамжаар хуучин газар эзэмших эрхийн гэрчилгээг  шинэчлэх зорилгоор Өлгий сумын 5 дугаарт багт байршилтай А.О ХХКХХК-ийн эзэмшиж байгаа газарт өөрчлөлтийг тусган 708 м.кв газрыг  үйлчилгээний зориулалтаар 40 жилийн хугацаагаар эзэмшүүлж, уг захирамж гарсантай холбогдуулан А.О ХХКХХК-ийн 030100009 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Мөн аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/92 дугаар захирамжаар  А.О ХХКХХК-ийн  үйлчилгээний зориулалттай 708 м.кв  газрыг кадастрын зургийн дагуу 744 м.кв болгож, нэмэгдсэн 36 м.кв газрыг дуудлага худалдааны анхны үнэ болох 270000 төгрөгийг төлүүлэн  өмнөх зориулалтаар 33 жилийн хугацаатай эзэмшүүлж, уг захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн  342 дугаар захирамж болон 000297086 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгосон байна.

              Шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч “Алтан–Орда “ ХХК нь  Өлгий сумын 5 дугаар багт байрлах ”Таван богд” зочид буудлын барилгын талбайн болон ойр орчмын 744 м.кв газрыг эзэмшиж байгаа болох нь  тогтоогдож байгаа бөгөөд эдгээр  нөхцөл байдлуудаас үзэхэд А.О ХХКХХК нь 970 м.кв  газар  биш  744 м.кв газар эзэмших эрхтэй болох нь тогтоогдож байх тул  “2 автомашины гарааш байрлаж буй газар  нь  эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлсэн  970 м.кв газарт багтаж байсан” гэх тайлбар нь  үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,  106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

              1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 4.1.7,31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1,32.5,  Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5,4.2.6 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч А.О ХХКХХК-ийн  нэхэмжлэлийн шаардлагын зарим  хэсгийг хангаж,  Баян-Өлгий аймгийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 32 дугаар тогтоолын  2 дугаар хавсралтын  3-т заасан  “2114934 төлөвлөлтийн нэгж талбарын дугаартай,  Өлгий сумд байрлах,2101:төрийн захиргааны байгууллагын зориулалттай 1549 м.кв газар”-ын,  2021 оны  06 дугаар сарын 29-ний өдрийн 39 дүгээр тогтоолын 1-т  заасан “төрийн байгууллагын гарааш, зочид буудал, төрийн  албан хаагчдын орон сууц  барих зориулалтаар  эзэмшүүлэх гэж өөрчлөлт оруулж,  шинэчлэн баталсан Өлгий сумын 5 дугаар багт байрлах 2114934 төлөвлөлтийн нэгж талбарын дугаартай 1549 м.кв талбайтай газар”-ын, Баян-Өлгий аймгийн  Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/223 дугаар  захирамжаар аймгийн Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлсэн 1549 м.кв газрын  “Алтан- Орда “ ХХК-ийн  2 автомашины гараашны доорх 71 м.кв талбайтай  газарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож,  үлдсэн хэсэг болох  “Алтан- Орда “ ХХК-ийн 2 автомашины гараашны доорх 71 м.кв талбайтай  газрыг  тус компанид эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1,48 дугаар зүйлийн 48.1-д  тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ЕРКЕШ