| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2023/0226/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/262 |
| Огноо | 2023-04-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Нандинцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/262
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг,
улсын яллагч О.Нандинцэцэг,
шүүгдэгч Б.Ж, Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй явуулсан хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хиад Боржигон овогт Батдэлгэрийн Ж, Яргай овогт Батдэлгэрийн Г нарт холбогдох эрүүгийн 2211 01613 0175 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Хиад Боржигон овогт Батдэлгэрийн Ж /рд: ./,
Монгол Улсын иргэн, 1999 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгааны техникч, 4-р дүгээр эмнэлэгт тогоочийн ажил хийдэг, ам бүл 4, ээж, дүү, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Шинэчлэл хороолол 807-1-37 тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй,
Яргай овогт Батдэлгэрийн Г/рд: ./,
Монгол Улсын иргэн, 2000 оны 02 дугаар сарын 20-ний өдөр Ховд аймагт төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 41-561 тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ж, Б.Г нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Ж нь 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10-р хороонд согтууруулах ундааны зүйл Хэрэглэсэн үедээ И.Уугандавааг архины шилээр цохиж, хөлөөрөө өшиглөж биед нь зүүн нүдний зовхи, дагзны хуйханд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт, дух, баруун хацар, хүзүү, зүүн шуу, эрхий хуруу, бүсэлхийд зулгаралт, баруун шуунд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.Г нь 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10-р хороонд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ З.Болормааг гараараа цохих, үснээс нь зулгаах зэргээр зодож биед нь зүүн шанаа, зүүн чихэнд зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний дээд, доод зовхи, хүзүү, хоёр мөр, хоёр бугалга, зүүн шуу, зүүн тохой, хоёр дал, бүсэлхий, нуруу, хоёр гуя, баруун шилбэ, зүүн өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаар маргаан байхгүй. Шүүгдэгч Б.Жгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх /хавтаст хэргийн 115 дугаар тал/, шүүгдэгч Б.Гийн хүсэлт /хавтаст хэргийн 113 дугаар тал/, хохирогч И.Уугандаваагийн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дугаар тал/, хохирогч З.Болормаагийн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дүгээр тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 12990, 13020 дугаартай дүгнэлтэд /хавтаст хэргийн 52-53, 62-63 дугаар тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамаараалтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Б.Ж, Б.Г нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдэнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас шүүгдэгч Б.Жгаас хохирогч И.Уугандаваагийн эмчилгээний төлбөр 214,000 төгрөг, шүүгдэгч Б.Гээс хохирогч Э.Болормаагийн эмчилгээний төлбөр 262,000 төгрөг тус тус гаргуулж өгнө үү гэх иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дугаар тал/ хохирогч нар нэхэмжлэх зүйл байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ илэрхийлсэн (хавтаст хэргийн 116, 114 дүгээр тал) зэрэг баримтууд авагдсан байх тул Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаар дансанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч Б.Жд 2 сарын хугацаагаар Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Б.Гт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Жд 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
шүүгдэгч Б.Гт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулав.
Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Б.Ж, Б.Г нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хиад Боржигон овогт Батдэлгэрийн Ж, Яргай овогт Батдэлгэрийн Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жд 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Б.Гт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Гт сануулсугай.
6. Шүүгдэгч Б.Жгаас хохирогч И.Уугандаваагийн эмчилгээний төлбөр 214,000 төгрөг, шүүгдэгч Б.Гээс хохирогч Э.Болормаагийн эмчилгээний төлбөр 262,000 төгрөг тус тус гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаар дансанд төлүүлсүгэй.
7. Шүүгдэгч Б.Ж, Б.Г нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ж, Б.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.АРИУНБОЛД