| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2019/00344/И |
| Дугаар | 369 |
| Огноо | 2019-09-11 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 369
2019 оны 09 сарын 11 өдөр Дугаар 139/ШШ2019/00369 Дундговь аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Д сумын 1-р баг Сэ гэх газар оршин суух, ЗЕ регистрийн дугаартай, Ширээ овогт Дгийн Аийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дундговь аймгийн Д сум, 1-р баг, Хө гэх газар оршин суух ЗЕ регистрийн дугаартай, Б овогт Жгийн Ат холбогдох
2500000 төгрөг гаргуулах тухай 139/2019/00344/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.У оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.А нь биеэ эмчлүүлэхээр 2019 оны 06 сарын 24-ний өдөр Улаанбаатар хот руу явсан. Манайх Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Сэвхүүл гэх газар нутагладаг. Намайг УБ хотруу явсан хойгуур буюу 2019 оны 6 сарын 25-нд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 1-р багийн иргэн Ж.А нь иргэн Бд манай өмчлөлийн мухар хар тарлан бухыг өгч явуулсан байна. Манайх бухаа 2015 онд Дэлгэрцогт сумын 2-р багийн иргэн А.А гэх хүнээс тугал байхад нь авч бух тавьсан. Манай бух нь зөв талын чих үзүүрээсээ ухам, буруу талын чих араасаа ганзага чихлээстэй. Ингээд бухаа авчруулахаар Атой хэд хэдэн удаа уулзсан ба бид учраа ололцоогүй танай бух биш гээд байгаа. Иргэн Бы үхрийн бэлчээрт 2019 оны 07 сарын 01-ний өдөр очиж өөрийн бухаа үзсэн ба манай бух мөн байсан. Бухыг авчираад өгөөч гэж хэлсэн боловч хүлээн зөвшөөрөөгүй учраас шүүхэд хандахаас өөр арга бидэнд үлдсэнгүй ээ. Иймд манай бухыг бидний зөвшөөрөлгүйгээр иргэн Бд өгч явуулсан хүн болох Ж. Аоос бухаа гаргуулах эсвэл бухны зах зээлийн үнэ болох 2500000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргаж байна гэжээ. Нэхэмжлэгч Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бухаа 2500000 төгрөгөөр үнэлж мөнгөн хэлбэрээр гаргуулах хүсэлтэй байна гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.А нь Ж.Ат холбогдуулан 2500000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Д.А нь хээлтүүлэгч үхэр-1 тооны толгой малтай байсан болох нь нотлогдож байна. /хэргийн 7-9 хуудас/
Хариуцагч Ж.Ат 2019 оны 07 сарын 24 өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, 2019 оны 08 сарын 08 өдрийн дотор хариу тайлбар /нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримт/-ыг ирүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлан өгчээ.
Мөн хариуцагч Ж.Ат шүүх хуралдааны товыг хуульд заасан хэлбэрээр боломжит хугацааны дотор мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр товлон зарлагдсан шүүх хуралдаанд ирээгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, хэргийг хариуцагчын эзгүйд хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хэргийн 6-7 хуудсанд авагдсан баримтууд тодорхойгүй /хэдэн оны тооллогын хуудас болох/, нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д зааснаар Хариуцагч Ж.А /ЗЕ /-оос 2500000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.А /ЗЕ /-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54950 /тавин дөрвөн мянга есөн зуун тавин / төгрөгийг төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас 54950 /тавин дөрвөн мянга есөн зуун тавин / төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б