Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/43

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг

          Улсын яллагч О.Эрхэмбаяр

         Шинжээч М.Баттүвшин

         Гэрч Т.Доржсамба

           Хохирогч Л.Тогосоо

           Хохирогчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн

         Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Сайнжаргал

          Шүүгдэгч С.Одсүрэн нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Одсүрэнд холбогдох эрүүгийн 2222000000093 дугаартай  хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1960 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 63 настай эмэгтэй, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 2, хүүгийн хамт Дундговь аймгийн Хулд сумын 4 дүгээр баг Бударгана-Ус гэх газар  оршин  суух,  урьд  ял  шийтгэлгүй,  улсаас  авсан  гавьяа шагналгүй, Мандал овогт Сосорын Одсүрэн /РД:ЗМ60020205/.

 

    Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч С.Одсүрэн нь Дундговь аймгийн Луус сумын “Бударгана” гэх газарт 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Л.Тогосоог зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүгдэгч С.Одсүрэн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “2022 оны 04 сарын 21-ний өдөр манай хүү Адъяасүрэнгийн хүүхдийн 1 насны ойд очсон. Мал хийж шөл уулгаж, хүүхдүүд хэд гурван шил архи уусан. Тараад явах гэтэл Ариунболд замдаа Тогтох ахынхаар буугаад явъя гэсэн. Тогтохынд очоод 1 шил архи уучихаад байж байтал дахиад 1 шил архи гаргаж өгөхөөр нь ууцгаасан. Тогтохын гэрт байхад Ариунболд намайг янз бүрээр хэлж өдөөд байсан. Доржсамба гэрээс гарч орж ирэхдээ машинд хүүхдүүд уйлалдаад байна гэсэн. Тэгэхээр нь би явъя гээд гартал хүү 2 машины голд шээгээд зогсож байсан. Ариунболд хажууд нь зогсож байсан. Гэтэл хүү гэнэт ойчиж босч ирээд заамдалцаад ноцолдоод эхэлсэн. Тогосоо нэлээн согтсон Цэцэгтэй тэврэлдсэн уйлаад сууж байхаар нь явъя гээд аваад гартал нөхрөө өмөөрөөд хүүг самардаад чи хүүгийнхээ амьдралд саад болсон гичий минь үхээч, зайлаач гэж хашхирсан. Хүүгээ салгаж авах гэтэл намайг толгойноос доош дарсан. Лай болсон гичийгээсээ салаач гэсэн. Хүүгээ салгаж аваад явах гэтэл Тогосоо гараас нь зуурчихаад явуулахгүй байсан. Тэгэхээр нь би машинаа унаад нэлээн зайтай очиж 20-30 минут байж байгаад очтол айлаас жоохон урагшилсан яг хэвээрээ байхаар нь яваад өсгөн. Өглөө эрт гэрт нь буухад танай тэнэг эх чинь намайг зодсон. 10.000.000 төгрөг өгөхгүй бол та хоёрыг шоронд хатаана гэж хэллээ гэж ирсэн. Би хамгийн түрүүнд эмнэлэгт үзүүлж цагдаад гомдол гаргачихаад мал руугаа буцсан. Энэ хүн биеэр өргөдөл өгсөн зүйл байхгүй байх. Эгч рүүгээ утсаар хэлсэн гэж бодож байна. Энэ хүнийг зодсон зүйл байхгүй.” гэв.

Хохирогч Л.Тогосоо шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:  “Намайг согтуу байсан гэлээ би энэ хүнээр түшүүлж вагончигоос гараагүй. Настай хүн байж яагаад худлаа яриад байгааг ойлгохгүй байна. Уйлж намайг элдвээр хараасан гэж хэллээ. Би хараагаагүй. Айлд очихдоо манайхаар ороод гар гэж хэлэхээр нь цуг очсон. Тэр айлд 2 шил архи уусан. 1 нь бүтэн, 1 нь тал шил архи байсан. Муудалцаад байхаар нь салгах гээд дундуур нь ортол Ганболд толгой дээрээс доош нь дараад Одсүрэн гуай үсдээд дээр чинь шээчих үү гэхэд хүү нь таны шээс гарахгүй бол би шээчих үү гэсэн. Айлын хүү гарч ирээд салгах гэтэл Ганболд нь Доржсамбыг цохих гээд байх шиг байсан. Нэг хэсэг зууралдаж байгаад салгасан. Ээж нь Ганболдыг харъя гэхэд явахгүй байсан. Тэгээд Одсүрэн эгч хаяад явсан. Араас нь бид нар хүргэж өгсөн. Миний толгой өвдөөд Улаанбаатар хот орж МЖЖ гэдэг нэртэй хувийн эмнэлэгт үзүүлэхэд хагалгаанд орохоор юм байна гэсэн. 2.000.000-3.000.000 төгрөг болно гэж байсан. Мал төллөөд явж чадахгүй байна. Доошоо тонгойхоор хатгаж өвддөг. Зодсон нь үнэн байхад зодоогүй гэж дайраад байгааг ойлгохгүй байна.” гэв.

       Шинжээч шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Цохилт үүсэхэд зөөлөн эдийн гэмтэл зовхи руу шилжих боломжтой. Нүдний цус хуралт хэдэн удаагийн цохилтоос үүсэх нь хамаагүй, хөнгөн зэрэгт хамаарна. Тархи доргилт гэмтэл хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн эмчийн үзлэг хангалтгүй, тархи доргилтыг дурдаагүй байсан учир дүгнэлтэд дурдаагүй. Үзлэгт тархи доргилтынхоо ерөнхий шинжийг бичээгүй гэж ойлгож болно. Тухайн хүний биед зовхинд цус хуралт гэж байгаа боловч хэр хэмжээг огт дурдаагүй. Үзлэгээр гэмтэл тогтоогдоогүй. Ганболдын биед хумсаар маажсан гэмтэл тогтоогдоогүй. 3 хүнийг биетээр үзсэн мөн баримт хавсаргасныг давхар үзсэн. Ганболдын зовхинд цус хуралт 1%-д  хүрэхгүй. Одсүрэнгийн биед өөр гэмтлийн зэрэг байгаагүй. Хатуу мохоо зүйлд гутлыг хамааруулж болно. Тухайн хүний биед үүссэн хамрын гэмтэл цохилтын инерцээс шалтгаална. Тухайн хамар яс хугарах хэмжээний хүч үйлчилж байж хугарал үүснэ. Бага инерцээр цохиход хамар хугарахгүй. Байрлал зүйн хувьд хэр ямар байсан гэдгээс хамаарч инерц гарч ирэх байх. Уян хатан байдалд одоогийн байдлаар туршилт хийх, жилийн өмнөх нөхцөл байдал 2 өөр байгаа. Нас ахих тусам уян хатан чанар өөрчлөгдөж байгаа”гэв.

      Гэрч Т.Доржсамбын шүүх хуралдаанд өгсөн: “ Одсүрэн, Тогосоо гэх хүмүүсийг 10-аад жилийн өмнөөс танина. Тэд халамцуу байсан. Манайд Ариунболд, Ганболд, Тогосоо, Одсүрэн дөрөв ирсэн. Манайд ирээд Одсүрэн гуай уугаагүй. Бусад хүмүүс нь уусан.  Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Явлаа гэж гарсны дараа нь гарахад муудалцсан байсан. Манай гэрээс Ариунболд, Ганболд нар гараад араас нь Одсүрэн гуай тэгээд Тогосоо гарсан. Вагончигт байхад Тогосоогийн нүүрэнд гэмтэл учраагүй байсан. Намайг очиход гадаа Ганболд, Ариунболд 2 барилцаад авсан байсан.  Одсүрэн гуай гадаа байсан. Тогосоо гэрт байсан. Тогосоо архи уусан байсан. Хэрүүл маргаан болох гээд Одсүрэн эгч, Тогосоо эгчийг аваад гарсан. Энэ хүмүүсийн муудалцаж байгаа газар вагончигоос харагдахгүй. Гэрэлгүй, харанхуй хэсэгт байсан. Ганболд гэдэг хүнийг Ариунболд машинтай дайрна гэсэн асуудал яригдсан талаар мэдэхгүй. Бүгд манайхаас урагш яваад өгсөн. Гэрт байхад Ариунболд, Одсүрэн рүү хандаж үг хэлж байгаагүй.  Ганболд агсраад байхаар нь орхиод гэрт ортол Тогосоо эгч зөрж гарсан. Түүнээс хойш болсон үйл явдлыг хараагүй. Айлын гадна хэл ам хийхгүй гэж манай гэрээс нэлээн зайтай явсан” гэв.

       Хохирогч Л.Тогосоогийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2022 оны 04 сарын 21-ний өдөр Адъяасүрэн гэх айлд хүүхдийн нэг насны хойд очсон юм. Тэр айлд очоод жаахан идэж ууж байгаад 21 цаг өнгөрөөгөөд Тогтох гэх айлд очсон. Тэднийд Тогтох, эхнэр Цэцэг, Самба, Самбын эхнэр, бас Одсүрэн, Ганболд манай нөхөр Ариунболд бид хэд байсан. Тогтохынд бид хэд 0.5 литрийн архи хувааж уусан. Тэгээд 22 цаг өнгөрч байхад манай нөхөр бие засах гээд гарсан араас нь Ганболд, Одсүрэн эгч 2 гарсан. Тэгтэл Ганболд, Ариунболд хоёрыг зодолдож байна гэхээр нь гараад очтол дээлнийх нь захаар боогоод нүүр рүү нь өшиглөж байхаар нь болиоч гээд салгах гээд голоор нь ортол миний толгой дээрээс дараад нөхрийн дээрээс унагааж дараад амьсгалж болохгүй байсан. Гэтэл хажуу талаас Одсүрэн эгч үснээс зулгаагаад байхаар нь би Одсүрэн эгчийн үснээс татсан. Тэгсэн Ганболд миний ээжийн үснээс тавивал үснээс чинь тавина гэхээр нь би Одсүрэн эгчийн үснээс нь тавьсан чинь миний үсийг тавьчихсан. Одсүрэн эгч миний үснээс дараад байж байхдаа миний нүүр рүү өшиглөөд салцгаасан. Ганболд, Одсүрэн эгч 2 үснээс татаад доош нь дараад нөхрийн дээр хэвтүүлсэн байхад Одсүрэн эгч дээрээс нь нулимаад маань уншаад дээрээс нь шээнэ гээд өмдөө тайлаад толгой дээр шээсэн, хүү Ганболд нь бас шээнэ гээд өмдөө тайлах гэж оролдоод байсан. Адъяасүрэнгийн хүүхдийн нэг насны ой дээр байхад Ганболд, Одсүрэн эгч 2 “манай хэдэн үхэр танай хашаанд багтсангүй юм гээд” үгээр өдөөд байсан. Тогтохынд ирээд муудалцсан зүйл байхгүй. 2022 оны 04 сарын 18-ны цасан шуурга тавьдаг өдөр нөхөр бид хоёр үхрээ хашаанд хашсан. Тэгэхэд Одсүрэн эгчийн үхрийг хамт тууж ирсэн байсан юм. Тэгээд Одсүрэн эгчтэй яриад үхэр чинь тугаллах гээд байна гэж хэлсэн. Удалгүй Ганболд ирэхээр нь хашаанд олноор нь хийхээр бага үхрээ мөргөөд байх юм. Үхрээ авч явах юм уу? үлдээх юм уу? гэсэн чинь харж байгаад л үхрээ туугаад явсан. Тэрнээс болж л маргаан болсон байх. Уг нь тусалъя гэж бодоод Ганболдын үхрийг өөрийн үхэртэй хамт тууж ирсэн юм. Миний хувьд хүүхдийн ойд ганц нэг удаа татсан. Тогтохынд очоод ууж идсэн юм бол байхгүй. Одсүрэн эгч нэг их уугаагүй. Ганболд, Ариунболд 2 нэлээн уусан. Одсүрэн эгч намайг 2022 оны 04 сарын 21-ний өдөр чулуутай гараараа цохисон асуудал огт байхгүй. Би хүнээр өргөдлөө бичүүлсэн юм. Тэр хүн өөрөөр ойлгоод бичсэн юм байна. Би ч анзаараагүй гарын үсэг зурсан байна. Одсүрэн эгч үснээс зулгаагаад доош дарсан бас толгой дээрээс шээсэн. Ганболд миний толгой дээр дарсан. Бас үснээс зулгаагаад доош нь дараад байсан. Тухайн үед Самба гэдэг саахалтын залуу салгах гээд ирсэн чинь Ганболд яах гээд байгаа юм гээд байсан. Тэр залуу салгаж чадаагүй. Гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/

            Хохирогч Л.Тогосоогийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “Тухайн үед манай хүүхэд Номчбилгүүн байсан. Тэр үед уйлаад бид нарыг хараад байсан. Түүнээс хойш шөнө унтаж чадахгүй уйлаад байдаг болсон. Өмнө нь зүгээр байсан. Тухайн асуудлаас болж айсан юм шиг байна. Тухайн гэмтэл нь 2022 оны 04 сарын 21-ний өдөр бусдад зодуулсны улмаас учирсан. Одсүрэн нь миний нүүр хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөсөн юм. Тухайн үед дээрх гэмтлүүд үүссэн. Одсүрэн түүний хүү Ганболд нар миний үснээс татаад байсан. Өөр халдаж зодсон асуудал байхгүй. Тухайн үйлдлийн улмаас миний хамраас цус гарсан ба Ганболдод ээж чинь миний нүүр рүү өшиглөчихлөө гэхэд Ганболд сүртэй юм миний ээж тийм ширүүн өшиглөнө гэж юу байдаг юм гэж хэлсэн. Одоо миний толгой өвдөөд байгаа тонгойж юм хийх үед хамраас дээшээ дух руу хатгаж өвддөг болсон. Анх Ганболд манай нөхөртэй муудалцаад зогсож байсан. Тэгэхээр нь би салгах гэхэд Ганболд ээж Одсүрэнтэй нийлж зодсон. Би хүний биед халдаж зодсон зүйл байхгүй. Намайг Одсүрэн үсдээд доош дарсан байх үед би Одсүрэнг үсдэж байгаад больсон. Би гомдолтой байна. Өөрт учирсан хохирлыг барагдуулмаар байна. Би нийт 829.200 төгрөгийг Одсүрэнгээс нэхэмжилнэ. Баримт нь байгаа Улаанбаатар хотод эмнэлэгт үзүүлнэ. Хамартаа эмчилгээ хийлгээгүй байгаа. Тийм учраас 1.000.000 төгрөг нэмж авмаар байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 16/

           Хохирогч Л.Тогосоогийн 2022 оны 10 сарын 31-ний өдөр өгсөн: “О.Ганболд надтай огт юм яриагүй. Манай нөхөр миний биед халдаж цохиж зодоогүй. Тухайн үед манай нөхөр машинаа жолоодох гээд байхаар нь болиулаад би өөрөө жолоо бариад явсан. Тогтох гэх айлын гаднаас би өөрөө машинаа жолоодоод Ганболдыг гэрийнх нь гадаа буулгаж өгөөд харьсан. Гомдолтой байна. Худаг усан дээр манай нөхөртэй таараад “энэ танай уух ус биш, манай ус” гэж хэлсэн байсан. Худаг дээр өөрийнхөө хонийг хоргоогоод манай хонийг оруулахгүй байсан гэсэн. Өөрт учирсан хохирлыг төлүүлмээр байна. Тухайн асуудал болсны маргааш Одсүрэнгийн хүү О.Ганболд манай гэрт ирээд “чи цагдаад битгий хэл, энүүгээрээ хэдүүлээ зохицчихъё” гээд байсан. Тухайн үед би “үгүй, явдаг газраар нь явж салъя” гэж хэлсэн. Тэгэхэд О.Ганболд яваад өгсөн. Удалгүй Одсүрэн залгаад “чи явдаг газраараа яваад юм салгахыг чинь харна аа” гэж хэлсэн. Тухайн үед намайг янз бүрээр хараагаад байхаар нь би утсаа тасдчихсан. Миний ярьсан зүйлс үнэн зөв.” гэх мэдүүлэг /хх-ийн 131/

            Гэрч И.Ариунболд мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2022 оны 04 сарын 21-ний өдөр Луус сумын 1-р багт байдаг Адьяасүрэнгийн хүүхдийн нэг насны ой болоод урьсан болохоор нь нар шингэх үед очсон. Адьяасүрэнгийн гэрт нь очоод нэлээд архи уусан. Тэгээд харих замдаа Тогтох гэдэг айлд тэднийд Ганболд, Одсүрэн бид хэд хамт очсон. Тогтохынд очсоноос хойш нэг шил 0.5 литрийн архи задалж байсан. Тэрнээс би ууж байснаа тэгээд юу болсныг мэдэхгүй нэг мэдэхэд гэртээ сэрсэн. Тэгсэн эхнэрийн нүд нь хавдсан, хамар нь хавдсан байсан. Миний нүд жаахан хөхөрсөн хамрын баруун доод хэсэгт шалбарсан баруун нүдний дээд талд хөхөрсөн байсан. Тэгээд би эхнэрээс юу болсон талаар асуухад Ганболдтой маргалдсан. Намайг бас дээлээр боосон гэсэн. Эхнэрийг унагаж байгаад зодсон гэж хэлсэн. Би Ганболдтой юунаас болж маргалдсан талаар мэдэх юм алга. Тогтохынд очоод нэг шил 0.5 литрийн архи ууж байснаа санаж байна. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй. Гэрт сэртэл баруун нүдний дээд талд хөхөрсөн, нүд хөхөрсөн, хамрын баруун доод хэсэг шалбарсан байсан. Надад Ганболдтой хэрэлдэж маргалдсанаа санаж байгаа юм байхгүй. Би Адьяасүрэнгийнд дундын хундагаар 7-8 татсан байх. Тэр айлаас явахдаа нэлээн согтсон. Тэгээд Тогтохынд ирээд 0.5 литрийн архинаас нэлээн уусан. Тэгээд л тасарсан байна лээ. Манайх Одсүрэнгийнх гэдэг айлтай ойр бууцанд байдаг юм. Бууцны ойр малаа явууллаа гэж хэлж ярьж байсан. Гэхдээ хэрэлдэж муудалцаад байсан юм байхгүй. Ганболд бид хоёрын хооронд өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/

           Гэрч И.Ариунболдын 2022 оны 10 сарын 31-ний өдөр өгсөн: “Би эхнэрээ зодоогүй. Ганболд намайг зодоод байхаар нь манай эхнэр дундуур орж салгасан байсан. Тэгээд салгаж байх үед Одсүрэн, Ганболд нар манай эхнэрийг боож унагаад зодсон байсан. Би яг тэр үедээ мэдээгүй. Би Ганболдыг цохиж зодох гэж дайраагүй. Манай эхнэр машин жолоодоод намайг аваад явсан байсан. Би тухайн үед болсон асуудлыг санаж байгаа. Тэр өдрөөс 2-3 хоногийн өмнө цас ороод байхаар нь би үхэртээ яваад өөрийнхөө үхрийг Одсүрэн гэх айлын үхэртэй тууж ирээд бөөнд нь хашсан. Гэтэл манай болон Одсүрэнгийн үхрүүд багтахгүй байхаар нь Одсүрэнгийнх рүү залгаад “үхэр багтахгүй байна, үхрээ ирж ав” гэж хэлтэл Ганболд ирээд үхрээ аваад явсан юм. Тэгээд архи ууж байх үед С.Одсүрэн нь “манай үхэр танай хороонд багтахгүй байна уу” гээд хэрүүл өдөөд байсан. Тэрнээс болж би Ганболдтой хэрэлдсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 134/

            Гэрч О.Ганболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ Сая 04 сарын 21-ний өдөр байх Адьяасүрэнгийн хүүхдийн нэг насны төрсөн өдөр болоод нутгийн хүмүүс очсон. Тэнд хүмүүс хоол унд идчихээд 20-30 хүн 2 шил архи, нэг пиво хувааж уугаад тарцгаасан. Тэгээд явах гэж байхад Ариунболд ах Тогтохынд бууя гэхээр нь би буучихсан шүү дээ гэсэн чинь бараа болоод хамт очоод өгчих гэхээр нь хамт Тогтохынд очсон. Тэнд очоод 0.5 литрийн архи гаргаж ирсэн нь дууссан. Дараа нь архи гаргаж ирээд уусан. Тэгээд явъя гээд гарсан. Айлд байхад Ариунболд ээжийг “та яах гээд байгаа юм” гээд байсан. /Өдөж байгаа юм/ Ариунболдыг гараад явахаар араас нь гарсан. Гараад 2 машины голд шээгээд зогсож байхад Ариунболд “чи надыг зодлоо” гэхээр нь “та яагаад байгаа юм бэ” гэсэн чинь Ариунболд өшиглөөд намайг унагаасан. Тэгснээ намайг дайрч ална гээд машин руугаа яваад машиныхаа хаалганы бариулаас татахаар нь би хормойноос нь татсан чинь газар унаснаа босч ирээд миний баруун талын нүд рүү цохихоор нь би хавирч унагаад хоёр гараараа дээрээс нь дараад сууж байхад ээж Одсүрэн “хүүхэд багачууд орилолдоод байна явъя” гээд вагончиг орж хэлж байсан. Тэр хооронд Ариунболд бид хоёр босч зогсоод барилцаад байж байхад вагончигоос Ариунболдын эхнэр Тогосоо гарч ирээд нүүр ам самардаад “чи ээжийгээ үхүүл, чи ээжийгээ зайлуул холд” гээд хашхираад байхад ээж дундуур орж ирээд намайг авч явах гэсэн чинь тэр хүүхэн ээжийг үсдээд доош нь дарсан. Тэгэхээр нь би тавиулаад ээж машин руу яваад өгсөн. Тогосоо бас над руу дайраад хашхичаад гуйлгачин гээд доромжлоод байж байхад Самба намайг боль яв гэсэн чинь Тогосоо дээлнээс зуурчихаад явуулахгүй байсан. Тэгээд би ээжийг яв, яв гэчихээд тэр хүүхэнтэй нэг хэсэг юм ярьж байсан. Тэгтэл Ариунболд ирээд намайг цохих гэж байгаад эхнэрийнхээ нүүр рүү цохисон. Тэгсэн хамраас нь цус гарсан тэгснээ Ариунболд намайг дайрч ална гээд машинаа дугуйлдаж эргүүлээд байсан. Миний дээлний хормойд шүргээд л байсан. Маргааш нь Тогосоо гэдэг хүүхэн уулзаад толгой дээр шээсэн гээд байгаа юм. Тэр хүүхний толгой дээр шээсэн юм огт байхгүй. Намайг шээгээд зогсож байхад Ариунболд нуруу руу тийрээд газар унагаасан. Бас миний нүд рүү цохихоор нь би хавирч унагаасан. Бид 2 бие биеэ цохиж зодсон асуудал байхгүй. Би уусан гэхдээ ухаангүй болтлоо уугаагүй. Нэг их согтоогүй гайгүй байсан. Ээж уугаагүй. Тогосоо, Ариунболд 2 нэлээн согтуу байсан. Тогосоо миний санаж байгаагаар ээж бид хоёрыг цохиж зодсон, өшиглөсөн асуудал огт байхгүй. Тогосоо ээжийн үснээс зулгаагаад байсан болохоор тавь гээд тавиулсан. Миний нүд рүү Ариунболд цохисон. Тогосоо хуруугаа хийгээд самардчихсан болохоор хэд хоног нүд улайгаад хорсоод байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/

          Гэрч О.Ганболдын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн: “Би Ариунболдын эхнэр Тогосоогийн хамт завилж суугаад юм ярьж байтал Ариунболд машинаасаа бууж ирээд намайг цохих гээд гараа явуулахаар нь би биеэрээ хойшоо болж бултахад Ариунболд эхнэрийнхээ хамрын дээд хэсэгт цохисон юм. Дахин юм яриад сууж байхад Тогосоо хамраас цус гарлаа гэж хэлсэн ба би яг өөрөө хараагүй. Тэгэхэд нь “би чамайг цохиогүй шүү” гэж хэлсэн. Тогосоо бид хоёрыг юм яриад сууж байх үед Ариунболд машинаа жолоодоод “та хоёрыг дайрч ална шүү пизда минь” гээд машинаа жолоодож яваад байсан. Тэгээд 00 цаг өнгөртөл би Тогосоотой юм ярьж сууж байгаад Ариунболд, Тогосоо хоёроор гэртээ хүргүүлсэн. Намайг яг мөргөөгүй, дайрч ална гээд байсан. Миний биед гэмтэл шарх учраагүй. Тухайн асуудал болсны маргааш Ариунболдынд яваад очтол Ариунболд гэртээ байгаагүй. Тогосоо хүүхдийнхээ хамт байсан. Тэгээд би “яав, ийв” гэхэд Тогосоо “чи намайг цохисон, ээж чинь намайг чулуутай гараараа цохисон” гэж хэлэхэд нь би тийм зүйл болоогүй гэж хэлсэн. Би хэдүүлээ цагдаа сэргийлэх гээд яахав, энүүгээрээ учраа олъё гэж хэлтэл Тогосоо “чи надад 10.000.000 төгрөг өг” гэсэн. Тухайн үед би надад тийм их мөнгө байхгүй, чи явдаг газраараа яв гэж хэлсэн. Би Тогосоог зодсон асуудал байхгүй. Би тухайн үед болсон асуудлыг бүгдийг нь санахгүй, заримыг нь мартчихаад байгаа юм. Тухайн асуудал болох үед Тогосоо, Ариунболд бид 3 их согтуу байсан. Ээж архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би Тогосоод ээж чамайг цохиогүй гэж хэлсэн. Тэгэхэд Тогосоо цохисон гээд гөрдөөд дайраад байсан. Ээж тухайн үед Тогосоог цохисон асуудал байхгүй. Тогосоо 10.000.000 төгрөг өг гээд байхаар нь “надад тийм их мөнгө байхгүй, чи явдаг газраараа яв” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 136-137/

            Гэрч Т.Доржсамбын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 04 сарын 21-ний өдөр Луус сумын 1 дүгээр баг “Бударгана ус” гэх газарт гэртээ унтах гээд хэвтэж байхад 22 цагийн үед Ганболд, Тогосоо, Одсүрэн, Ариунболд нар хүүхдүүдийн хамт ирсэн. Тэднийг ирсэн болохоор би 0.5 литрийн архи задалж өгсөн. Тэр архийг Ганболд, Ариунболд 2 хувааж уусан. Одсүрэн, Тогосоо 2 уугаагүй. Тэгээд Ариунболд гараад явсан. Араас нь Ганболд гарсан. Одсүрэн эгч явъя гээд гараад явсан. Тэрний араас гарсан тэр үед гадаа чанга, чанга дуугараад хүмүүс муудалцаад байхаар нь гараад очтол 2 машиныхаа голд Ариунболд, Ганболд 2 заамдалцаад зогсож байхаар нь салгаад боль гээд болиулсан. Тэгээд Ганболдыг машинд нь суулгах гээд аваад явтал өөдөөс яах гээд байгаа юм гээд жигтэйхэн уурлаад байхаар нь орхиод вагончиг руу орсон. Тэгээд зөрөөд Тогосоо вагончигоос гараад явсан. Цонхоор эргээд харахад машины голд Ариунболд, Ганболд 2 нь хоорондоо зууралдаад 2 эмэгтэй нь салгах гэж хажууд нь байгаа харагдсан. Ганболд Тогосоогийн өөдөөс агсраад байгаа бололтой байсан. Тэгээд л тэр хэд айлаас холдоод учраа олно гээд явсан. Тэрнээс хойш юу болсон талаар би мэдэхгүй байна. Манайд архи уугаад сууж байхдаа хэрэлдэж маргалдсан зүйл байгаагүй. Ганболд, Ариунболд 2 нэлээн согтуу байсан. Тогосоо архи уух нь уусан, гэхдээ гайгүй байсан. Одсүрэн эгч эрүүл байсан. Ариунболд, Ганболд хоёрыг заамдалцаж байхад нь Тогосоо Одсүрэн нар салгах гээд байгаа бололтой харагдаж байсан. Ариунболд, Ганболд хоёрыг салгах гэж байхдаа 2 эмэгтэй нь бие биеийнхээ үс гэзэгнээс татаж чангаасныг мэдэхгүй. Би зайтай хол газраас харж байсан. 2 эрэгтэйгээ салгах гэж байгаа бололтой л харагдаж байсан. Тэр хэдийг гадаа байхад нь Одсүрэн эгч Тогосоо эгчийн дээрээс шээж байхыг би хараагүй. Намайг харж байхад тийм зүйл болоогүй. Манай ээж аав 2 тэр хэдийг явлаа гэсэн болохоор унтах гээд хэвтэцгээсэн байсан. Би л гадаа гарч тэр 2-ыг салгачихаад орж ирээд цонхоор хааяа нэг хараад л байж байсан. Надаас өөр харсан хүн байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30/

           Шүүгдэгч С.Одсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:  “Би хүлээн зөвшөөрөхгүй байна. 2022 оны 04 сард байх өдрийг нь сайн санахгүй байна. Хүүгийн хүүхдийн төрсөн өдөр тэмдэглэсэн. Тэнд нутгийнхан цуглаад мал гаргаад харшаа гаргаж байгаа юм гэж шөл уулгаж салат идүүлсэн. Хүүгийнд том жижиг 2 шил архи бас нэг пиво ууцгаасан. Хүүгийнд олон хүмүүс байсан удалгүй тарцгаасан. Хүү Ганболд бид 2 явах гээд машиндаа суусан. Хүүг суух гэж байхад цаанаас нь Ариунболд дуудаад Тогтох ахынхаар ороод явъя гэж хэлсэн. Хүү Болд ах, Тогтох ахынд буугаад гаръя гэж байна. Тэднийхээр буугаад гаръя гээд Тогтохынд очсон. Тэнд очсон чинь идээ авч өгчихөөд архи гаргаж өгсөн. Тэр архийг Ариунболд, Ганболд, Тогосоо 3 уусан. Ариунболд, Адьяасүрэнгийнд жаахан юм уугаад дэвсгэртэй байсан учраас халамцуухан болохоороо тэр айлд буухгүй юу. Тэр архийг дуусгачихаад Тогтох дээрээс нь жаахан ууссан архийг гаргаж ирсэн. Түүнийг бас Ариунболд, Ганболд, Тогосоо 3 хувааж уусан. Тэгээд Ариунболд, Ганболд бид хэд вагончигоос цувраад гарсан. Гараад очиход Ариунболд өөрийнхөө машин руу орсон. Тэгэхэд манай хүү Ганболд 2 машины дунд шээгээд зогсож байсан. Би машины хаалганы хажууд зогсож байсан. Тэгсэн чинь Ариунболд хүүг өдөөд “чи намайг зодох гээд байгаа юм уу зодуул зод л  доо” гээд агсам тавих гээд байсан. Тэгсэн Ганболд “ах минь зүгээр байхад зүгээр байгаарай” гэж хэлээд зогсож байснаа хүү өнхрөөд унаж байгаа харагдсан. Тэгээд Ариунболд, Ганболд 2 зууралдаад заамдалцаад 2 биеийнхээ дээлнээс барилцаад зогсож байхад вагончиг рүү би орсон. Тэгэхэд Тогосоо их согтсон байдалтай Тогтохын эхнэрийг тэврээд орилж байсан. Элдэв бусын юм яриад байсан. Би Тогосоог согтуу байсан болохоор туслаад түшээд гарсан. Гадаа Ариунболд, Ганболд 2 зууралдаад байж байсан. Тогосоо гүйж очсоноо манай Ганболдыг учиргүй самардаад л орилж чарлаад л зүүгдээд байсан. Тэгэхээр нь би хүүг салгаж авах санаатай голоор нь орсон чинь миний үснээс зулгаагаад доошоо дараад манай хүү Тогосоог үснээс тавиулаад машиндаа очиж суусан. Тогосоо Ганболдоос зууралдаад тавихгүй байсан. Ганболд эсэргүүцэл үзүүлсэн юм огт байхгүй. Намайг элдэв бусаар хэлээд наад гичийгээ зайлуулаач хүүхдийнхээ амьдралд гай болсон, гичийгээ далдруулаач, наадахыгаа үхүүлээч, чи манайтай нийлээч, наад гичийгээ зайлуулаач гээд л хашхираад орилоод байсан. Би тэгээд хүлээж жаахан чагнаж сууж байгаад хөдлөөд овооны ард орж зогсоод хүүхдээ унтуулаад 20-30 минутын дараа эргээд ирэхэд Ганболдын дээлнээс нь зуурчихаад босгохгүй суулгаад өмнө нь хэлж байснаа хэлээд л хашхираад байсан. Ганболд, Тогосоо 2 вагончигоос нэлээн урагш очоод зогсчихсон. Ариунболд машин дотроо тэр хоёрын зүүн урд талд нь зогсож байсан. Би тэр үед машинаасаа буугаагүй. Машины цонх онгорхой байсан. Хажуугаар нь явж өнгөрөөд зогсоход өмнө нь ярьж байсан яриагаа яриад хараагаад л байсан. Тэгээд би хүүхдүүдээ аваачиж унтуулъя гэж бодоод Ганболдыг орхиод явсан. Гэрт очиход шөнийн 12 цаг дөнгөж өнгөрч байсан. Тогтохынд машины гэрэл тавьж очсон. Тогосоо бид хоёрын хооронд ямар нэгэн өс хонзон өр авлагын асуудал байхгүй. Харин бэлчээрээс болоод манайхыг байнга дарамталдаг. Ариунболд нь согтохоороо “та нарын амьдрал миний гарт байгаа шүү, та нар муусайн хол явахгүй шүү” манай бэлчээр дээр хороо барьсан гэж айлгаж ичээдэг. Шалтаг гаргаж чадах гээд манайхыг тэр газраас нүүлгэж холдуулах гээд байгаа юм. Ариунболд эрүүл дээрээ бол юм хэлдэггүй. Би тэр өдөр Тогосоогийн үсэнд хүрсэн болохоос татаж чангаасан юм огт байхгүй. Тогосоо миний толгойн оройн хэсгийн үснээс базаад дараад доош нь тонгойлгосон. Тэгэхэд хүн юм болохоор үснээсээ тавиулах гээд үсэнд хүрсэн. Тогтохынд очиход Тогтохын хүү Самба, бэр хүүхэн, Тогтох, Тогтохын эхнэр Цэцэг хүүхдүүд унтаж байсан. Тогтохынд уусан архийг Ганболд, Тогосоо, Ариунболд нар хувааж уусан. Тэр үед Тогтох бие өвдөөд гээд уугаагүй. Самба уудаггүй юм байна лээ. Би тэр өдөр архи хэрэглээгүй. Ер нь би ууж чаддаггүй. Адьяасүрэнгийнд байсан хүмүүс бүгдээрээ ууцгаасан. Ариунболд угаасаа дуртай хүн болохоор халмаг байсан. Тогосоо бас халмаг байсан. Тогтох, Цэцэг 2 уугаагүй. Тогосоо Самбын аягалж өгсөн архийг шууд хөнтөрчихөөд л байсан. Тэгээд Тогосоо согтчихсон Цэцэгийн хүзүүгээр нь тэвэрчихсэн юм яриад л байсан. Тогосоог хөл дээрээ тогтож чадахгүй байсан болохоор би сугадаад вагончигоос гарсан. Маргааш нь Ганболд Ариунболдынд мал сурахаар буухад Тогосоо танайхыг шүүх цагдаад өгнө. Та нараас 10.000.000 төгрөг авна гэж хэлсэн байсан. Ганболдын нүд тэр үед сүрхий улайсан байсан. Хэн тийм болгосныг мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 66-70/

 

         Дундговь аймгийн шүүх шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 138 дугаартай:

         -Л.Тогосоогийн биед хамар ясны хугарал 2 нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтэл нь хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.

       -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хамар ясны хугарал болон 2 нүдний дээд доод, зовхи, хамрын цус хуралт нь тус тусдаа болон бүрдэл байдлаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамрын зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 33-35/

        Дундговь аймгийн шүүх шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 140 дугаартай:

         -С.Одсүрэнгийн биед гэмтэл тогтоогдсонгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49-50/

        Л.Тогосоогийн Дундговь аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 1/

        С.Одсүрэнгийн Дундговь аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 2/

       Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/

       Хохирлын баримтууд /хх-ийн 78-82, 114/

       Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

       Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

          Үйл баримт, гэм буруугийн талаар:

     Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч Л.Тогосоо нь 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр бусдад зодуулсан гэх үйл баримт тогтоогдож байна.

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Л.Тогосоогоос 3 удаа хохирогчоор мэдүүлэг авахад өөрийг нь С.Одсүрэн нүүр рүү нь өшиглөсөн талаар тогтвортой мэдүүлжээ. Түүний энэ мэдүүлэг нь Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 138 дугаартай “Л.Тогосоогийн биед хамар ясны хугарал, 2 нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтэл хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна” гэх дүгнэлт, шинжээч эмч М.Баттүвшингийн шүүх хуралдаанд өгсөн “Хатуу мохоо зүйлд гутлыг хамааруулж болно. Тухайн хүний биед үүссэн хамрын гэмтэл цохилтын инерцээс шалтгаална. Тухайн хамар яс хугарах хэмжээний хүч үйлчилж байж хугарал үүснэ.” гэх мэдүүлэг, гэрч Т.Доржсамбын шүүх хуралдаанд өгсөн “Манай гэрээс Ариунболд, Ганболд нар гараад араас нь Одсүрэн гуай тэгээд Тогосоо гарсан. Вагончигт байхад Тогосоогийн нүүрэнд гэмтэл учраагүй байсан.” гэх мэдүүлэг, гэрч Т.Доржсамбын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...гадаа чанга, чанга дуугараад хүмүүс муудалцаад байхаар нь гараад очтол 2 машиныхаа голд Ариунболд, Ганболд 2 заамдалцаад зогсож байхаар нь салгаад боль гээд болиулсан. Ганболдыг машинд нь суулгах гээд аваад явтал өөдөөс яах гээд байгаа юм гээд жигтэйхэн уурлаад байхаар нь орхиод вагончиг руу орсон. Тэгээд зөрөөд Тогосоо вагончикоос гараад явсан. Цонхоор эргээд харахад машины голд Ариунболд, Ганболд 2 нь хоорондоо зууралдаад 2 эмэгтэй нь салгах гэж хажууд нь байгаа харагдсан. Ганболд Тогосоогийн өөдөөс агсраад байгаа бололтой байсан. Тэгээд л тэр хэд айлаас холдоод учраа олно гээд явсан. Тэрнээс хойш юу болсон талаар би мэдэхгүй байна. Манайд архи уугаад сууж байхдаа хэрэлдэж маргалдсан зүйл байгаагүй. Ганболд, Ариунболд 2 нэлээн согтуу байсан. Тогосоо архи уух нь уусан, гэхдээ гайгүй байсан. Одсүрэн эгч эрүүл байсан. Ариунболд, Ганболд хоёрыг заамдалцаж байхад нь Тогосоо Одсүрэн нар салгах гээд байгаа бололтой харагдаж байсан.” гэх баримтуудаар нотлогдож байна. Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс “Хохирогчид С.Одсүрэн гэх хүн энэ гэмтлийг учруулсан нь эргэлзээтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан эргэлзээтэй нөхцөл байдал байгаа учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэсэн дүгнэлтийг гарган мэтгэлцэж байгааг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.

       Дээрх баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Одсүрэнг 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хохирогч Л.Тогосоогийн эрүүл мэндэд “хамар ясны хугарал, 2 нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, хамарт зулгаралт” гэмтлийг нүүр рүү нь өшиглөх үйлдлээр учруулсан болох нь тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Прокурорын газраас шүүгдэгч С.Одсүрэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

      Иймд шүүгдэгч С.Одсүрэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж дүгнэлээ.

       Шүүгдэгчээс шүүхийн хэлэлцүүлэгт “хохирогч Л.Тогосоо нь шүүгдэгчийн толгойноос нь дарсан, доромжилсон, мөн түүний хүү О.Ганболдыг самардсан” гэж мэдүүлсэн бөгөөд энэ гомдлоо тусад нь гаргаж шалгуулах эрхтэй болно.

      Мөн гэрч О.Ганболд мөрдөн байцаалтын шатанд “Ариунболд машинаасаа бууж ирээд намайг цохих гээд гараа явуулахаар нь би биеэрээ хойшоо болж бултахад Ариунболд эхнэрийнхээ хамрын дээд хэсэгт цохисон” гэж мэдүүлсэн бөгөөд энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна.

        Түүнчлэн гэрч И.Ариунболд нь хохирогч Л.Тогосоогийн нөхөр, гэрч О.Ганболд нь шүүгдэгч С.Одсүрэнгийн төрсөн хүү нь байх  ба гэрчүүд нь хохирогч, шүүгдэгч нартай хамаарал бүхий ашиг сонирхол нэг этгээдүүд байх тул шүүх тэдний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

         Оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

      Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

       Шүүгдэгчийн нас, хувийн байдал зэргийг нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

        Хохирол төлбөрийн талаар:

      Хохирогч шүүх хуралдаанд баримтаар 1.075.600 төгрөгийн хохирол, хамрын хагалгаанд орох зардлыг 3.000.000 төгрөгөөр тооцож 4.000.000 төгрөг нэхэмжилнэ гэх тайлбарыг гаргаж  байна.

     Хохирогч хамрын хагалгаанд орох зардлыг 3.000.000 төгрөгөөр тооцож нэхэмжилнэ гэж тайлбарлаж байх боловч энэ талаар баримт ирүүлээгүй тул  хэлэлцэхгүй орхиж, шүүхэд ирүүлсэн хохирлын баримтын хүрээнд хохирлын асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

      Хохирогчийн шүүхэд ирүүлсэн хохирлын баримтыг тооцож үзэхэд 1.072.700 төгрөгийн үнийн дүн бүхий баримтыг ирүүлсэн байна.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “Өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөх үйл ажиллагаатай холбоотой харилцааны баримтыг нотлох баримтаар тооцохгүй” гэж заасан байх тул хохирогчийн нэхэмжлэлээс өмгөөллийн хөлс 700.000 төгрөгийг, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон цаг хугацаатай тохирохгүй үндэслэлээр шатахууны зардал 162.000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болголоо.

          Мөн  30.600 төгрөгийн үнийн дүн бүхий эмийн баримт нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаатай тохирч байгаа хэдий ч худалдан авагчийн нэр тодорхойгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Л.Тогосоо хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэл болон цаашид гарах хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заахаар шийдвэрлэлээ.

        Хохирогчийн нэхэмжлэлээс 180.000 төгрөгийн үнийн дүн бүхий шатахууны баримт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон цаг хугацаатай тохирч байх тул шүүгдэгч С.Одсүрэнгээс гаргуулан хохирогч Л.Тогосоод олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

        Бусад асуудлын талаар:

        Шүүгдэгч С.Одсүрэн энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдлаа.

         Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Одсүрэнд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

         1. Шүүгдэгч Мандал овогт Сосорын Одсүрэнг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Мандал овогт Сосорын Одсүрэнд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

         3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Одсүрэн нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

          4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Одсүрэн нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцон хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй.

         5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д  зааснаар шүүгдэгч С.Одсүрэнгээс 180.000  /нэг зуун наян мянга/ төгрөг гаргуулан хохирогч Л.Тогосоод олгосугай.

         6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасныг баримтлан өмгөөллийн хөлс 700.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

         7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогчийн нэхэмжлэлээс 162.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 30.600 төгрөгийг хэлэлцэхгүй орхисугай.

         8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Л.Тогосоо хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэл болон цаашид гарах хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заасугай.

         9. Шүүгдэгч С.Одсүрэн энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

         10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Одсүрэнд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        З.УУГАНБАЯР