Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 368

 

 

 

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У би

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Нарлаг 7-р баг 2-р байр 1 тоотод оршин суух, Бо овогт Л гийн У гийн нэхэмжлэлтэй,

Дундговь аймгийн Сайнцагаан сумын  Эрүүл мэндийн төв холбогдох 2019 оны 6 сарын 19-ний өдрийн Б/12 тоот ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг хүчингүй болгуулах, 2019 оны 7 сарын 7-ны өдрийг хүртэл авах байсан цалин 329889 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 7 сарын 17-ны өдөр хүлээн авч, 2019 оны 7 сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн  хянаад   

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Л.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Л.У би хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох ноцтой зөрчил гаргаагүй тул дээрх тушаал миний хөдөлмөр эрхлэх эрхийг ноцтой зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна. Иймд Дундговь аймгийн Сайнцагаан сумын  Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн   2019 оны 6 сарын 19-ний өдрийн Б/12 тоот ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг хүчингүй болгуулах, 2019 оны 7 сарын 7-ны өдрийг хүртэл авах байсан цалин 329889 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан хүсэлтдээ:Л овогтой У миний бие тус шүүхэд Дундговь аймгийн Сайнцагаан сумын  Эрүүл мэндийн төвд холбогдуулан нэхэмжлэл гаргасан, тус нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч нь  Л.У нь  Дундговь аймгийн Сайнцагаан сумын  Эрүүл мэндийн төвд холбогдуулан Дундговь аймгийн Сайнцагаан сумын  Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн   2019 оны 6 сарын 19-ний өдрийн Б/12 тоот ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг хүчингүй болгуулах, 2019 оны 7 сарын 7-ны өдрийг хүртэл авах байсан цалин 329889 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн  26.2 дахь хэсэгт “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах эрхтэй...” гэж заасан байна.

Нэхэмжлэгч Л.У нь  Дундговь аймгийн Сайнцагаан сумын  Эрүүл мэндийн төвд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, тус шүүхэд бичгээр хүсэлтээ гаргасан байх тул  нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10547 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар нэхэмжлэгч Л.У нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын  Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн   2019 оны 6 сарын 19-ний өдрийн Б/12 тоот ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг хүчингүй болгуулах, 2019 оны 7 сарын 7-ны өдрийг хүртэл авах байсан цалин 329889 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгуулах тухай  нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10547 /арван мянга таван зуун дөчин долоо / төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгч анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүйг заасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Д.У