Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/44

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга Ж.*******

          Улсын яллагч О.*******

          Хохирогчийн өмгөөлөгч Т.Дашцэрэн

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.*******

          Шүүгдэгч П.******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.*******ид холбогдох эрүүгийн 2222001880190 дугаартай хэргийг 2023 оны  03 дугаар сарын 02-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  

       Шүүгдэгчийн биеийн байцаалт:  Монгол Улсын иргэн 1991 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Дундговь аймгийн суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн сумын 3 дугаар баг ын гол гэх газар оршин суух, урьд  Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн  2012 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 02 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар, Сум дундын 11 дүгээр шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 02 сарын хугацаагаар хорих ялаар, Сум дундын 11 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар, Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, ******* овогт *******ийн ******* /РД: ******* /.

 

      Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

      Шүүгдэгч П.******* нь 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Дундговь аймгийн сумын 5 дугаар баг Арвижих хороололд байрлах “Ундрах” нэртэй хүнсний дэлгүүрийн ертөнцийн зүгээр баруун гар талын асфальтан зам дээр ******* ДУЗ улсын дугаартай “Супер даюун” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй/ жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч А.ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

         Шүүгдэгч П.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна.” гэв.

         Шүүгдэгч П.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Би 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр найзууд болох Өлзий, Ариук хоёрыг Эрдэнэдалай сум руу гаргаж өгөхөөр аймгийн хойд талд аймгаас 2 километр орчим зайд очсон. Тухайн үед би өөрийнхөө эзэмшлийн мотоциклыг жолоодож эхнэрийн хамт явсан. Тэнд 0.5 литрийн савлагаатай “Хараа” нэртэй архи задалж тэр архинаас жижиг аягаар 3 удаа уусан. Тэгээд буцаад аймаг руу ганцаараа мотоцикл жолоодож явсан. Яг яах гэж аймаг явснаа мэдэхгүй байгаа. Би тэрнээс хойш болсон асуудлыг санахгүй байгаа. Намайг 10 гаруй хоног ухаангүй байсан гэж манай гэрийнхэн хэлсэн. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй бөгөөд мотоцикл унаж сураад жил гаран болж байна. Тэр мотоцикл миний мотоцикл байгаа юм. Би 2022 оны 8 сард хүнээс худалдаж авсан. Мотоциклыг өөрийн нэр дээрээ шилжүүлэн авч чадаагүй байгаа. Ер нь архи согтууруулах ундааны зүйл нэг их хэрэглээд байдаггүй. Би төрөлхийн харааны бэрхшээлтэй. Миний хараа 80 хувийн бууралттай бөгөөд 2006 онд группт орж байсан. 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр групп сунгах хуралд орно. Мөн зам тээврийн осолд орсны улмаас толгойдоо гэмтэл авч Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд хагалгаанд орсон. Одоо миний толгой үе, үе өвдөөд байгаа. Миний нүдний ухархайн хугарал сайн эдгээгүй байна. Одоо аймгийн эмнэлгийн байнгын хяналтад байгаа. Аав хохирогчид 1.626.000 төгрөг өгсөн гэсэн. Одоо баримтаар нэхэмжилж буй мөнгийг өгнө. Цаашид шаардлагатай эм тарианы мөнгийг өгнө” гэх мэдүүлэг /хх-ийн 101-102/

         Хохирогч А.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 16 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд дунд зэргийн согтолттой сумын 8 дугаар багт байрлах “Ундрах” нэртэй дэлгүүрийн баруун талд байх засмал замын дагуу засмал замын зүүн хойшоо шороо хэсгээр урдаас хойшоо чиглэлтэй алхаж байсан. Тэгтэл тэр замаар урдаас хойшоо чиглэлтэй их хурдтай мотоцикл орж ирээд миний нуруу хэсэг рүү мөргөж би газарт унасан. Би тухайн үед засмал замын зүүн хажуугийн ирмэг шороон хэсгээр урдаас хойшоо чиглэлтэй явж байсан. Тэр мотоцикл цэнхэр өнгийн мотоцикл байсан. Жолоочийг нь танихгүй эмнэлэгт ирээд нэг өрөөнд хэвтсэн. Эмнэлэгт 2-3 хоног ухаан орохгүй байж байгаад Улаанбаатар хот руу явсан. Түүнээс хойш холбогдоогүй. Тухайн аваарын улмаас миний баруун талын хөл шилбэ хэсгээр хугарсан, нуруу бөөр хэсэг шалбарч хөхөрсөн байсан. Би хөлөө хадуулж хагалгаанд орсон. Одоо хөл хавдаж өвдөөд байгаа. Би эмнэлэгт 11-12 хоног хэвтэж хагалгаанд орсон. Эмнэлэгт хэвтсэний төлбөр 1.480.000 төгрөг гарсан. Тухайн төлбөрийг *******ийн ар гэр төлсөн. Мөн надад эмийн мөнгө гэж 140.000 төгрөг өгсөн. Би эмчилгээтэй холбоотой зардлыг дахин гаргуулмаар байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 23/

        Гэрч Э.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “******* миний нөхөр байгаа юм. Бид 2 хамт амьдраад 5 жил болж байна. Гэрлэлтээ 2018 онд батлуулж байсан. Дундаасаа нэг хүүхэдтэй. Манай нөхөр одоо Улаанбаатар хотод “Дэнжийн 1000”-д төрсөн эгч Ягаанаагийнд байгаа. Нөхөр осол аваар болсноос хойш 7 хоног ухаангүй байсан ба толгойдоо гэмтэл авсан. Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд тархины хагалгаанд ороод одоо эмчилгээ хийлгэж байгаа. Хагалгаанд орсноос хойш хүн танихдаа муу болсон. Тухайн осол аваарын талаар юу ч мэдэхгүй байгаа. Манай нөхөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй. Манай нөхөр миний мэдэж байгаагаар 2 найзын хамт аймгаас хойш 2-3 километр зайд 0.5 литрийн савлагаатай архи уусан. Тэгээд бид нарыг тэндээ байж байгаарай, би хүнтэй уулзчихаад ирье гэж хэлээд аймаг руу явсан. Тухайн үед 13 цаг болж байсан. Нөхөр явахдаа нэг их согтоогүй байсан. Манай нөхөр энэ мотоциклыг хүнээс 8 сарын сүүлээр авсан. Би тухайн үед Улаанбаатар хотод байсан. Манай нөхрийн бие тааруу байгаа, юм ярихдаа муу, хүнээр түшүүлж явдаг.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/  

        Гэрч Ц.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “******* манай хүү байгаа юм. Миний хүү гавалын яс 3 хэсэг цуурсан. Тархины няцрал гэмтэл учирсан. Ослын дараа ухаангүй 2-3 хоносон. Тэгээд аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад Улаанбаатар хотод очиж ГССҮТ-д толгойн хагалгаанд орсон. Одоо арай гайгүй ухаан ороод байгаа. Ослын улмаас юмыг мартаж санаад толгой нь их өвдөөд байгаа. Мөн ярьсан юмыг ойлгохгүй байгаа. Одоо аймгийн эмнэлэгт өглөө, орой  ирж боолт хийлгэж байна. Миний хүү тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/

           

        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 271 дугаартай:

        1.А.ын биед баруун шаант, тахилзуур ясны далд хугарал, хугарал засах мэс заслын дараах байдал, нуруу, гуяны зөөлөн эдийн няцрал цус хуралт, нурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

        2. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ хязгаарлагдмал хатуу мохоо гадаргуутай зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.

        3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

       4.  Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Шаант, тахилзуур ясны далд хугарал гэмтлийн хүндэвтэр зэрэгт бусад биед үүссэн гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 34-35/

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 4530 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “П.******* *******” гэж хаягласан цусанд 1,6 промилли спирт илэрсэн. Цусан дахь 1,6 промилли спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарана.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-43/

         2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 18 дугаартай: “Цэнхэр өнгийн ******* ДУЗ улсын дугаартай “Супер Даюун” маркийн тээврийн хэрэгслийн жолооч П.******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а/. тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул саад учрахыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна” гэх мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 88-89/

        Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03/

        Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04-09/

        Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-16/

        Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 107-108/

        Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 04 сарын 04-ний өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 109-113/

        Сум дундын 11 дүгээр шүүхийн 2014 оны 04 сарын 04-ний өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 114-117/

        Сум дундын 11 дүгээр шүүхийн 2015 оны 02 сарын 27-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 118-121/

         Дундговь аймаг сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 02-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 122-125/

         Хохирлын баримтууд /хх-ийн 135-146, 201-204/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

          Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

Үйл баримт, гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч П.*******  нь 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр “Супер Даюун” маркийн ******* ДУЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Дундговь аймгийн сумын 5 дугаар багийн нутаг “” хороололд зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас явган зорчигч /хохирогч/ А.ын эрүүл мэндэд “баруун шаант, тахилзуур ясны далд хугарал” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь нотлогдож байна. Дээрх зам тээврийн осол нь “Супер Даюун” маркийн ******* ДУЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан шүүгдэгч П.*******ийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а/-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) , эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг, мөн дүрмийн 12.3-д “ Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас гарсан болох нь мөрдөгчийн магадалгаа, “П.******* *******” гэж хаягласан цусанд 1,6 промилли спирт илэрсэн. Цусан дахь 1,6 промилли спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарана.” гэх, хохирогч А.ын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд, цагдаагийн ерөнхий газрын хайлтын сангийн лавлагаа, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч П.*******ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчид холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч П.*******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согтуурсан үедээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.

 

Оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

Шүүгдэгч П.******* нь гэмт хэргийн улмаас хохирогч А.ын  эрүүл мэндэд учирсан хохиролд 1.980.000 төгрөгийг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байх ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдлаа.

Шүүгдэгч П.*******ийн болгоомжгүй гэмт хэрэгт холбогдсон, торлогийн эмгэг өвчний улмаас хөдөлмөрийн чадвар 70%-ийн алдалттай эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг” хүлээлгэхээр  шийдвэрлэлээ.

 

Хохирол төлбөрийн талаар:

 

       Шүүгдэгч П.******* нь хохирогч А. /эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зардал 1.480.000 төгрөг, эмний мөнгө 140.000 төгрөг, түүний нэхэмжилсэн 358.970 төгрөг/-т нийт 1.980.000 төгрөгийн хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчээс төлж барагдуулсан болох нь хохирогчийн мэдүүлэг /хх23/, хохирол төлсөн баримт /хх164/-аар нотлогдож байх ба энэ талаар оролцогчид маргаагүй тул шүүхээс ямар нэгэн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

      Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд: “хохирогч А.ын хадаас авахуулах мэс засал хийлгэх зардал 750.000 төгрөг, ажилгүй байсан хугацаа /3 сар/-ны цалин 1.500.000 төгрөг, өмгөөллийн хөлс 500.000 төгрөг, нийт 2.750.00” төгрөгийг шүүгдэгч П.*******оос гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “Өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөх үйл ажиллагаатай холбоотой харилцааны баримтыг нотлох баримтаар тооцохгүй” гэж заасан байх тул хохирогчийн нэхэмжлэлээс өмгөөллийн хөлс 500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

         Хохирогч А. нь Дундговь аймгийн Хулд сумын 4 дүгээр багийн малчин Л.Отгонбаатарын туслах малчинаар ажиллаж сард 500.000 төгрөгийн цалин авдаг байсан, осолд орсны улмаас ажил хийх боломжгүй болсон ажилгүй байсан хугацааны 3 сарын цалин 1.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, туслах малчинтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг нотлох баримтаар ирүүлсэн байна. Гэвч хохирогч А. нь 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр мэдүүлэг өгөхдөө өөрийгөө эрхэлсэн тодорхой ажилгүй гэж мэдүүлсэн, хохирогчийн хөдөлмөр эрхлэлтийн талаар хэрэгт авагдсан бусад баримтаар хангалттай нотлогдохгүй байх тул хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

        Уг авто ослын улмаас хохирогч А.ын эрүүл мэндэд баруун шаант тахилзуур ясны далд хугарал гэмтэл учирсан, хугарал засах мэс засал хийгдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.

     Хохирогч баруун шилбэний хадаас авахуулах мэс засал хийлгэхэд шаардагдах зардал 750.000 төгрөгийг урьдчилан төлүүлэхээр нэхэмжилсэнийг Дундговь аймгийн нэгдсэн эмнэлгийн баримтыг үндэслэн  шүүгдэгч П.*******оос гаргуулан хохирогч А.т олгохоор шийдвэрлэлээ.

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч А. нь хэлэлцээгүй орхисон нэхэмжлэл болон цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг  дурдлаа.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:

 

      Шүүгдэгч П.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй   болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД 1 ширхэгийг П.*******ид холбогдох 2222001880190 дугаартай хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээв.   

      Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.*******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

          Хэрэгт авагдсан Дундговь аймгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжилгээний комиссын дүгнэлт /хх-ийн 49-51/, П.*******ийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 52-87/ зэрэг баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж цуглуулсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2  дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

          1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согтуурсан үедээ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

          2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч *******  овогт *******ийн *******ид  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

          3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч П.*******ид шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.******* нь шүүхээс тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

         5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******ид шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.        

         6. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******оос 750.000 төгрөг гаргуулан хохирогч А.т олгосугай.

         7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасныг баримтлан өмгөөллийн хөлс 500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

        8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч А.ын ажилгүй байсан хугацааны цалин 1.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч А. нь хэлэлцээгүй орхисон нэхэмжлэл болон цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.   

        10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8  дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 1 ширхгийг П.*******ид холбогдох 2222001880190 дугаартай хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

         11. Шүүгдэгч П.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй  болохыг тус тус дурдсугай.       

         12. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.*******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          13. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан  буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         З.УУГАНБАЯР