Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 375

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Дундговь аймгийн ******* сумын 9-р баг ******* тоотод оршин суух, Х овогт Са-н А /*******/-ын ажиллаж байсан байдал  тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж   нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:С.А миний бие 1986 оны 7 сарын 30-ны өдрөөс 1987 оны 8 сарын 31-ний өдрийг дуустал  Дундговь аймгийн Нийтийн аж ахуйн  үйлчилгээний харьяа барилга засварын ангид мастераар ажиллаж байсан. Дээрх бичилт хөдөлмөрийн дэвтэрт бичигдээгүй тул гэрчийн мэдүүлэг, цалингийн баримтуудыг үндэслэн дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.А нь  ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч  С.Аын Дундговь аймгийн Нийтийн аж ахуйн  үйлчилгээний харьяа барилга засварын ангид 1986 оны 7 сарын 30-ны өдрөөс 1987 оны 8 сарын 31-ний өдрийг дуустал мастераар ажиллаж байсан талаарх баримт архивт хадгалагдаагүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн  2019 оны 6 сарын 27-ны өдрийн 239 дугаартай  тодорхойлолтоор нотлогдож  байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

               Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Дундговь аймгийн Архивын тасгийн  2019 оны 6 сарын 27-ны өдрийн 239 дугаартай  “Дундговь аймгийн Нийтийн аж ахуйн  үйлчилгээний харьяа барилга засварын ангид 1986 оны 7 сарын 30-ны өдрөөс 1987 оны 8 сарын 31-ний өдрийг дуустал мастераар ажиллаж байсан талаарх баримт байхгүй учир тодорхойлолт гаргах боломжгүй байна” гэх тодорхойлолт

-Дундговь аймгийн татварын хэлтсийн 2019 оны 6 сарын 27-ны өдрийн 08/408 дугаартай “Дундговь  аймгийн Ахуйн үйлчилгээний удирдах газар нь 1985-1991 онд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газар, Ахуй үйлчилгээний хэлтэс болж улсын шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байсан болно...” гэх тодорхойлолт

-С.Аын 1986 оны авч байсан цалингийн баримт

-Гэрч Ш.Ба-ны “...С.А нь Нийтийн ахуй үйлчилгээний харъяа барилга засварын ангид 1986 оны 7 сарын 30-ны өдрөөс 1987 оны 8 сарын 31-ний өдрийг дуустал мастераар ажиллаж байсан. Би тэр үед Нийтийн ахуй үйлчилгээний харъяа барилга засварын ангид няраваар  ажиллаж байсан учраас сайн мэдэж байна.  Намайг няраваар ажиллаж байхад С.А нь мастераар ажилд орж байсан.  Би 1982 оноос 1987 оны 3 сар хүртэл Нийтийн ахуй үйлчилгээний харъяа барилгын засварын ангийн няраваар ажиллаж байгаад  1987 оны 3 сараас илгээлтээр гарч Хулд сумын Талын цэцэг нэгдэд малчнаар ажиллаж эхэлсэн...” гэх мэдүүлэг

-Гэрч Л.Өл-н “...С.А нь Дундговь аймгийн  Нийтийн ахуй үйлчилгээний харъяа барилга засварын ангид 1986-1989 онд бригадын дарга, мастераар ажиллаж байсан.  Би 1986 оноос 1990 он хүртэл Нийтийн ахуй үйлчилгээний харъяа барилга засварын ангид жолоочоор ажиллаж байсан. Бид нэг байгууллагад ажиллаж байсан учраас энэ хүнийг мастераар ажиллаж байсан талаар мэдэж байна...” гэх мэдүүлэг   зэрэг баримтууд болно.

Хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар С.А 1986 оны 7 сарын 30-ны өдрөөс 1987 оны 8 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Нийтийн аж ахуйн  үйлчилгээний харьяа барилга засварын ангид мастераар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 -д зааснаар Ха овогт Са-н А /*******/ нь 1986 оны 7 сарын 30-ны өдрөөс 1987 оны 8 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Нийтийн аж ахуйн  үйлчилгээний харьяа барилга засварын ангид мастераар ажиллаж байсан  болохыг тогтоосугай.  
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т  зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.У