| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 169/2023/0041/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/45 |
| Огноо | 2023-03-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Э |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 2023/ШЦТ/45
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг
Улсын яллагч О.Эрхэмбаяр
Шүүгдэгч Ц.Мөнхбат нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Мөнхбатад холбогдох эрүүгийн 2322000000030 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1969 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 2 дугаар баг Мандалын 6-11 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Таадаг овогт Цэдэндамбын Мөнхбат /РД:ЗД69092311/.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ц.Мөнхбат нь 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 2 дугаар баг Баянгийн 6-11 тоотод зүс таних иргэн М.Сансар-Одтой үл ялих зүйлээс маргалдаж түүний нүүрэн тус газарт нь хутгаар зүсэж эрүүл мэндэд нь “дээд уруул, зүүн хацарт зүсэгдсэн шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Мөнхбат шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна” гэв.
Шүүгдэгч Ц.Мөнхбатын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2023 оны 01 сарын 10-ны өдөр сумын төв дээр М.Сансар-Од гэх танил дүүтэй таараад сумын урд талд айлын хашааны гадна 0.75 литрийн “Хараа” нэртэй архи хувааж ууж байхдаа би Сансар-Одод “чи надад нэг ямаа өгөх ёстой яасан бэ” гэсэн чинь Сансар-Од “өнөөдөр 2 дахь өдөр болохоор мал гаргадаггүй өдөр дараа өгье” гэсэн. Тэгээд бид 2 ойр зуурын юм ярилцаж ууж сууж байгаад архиа дуусгаад салсан юм. Тэгээд би гэрээр очингуутаа Гарьд гэх айлд очоод Гарьдтай хамт нэг шил 0.75 литрийн “Хараа” архи хувааж уусан. Тэгээд согтоод тасарсан байсан. Намайг Гарьд гэрт хүргэж өгсөн юм шиг байна лээ. Нэг мэдсэн манай сумын цагдаа манай гэрт ороод ирчихсэн намайг сэрээгээд цагдаагийн кубон руу явсан. Тэгсэн Сансар-Од толгой нь боолттой кубонд байж байсан. Тэгээд сумын цагдаа надад “та хүний эрүүг хутгаар зүсчихсэн байна” гэж хэлэхээр нь би болсон явдлын талаар мэдсэн. Яг яасан гэдгээ мэдэхгүй байна. Би их согтоод болсон явдлыг санахгүй байна. Бид 2 юм ярьж байсан болохоор түүнээсээ болоод муудалцсан юм болов уу гэж бодож байна. Бид 2 энгийн сайхан харилцаатай байдаг.” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/
Хохирогч М.Сансар-Одын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2023 оны 01 сарын 10-ны өдөр сумаас урагш айлын хашааны гадна Мөнхбаттай 0.75 литрийн “Хараа” нэртэй архи хувааж уусан. Архи ууж сууж байгаад Мөнхбат надаас өөрт нь өгөх ёстой байсан ямаагаа нэхэхээр нь “өнөөдөр 2 дахь өдөр мал гаргахгүй” гэсэн. Та маргааш нөгөөдрөөс надаас аваарай гэж ярьж сууж байгаад салаад явцгаасан. Би орой 22 цагийн үед Мөнхбатынд хонохоор очтол Мөнхбат согтуу надаас ямаагаа нэхээд хэрүүл өдөөд байхаар нь хоол идчихээд явлаа гээд гараад мотоцикл дээрээ мордтол араас гарч ирээд шууд зүүн хацар уруул хавьцаа нэг юмаар зүсэх шиг болсон. Би хөдлөөд явтал нүүрнээс цус гараад байхаар нь Анхбаярын гэрт очтол “наад нүүр чинь яачихав аа зүссэн байна” гэсэн. Тэгээд эмнэлэг дуудаж оёо тавиулахгүй бол болохоо байсан байна гээд эмнэлэг дуудсан. Эмнэлэгт очоод зүүн хацар болон уруул хэсэгтээ 8 оёо тавиулсан. Тухайн үед Мөнхбат болон эхнэр хүүхдүүд нь байсан. Өөр хүн байгаагүй. Мөнхбат архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нэлээн согтуу байсан. Миний хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн халамцуу байсан. Мөнхбат бид хоёрын хооронд ямар нэгэн өс хонзонгийн асуудал байхгүй. Бид 2 хуурай ах дүүгийн холбоотой хүмүүс. Надад ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 05-06/
Гэрч Н.Руламын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2023 оны 01 сарын 10-ны өдөр манай нөхөр Мөнхбат өглөө гэрээс гарч яваад өдөр 16 цагийн үед гэртээ нэлээн согтуу байдалтай орж ирчихээд буцаад гараад явсан. Тэгээд орой 19 цагийн үед шал согтуу гэртээ орж ирээд нэлээн удаан үглэж сууж байгаад Сансар-Од халамцуу орж ирээд мах идээд сууж байтал нөхөр Мөнхбат Сансар-Одоос нэг ямаа нэхээд уурлаад байхаар нь Сансар-Од явлаа гээд манай гэрээс гараад явсан. Тэгтэл араас нь Мөнхбат гарах шиг болсон. Би телевиз үзээд сууж байсан болохоор анзаараагүй. Мөнхбат гэртээ буцаж орж ирээд унтсан. Тэгээд нэг мэдсэн Сансар-Од нүүрээ боочихсон цагдаатай хамт гэрт орж ирээд Сансар-Од “Мөнхбат ах намайг ийм болгочихлоо” гэж хэлсэн. Миний мэдэхээр урьд өмнө нь энэ 2 хоорондоо муудалцаж зодолдож байгаагүй. Би телевиз үзээд сууж байсан болохоор хутга аваад гарсан эсэхийг анзаараагүй. Манай нөхөр Сансар-Одыг ямаа өг гэж хэлж байсан. Ална гэж хэлээгүй. Мөнхбат нь нэлээн согтуу хэлж ярьж байгаа нь мэдэгдэхгүй, өөрийгөө сайн удирдах ухаангүй байсан. Манай нөхөр Мөнхбат нь урьд өмнө нь хэрцгий зан авир гаргаж байгаагүй. Архи уусан үедээ мөрөөрөө үглэж байгаад унтдаг. Хүмүүстэй муудалцаж байгаагүй. 2023 оны 01 сарын 10-ны орой болсон зүйлээ санахгүй байна гэж надад ярьсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 12/
Гэрч Д.Дашсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2023 оны 01 сарын 10-ны орой 21 цаг 30 минутад манай Эрүүл мэндийн төвийн жижүүр сувилагч надад зүүн хацартаа хутгаар зүсүүлсэн хүний дуудлага ирлээ гэсэн. Тэгээд би очтол баруун хойд лагерьт Түмээ гэх айлд Сансар-Од нь зүүн хацартаа хутгаар зүсэгдсэн байдалтай хацраа марлаар дарчихсан сууж байсан. Би шарханд нь үзлэг хийхэд 7 см орчим урттай, 1 см гүнтэй зүсэгдсэн шархтай байсныг цэвэрлэгээ хийж 8 оёдол тавиад өвчин намдаах хэрэглээд боолт хийж өгөөд өдөр бүр цэвэрлүүлэх талаар зөвлөгөө өгсөн. Сансар-Од нь нэлээн согтолттой харагдаж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/
Дундговь аймгийн шүүх шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 25 дугаартай:
1,2. М.Сансар-Одын биед дээд уруул, зүүн хацарт зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
3.Дээрх гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна.
4.Дээрх гэмтэл нь үзлэг хийгдэхээс 2-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна.
5. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-23/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01/
Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар:
2023 оны 01 дүгээр сарын 10-ний өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч М.Сансар-Одын дээд уруул, зүүн хацарт хутгаар зүссэн үйл явдал болсон байна.
Уг үйл явдлын улмаас хохирогч М.Сансар-Одын эрүүл мэндэд “дээд уруул, зүүн хацарт зүсэгдсэн шарх гэмтэл” /хохирол/ учирсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Хохирогч М.Сансар-Одын эрүүл мэндэд учирсан “дээд уруул, зүүн хацарт зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн зэргийн гэмтэл /хохирол/-ийг шүүгдэгч Ц.Мөнхбат 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хутгаар зүсэх үйлдлээр учруулсан болох нь хохирогч М.Сансар-Одын “...Мөнхбат согтуу надаас ямаагаа нэхээд хэрүүл өдөөд байхаар нь хоол идчихээд явлаа гээд гараад мотоцикл дээрээ мордтол араас гарч ирээд шууд зүүн хацар уруул хавьцаа нэг юмаар зүсэх шиг болсон. Би хөдлөөд явтал нүүрнээс цус гараад байхаар нь Анхбаярын гэрт очтол “наад нүүр чинь яачихав аа зүссэн байна гэсэн.” гэх, гэрч Д.Дашсүрэнгийн “...баруун хойд лагерьт Түмээ гэх айлд Сансар-Од нь зүүн хацартаа хутгаар зүсэгдсэн байдалтай хацраа марлаар дарчихсан сууж байсан. Би шарханд нь үзлэг хийхэд 7 см орчим урттай, 1 см гүнтэй зүсэгдсэн шархтай байсныг цэвэрлэгээ хийж 8 оёдол тавиад өвчин намдаах хэрэглээд боолт хийж өгөөд өдөр бүр цэвэрлүүлэх талаар зөвлөгөө өгсөн” гэх мэдүүлгүүд болон Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 25 дугаартай хохирогч М.Сансар-Одын эрүүл мэндэд “дээд уруул, зүүн хацарт зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлтээр тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч Ц.Мөнхбатын хохирогч М.Сансар-Одын дээд уруул, зүүн хацар хэсэгт хутгаар зүсч түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл /хохирол/ учруулж байгаа үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ц.Мөнхбатыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Ц.Мөнхбатыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Шүүхээс оногдуулах ял шийтгэлийн талаар:
Шүүхээс шүүгдэгч Ц.Мөнхбатыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.Мөнхбатын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хохирол төлбөр, бусад асуудлын талаар:
Хохирогч М.Сансар-Од нь хохирол төлбөрийн талаар ямар нэгэн баримт ирүүлээгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол, саналгүй тухайгаа шүүхэд мэдэгдсэн болох нь шүүгчийн туслахын тэмдэглэлээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ц.Мөнхбатыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Хохирогч өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаар баримт ирүүлээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар хохирогч цаашид гарах хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг заахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.Мөнхбат энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч М.Сансар-Од гомдол, саналгүй гэсэн болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Мөнхбатад урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Таадаг овогт Цэдэндамбын Мөнхбатыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Таадаг овогт Цэдэндамбын Мөнхбатад 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мөнхбат нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мөнхбат нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ц.Мөнхбат энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч М.Сансар-Од гомдол, саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.Сансар-Од цаашид гарах хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заасугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Мөнхбатад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гардан авсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.УУГАНБАЯР