Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/33

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Б.Энхбаяр

Шүүгдэгч Э.Сүхбаатар

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Э.Сүхбаатард холбогдох 2332000430041 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд 1973 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 1, ганцаараа амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын 9 дүгээр баг, Ширхэнцэгийн № 21 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ Дууш бараан захын урд гуталчин хийж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Авгад овогт Эрдэнэчимэгийн Сүхбаатар. /РД:МЗ73041611/

 

           Шүүгдэгч Э.Сүхбаатар нь 2023 оны 03 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 03-04 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Г.Алтансувдтай маргалдан түүнийг түлхэж унагаан зүүн гуя хэсэгт нь нэг удаа өшиглөж гарыг нь базах зэргээр цохиж зодсоноос эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Сүхбаатарын өгсөн …. ... Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа тул дахин мэдүүлэг өгч ярихгүй гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч Г.Алтансувдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Тэгээд Нандиа эгчийн хамт гарах гэж байтал Сүхбаатар ах бид хоёрыг түлхэж унагаасан. Би босох гэтэл миний зүүн гуя руу нэг удаа түрийтэй хар гутлаар өшиглөсөн. Намайг бостол миний куртикний урд захаас барьж байгаад түлхэж унагаасан. Тэгээд би Нандиа эгчээ манай нөхрийг дуудаач ээ гэтэл Нандиа эгч хөдлөхгүй байсан. Тэгэхээр нь би утсаа өгч бай гээд аваад нөхөр лүүгээ залгаж дуудсан. Тухайн асуудал болоход 04 цаг өнгөрч байсан байх. Удалгүй манай нөхөр орж ирсэн. Нөхрийгөө орж ирэхээр нь юу болсон талаар хэлсэн. Тэгээд би нөхрийгөө цагдаа дууд гэж хэлэд цагдаа нар ирээд Сүхбаатарыг авч явсан... Миний хөлийн зүүн гуяны хэсэг рүү зүүн хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Бас миний зүүн гарнаас базаж хөхрүүлсэн. 2 удаа түлхэж унагаасан. Өөр цохиж гэмтээсэн зүйл болоогүй гэх мэдүүлэг /Хх-н 38-39 дүгээр хуудас/

Гэрч Б.Наранбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Архиа хувааж ууж байгаад талдаа орж байхад манай эхнэр Алтансувд Сүхээ ах Нандиа эгч хоёртой маргалдаж эхэлсэн. Сүхбаатар ах танай ах чинь сүрьеэ өвчнөөр үхсэн танай дүү бас үхэх гээд цэрэндээ бөглөрөөд явж байгаа гэж хэлсэн. Тэгээд та яахаар тэгдэг юм гэж маргалдаж байгаад би за явъя гэж эхнэртээ хэлсэн. Эхнэр за машинаа халаачих гэхээр нь би гарсан. Гэрээс гараад удалгүй 3-4 минутын дараа Нандиа эгчийн утсаар манай эхнэр залгаад ороод ир намайг Сүхээ ах зодоод байна гэж хэлэхээр нь ортол Нандиа эгч ширээ гутлын тавиур хоёрыг голоор ороод суучихсан манай эхнэр наадах чинь зодоод байна гээд Сүхээ ах руу заасан гэх мэдүүлэг /Хх-н 43-44 дүгээр хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн № 44 ...... Дүгнэлт:

1.Г.Алтансувдын биед зүүн гарын бугалга, шуу, зүүн гуянд цус хуралт, духанд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /Хх-н 53-54 дүгээр хуудас/

Яаралтай тусламжийн хуудас № 481 /Хх-н 55 дугаар хуудас/

Э.Сүхбаатарын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /Хх-н 81 дүгээр хуудас/

Шүүгдэгч Э.Сүхбаатарын иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 82 дугаар хуудас/

Э.Сүхбаатар нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 85 дугаар хуудас/

Хохирогч Г.Алтансувдын Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н  91 дүгээр хуудас/

Шүүгдэгч Э.Сүхбаатарын Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан Г.Алтансувдын биед хохирол учруулсан нь үнэн, надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 90 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Э.Сүхбаатар нь 2023 оны 03 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 03-04 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Г.Алтансувдтай маргалдан түүнийг түлхэж унагаан зүүн гуя хэсэгт нь нэг удаа өшиглөж гарыг нь базах зэргээр цохиж зодсоноос эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 06 дугаар хуудас/, хохирогч Г.Алтансувдын мэдүүлэг/хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/, гэрч Б.Наранбаатарын мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн № 44 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 53 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтыг хүлээн зөвшөөрч шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд  мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

 Шүүгдэгч Э.Сүхбаатарын хохирогч Г.Алтансувдыг түлхэж унагаан зүүн гуя хэсэгт өшиглөж зодсон үйлдэл нь хоорондын таарамжгүй харьцаанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд зүүн гарын бугалга, шуу, зүүн гуянд цус хуралт, духанд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч Э.Сүхбаатар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд мөрдөгч, прокурор, бусад этгээдийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр эрүү шүүлт тулгах, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, хүнлэг бус хэрцгий харьцах, нэр төрийг гутаан доромжлох, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Э.Сүхбаатарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн эрүүгийн хариуцлагын талаар прокурортой торгох ялын хэмжээг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, торгох ялыг 9 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тохиролцсон нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Сүхбаатард Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, торгох ялыг 9 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Хохирогч Г.Алтансувд нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг  дурьдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Э.Сүхбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Авгад овогт Эрдэнэчимэгийн Сүхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Сүхбаатарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Сүхбаатар нь 450000 төгрөгийн торгох ялыг 9 сарын хугацаанд 9 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Сүхбаатар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Э.Сүхбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг дурьдсугай.

            6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Сүхбаатард өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Б.ХЭРЛЭН.