Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 973

 

 

 

 

 

 

   2019 оны 04 сарын 29 өдөр

      Дугаар 181/ШШ2019/00973

         Улаанбаатар хот

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Холбоочдын гудамж-4, Төрийн банкны 2 дугаар байр, 3 дугаар давхарт байрлах, Х Б ХХК Б Э Х А ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байрны байрлах, Б Х З Х Т Б А А нд холбогдох,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх, гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авахаас татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1905 дугаартай шүүгчийн захирамж, 2012 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1725 дугаартай Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх тухай захирамж, 208 дугаартай гүйцэтгэх хуудасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмөнх, нарийн бичгийн даргаар Г.Сэлэнгэ нар оролцов.

                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А-153 дугаартай тушаалаар Банкны тухай хуульд заасан төлбөрийн чадваргүй болсон үндэслэлээр Хадгаламж банкинд Банкны эрх хүлээн авагч томилж, мөн өдрийн А-157 дугаартай тушаалаар өөрийн хөрөнгө алдагдсан Хадгаламж банк ХХК-ийг хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгахаар шийдвэрлэж, дээрх ажиллагааг хийж гүйцэтгэхийг Банкны эрх хүлээн авагчид даалгасан. Банкны эрх хүлээн авагч нь Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт зааснаар Банкны эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх, банкны хөрөнгийг захиран зарцуулах эрхийг шилжүүлэн авч банкны чанаргүй активыг төлүүлэн Төрд учирсан хохирлыг барагдуулах ажиллагааг гүйцэтгэж байна.

Иймд Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргасан. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1905 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч Энхзаяагийн Ангар нь 3 766 948 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, 37 605 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан нэхэмжлэгч Хадгаламж банкинд олгуулахаар шийдвэрлэсэн байдаг. Хариуцагчаас шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул тус шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1725 дугаартай Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх тухай захирамж гарч, 208 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас төлбөр авагч хадгаламж банкинд олгогдсон. Банкны эрх хүлээн авагчаас Б Х З Х Т Б А А нд 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 772 дугаартай Хүсэлт гаргах тухай албан бичгээр Э.Ангарт холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг гүйцэтгүүлэх хүсэлтийг гаргасан. Тус газрын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2/12063 дугаартай “Гүйцэтгэх баримт бичиг буцаах тухай”  тогтоолоор Э.Ангарт холбогдох гүйцэтгэх баримт бичиг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэг буюу шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жил өнгөрсөн гэсэн үндэслэлээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэхээс татгалзан гүйцэтгэх баримт бичгийг буцаасан.

        Банкны эрх хүлээн авагчаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 27 дугаартай албан бичгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэхээр зохих арга хэмжээг авч өгөхийг хүссэн. Тус гомдлын хариуд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 4/183 дугаартай албан бичгээр гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлтэй байна гэсэн хариуг ирүүлжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулга нь 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр батлагдан 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Тус хуульд хуулийг буцаан хэрэглэхээр заагаагүй. Өөрөөр хэлбэл, тус хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт заасан 4 жилийн хугацаа нь тус хуулийг нийтээр дагаж мөрдөж эхэлсэн хугацаанаас эхлэн тоолж эхлэх ёстой гэж ойлгогдож байгаа боловч өмнөх хуулийн хугацаа, харилцаанд хамааруулж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд хариуцагчийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх, гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авахаас татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1905 дугаартай шүүгчийн захирамж, 2012 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1725 дугаартай Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх тухай захирамж, 208 дугаартай гүйцэтгэх хуудасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэхийг даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч Банк, хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах ажлын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан Х Б ХХК Б Э Х А аас ирүүлсэн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1905 дугаартай шүүгчийн захирамж, холбогдох гүйцэтгэх бичиг баримтыг тус албаны 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2/12063 дугаар албан тоотоор буцаасан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т заасан хугацаа өнгөрсөн байх тул хүлээн авах боломжгүй бөгөөд хэтрүүлсэн хугацааг сэргээлгэх талаар шүүхэд хүсэлт гарган шийдвэрлүүлэхээр хуульд заасан. Энэхүү заалтын дагуу шүүхэд хандаж хугацааг нь сэргээлгэх ёстой. Хугацаа сэргээлгэсний дараа манайх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж явуулах боломжтой. Нэхэмжлэгчийн тайлбарлаж буй тайлбар үндэслэлгүй, зөвшөөрөхгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх, зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Х Б ХХК Б Э Х А  нь хариуцагч Б Х З Х Т Б А А нд холбогдуулан, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх, гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авахаас татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1905 дугаартай шүүгчийн захирамж, 2012 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1725 дугаартай Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх тухай захирамж, 208 дугаартай гүйцэтгэх хуудасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэхийг даалгах нэхэмжлэлийг гаргажээ.

           Хариуцагч тал Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т заасны дагуу хугацаа сэргээлгэх хүсэлтийг шүүхээр шийдвэрлүүлэх ёстой тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж эс зөвшөөрч маргасан.

          Шүүх, хэргийг хянан хэлэлцээд, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хангах үндэстэй гэж дүгнэсэн болно.

           Монголбанкны ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А-153 дугаартай “Хадгаламж банк ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай” тушаалаар Хадгаламж банк ХХК-д 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 1 /нэг/ жил хүртэл хугацаатайгаар Банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг авчээ.

Мөн Монголбанкны ерөнхийлөгчийн 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А-114 дугаартай “Хадгаламж банк ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг сунгах тухай” тушаалаар эрх хүлээн авагчийн ажиллах хугацааг 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 1 /нэг/ жил хүртэл хугацаатайгаар,

2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А-116 дугаар тушаалаар 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 1 /нэг/ жил хүртэл хугацаагаар,

2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А-172 дугаар тушаалаар 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 6 /зургаа/ сар хүртэл хугацаагаар,

2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А-15 дугаар тушаалаар 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн 6 /зургаа/ сарын хугацаагаар,

2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А-214 дүгээр тушаалаар 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 18 сарын хугацаагаар,

2019 оны 01 дүгээр сарын 22-ний өдрийн А-30 дугаар тушаалаар 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн 12 сарын хугацаагаар тус тус сунгасан, 

түүнчлэн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А-216 дугаар тушаалаар Хууль, эрх зүйн газрын Эрх зүйн бодлогын хэлтсийн захирал Минжүүрийн Энхтөрийг 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс Хадгаламж банк ХХК-ийн Банкны эрх хүлээн авагчаар томилсон талаар тушаалууд тус тус хэрэгт авагдсан байна.

Банкны тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар Хадгаламж банк ХХК-д банкны эрх хүлээн авагчийг томилсноор Хадгаламж банк ХХК, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх нь банкны эрх хүлээн авагчид шилжсэн гэж үзнэ.

          Хэргийн материалд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1905 дугаартай “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар хариуцагч Э.Ангараас 3 766 948 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хадгаламж банкинд олгохоор шийдвэрлэсэн болон мөн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 23-ний өдрийн 1725 дугаартай “Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх тухай” захирамж, 208 дугаартай 2 ширхэг шүүхийн гүйцэтгэх хуудас, Б Х З Х Т Б А А  нь Хадгаламж банкны эрх хүлээн авагчид 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2/12063 дугаартай “Гүйцэтгэх баримт бичиг буцаан хүргүүлсэн тухай” албан бичиг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь Хадгаламж банкны эрх хүлээн авагчид 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 4/183 дугаартай “Өргөдөл хариу өгөх тухай” албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтууд авагджээ./хх-13-18х/                                                                                    

          Маргааны зүйл болсон Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1905 дугаартай “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар хариуцагч Э.Ангараас 3 766 948 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хадгаламж банкинд олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй нь Иргэний хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэсэн заалтыг зөрчсөн байна.

         Дээрх хуулийн заалтыг зөрчсний улмаас нэхэмжлэгч нь мөн хуулийн 11.2-т “Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж заасны дагуу хуулийн 183 дугаар зүйлийн 183.1, 185 дугаар зүйлүүдэд тус тус нийцүүлэн нэхэмжлэгч хүсэлт гаргаснаар Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 23-ний өдрийн 1725 дугаартай “Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх тухай” захирамж, 208 дугаартай 2 ширхэг шүүхийн гүйцэтгэх хуудас тус тус бичигджээ.

         Нэхэмжлэгч нь тухайн шүүхийн шийдвэрээр хариуцагч Э.Ангараас гаргуулах 3 766 948 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн 37 605 төгрөгийг Шүүхийн     шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлэх ажиллагааг хийлгэхээс өмнө өөрсдөө Э.Ангартай тохиролцож, уг төлбөрийг төлүүлэх боломжийг төлбөр төлөгчид олгосон ба уг төлбөрийг төлөөгүй өнөөг хүрсэн үйл баримтын талаар талууд маргаагүй. Улмаар нэхэмжлэгч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт тус тус хандахад хариуцагч талаас 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2/12063 дугаартай “Гүйцэтгэх баримт бичиг буцаан хүргүүлсэн тухай” албан бичгээр “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18.1-д...шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жил өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй байхаар хуульчилсан байх тул дээрх гүйцэтгэх баримт бичгийг буцаан хүргүүлэв” гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 4/183 дугаартай “Өргөдөлд хариу өгөх тухай” албан бичгээр “...Б Х З Х Т Б А А наас ...гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлтэй...Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 8 жилийн хугацаа өнгөрсөн байх тул ...хуулийн 18.2-т заасны дагуу хэтрүүлсэн хугацааг сэргээлгэх хүсэлтээ шүүхээр шийдвэрлүүлэх нь зөв” гэсэн хариуг тус тус өгснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

            Маргаан бүхий хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас зэрэг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдан 2002 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн хуулийн үйлчлэлийн үед шийдвэрлэгдсэн ба уг шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх баримт бичигт албадан гүйцэтгэх ажиллагааг хийлгэхээр нэхэмжлэгч нь 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 772 дугаартай албан бичгээр хариуцагчид хандсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 он/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл нь иргэний болон захиргааны хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр, эрүүгийн хэргийн талаар гарсан шүүхийн шийтгэх тогтоол, хуульд заасан тохиолдолд бусад байгууллагын шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна” гэж, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх хэсэгт “эрүүгийн хэргийн талаар гарсан шүүхийн шийтгэх тогтоолын торгох, эд хөрөнгө хураах ял оногдуулсан болон эд хөрөнгө, зардал гаргуулах, хохирол төлүүлэх заалт, тэдгээрийн үндсэн дээр олгосон гүйцэтгэх хуудас” шийдвэр гүйцэтгэх баримт бичиг байхаар тус тус заасан.

            Ийнхүү шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг гүйцэтгэх баримт бичгийг албадан гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч нь 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 772 дугаартай албан бичгээр хариуцагч Б Х З Х Т Б А А нд хүсэлтээ гаргахад Шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр албадан гүйцэтгэх ажиллагааг үүсгэн, явуулах үүрэгтэй байжээ.          

            Гэтэл хариуцагч нь өмнөх хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн үйлчлэлийн үед шийдвэрлэгдсэн шүүхийн шийдвэрт явуулах албадан гүйцэтгүүлэх ажиллагааг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /шинэчилсэн найруулга/ батлагдан 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн хуулийн зүйл, заалтад хамааруулж, “...Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 8 жилийн хугацаа өнгөрсөн байх тул ...хуулийн 18.2-т заасны дагуу хэтрүүлсэн хугацааг сэргээлгэх хүсэлтээ шүүхээр шийдвэрлүүлэх нь зөв” гэсэн хариуг өгч татгалзсан нь үндэслэлгүй байна.

           Нэхэмжлэгчийн Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон нь хуульд нийцнэ.

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах арга, журам, дэс дарааллыг нарийвчлан зааж, тусгайлан зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэгжүүлэх нь гагцхүү шийдвэр гүйцэтгэх байгууллага болон шийдвэр гүйцэтгэгчийн үүрэг юм.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б Х З Х Т Б А А-ыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх, гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авахаас татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1905 дугаартай шүүгчийн захирамж, 2012 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1725 дугаартай Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх тухай захирамж, 208 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэхийг Б Х З Х Т Б А А нд даалгасугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 70 200 төгрөгөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг хуульд заасан журмын дагуу гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.ТҮМЭНЦЭЦЭГ