Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 119/ШШ2022/0005

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болормаа даргалж, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: иргэн Д.Х  

            Хариуцагч: ОА-ийн БӨС-ын ББ-ийн ИНХ,

            Хариуцагч: ОА-ийн БӨС-ын ЗД

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хнарын хоорондын “ОА-ийн БӨС-ын ЗД Б.Б-ээр Д.Х-ыг Баянбулаг багийн Засаг даргаар томилохыг даалгах” тухай маргааныг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Х, хариуцагч А.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х, гэрч П.Ц, Л.Б, Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунсайхан нар оролцов.       

    ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч Д.Х нь ОА-ийн БӨС-ын ИНХД А.Н, ОА-ийн БӨС-ын ЗД Б.Б нарт холбогдуулан “ОА-ийн БӨС-ын ЗД Б.Б-ээр Д.Х-ыг Баянбулаг багийн Засаг даргаар томилохыг даалгах” шийдвэр гаргуулахаар маргаж байна.

            2. Нэхэмжлэгч нь 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Орхон аймгийн БӨС-ын Баянбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд багийн Засаг даргад нэрээ дэвшүүлсэн ба санал хураалтанд оролцсон 141 иргэнээс 51 хувийн санал авч тухайн хуралдаанаас “багийн Засаг даргыг батламжлуулахаар уламжлах тухай” 08 дугаар тогтоол  гарчээ.

            3. ОА-ийн БӨС-ын ЗД Б.Б, ББ-ийн ИНХД А.Н нарт 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баянбулаг багийн Засаг даргаар батламжлахыг болон цагдаагийн газраас эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй талаархи лавлагааг тус тус хүргүүлсэн байна.

            2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

            4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

            1) 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Баянбулаг багийн Засаг даргыг сонгох иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан хуулийн дагуу явагдаж, иргэн Д.Х миний бие нэрээ дэвшүүлсэн ба олонхийн санал болох 51 хувийн санал авсан байхад багийн Засаг даргаар батламжлахгүй байгаа хууль бус үйлдэл байх тул Баянбулаг багийн Засаг даргаар томилохыг даалгаж өгнө үү гэжээ.

            5. Нэхэмжлэгч Д.Х шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Миний бие гаргасан нэхэмжлэлдээ итгэлтэй байгаа. Хурал 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Бямба гаригт 13 дугаар сургуулийн спорт зааланд Орхон аймгийн Баянбулаг багийн иргэдийн Нийтийн Хурал болсон. Үүнд иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох үйл ажиллагаа явагдаж иргэдийн Нийтийн Хурлын даргаа сонгосон. Дараа нь багийн Засаг даргыг сонгох сонгууль болсон. Энэ сонгуульд би өөрөө нэрээ дэвшүүлсэн, миний эсрэг өрсөлдсөн манай багийн Засаг даргыг түр орлон гүйцэтгэгч О гэх хүн байсан. Бид хоёр багийн Засаг даргад өрсөлдсөн юм. Хурлын даргалагчаар А.Н байсан, шинээр иргэдийн Нийтийн Хурлын дарга болсон. Хурлын дарга бүртгэл явуулж хурал албан ёсоор эхэлсэн. Саналыг нууцаар хураасан. 141 хүн оролцсон. Үүнээс 51 хувийн саналыг би авсан. Нөгөө хүн маань 43.6 хувийн санал авсан. Хурал ямарч маргаан, хэрүүл байхгүй, цэвэр би ялсан юм. Үүний дагуу би Б.Б даргатай 2-3 удаа уулзсан. Тэгэхэд таныг О гадны хүн оруулсан гэдгээр шүүхэд өгсөн байгаа гэж хэлж нэлээн удаан явуулсан. Би шүүх рүү очиж асуусан боловч энэ нь худлаа байсан нь нотлогдсон. Тэгээд би өөрөө шүүхэд өгсөн юм. Би Б.Б даргын дээд шатны байгууллагын дарга болох Засаг дарга, орлогч дарга, Аймгийн хууль зүйн хэлтэс зэрэгт бүгдэд өргөдөл өгсөн. Сүүлд миний бичиг баримтыг байхгүй гэх асуудлыг тавьсан. Би Хурлын дарга, Багийн Засаг даргатай уулзсан. О ялагдсанаа хүлээн зөвшөөрч байдаг хэдий ч намын дарга Б, СЗД Б.Б хоёр битгий ажлаа өг гэж хэлсэн, та хоёр даргатай уулз гэж хэлсэн. Би О-тэй зөндөө уулзсан. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дах хэсэгт зааснаар би ялгүй гэсэн бичгээ дутуу өгсөн байна гэдгээ хэлсэн. Энэ бичгийг би монгол шуудангаар А.Н дарга, Б.Б дарга руу явуулсан. Би бодохдоо ямар ч маргаангүй, Засаг дарга болно гэж ойлгож явсан. А.Н миний бичгийг нууж хаасан учраас Засаг дарга болохыг даалгаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байгаа. Ард нийтийн сонгууль шударга явсан.” гэв.  

            6. Хариуцагч ОА-ийн БӨС-ын ЗД Б.Б хариу тайлбартаа: “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /2006 онд батлагдсан/ 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу Баянбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаас гарсан тогтоолыг СЗД буюу томилох эрх бүхий этгээдэд санал болгоогүй байна.

            Баянбулаг багийн 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр зохион байгуулагдсан иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тэмдэглэл, ирц, бүртгэл, тогтоол, багийн Засаг даргад нэр дэвшигчдийн баримт бичгүүдийн хуулбарыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 11 дүгээр албан бичгээр хүлээн авч судлахад дараах хууль зөрчсөн үйлдэл байна. Үүнд:

            -Багийн Засаг даргад нэр дэвшигч иргэн Д.Х Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6.3 дахь хэсэгт “ялгүй байх” гэснийг тодорхойлох албан ёсны баримт бичиг байхгүй,

            ... Мөн баянбулаг багийн ИНХ-ын 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 08 дугаар тогтоолд “иргэдийн олонхийн санал буюу ... хувийн саналыг авсан” гэж бичсэн нь алдаатай байгаа зэргээс үзэхэд тус багийн Засаг даргыг сонгох тус ИНХ-ын хуралдааныг хууль бус гэж үзэхээр байна.

            Иймд Д.Хын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

            7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Иргэн Д.Х нь Засаг даргад томилуулахыг даалгах гэж байсан. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар хуралдаанаар гарсан тогтоолыг хүргүүлсэнээр Засаг даргыг томилох үйл ажиллагаа явагддаг. Багийн засаг даргыг томилох бүхий тогтоол Баян-Өндөр СЗДБ.Б-д ирээгүй. Тэгтэл иргэдийн Нийтийн Хурал А.Н уламжилж ирсэн. Үүний дараа Баянбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлаас гарсан тогтоолыг гүйцэд нөхөн бичээгүй байсан. Д.Х гэх хүний нэртэй тогтоол байна. Нийцүүлэн авчирч өг гэж явуулсан байдаг. Тухайн өдөр болсон хуралтай холбоотой баримт бичгүүдийг шинжлэн судлахад, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дугаар зүйлийн 26.6.1, 26.6.2, 26.6.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүн Засаг даргад нэрээ дэвшүүлэх байсан. Гэтэл Д.Х ялгүй байх гэсэн баримтыг өгөөгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлага нь хуульд нийцээгүй, үндэслэлгүй гэж үзэж байна.” гэв.

            8. Хариуцагч А.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Орхон аймаг, БӨС-, Баянбулаг багийн иргэдийн Нийтийн Хурал 13 дугаар сургуулийн спорт зааланд болсон. Д.Х-ын цагдаагийн газрын бичиг нь шаардлага хангаагүй алдаатай байсан гэж бодож байна. Иргэн хүн өөрөө холбогдох бичиг баримтаа бүрдүүлж, хяналт тавьж Засаг даргад өрсөлдөх ёстой гэж бодож байна. Тухайн өдөр бүх баримт бичгийг БӨС- руу аваачиж өгсөн. Иргэн Д.Х-ын бичиг баримт шаардлага хангахгүй байна гэх үндэслэлээр хүлээж аваагүй буцаагдсан юм.” гэв.   

            9. Гэрч П.Ц шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр сонгууль болдог журмаараа явсан, 200 гаруй хүмүүс цугларсан, Д.Х гэх хүн багийн Засаг даргад 54 хувийн санал авсан. Тооллогын комиссын тогтоол гарсан. Ямар нэгэн будилаан гараагүй гэж бодож байна. Нэг хүний эрх ашиг, нийтийн эрх ашиг гэж байгаа. Багийн Засаг дарга байхгүй тийм байж болохгүй гэж би боддог юм гэв.  

            10. Гэрч Л.Б шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Тухайн үед иргэдийн Нийтийн Хурал 4 жилийн хугацаанд ажилласан, өнгөрсөн оны 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр журам тогтоол гаргаж, хурал болсон юм. Манай баг албан ёсоор хурлаа зарлаж би зохион байгуулсан. Иргэдийн Нийтийн Хурлын асуудал байсан. Би өөрөө нэр дэвшиж байгаа учраас багийнхаа иргэдээс удирдуулж би өөрөө иргэний хувьд оролцож явсан. А.Н даргад тамга тэмдгийг албан ёсоор хүлээлгэн өгч би хуралдаа оролцсон юм. Засаг даргатай холбоотой хурал бүх иргэдийн иргэний үнэмлэхийг тулгаж бүртгэж оруулсан. Хуульд заасны дагуу хэвийн явагдсан, ном журмын дагуу явагдсан.” гэв.

            11. Гэрч Д.О шүүх хуралдаан гаргасан мэдүүлэгтээ: “Багийн иргэдийн Нийтийн Хурлыг шударга явсан гэж бодож байгаа, хурал маргаангүй явсан. Хэл ам гараагүй явагдсан. Хурал хуулийн дагуу явагдсан гэж бодож байгаа.” гэв.  

ҮНДЭСЛЭХ нь:

           1. Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй байна гэж үзлээ.

        2. Нэхэмжлэгч Д.Х нь 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Орхон аймгийн БӨС-ын Баянбулаг багийн иргэдийн Нийтийн Хуралд багийн Засаг даргад нэрээ дэвшүүлж, 51 хувийн иргэдийн санал авсан боловч багийн Засаг даргад батламжлахгүй байгаа нь хууль зөрчсөн учраас Баянбулаг багийн Засаг даргад томилохыг даалгахыг хүсч маргасан байна.

         3. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /2006 онд батлагдсан/ 26 дугаар зүйлийн 26.2-д “Баг, хорооны Засаг даргад тухайн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд,  ... тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтан санал болгоно.” гэж заасны дагуу ББ-ийн ИНХД А.Н 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн багийн Засаг даргад нэр дэвшигч Д.Х олонхийн буюу 51 хувийн санал авсан байхад нэр дэвшигчийг томилуулах тухай саналаа БӨС-ын ЗД-д хүргүүлээгүй болох нь ББ-ийн ИНХД А.Н-ын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдлоо.

            4. Мөн БӨС-ийн ЗД Б.Б ББ-ийн ИНХД А.Н-ын 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянбулаг багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн иргэн Д.Х-ыг иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаас олонхийн буюу 51 хувийн санал авсан учраас Д.Х-ыг Баянбулаг багийн Засаг даргад томилуулахаар санал болгож холбогдох баримтуудыг авч очиход “ ... 08 дугаар тогтоол дээр хэдэн хувийн санал авсныг бичээгүй алдаатай ...” гэдэг үндэслэлээр материалуудыг хүлээн аваагүй нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /2006 онд батлагдсан/ 26.3-д “Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол  ...баг хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга  .. томилох ..” , 26.4-д “Энэ хуулийн 26.2-т заасан нэр дэвшигчийг мөн хуулийн 26.3-т заасан эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзвал зохих шатны Хурал 15 хоногийн дотор энэ хуулийн 26.2-т заасан журмаар Засаг даргад дахин нэр дэвшүүлэх бөгөөд томилох эрх бүхий албан тушаалтан Хурлын тогтоолыг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан томилох шийдвэр гаргах үүрэгтэй.” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

            5. Хэдийгээр хариуцагч захиргааны албан тушаалтнууд хууль зөрчсөн боловч нэхэмжлэгч Д.Х нь Баянбулаг багийн Засаг даргад нэр дэвшихдээ Монгол Улсын  Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /2006 онд батлагдсан/ 26.6-д “Баг хорооны Засаг даргад нэр дэвшигч нь дараахь шаардлагыг хангасан байна:” 26.6.3-д “ялгүй байх” гэж  заасан шаардлагыг хангаагүй болох нь шүүх хуралдаанд гаргасан түүний тайлбар, хэрэгт авагдсан нэхэмжлэгч Д.Х-ын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр БӨС-ийн ЗД Б.Б, ББ-ийн ИНХД А.Н нарт тус тус гаргасан “Лавлагаа хүргүүлэх тухай” хүсэлтүүдээр нотлогдож байна.

            6. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /2006 онд батлагдсан/ 26 дугаар зүйлийн 26.6.3-д заасан “ялгүй байх” гэсэн шаардлагыг хангасан нотлох баримтыг нэхэмжлэгч Д.Х нь Баянбулаг багийн Засаг даргыг томилох багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд нэр дэвшихдээ гаргаж өгөөгүй ба 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр уг лавлагааг авч БӨС-ын ЗД-д хүргүүлснээрээ багийн Засаг даргаар томилогдох эрх үүсэхгүй юм.

            7. Өөрөөр хэлбэл баг, хорооны Засаг даргад нэр дэвшигч шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх, ялгүй байх гэсэн шаардлагуудыг хангасан тохиолдолд нэрээ дэвшүүлэх эрх үүсэх  байсан.

            8. Иймээс нэхэмжлэгч Д.Х-ын ОА-ийн БӨС-ын ЗД, БӨС-ын ББ-ийн ИНХД нарт холбогдуулан гаргасан “ОА-ийн БӨС-ын ЗД Б.Б-ээр Д.Х-ыг Баянбулаг багийн Засаг даргаар томилохыг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            9. Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “Энэ хуулийн 26.2-т заасан нэр дэвшигчийг мөн хуулийн 23.3-т заасан эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзвал зохих шатны Хурал 15 хоногийн дотор энэ хуулийн 26.2-т заасан журмаар Засаг даргад дахин нэр дэвшүүлэх ...” гэж заасан ба БӨС-ын ЗД 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1/1227 дугаар албан бичгээр БӨС-ын ИТХД Э.Э-д Баянбулаг багийн Засаг даргад нэр дэвшсэн Д.Х-ыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 6.3-т заасан шаардлагыг хангаагүй учраас батламжлах боломжгүй гэсэн хариу өгсөн ба дээрхи хуулийн заалтыг хэрэгжүүлж дахин Засаг даргад нэр дэвшүүлэх багийн нийтийн хуралдааныг зохион байгуулаагүйг, гэрч нар нь багийн Засаг даргыг сонгох багийн иргэдийн Нийтийн Хурлыг шударга явагдсан гэдгийг гэрчилж мэдүүлэг өгсөн болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна.  

                Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14  дэх хэсэгт заасан  заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6.3 /2006 он/ дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Д.Х-ын “ОА-ийн БӨС-ын ЗД Б.Б-ээр Д.Х-ыг Баянбулаг багийн Засаг даргаар томилохыг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

     ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.БОЛОРМАА