| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Александрын Сарангэрэл |
| Хэргийн индекс | 128/2024/0567/З |
| Дугаар | 221/МА2025/0367 |
| Огноо | 2025-06-03 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2025/0367
“Ит” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч:Шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Оюумаа
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: “Ит” ХХК
Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд
Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/*** дүгээр тушаалыг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 183 дугаар шийдвэр
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Аг
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Еликай
Хэргийн индекс: 128/2024/0567/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 183 дугаар шийдвэрээр:
Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4 дүгээр хэсгийн 1-д заасныг тус тус баримтлан “Ит” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/*** дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
2.Гомдлын агуулга:
2.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 183 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч ийнхүү хуульд заасан хугацаанд давж заалдах гомдол гаргаж дараах үндэслэлээр анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэж, үндэслэл бүхий дүгнэлт гаргаж чадсангүй гэж үзэж байна.
2.2.Нэхэмжлэгч “Ит” ХХК-ийн ашиглах эрх бүхий Богдхан уулын дархан цаазат газрын Згийн аманд байрлах 0,44 м.кв газрын ашиглах эрхийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/*** дугаар тушаалаар олгосон бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/*** дүгээр тушаалаар Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 40 дүгээр зүйлийн 4 дүгээр хэсгийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн хүчингүй болгосон.
2.3.“Ит” ХХК-ийн эзэмшлийн газар нь Газрын тухай хуульд заасны дагуу тус компанийн 0,44 га газрыг олгохдоо хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байх гэдгийг зөрчсөн болох нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01/64 дүгээр албан бичигт ирүүлсэн санал, мөн Газар зохион байгуулалт, геодизи, зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2/1721 тоот албан бичгийн хавсралтаар тус тус нотлогдож байна. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх үйл баримт нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 183 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар давж заалдах шатны шүүхээс захиргааны хэргийг бүхэлд хянаад анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоогоогүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байх тул шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаан шийдвэрлэв.
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй...”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”,
Мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.”, 106.7-д “Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана.” гэж тус тус заасан.
2.Нэхэмжлэгч “Ит” ХХК-иас “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/*** дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргажээ.
3.Маргаан бүхий А/*** дүгээр тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 01/64 дүгээр албан бичгээр ирүүлсэн саналыг тус тус үндэслэн “Ит” ХХК-д 0,44 га газрыг олгохдоо бусдын ашиглаж байгаа газартай давхцуулсан гэж нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон.
4.Нэхэмжлэгчээс “нэхэмжлэгчийн газар нь хэний ч газартай давхцаагүй, давхцаагүй тул 2017 онд газар ашиглах эрх олгосон бөгөөд хүсэлтээ гаргаад эрх олгогдоод холбогдох зөвшөөрөл, зургаа батлуулаад бүтэн 7 жил өнгөрч байхад “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй” гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгож байгаа нь ойлгомжгүй” гэж, харин хариуцагчаас “нэхэмжлэгч компанид 0.44 га газрыг олгохдоо бусдын газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байх хуулийн заалтыг зөрчсөн гэдэг нь тогтоогдож байгаа” гэсэн зөрүүтэй тайлбаруудыг өгч маргасан байхад анхан шатны шүүхээс хэргийн оролцогчдын зөрүүтэй тайлбартай холбоотой маргааны үйл баримтыг тогтоогоогүй байна.
5.Мөн хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, анх нэхэмжлэгч “Ит” ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/*** дугаар тушаалаар 0.44 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэснээс хойш хариуцагчаас нэхэмжлэгчийн ашиглалтын газар эзэмших эрхийг удаа дараа хүчингүй болгож шийдвэрлэснийг захиргааны шүүхийн шийдвэрүүдээр хариуцагчийн шийдвэрүүдийг хүчингүй болгож байсан нөхцөл байдал тогтоогдож байна.
6.Харин хэрэгт авагдсан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 2/1721 албан бичгээр ирүүлсэн зурган баримтаар тогтоогдсон газрын давхцал хэзээ бий болсон эсэхтэй холбоотой үйл баримтыг анхан шатны шүүхээс тогтоогоогүй, тодруулбал, нэхэмжлэгчид анх газар ашиглуулах эрх 2017 онд олгохдоо бусдын газартай буюу Байгаль, орчин аялал жуулчлалын яамны газартай давхцуулан олгосон, эсхүл, шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг сэргээн олгохдоо газрын давхцал бий болсон эсэхтэй холбоотой нөхцөл байдлыг зайлшгүй тогтоох шаардлагатай.
7.Ийнхүү тогтоохдоо нэхэмжлэгчид анх олгосон газрын байршил хаана байсан гэдэгтэй холбоотой баримтуудыг цуглуулах, нэхэмжлэгч болон Байгаль, орчин аялал жуулчлалын яамны ашиглалтын газруудын 2017 оноос хойших жил бүрийн сансрын зургийг давхцуулан авч, тэдгээр газрууд нь аль хэсгээрээ давхцалтай, давхцал нь бүхэлдээ эсхүл, зарим хэсгээрээ давхцалтай эсэх нөхцөл байдлыг мөн анхан шатны шүүхээс тогтоох шаардлагатай байна.
8.Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/*** дугаар тушаалын 1 дэх заалтаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны ашиглаж байсан газраас 0,14 га газрыг хүчингүй болгож, 2 дахь заалтаар 0,44 га газар ашиглах эрхийг “Ит” ХХК-д олгосон. Уг А/*** тушаалаар хүчингүй болгосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны 0,14 га газрын байршил, солбицлыг нэхэмжлэгчийн ашиглалтын 0,44 га газрын байршил, солбилцолтой давхцуулан үзэж, нэхэмжлэгчид олгосон газар нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны хүчингүй болгосон 0,14 га газартай давхцаж байгаа эсэхийг тодруулсны үндсэн дээр хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоох нь зүйтэй.
9.Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй бөгөөд давж заалдах шатны шүүхээс нотлох баримтыг бүрэн цуглуулж, дүгнэлт өгөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг засах, хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, захиргааны хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 183 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эгийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, холбогдох захиргааны хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ