Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 27

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн, улсын яллагч Б.Батхишиг, шүүгдэгч Н.Энхболд, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбат /ҮД:0053/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Тээврийн прокурорын газраас:

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1966 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 12 дугаар хороо, Хасбаатарын гудамж 5б байрны 17 тоотод оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, /РД:ЧГ66042279/ Цагаан чоно овогт Намчингийн Энхболдод Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 201624000852 дугаар 185/2017/0044/Э индекстэй хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:    

 

Шүүгдэгч Н.Энхболд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Шарга морьт” зуслангийн эцсийн 3 дугаар гудамжны замд 1.98 хувийн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 09 дүгээр сарын 13-ны оройн 19 цаг 37 минутын орчим Тоёота Приус маркийн 80-67 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а/-д заасан жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ “согтууруулах ундаа хэрэглэсэнх үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг мөн дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчин явган зорчигч Т.Мягмарыг мөргөж хүндэвтэр зэргийн гэмтэл учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Энхболдын: 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр би тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодож хохирогчид хүндэвтэр гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийг гэмтлийн эмнэлэгт хэвтэж байхад нь би сахиж байсан. Хохиролд 1.000.000 төгрөг төлж барагдуулсан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр, хавтаст хэргээс:

Мөрдөн байцаалтад хохирогч Т.Мягмарын: ...2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр...  …Энхболд ах тухайн үед саарал өнгийн Тоёота приус-20 маркийн машинтай явж байсан ба миний хажууд ирж зогсоод хаана хүрэх гэж байгаа юм гэхээр нь хойшоо айл руу явж байна гэхэд суучих гэж хэлсэн. Тэгээд би машиных нь ард суугаад Батаа урд талд нь суугаад хойшоо өгсөөд явж байгаад Энхболд ах гүний худгийн хажууд зогсохоор нь би үгүй доошоо явна гэж хэлсэн. Тэгээд буцаад эцэс рүү уруудаад замаас гарч урагшаа эргээд мухар гудамжинд зогсоод Батаа бид хоёр буусан.  Би машин ойртон ирж байгааг анзаараагүй ард машин дугарах шиг болоод л эргээд харахад л намайг мөргөчихсөн. Намайг машины буруу талын урд гуперээр зүүн хөлний дунд чөмөг рүү мөргөөд унагасан. Осол болох үед гэгээтэй байсан ба бороо ороогүй байсан. Би 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр өглөө 11 цагийн үед 200 грамм архи уусан байсан ба бага зэрэг согтолттой байсан. Миний зүүн хөлний дунд чөмөг хугарсан өөр нэг их гэмтэл байхгүй. Энхболд гуайн зүгээс намайг эмнэлэгт хэвтүүлж хагалгааны зардал төлсөн. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол санал байхгүй... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-15-16/,

 

 

Мөрдөн байцаалтад Н.Энхболдын сэжигтэн, яллагдагчаар: ...2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн эзэмшлийн 80-67 УНИ улсын дугаартай саарал өнгийн Тоёота приус 20 маркийн машинаа жолоодоод ...Шарга морьтын эцсээс урагшаа лагерын гудамжны зам руу ороод нэг айлын гадна очсон. Тэгээд нөгөө 2 залуу буусан. Би буцаад зүүн тийш явах гэтэл мухар гудамж байхаар нь машинаа эргүүлээд буцаад төв зам руу чиглээд гудамжаараа явж байтал миний машинаас буусан нөгөө хоёр хүн буусан газартаа зогсож байхаар нь зөрж гарах гэж байгаад машиныхаа баруун урд талын гуперээр 40 орчим насны нэг эрэгтэйг мөргөсөн. Тэгээд машинаа ухраагаад буугаад нөгөө хүн дээрээ очоод эмнэлэг цагдаа руу ярьж дуудлага өгсөн. ... Би хохирогчийн эмчилгээний зардалд 560.000 төгрөг өгсөн ба өөрийн сайн дураар дараа нь сувилгаандаа хэрэглээрэй гээд 1 сая төгрөг өгсөн. Миний хувьд ийм осол болсонд үнэхээр их харамсаж байна... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-38-40/,  

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээчийн ¹12822 тоот:

  1. Т.Мягмарын биед зүүн хөлийн дунд чөмөгний далд хугарал, нүүр, дээд мөчний хэсгийн зөөлөн эдэд өнгөц зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чавдарын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Т.Сэлэнгэ гэсэн дүгнэлт /хх-23/,

 

Техникийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ¹593 тоот:

  1. “Тоёота Приус-20” маркийн 80-67 УНИ улсын дугаартай автомашины жолооч Н.Энхболд нь МУ-ын ЗХД-н 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
  2. Явган зорчиг Т.Мягмар нь МУ-ын ЗХД-н 3.9-д заасан “Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
  3. Тоормосны мөр гараагүй байгаа тул автомашинуудын хурдыг тодорхойлох боломжгүй. Цагдаагийн ахмад Б.Батзориг гэсэн дүгнэлт /хх-25/,

Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн техникийн шинжээчийн 2016-ны 10 дугаар сарын 05-ны өдрийн ¹16/45025 тоот:

Намчингийн Энхболдын эзэмшлийн Тoyota Prius20 маркийн, мөнгөлөг өнгөтэй, Япон улсад үйлдвэрлэсэн, 8067 УНИ улсын, NHW203494719 арлын дугаартай суудлын автомашиныг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1100 цагаас 1127 цаг хүртэл MNS4598:2011 “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар” стандартыг мөрдлөг болгон инженерийн ур чадвараар шалгахад:

  • Уг автомашины тээврийн хэрэгслийн улсын дугаарын гэрэл асахгүй, хойд буфер зүүн талдаа 40 см орчим хэмжээтэй хонхойсон, урд буфер баруун хэсгээрээ 8 см хэмжээтэй хагарч зурагдсан байдалтай байгаа нь ерөнхий өнгө үзэмжийн хувьд тэнцэхгүй үнэлгээтэй байна.

Техникийн хяналтын үзлэгийн тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд:

  • Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ-3,5мм/м
  • Зүүн урд дугуйн тоормосны хүч 1,6 кН, баруун урд дугуйн 1,5кН, тэнхлэг дэх тоормосны хүчний зөрүү нь 6,25%, зүүн хойд дугуйн тоормосны хүч 1,0кН, баруун хойд дугуйн тоормосны хүч 0,8кН, хойд тэнхлэг дэх тоормосны хүчний зөрүү нь 20%
  • Зүүн талын гэрлийн тусгалын хүч 23100cd, баруун талын гэрлийн тусгалын хүч 15200cd
  • Дугуйн хээний гүн 4-5 мм болно.

Hyundai маркийн Prius загварын 8067 УНИ дугаартай автомашиныг тоног төхөөрөмжөөр шалгасан үзүүлэлт нь MNS4598:2011 стандартын шаардлагыг бүрэн хангаж байгаа нь зам тээврийн осолд нөлөөлөхгүй. Шинжээч Д.Буянхүү, Д.Ганхуяг, Н.Мөнх-Очир гэсэн дүгнэлт /хх-28-29/,

 

Бүрэлдэхүүнтэй техникийн шинжээчийн 2016 оны 12 сарын 30-ны өдрийн №735 тоот:

  1. №593 дугаартай шинжээчийн дүгнэлтийг бусад шинжээчид үндэслэлтэй гэж үзэж байна.
  2. Т.Приус маркийн 80-67 УНҮ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Намчингийн Энхболд нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм 2. Жолоочийн үүрэг: 2.7 “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,” 1.5. Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”- гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
  3. Явган зорчигч Т.Мягмар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм: 3.Явган зорчигчийн үүрэг: 3.9. Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
  4. Т.Приус маркийн 80-67 УНҮ улсын дугаартай автомашины тоормосны мөр гараагүй байгаа тул автомашины хурдыг тодорхойлох боломжгүй. Цагдаагийн ахлах дэслэгч Д.Батзориг, С.Пүрвээ, цагдаагийн ахмад Н.Шинэбаатар гэсэн дүгнэлт /хх-72-73/,

 

Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх-2/, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-3/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5/, явган зорчигчийн согтуурал шалгасан магадлагаа /хх-8/, жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /хх-9/, тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /хх-10/, хохирлын баримтууд /хх-18/, Т.Мягмарын өвчний түүхийн хуулбар /хх-47-55/,

шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-42/, жолоочийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-44/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-56/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-43/, Баянгол дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-41/ зэрэг цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэв.  

       

Шүүгдэгч Н.Энхболд 2016 оны 09 дүгээр сарын 13-ны оройн 19 цаг 37 минутын орчим согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “Тоёота Приус” маркийн 80-67 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а/-д заасан жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг мөн дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчин явган зорчигч Т.Мягмарыг мөргөж хүндэвтэр зэргийн гэмтэл учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн нотлох баримтууд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлгүүдээр тус тус тогтоогдон нотлогдож байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн Монгол улсын Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.                  

    

          Шүүгдэгч Н.Энхболд хохирогч Т.Мягмарын бие махбодид учирсан хүндэвтэр гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардалд 1.448.600 төгрөгийг нөхөн төлсөн нь хохирогчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүгдэгч хохирогч нарын мэдүүлгүүдээр тус тус тогтоогдон нотлогдов.

 

Шүүгдэгч Н.Энхболд урьд ял шийтгэгдэж байгаагүй нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-43/ тогтоогдов.

 

Шүүгдэгч Н.Энхболд анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдэн чин санаанаас гэмшиж байгаа, хохирогчид эмчилгээний зардал нөхөн төлсөн, хохирогч Т.Мягмар цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байдлуудыг харгалзан ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-ийг хэрэглэв.

Хэрэгт хураагдсан Н.Энхболдын жолооны №085657 дугаартай үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Намчингийн Энхболдыг согтуугаар, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                                                 
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар Намчингийн Энхболдыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.           
  3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Н.Энхболдод оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-д зааснаар Н.Энхболдод оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.             
  5. Н.Энхболд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.                                     
  6. Н.Энхболдын №085657 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.                                             
  7. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар Н.Энхболдод оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.
  8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Н.Энхболдод авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.                                                                                         
  9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.                                                                                                                                           
  10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Энхболдод авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.               

           

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Ү.ТҮМЭНЖАРГАЛ