Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 691

 

 

 

 

 

 

 

 

 

 

 “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2018/00395 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “А” ХХК,

Хариуцагч Я.Г, Д.Н нарт холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 114 844 213 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Дэлгэрмаа,

Хариуцагч болон хариуцагч Д.Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Г, өмгөөлөгч О.Чулуунчимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд байрлах 9 давхар 63 айлын дотор заслын ажлыг хийж гүйцэтгэхээр Я.Гтой харилцан тохирч, ажлаа гэрээний хугацаанд хийж дуусгасан. Бид үүргээ биелүүлсэн бөгөөд хариуцагч өнөөдрийг хүртэл ажлын хөлсөө төлөхгүй байна.

Иймээс гэрээний төлбөр болон гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд 114 844 213 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч болон хариуцагч Д.Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх С.Дэлгэрмаа ирж уулзаад, барилгын заслын ажлыг чинь хийе гэснийг зөвшөөрсөн. Барилгын ажлын ид үе дуусаж байгаа учраас үнэ хөлсөө С.Дэлгэрмаад ашигтайгаар тохирсон. Анх тохиролцохдоо бартераар байр өгч гэрээ байгуулна гэсэн болохоос бэлэн мөнгөөр тооцоо хийнэ гэж тохироогүй. Нэхэмжлэгч ажлаа дутуу хийснийг өөр компаниар хийлгэж дуусгасан. Мөн миний зөвшөөрөлгүйгээр дур мэдэн цацах ёсгүй хананд шприцтэй шавар цацсан, гэрээнд би гарын үсэг зураагүй, ажлын тооцооны үнэлгээн дээр намайг төлөөлөх эрхгүй этгээд, эхнэр Д.Н-ээр гарын үсэг зуруулсныг зөвшөөрөхгүй. Нэгэнт ажил хийсэн нь үнэн болохоор 31 000 000 төгрөгт эвлэрч болно. Алданги төлөхгүй. Нэхэмжлэгч бүх зүйл дээр өөрөө гарын үсэг зурсан тул тэдгээр баримтыг баталгаатай баримт гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Я.Гоос 31 000 000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 83 844 213 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 731 171 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 55 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 312 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “А” ХХК болон хөрөнгө оруулагч гэч Я.Г бид 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 15/12 тоот барилгын дотор заслын ажил гүйцэтгэх гэрээн дэх ажлын хөлсөө 2 тал тохиролцож тус барилгын ажлыг эхлүүлсэн бөгөөд захиалагч Я.Гын зөвшөөрлийн дагуу бүх ажлыг хугацаанд нь хийж хүлээлгэн өгсөн. Хүлээн авсан акт дээр Я.Г өөрөө гарын үсэг зурж баталгаажуулан хүлээн авсан. “А” ХХК Я.Гтой гэрээт ажлыг Барилгын яамны дэргэдэх ТӨААТҮГ-аас олон судалгаа дээр тулгуурлан эрхлэн гаргадаг сэтгүүл, хэвлэлээс гаргасан үнэ ханшийг баримтлан, барилгын бүх компаниудын дагаж мөрддөг “Барилга.мн” гаргасан үнэ ханшийг бусад бүх компаниуд хэрэгжүүлдэг нийтлэг нотлох баримтыг харилцан мөрдлөг болгож 15/12 тоот гэрээгээр үнэ ханшаа тохирсон.

Гэрээт ажил эхэлснээс хойшх зөвшөөрөл олгосон бүх ажлуудыг газар дээр нь дахин шалгаж, хугацаандаа дуусгаж чанарын 100 хувь үнэлгээтэйгээр хийж гүйцэтгэсэн байна гэж үзэж, захиалагчтай тохиролцсон гэрээний дууссан бүх ажлыг дахин шалгаж хүлээн авч ажлын актыг 2 тал зөвшөөрч ажлыг дуусгасан. Энэ актанд захиалагчийн талбай хариуцсан инженер Б.Давааням гарын үсэг зурж баталгаажуулсан. 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 10 дугаар сарын 20-21-ний өдрийн бүх ажлыг гүйцэтгэлийг нэгтгээд 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хамтран үнэ ханшаа хэлэлцэн тохирч гэрээ байгуулсны дагуу актаар хүлээн авсан санхүүжилт олгох тоо хэмжээг захиалагч Я.Гтой тохирсон үнэ ханшийн дагуу захиалагч, гүйцэтгэгч талын инженерүүд хамтарч хэмжилт хийж нягтлан шалгаж эцсийн тооцоогоо хамтран газар дээр нь гаргаж, баталгаажуулан харилцан гарын үсэг зурсан. Эцсийн тооцоогоор 78 562 809 төгрөг гарсан. Үүнээс 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр нэг удаа 2 000 000 төгрөгийг авсан.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан журмын дагуу үнэлээгүй бөгөөд хариуцагчийн нотолгоогүйгээр хэлсэн үгээр нь 31 000 000 төгрөгийг өгнө гэж хэлсний дагуу 31 000 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж захиалагч, гүйцэтгэгч нарын тухайн үед хамтран хэмжилт хийж тохиролцсон үнэлгээний дагуу гаргаж 2 тал гарын үсэг зурж баталгаажуулсан ажлын гүйцэтгэлийн эцсийн дүнгийн үлдэгдэл 45 562 809 төгрөгийг Я.Гоос гаргуулж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

            Нэхэмжлэгч “Арбаяншанд” ХХК нь хариуцагч Я.Г, Д.Ннараас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 114 844 213 төгрөг гаргуулахаар шаардсанаас 31 000 000 төгрөг төлөхийг хариуцагч зөвшөөрч, үлдэх хэсгийг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

            Захиалагч Я.Гын зөвшөөрлийн үндсэн дээр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд байрлах 9 давхар, 63 айлын орон сууцны барилгын доторх 12, 24-ийн хананы өрлөг, замаска, шавар зэрэг дотор заслын ажлыг “Арбаяншанд” ХХК хийж гүйцэтгэсэн үйл баримтын тухайд талууд маргаагүй, харин ажлын хэмжээ, чанар, үнэлгээний талаар маргасан байна.

            Нэхэмжлэгч “Арбаяншанд” ХХК нь “Иргэн Я.Гын хийсэн ажлыг актаар хүлээн авсны дараах санхүүжилт олгох ажлын тоо хэмжээ дүн” /хх1-4/ гэсэн баримтыг үндэслэн Я.Гоос 76 562 809 төгрөгийн ажлын хөлс шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч уг баримтад гарын үсэг зурсан талбай хариуцсан инженер Б.Давааням болон мөн гэрээний хавсралтаар ажлын үнэлгээ тус бүрийн ард гарын үсэг зурсан Д.Ннар нь гэрээний нөхцөлийг ажил гүйцэтгэгчтэй тохиролцох эрх бүхий этгээд биш гэж маргажээ. 

Хэрэгт Б.Давааням, Д.Ннарт захиалагчийг төлөөлөн гэрээний нөхцлийг ажил гүйцэтгэгчтэй тохиролцох бүрэн эрхийг Я.Гоос олгосон баримт авагдаагүй тул ажил гүйцэтгэгчийг захиалагчтай ажлын хөлс, үнэлгээг тохиролцсоноо үндэслэн хөлс шаардсан гэж үзэх боломжгүй байна.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг 31 000 000 сая төгрөгийн хэмжээнд зөвшөөрнө гэх боловч уг дүнг хэрхэн тооцож гаргаснаа нотлоогүй, 24 927 500 төгрөгийн ажлын хөлсний тооцоо гаргасныг /хх1-120/ нэхэмжлэгч зөвшөөрөөгүй ба гүйцэтгэсэн ажлын хэмжээ, нэр төрөл, тус бүрийн үнэлгээг мэргэжлийн шинжээчээр тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ. /хх1-121/

            Дээрх байдлаас үзвэл зохигчид маргаж буй үндэслэлээ эргэлзээгүй, үнэн зөв баримтаар нотолж чадаагүй байх бөгөөд эргэлзээтэй байдлыг шинжээчийн дүгнэлт гаргуулах замаар тодорхой болгох хэргийн оролцогчийн хүсэлтийг хүлээн авч, шинжээчээр дүгнэлт гаргуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасанд нийцнэ.

Шүүхээс томилогдож, дүгнэлт гаргасан Хөрөнгийн үнэлгээний төв нь хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр бүртгэгдсэн хуулийн этгээд болох тухай улсын бүртгэлийн гэрчилгээ /хх2-176/, дүгнэлтэд гарын үсэг зурсан шинжээч Р.Зоригт нь Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй, тусгай зөвшөөрөл нь 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 3 жилийн хугацаатай сунгагдсан баримт /хх2-178, 179/ хэрэгт авагдсан ба анхан шатны шүүхээс хэргийг дахин шийдвэрлэх явцад үнэлгээ хийх эрх бүхий хуулийн этгээд болон тусгай зөвшөөрөл бүхий шинжээч дүгнэлт гаргасан болох нь тогтоогдсон байна.

Мөн шинжээчээр ажилласан Р.Зоригт нь 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд шинжээчийн дүгнэлт гаргасныхаа хувиар оролцож, дүгнэлтийнхээ үнэн зөвийг гэрчилж шүүхээс тодруулсан асуултад хариулт өгсөн, дүгнэлтийг хөндлөнгийн байр сууринаас үнэн зөв гаргасан гэдгээ тайлбарласан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ. /хх2-218/

Иймд Хөрөнгийн үнэлгээний төвийн 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн дүгнэлтээр ажил гүйцэтгэгчийн хийсэн ажлын хэмжээ, байдал, үнэлгээг нарийвчлан гаргасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасан нотлох чадвараа алдсан гэх үндэслэлгүй, давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1599 дүгээр магадлалд заасан шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэх үндэслэл нь хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлэх явцад арилсан байх тул уг шинжээчийн дүгнэлтээр 51 962 468 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн гэж тогтоосныг тусгай мэдлэг бүхий этгээдээс гаргасан бодит байдалд нийцсэн баримт гэж үнэлэх боломжтой. 

Хариуцагч талын ажлын хөлсөнд 2 000 000 төгрөгийг бэлнээр өгснийг болон ялууны ажлын болон 1, 6-7 дугаар давхрын шприцтэй шаврын ажлын хөлсийг нэхэмжлэгчийн өөрийнх нь үнэлгээгээр шинжээчийн тодорхойлсон талбайн хэмжээгээр /хх-218/ тооцож нийт 1 125 910 төгрөгийг хасах ёстой гэснийг нэхэмжлэгч няцаагаагүй тул дүгнэлтээр тогтоосон  51 962 468 төгрөгөөс хасч, нэхэмжлэлийг 48 836 558 /51 962 468-2000 000-1 125 910/ төгрөгөөр хангах үндэслэлтэй байна.

Талууд гэрээг бичгээр байгуулж, гарын үсгээр баталгаажуулсан баримтгүй, алданги төлөх талаар бичгээр тохиролцоогүй байх тул алдангид 38 281 404 төгрөг шаардсаныг хангах үндэслэлгүй, шүүх нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт нийцэх ба шүүх алдангийг хэрэгсэхгүй болгохдоо хууль баримтлаагүйг зөвтгөж, шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх заалтыг нэмж баримтална.

Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагч сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсаныг дурдсан нь Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасанд нийцэхгүй тул алдааг зөвтгөн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг өөрчлөх шаардлагатай.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлийг 48 836 558 төгрөгөөр ханган, үлдэх 66 007 655 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон болон хууль хэрэглээний, мөн улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилсөн өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 102/ШШ2018/00395 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн” гэсний дараа “232 дугаар зүйлийн 232.1” гэж, нэмж, “31 000 000 төгрөгийг” гэснийг 48 836 558 төгрөгийг” гэж, “83 844 213 төгрөгийг” гэснийг “66 007 655 төгрөгийг” гэж тус тус өөрчлөн,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Я.Гын сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталсугай” гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “312 950 төгрөгийг” гэснийг “402 132 төгрөгийг” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг  хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 385 760 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

                             ШҮҮГЧИД                                  Г.ДАВААДОРЖ

                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ