| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2022/1802/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/138 |
| Огноо | 2023-01-25 |
| Зүйл хэсэг | 26.1.2., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол
2023 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 2023/ШЦТ/138
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Б.Оюунцэцэг,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б....................
шүүгдэгч С.Б...................., түүний өмгөөлөгч Ч.Очбадар нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Б.................... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2106 0351 0760 дугаартай хэргийг шүүх 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19...... оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ....... мэргэжилтэй, “............” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Нийслэлийн ....... дүүргийн 17 дугаар хороо, “.......” хотхоны 126-212 тоотод оршин суух бүртгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар: ........... , .... овогт ....... ...........
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:
Шүүгдэгч .......... нь “.......... ” ХХК-ийг төлөөлж .......... сургуультай 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан программ хангамж нийлүүлэх гэрээний дагуу хамтран ажиллахдаа 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг .......... сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэлийг цахимаар зохион байгуулах явцад тус сургуулийн цахим бүртгэлийн программд татагдсан элсэгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноонд их сургуулийн босго оноогоор тэнцээгүй ...........-ийн элсэлтийн ерөнхий шалгалтаар авсан Нийгмийн тухай мэдлэг- 653, Математик-426 оноог Нийгмийн тухай мэдлэг-653, Математик-490 оноотой болгож, мөрдөх алба-эрх зүй хөтөлбөрт элсэгч ...........-н элсэлтийн ерөнхий шалгалтаар авсан Нийгмийн тухай мэдлэг-365, Англи хэл-426 оноог Нийгмийн тухай мэдлэг-760, Математик-680 оноотой болгож, эрх зүйл хөтөлбөрт элсэгч ........-гийн элсэлтийн ерөнхий шалгалтаар авсан Нийгмийн тухай мэдлэг-472, Математик-507 оноог Нийгмийн тухай мэдлэг-760, математик-507 болгож, мөн шалган нэвтрүүлэх алба-эрх зүй хөтөлбөрт элсэгч ............ нь элсэлтийн шалгалтын журамд заагдсан босго оноо хүрээгүй байхад тэнцсэн элсэгчийн жагсаалтад оруулж тэнцсэн тухай мессежийг хүргүүлэх замаар ........ сургуулийн босго оноогоор тэнцсэн хүүхдийг элсэн суралцуулах талаар журмыг зөрчиж хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж цахим мэдээлэлд хууль бусаар халдах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ............ мэдүүлэхдээ: “...Би ......., ........ гэдэг хоёр хүүхдийн оноог өөрчилсөн. .......... сургуультай хийгдсэн программ хангамж нийлүүлэх гэрээнд элсэлтийн программтай холбоотой, гүйцэтгэхтэй холбоотой харилцааг зохицуулахтай холбоотой үг өгүүлбэр байхгүй. Элсэлтийн программ нь миний өөрийн өмч. Тухайн үед ........... сургуульд ашиглуулж байсан. Одоо буцаагаад хүлээж авъя гэдэг байдалтай байгаа. 2019 онд хийгдсэн гэрээнд элсэлтийн программын талаарх зохицуулалт байхгүй. Би 4, 5 хүүхдийн оноог өөрчлөөгүй. Боловсролын үнэлгээний системд нэвтрээгүй. Зөвхөн өөрийнхөө программд өөрийнхөө эрхээр нэвтэрч орсон. Тухайн үед элсэж орж байгаа хүүхдүүд цөөхөн, анги дүүргэлтийн хүүхдүүдийнхэн тоо хүрэхгүй байсан. Хоёр хүүхдийн оноог нэмж оруулснаараа араас нь жагсаж орох гэж байсан хүүхэд гэж байгаагүй. Хэн нэгний эрх ашиг зөрчигдөөгүй, хохирогч гэж байхгүй. Би хоёр хүүхдийн оноог нэмж оруулснаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа. Энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт тооцогдохгүй гэж бодож байна. Би зөвхөн өөрийнхөө программд татагдаж орж ирсэн дүн дээр оноог нэмсэн болохоос биш боловсролын үнэлгээний төвийн, сургуулийн жагсаалтад өөрчлөлт оруулаагүй. Өөрийнхөө программд өөрийнхөө эрхээр нэвтэрч орж дүн нэмсэн. Гэрээг болон журам зөрчсөн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тухайн программ дээр Дотоодын хэргийн сургуультай программын гэрээ байхгүй байгаа. 2 жил ашиглаад сайжруулалт хийгдээд ашиглах боломжтой гэж үзээд бид нар хүлээж авъя гэж байгаа...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч .......... мэдүүлэхдээ: “... ........ сургууль нь “.........” ХХК-тай сургалтын программ нийлүүлэх гэрээ байгуулсан. Энэ гэрээний зүйл заалтад элсэлтийн программ нийлүүлэх гэсэн тодорхой заалт байхгүй. Гэхдээ гэрээ байгуулсан хоёр талаасаа хамтын ажиллагааныхаа хүрээнд элсэлтийн программ хөгжүүлээд 3 жилийн дараа хүлээлгэж өгье гэж амаар ярилцсан. Анхны хөгжүүлэлтийн ажил явагдаж байх явцад процесс өрнөж дууссан. Боловсролын үнэлгээний төвөөс оноо татах процесс нь 1 өдөр 2-3 цаг болоод оноог татаж аваад хүүхдүүдээ эрэмбэлээд болоод өнгөрсөн асуудал. Бид нар өөрсдөө ч мэдээгүй явж байгаад мэргэжлийн хяналтын шалгалт ирээд хүүхдүүдийн оноог механикаар тулгах явцад ийм алдаа гарсан. ......., ........, .......... нарыг элсэлтийн журам зөрчиж элссэн гэдэг шалтгаанаар бүгдийг сургуулиас чөлөөлсөн...” гэв
Мөн талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ....... өгсөн мэдүүлэг /1хх-38, 39, 43, 44/, гэрч ......... өгсөн мэдүүлэг /1хх-51, 52/, гэрч .......... өгсөн мэдүүлэг /1хх-56/, гэрч ......... өгсөн мэдүүлэг /1хх-59, 60/, гэрч ........ өгсөн мэдүүлэг /1хх-63, 64/, гэрч ...... өгсөн мэдүүлэг /1хх-67, 68/, гэрч ....... өгсөн мэдүүлэг /1хх-71, 72/, гэрч ........ өгсөн мэдүүлэг /1хх-75, 76/, гэрч .......... өгсөн мэдүүлэг /1хх-83-84/, гэрч ...... өгсөн мэдүүлэг /1хх-87-88/, гэрч ....... өгсөн мэдүүлэг /1хх-91-92/, гэрч ......... өгсөн мэдүүлэг /1хх-95, 96/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /1хх-7-19/, Боловсролын үнэлгээний төвийн 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 01/356 дугаартай албан бичиг, хавсралтын хамт /1хх-143-144/, программ хангамж нийлүүлэх гэрээний хуулбар /2хх-151-154/, ......... сургууль болон “..........” ХХК-ийн программ хангамж нийлүүлэх гэрээ /3хх-151-154/, шүүгдэгч ........... урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3хх-205/ зэргийг шинжлэн судлав.
Хэргийн үйл баримтын талаар
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ....... “... ......... сургууль нь одоо ашиглаж байгаа элсэлтийн цахим программыг 2019 оноос эхлэн үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн. Тус программын хөгжүүлэлтийг “........” ХХК гэрээний дагуу хариуцан ажилладаг. Их сургуулийн элсэлтийн программ нь бакалаврын хөтөлбөрт элсэхийг хүсэгчдийг бүртгэх, элсэлтийн ерөнхий шалгалтын оноог боловсролын үнэлгээний төвөөс, эрүүл мэндийн үзлэг шинжилгээний эмчийн дүгнэлтийг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн программаас, ялтай эсэх лавлагааг Цагдаагийн Ерөнхий газраас тус тус серверээр холбогдон татах шийдэлтэйгээр боловсруулагдсан. Энэ жил буюу 2021-2022 оны хичээлийн жилд элсэлтийн үйл ажиллагааныхаа эхний шат болох элсэгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноог Боловсролын үнэлгээний төвөөс татах ажил 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн өглөөний 09 цагаас эхэлсэн. Тус процесс нь нийт элсэхийг хүсэгчдийн оноог тухайн хөтөлбөр тус бүрээр нь татаж хамгийн өндрөөс нь эрэмбэлэн жагсаалт гаргаж хяналтын тоонд багтаан тэнцүүлж тэнцсэн иргэдэд дараагийн шатны шалгалтад хамрагдах тухай масс мессежийг илгээдэг. Гэтэл цагдаагийн ажил-эрх зүй, Мөрдөх алба-эрх зүй хөтөлбөрүүдэд элсэгчдийн жагсаалтыг гаргах явцад элсэгчдэд тавигдах босго онооны шаардлага хангахгүй 2 элсэгч тэнцсэн элсэгчийн жагсаалтад орж эрэмбэлэгдсэн нь бичиг баримтын шалгалт болон боловсролын үнэлгээний төвийн оноотой тулгалт хийх явцад тогтоогдсон. Тус их сургуулийн журамд Цагдаагийн ажил-эрх зүй хөтөлбөрт элсэн суралцагч нь суурь хичээл 500, хавсарга хичээл 480 онооноос дээш байхаар тогтоосон. Гэтэл тус хөтөлбөрт элсэгч Батцэрэнгийн Бүрэндэлгэр /ЙЮ03320136/ нь элсэлтийн ерөнхий шалгалтаар Нийгмийн тухай мэдлэг-653, Математик-426 оноог тус тус авсан тухай Боловсролын үнэлгээний системд байршигдсан байхад их сургуулийн элсэлтийн программд Нийгмийн тухай мэдлэг-653, Математик-490 оноотой гэж өөрчлөгдсөн. Мөн Мөрдөх алба-эрх зүй хөтөлбөрт элсэгч Болор- Эрдэнийн Бүрэнбаяр /ПЖ02221210/ нь элсэлтийн ерөнхий шалгалтаар Нийгмийн тухай мэдлэг-365, Англи хэл-426 оноог тус тус авсан тухай Боловсролын үнэлгээний төвийн системд байршигдсан байхад Их сургуулийн элсэлтийн программд Нийгмийн тухай мэдлэг-760, Математик-680 оноотой. Сүүлд хийсэн шалгалтаар Эрх зүйл хөтөлбөрт элсэгч Баясгалангийн Анужин /УП02311207/ Нийгмийн тухай мэдлэг-472, Математик-507 оноог авсан байхад Их сургуулийн элсэлтийн программ дээр Нийгмийн тухай мэдлэг-760, математик-507 гэж өөрчлөгдсөн байсан. Мөн шалган нэвтрүүлэх алба-эрх зүй хөтөлбөрт элсэгч Бадамдоржийн Жамъянпүрэв /ЖВ03300113/ нь элсэлтийн шалгалтын журамд заагдсан босго оноо хүрэхгүй байхад тэнцсэн элсэгчийн жагсаалтад оруулж тэнцсэн тухай мессежийг хүргүүлсэн байна. Гэхдээ элсэлтийн шалгалтын оноог засварлаагүй байсан. Их сургуулийн элсэлтийн программын дата бааз дээр өөрчлөлт хийх боломжтой алба хаагчид бол программ хөгжүүлэгч компанийн инженер Г.Адъяа болон бусад инженерүүд мөн тус их сургуулийн программ хангамж хариуцсан инженер-багш, цагдаагийн дэд ахлагч Д.Тамжид нар болно.” гэх мэдүүлэг /1хх-38, 39/, .... “Болор-Эрдэнийн Бүрэнбаярыг сургуулийн санаачилгаар хассан. Баясгалангийн Анужин өөрөө сургуулиас гарах өргөдлөө өгсөн тус бас сургуулиас хассан...Б.Жамъянпүрэв, Б.Бүрэндэлгэр нар нь сургуульдаа сурч байгаа. Энэ 2 сонсогч энэ жил дахин шалгалт өгч, тэнцсэн тохиолдолд үргэлжпүүлэн суралцахаар сургуулийн захиргаа, сонсогч нар болон эцэгтэй нь ярилцаж тохирсон. Сургуулиас Болор-Эрдэнийн Бүрэнбаяраас тайлбар авахад хууль оусаар энэ сургуульд орсон тухайгаа хүлээн зөвшөөрсөн. Анужин өөрөө сургуульдаа ирэхээ больж, өөрөө сургуулиас гарах тухайгаа мэдэгдсэн... Тус компанийн захирал учраас нэвтрэх эрхтэй байсан. Элсэлтийн цахим программд нэвтрэх эрхтэй хүн байсан ч элсэгч хүүхдүүдийн шалгалтын оноог өөрчилсөн нь хууль бус үйлдэл. Энэ нь тус сургуулийн цахим мэдээлэлд халдсан үйлдэл яах аргагүй мөн. Өөрийн хувийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэхийн тулд санаатайгаар гэмт хэрэг үйлдсэн байна... Сургуультай өмнө нь хамтарч ажиллаж байсан компани хангалтгүй байсан учраас хамтран ажиллахаа больсон юм. 2019 оноос элсэлтийн цахим программ ашиглах хэрэгцээ шаардлага гарсан тул сургуульд өмнө нь ашиглаж байсан emind программыг хөгжүүлж байсан “Ай Эф Ти ХХК”-д санал тавьж элсэлтийн программ хийлгүүлсэн. “Ай Эф Ти ХХК”-тай 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан гэрээнээс өөр баримт бичиг байхгүй...” гэх мэдүүлэг /1хх-43, 44/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Болор-Эрдэнийн өгсөн: “... Манай 2 дахь хүү Б.Бүрэнбаяр ХСИС-д орсон гэж надад мэдэгдсэн. Тэгээд тус сургуульд орж хичээлдээ явж байгаад 9 дүгээр сарын сүүлээр ХСИС-иас над руу залгаад “Таны хүүхэд чинь хууль бусаар сургуульд орсон байна, хүүхдээ ирж ав” гэсэн. Тэгээд би 2021 оны 10 дугаар сарын 7-ны өдөр хүүхдээ очиж авсан. Манай хүүхдийг сургуулиас хассан байсан...” гэх мэдүүлэг /1хх-51, 52/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Бямбасүрэнгийн өгсөн: “...Би Энхбаяр гэдэг залуутай эмээтэй нь хамт эмнэлэгт хэвтэж байгаад танилцаж байсан. Энхбаярт шаардлага гарсан үед нь надаас мөнгө зээлчихдэг их найдвартай хүүхэд юм. Манай ах Болор-Эрдэнийн хүү Бүрэнбаяр ДХИС-д орох сонирхолтой байсан бөгөөд би Энхбаярыг ДХИС-тай хамтарч ажиллаж байгааг сонсоод манай ахын нэг хүүхдийг тус сургуульд оруулахад таних мэдэх хүн байна уу гэж сураглаж байгаарай гэж захисан юм. Тэгээд энэ намар өдрийг нь сайн санахгүй байна. Энхбаяр надад Батсайханы 91912733 гэсэн дугаарын утас өгөөд “та холбогдоод үз” гэсэн. Би Батсайхантай “1 хүүхэд ДХИС-д оруулах арга байна уу” гэхэд “шууд хэлж чадахгүй нь мэдэж л байя” гэж хэлсэн. Тэгээд нэлээд хэд холбогдож асууж ярьж байгаад нэг өдөр над руу Батсайхан залгаад “би машин шүргэчихлээ мөнгө байвал зээлээч” гэж хэлсэн. Тэгэхээр нь Энхбаяраар дамжуулаад зургаан сая төгрөг өгсөн. Би юм гуйсан учраас мөнгө зээлсэн. Тэгээд зээлсэн мөнгөнөөсөө гурван сая найман зуун төгрөг буцаагаад авсан байгаа. Энэ явдлын талаар би ахдаа ч хэлээгүй байсан.” гэх мэдүүлэг /1хх-56/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Энхбаярын өгсөн: “...Би “Ай Эф Ти ХХК”-ийн үүсгэн байгуулагч. Манай компани ДХИС-ийн элсэлтийн программыг хариуцан ажилладаг. 2021 оны элсэлтийн ажиллагаанд манай компани оролцсон. Би Батсайхантай 2018 оноос хамтарч ажиллаж байгаа... Бямбасүрэн эгчээс мөнгө зээлж байсан бөгөөд сүүлд... 6 сая төгрөг зээлж авахад надаас “ДХИС-тай хамтран ажилладаг биз дээ. Манай танилын хүүхдийг оруулж өгөх боломж байна уу” гэж асуухаар нь надад танил байхгүй. Гэхдээ манай нэг ах байгаа, түүнтэй таныг холбож өгье гээд утасны дугаарыг нь өгсөн. Түүнээс хойш бол би юу болсон талаар мэдэхгүй байна. Батсайхан, Адъяа гэж хүмүүс байгаа. Адъяа бол бүрэн хараа хяналтын доор ажилладаг. Мэдээлэл өөрчлөх боломжгүй гэж би бодож байна. Элсэлтийн программын элсэгчдийн оноог татах ажилд Батсайхан ах, Адъяа нар ажилласан. Тухайн үед Адъяа нь ДХИС-ийн хараа хяналтын доор ДХИС дээр ажилласан...” гэх мэдүүлэг /1хх-59-60/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Р.Лхамсүрэнгийн өгсөн: “... Манай хүргэн Батсайхан ДХИС-ийн элсэлтийн программыг хариуцан ажиллаж байгаа талаар би мэддэг байсан. Өнгөрсөн 8 сард манай ахын хүүхэд Марал бид нар 1 зусланд гарсан бөгөөд тэнд түүний ямар мэргэжилтэй болох талаар ярилцаж байгаад ангийн нэг хүүхэд нь ДХИС-д орох хүсэлтэй боловч чадахгүй байгаа тухай сонсоод миний дугаарыг өгчих гээд тэр хүүхэд нь над руу холбогдсон. Би тэр хүүхэдтэй утсаар холбогдоод бид нар хороололд уулзсан. Тэгээд “хэрэв сургуульд оруулж өгвөл шагнана” гэж хүүхдийн ээж хэлсэн учир би зөвшөөрч энэ талаар Батсайханд хэлэхэд зөвшөөрч, элсэлтийн программ хариуццаг хүн тул манай Маралын найз Анужинг тус сургуульд тэнцүүлж өгсөн... Ер нь бол таван сая таван зуун мянган төгрөг авсан. Тэгээд өнөөдөр гурван сая төгрөг өгсөн байгаа...” гэх мэдүүлэг /1хх- 63, 64/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Маралын өгсөн: “... Би Анужинтай нэг ангийн найз юм. Анужин надад тухайн үед ДХИС-д элсэн орох хүсэлтэй байгаагаа ярьж байсан. 2021 оны зун би авга ах Лхамсүрэнтэй лагер дээр хамт байж байгаад намайг ямар мэргэжилтэй болох талаар ярилцаж байгаад ДХИС-д ороход хүнтэй ярьж өгч болно гэж хэлсэн. Гэхдээ 100 хувь чадна гэхгүй. Дэмжлэг үзүүлж болно гэж хэлсэн. Би тус сургуульд орох хүсэлгүй тул яриаг тэгэс гээд орхисон. 2021 ны математикийн ЭЕШ-ын үеэр би ах Лхамсүрэнгийн ярьсан зүйлийг Анужинд хэлсэн бөгөөд сүүлд нь Анужинд би ахынхаа дугаарыг өгсөн. Ахдаа бас манай ангийн охин ярьж ДХИС-ийн талаар асууна гэж хэлсэн. Тэрнээс хойш би юу болсон талаар мэдэхгүй бөгөөд Анужинтай нэг удаа холбогдоход ДХИС-д орсон гэж хэлсэн... С.Батсайхан нь манай хүргэн ах буюу Янжмаа эгчийн нөхөр юм.” гэх мэдүүлэг /1хх-67, 68/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Уянгын өгсөн: “... Манай охин Баясгалангийн Анужин энэ жил 12 төгсөөд бид хоёр ярилцаад ХСИС-д орохоор төлөвлөж байсан. Гэвч манай охин ЭЕШ дээр математик дээр 507, англи хэл 494, нийгэм 472 оноо авч тус сургуульд орох босго оноо хүрэхгүй болсон, Гэтэл манай охины найз охин Маралаа нь “миний охинд ХСИС-д оруулж өгч чадах хүн байгаа” гэж хэлсэн. Тэгээд бид 2 энэ боломжийг алдахгүйгээр шийдэж, манай охин өөрөө хүнтэй уулзаад нэг хүнд гурван сая төгрөг бэлнээр өгч тус сургуульд орохоор тохирсон бөгөөд 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр уулзаж мөнгөө бэлнээр өгөөд тус сургуульд элсэн орсон байсан. Тэгээд дараа нь Лхамсүрэн нь “дахин мөнгө нэмэх хэрэгтэй мөнгө нэмж өг” гээд Дарийжав гэдэг 5322068989 дансаар нэг сая төгрөг авсан. Сургуулиас 2021 оны 8 дугаар сарын сүүлээр ЭЕШ-ын батламж, төлбөрийн баримт нэхэх үед манай охин сургуульд оруулж өгнө гэсэн хүнтэйгээ холбогдож яах тухайгаа асуухад биечлэн уулзъя гэсэн. Би охиноо хамаагүй эрэгтэй хүнтэй уулзуулахгүйгээр шийдэж хамт явж очоод 90967778 гэсэн дугаартай Лхамсүрэн гэж хүнтэй уулзсан. Дараа нь Лхамсүрэн дахин холбогдож надаас “ЭЕШ-ын батламжтай холбоотойгоор мөнгө хэрэг боллоо” гээд 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 5322068989 гэсэн дансаар нэг сая таван зуун мянган төгрөг авсан. Удалгүй сургууль дээр асуудал үүсэж “манай охиныг сургуульд орох босго оноо хүрээгүй хүүхэд орсон байна” гэж мэдээд энэ талаар сургуульд оруулж өгсөн хүнтэй буюу Лхамсүрэнтэй холбогдоход 91912733 гэсэн дугаартай Батсайхан гэдэг хүнийг зааж өгөөд түүнтэй холбогд гэсэн. Батсайхантай холбогдоход “Асуудалгүй би учрыг нь олчихно” гэсэн. Хамгийн сүүлд би 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Батсайхантай Сүхбаатарын талбайн урд Бамбарууш кафен тэнд уулзаж юу болоод байгаа талаар тодруулахад “Та санаа зоволтгүй байж бай би хүмүүстэй уулзаад зохицуулж байна” гэж хэлсэн. Манай охиныг сургуулиас хассан байгаа... Надад миний мөнгийг буцааж өгнө гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1хх-71-72/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Анужингийн өгсөн: “... Би энэ жил 12 төгсөөд ХСИС-д орохоор төлөвлөж байсан. Гэвч ЭЕШ дээр математик 507, англи хэл 494, нийгэм 472 оноо авч тус сургуульд орох босго оноо хүрэхгүй болсон. Гэтэл манай ангийн охин Марал надад “манай нэг ах ДХИС-д ажилладаг, сургуульд оруулж өгч чадна” гэж хэлсэн. Тэгээд би тэр Лхамсүрэн гэж хүнтэй 4 сая төгрөгөөр сургуульд орохоор тохиролцож, 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр уулзаж мөнгөө бэлнээр хороололд очиж өгсөн. Би мөнгөө Маралд өгсөн. Марал цаашаа тэр хүндээ өгсөн гэсэн. Тэгээд дараа нь нэг сая төгрөг дансаар шилжүүлж өгсөн. 2021 оны 8 дугаар сарын сүүлээр ЭЕШ-ын батламж, төлбөрийн баримт нэхэх үед би Лхамсүрэн гэж хүнтэй ээжтэй хамт уулзсан. Би ХСИС-д элсэж ороод 1 сар гаруй хичээлдээ явж байтал сургууль дээр Мэргэжлийн хяналтаас шалгалт ирж, намайг сургууль орох босго оноо хүрээгүй хүүхэд орсон байна гэж мэдээд намайг сургуулиас 2021 оны 11 сарын 11-ний өдөр хассан. Би ХСИС-ийн Баттөр гэдэг хүн дуудаж уулзахад анх таарсан. Гэхдээ өмнө нь намайг сургуульд оруулсан гэх асуудлаар утсаар ээж ярьж байгааг мэдэж байсан...” гэх мэдүүлэг /1хх-75-76/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Тамжидын өгсөн: “... Тэр үед манай сургууль дээр элсэлтийн цахим бүртгэлийн программ ажиллаж байсан. Энэ программ дээр “Ай Эф Ти” ХХК-ийн ажилтан Адъяа, Батсайхан нарын хамт ажиллаж байсан. Адъяа хөгжүүлэлт хийж байсан... Тус программд Батсайханы компани болон сургуулийн талаас би байсан. Тэр өдөр Батсайхан, Адъяа бид 3 ДХИС-ийн 6 давхар багш хөгжпийн танхимд ажиллаж байсан. Би программ хангамжийн хэвийн ажиллагаа, сүлжээг анхаарч ажиллаж байсан. Харин Батсайхан Адъяа нар элсэгч нарын огноог татах, оноогоор эрэмбэлэх болон хүүхдүүд рүү мессеж явуулах ажпыг хийж байсан. “Ай Эф Ти” софт ХХК-ийн ажилтан Адъяа, Батсайхан нар өөрчлөх боломжтой...” гэх мэдүүлэг /1хх-83, 84/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Бүрэндэлгэрийн өгсөн: “... Элсэлтийн ерөнхий шалгалтыг энэ оны 8 дугаар сард өгөөд Нийгмийн ухааны хичээл дээр 653 оноо, математик дээр 426 оноо авсан. Тэгээд өөрийгөө ДХИС-д тэнцээгүй гэж бодож байтал миний 90456161 гэсэн дугаартай утсанд “Та ДХИС-д тэнцсэн байна. 2021 оны 8 дугаар сарын 24- ний өдөр ДХИС-д ирж эмчийн үзлэгт орно уу” гэсэн мессеж ирээд тэр шөнөдөө Улаанбаатар хотод ирж, өглөө нь ДХИС дээр ирж эмчийн үзлэгт орсон... Миний гар утсанд мессеж ирэхээр нь би тэнцсэн юм байна гэж бодоод дараа дараагийн үйл ажиллагаанд нь орж тэнцээд тус сургуульд орсон. Би сурч байгаа. ДХИС-ийн сургалтын албанаас манай ээжийг дуудаж уулзаад “дахин ЭЕШ өгч тэнцвэл ургэлжлүүлэн анги дэвшиж сураарай” гэж хэлсэн. Би дараа жил ЭЕШ өгнө. Тэнцээд цаашид үргэлжлүүлэн суралцана... Гap утсанд тэнцсэн гэсэн мессеж ирэхээр нь л тэнцсэн юм байна гэж ойлгосон. Би болон манай эцэг эх ийм зүйл хийгээгүй...” гэх мэдүүлэг /1хх-87-88/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Жамъянпүрэвийн өгсөн: “... Би элсэлтийн ерөнхий шалгалтыг 2021 оны 8 дугаар сарын 17-21 хооронд өгсөн. Тус шалгалтаар Нийгэм судлал 612 оноо авч босго оноо тэнцсэн. Харин Монгол хэлний хичээл дээр 460 оноо аваад босго оноо хүрээгүй. Гэтэл миний 89132757 гэсэн дугаартай утсанд “Та ДХИС дээр маргааш өглөө 09:00 цагт ирнэ үү” гэсэн мессеж ирсэн. Очиход эмчийн үзлэг болж байсан бөгөөд би эмчийн үзлэгт орсон. Тэгээд тус сургуульд тэнцсэн байна гэж ойлгоод одоо хүртэл сурч байгаа. Тангаргийн баярын дараа буюу 10 сарын эхээр сургалтын албанаас ахмад Баттөр намайг дуудаад “Чиний ЭЕШ-ын оноо хүрээгүй юм байна, энэ манай сургуулийн буруу, чи сурч байгаад ЭЕШ өгөөд босго оноо хүрвэл дараа дараачийн курстээ ахиж суралцаарай” гэж хэлсэн. Би одоо сургуульдаа явж байгаа бөгөөд одоо ЭЕШалгалтандаа давхар бэлдэж эхэлж байгаа... Миний гар утсанд мессеж ирэхээр нь би тэнцсэн юм байна гэж бодоод л орсон. Би тус сургуулийн лицей сургуульд 3 жил сурсан...” гэх мэдүүлэг /1хх-91, 92/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Адъяагийн өгсөн: “... Элсэлт 2 өдөр болсон. Энэ программ ашиглаж эхлэхээс 7 хоногийн өмнө ДХИС-иас программын нэмэлт шаардлага өгсөн. Түүний дагуу боловсруулаад элсэлтийн өдрөө программ тестлэгдсэн. Тэгэхэд гарсан асуудал нь ял шалгах модулиас болоод үнэлгээний төвөөс 2 удаа дүн татагдсан. 2 дахь таталт дээр сервер унаж зарим элсэгчдийн дүн солигдож орсон байсан нэг асуудал гарч байсан... ДХИС-ийн элсэлтийн шалгалтын комисстой хамт ажиллаж байсан бөгөөд миний компьютер дээр хийж байсан үйлдэл проектороор ил гарч байсан. Актив лог л байгаа. Өөр мэдээлэл лог байхгүй гэж хэлж болно. Гараар өөрчлөх боломжгүй зөвхөн бааз дээр л өөрчлөлт хийнэ. Тамжид, Баттөр, Батсайхан болон би өөрчлөх боломжтой. Элсэлтийн үед гаднаас хандалт хийх боломжгүй болгосон. Тэр үед Тамжид бид 2 байнга хамт ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /1хх-95-96/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /1хх-7-19/, Боловсролын үнэлгээний төвийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01/356 дугаартай албан бичиг, хавсралтын хамт /1хх-143-144/,
Программ хангамж нийлүүлэх гэрээний хуулбар /3хх-151-154/,
Дотоод хэргийн их сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн бакалаврын элсэлтийн шалгалтын журмын хуулбар /2хх-156-165/ зэрэг болно.
Хууль зүйн дүгнэлт
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч С.Батсайханыг “Ай Эф Ти Софт” ХХК-ийг төлөөлж Дотоод хэргийн Их сургуультай 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан программ хангамж нийлүүлэх гэрээний дагуу хамтран ажиллахдаа 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дотоод хэргийн Их сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэлийг цахимаар зохион байгуулах явцад тус сургуулийн цахим бүртгэлийн программд татагдсан элсэгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноонд их сургуулийн босго оноогоор тэнцээгүй Батцэрэнгийн Бүрэндэлгэр /ЙЮ03320136/-ийн элсэлтийн ерөнхий шалгалтаар авсан Нийгмийн тухай мэдлэг- 653, Математик-426 оноог Нийгмийн тухай мэдлэг-653, Математик-490 оноотой болгож, мөрдөх алба-эрх зүй хөтөлбөрт элсэгч Болор-Эрдэнийн Бүрэнбаяр /ПЖ02221210/-ын элсэлтийн ерөнхий шалгалтаар авсан Нийгмийн тухай мэдлэг-365, Англи хэл-426 оноог Нийгмийн тухай мэдлэг-760, Математик-680 оноотой болгож, эрх зүйл хөтөлбөрт элсэгч Баясгалангийн Анужин /УП02311207/-гийн элсэлтийн ерөнхий шалгалтаар авсан Нийгмийн тухай мэдлэг-472, Математик-507 оноог Нийгмийн тухай мэдлэг-760, математик-507 болгож, мөн шалган нэвтрүүлэх алба-эрх зүй хөтөлбөрт элсэгч Бадамдоржийн Жамъянпүрэв /ЖВ03300113/ нь элсэлтийн шалгалтын журамд заагдсан босго оноо хүрээгүй байхад тэнцсэн элсэгчийн жагсаалтад оруулж тэнцсэн тухай мессежийг хүргүүлэх замаар Дотоод Их сургуулийн босго оноогоор тэнцсэн хүүхдийг элсэн суралцуулах талаар журмыг зөрчиж хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж цахим мэдээлэлд хууль бусаар халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Мэдээллийн аюулгүй байдал гэж мэдээлэл, мэдээлэл боловсруулах хэрэгсэл холбогдох дэд бүтцийн нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжтэй байдал, тасралтгүй ажиллагаа найдвартай байдлыг тодорхойлох, бий болгох, хадгалахтай холбоотой асуудлыг ойлгоно.
Эрүүгийн хуульд тусгайлан заасан “Цахим мэдээлэлд хууль бусаар халдах” гэмт хэргийн үндсэн гол шинж нь тухайн мэдээлийн сүлжээнд зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар халдах үйлдлээр илрэх ба устгасан, гэмтээсэн, өөрчилсөн, засварласан зэрэг шинж нь нэгэнт гэмт хэрэг үйлдэгдсэний дараа үргэлжилж буй үйлдлээр илрэх учиртай.
Энэ гэмт хэргийн шууд обьект нь цахим мэдээллийн аюулгүй байдал, цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээний аюулгүй байдал байх бөгөөд нэмэгдэл шууд обьект нь иргэн, төр, байгууллага, аж ахуйн нэгжийн мэдээллээ өмчлөх эрх байдаг. Тухайн хэргийн тухайд шүүгдэгч С.Батсайхан нь Дотоод хэргийн Их сургуультай 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан программ хангамж нийлүүлэх гэрээний үндсэн дээр “Ай Эф Ти Софт” ХХК-ийг төлөөлж өөрийн эрхээр тус программд нэвтэрч орсон болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 7-19 дүгээр талд авагдсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт, мөн 3 дугаар хавтаст хэргийн 151-154 дүгээр талд авагдсан “Ай Эф Ти Софт” ХХК /С.Батсайхан/, Дотоод хэргийн Их сургууль нарын хооронд байгуулсан 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн программ хангамж нийлүүлэх гэрээ зэргээр тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.Батсайханы үйлдэлд Дотоод хэргийн Их сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэлийг цахимаар зохион байгуулах явцад тус сургуулийн цахим бүртгэлийн программд татагдсан элсэгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноонд их сургуулийн босго оноогоор тэнцээгүй, мөн элсэлтийн шалгалтын журамд заагдсан босго оноо хүрээгүй байхад тэнцсэн элсэгчийн жагсаалтад оруулж тэнцсэн мэтээр “Хүүхдийг элсэн суралцуулах журам”-ыг зөрчсөн үйлдэл байх боловч түүнийг уг үйлдлийг хийхийн тулд тус сургуулийн программд хууль бусаар нэвтэрсэн гэж үзэх боломжгүй юм.
Шүүх дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэхэд “...хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн...” гэх гэмт хэргийн диспозиц шинж тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан, гэмтээсэн, өөрчилсөн, засварласан... бусдын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учирсан бол...” гэж хуульчилсан байсан бол 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “...Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан, гэмтээсэн, өөрчилсөн, засварласан, нуусан, нэмж оруулсан, хуулбарлаж авсан, ашиглах боломжгүй болгосон бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж хуулиар өөрчлөн найруулсан байна.
УИХ-аас 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр баталж 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн “Кибер аюулгүй байдлын тухай” хуулийн
2.1.Кибер аюулгүй байдлын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хууль, Төрийн болон албаны нууцын тухай хууль, Харилцаа холбооны тухай хууль, Тагнуулын байгууллагын тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
4.1.1.“кибер аюулгүй байдал” гэж кибер орчинд мэдээллийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдал хангагдсан байхыг;
4.1.4.“бүрэн бүтэн байдал” гэж мэдээллийг зөвшөөрөлгүй устгах, өөрчлөхөөс хамгаалсан байхыг;
4.1.5.“нууцлагдсан байдал” гэж мэдээлэлд зөвшөөрөлгүй хандах, нэвтрэх боломжгүй байхыг;
4.1.7.“мэдээллийн систем” гэж Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 4.1.1-д заасныг;
4.1.8.“мэдээллийн сүлжээ” гэж Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 4.1.2-т заасныг; ... гэж тус тус хуульчилжээ.
Иймд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч С.Батсайханыг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ зүйлийн 1.1-д заасны дагуу шүүх хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэд буцаана...” гэж заасан тул шүүгдэгч С.Батсайханд холбогдох хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Батсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.
Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Батсайханд урьд авсан " хувийн баталгаа гаргах" таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэг, 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 36.6, 36.9, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт С.Батсайханыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.
2. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Батсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Батсайханд холбогдох хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.
4. Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г С.Батсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
5. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
6. Цагаатгах тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч С.Батсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ Э.ЧИНГИС