Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/213

 

 

 

  g

  2023         02          09                                        2023/ШЦТ/213

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,

нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ, 

улсын яллагч Б.Эрдэнэбаяр,

шүүгдэгч . . . , түүний өмгөөлөгч Ж.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн . . .  холбогдох эрүүгийн “2206 06045 0056” дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: . . . .

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч . . . нь 2022 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө . . .  шөнийн цэнгээний газрын үүдэнд хохирогчтой тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас нүүрэн тус газарт нь цохиж хохирогч . . . эрүүл мэндэд нь духны хөндийн гадна болон дотор ялтас, самалдгийн хугарал, тархи доргилт, духанд шарх, зүүн шуунд цус хуралт үүсгэсэн хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч . . . шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “... Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэжээ.

Мөнх мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас хохирогч . . . мэдүүлэг /хх-н 7-8/, гэрч . . . мэдүүлэг /хх-ийн 12-13/, гэрч . . . мэдүүлэг /хх-ийн 16-17/, гэрч . . . мэдүүлэг /хх-ийн 18-19/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч . . . 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 16140 дугаартай дүгнэлт /хх-ийн 22-23/, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн албан тоот, хавсралт /хх-ийн 35-36/, шүүгдэгч . . . Баянзүрх дүүргийн прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 84/, хохирогч . . . Баянзүрх дүүргийн прокурорын газар гаргасан тайлбар /хх-ийн 98/, шүүгдэгч . . . хохирол төлбөр төлсөн талаарх баримт /хх-ийн 99/, шүүгдэгч . . . эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56/ зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч . . . нь 2022 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө . . . шөнийн цэнгээний газрын үүдэнд хохирогчтой тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас нүүрэн тус газарт нь цохиж хохирогч . . . эрүүл мэндэд нь духны хөндийн гадна болон дотор ялтас, самалдгийн хугарал, тархи доргилт, духанд шарх, зүүн шуунд цус хуралт үүсгэсэн хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 3/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч . . . өгсөн: “... 2022 оны 11 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө эхнэр . . . түүний найзууд болох . . ., . . . нарийн хамт 11 дүгээр сарын 25-ны орой 22 цагийн орчим сансарт уулзаад Парис баарны хажуугийн нэрийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан гадна талдаа караоке гэсэн бичигтэй караоке ороод тухайн шөнөдөө 00 цаг өнгөрч байхад гарсан. Тэр караокеноос  гараад бид нар хоорондоо ярилцаж байгаад хажуугийн . . .  нэртэй бааранд орохоор болоод бид дөрөв орцгоосон. Эхлээд орсон караоке  дотор нэг шил Эдэн нэртэй 0.75 савлагаатай архи бас хэдэн шил пиво ууцгаасан харин тэр бааранд ороод хүний нэг шил пиво авч уугаад тэр баарны бүжгийн талбай дээр бүжиглээд зогсож байтал манай эхнэрийн найз . . . өгзгөнд нэг танихгүй залуу хүрчихсэн гээд манай эхнэр бас . . . найзтайгаа хамт тэр танихгүй залуутай хамт маргалдаад зогсож байсан. Тэгэхээр нь би тэр залуу дээр очоод “юу болоод байгаа юм бэ?” гэсэн чинь намайг тэр залуу түлхсэн, тэгэхээр нь би тэр залууг бүжгийн талбай дээр хавирч унагаад буцаад ширээн дээр очоод гадуурх хувцсаа аваад тэр баарны үүд хэсэг рүү гарч байтал миний нүүр хэсэг рүү цохих шиг болоод би тухайн үедээ манараад явчихсан би доошоо толгойгоо бариад автал тэр анх бүжгийн талбай дээр маргалдаж байсан залуу намайг цохиод байхаар нь хөлийг нь тэвэрч аваад доош суучихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч . . . өгсөн: “.. . . нэртэй бааранд орж бүжиглэхээр болоод бид дөрөв орсон. Тэр бааранд ороод бид нар бүжгийн талбай дээр бүжиглэж манай найз . . . өгзөг дээр нь нэг залуу шууд алгадаад авсан гээд . . . над дээр ирээд хэлэхээр нь би тэр цохисон залуу дээр нь очоод “чи яаж байгаа юм бэ, чи ингэж болохгүй” гэж өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлтэл тэр залуу миний өөдөөс нэг юм яриад л байсан тэр үед баарны дуу маш чанга байсан юу ярьж хэлж байгаа нь сонсогдоогүй, тэгтэл миний араас манай нөхөр “юу болоод байгаа юм бэ?” гээд ирсэн чинь тэр танихгүй залуу шууд манай нөхрийг түлхсэн тэгсэн чинь манай нөхөр тэр танихгүй залууг шууд бүжгийн талбай дээр хавираад унагачхаад сууж байсан суудал дээр очоод гадуурх хувцсаа өмсөөд гарах гэтэл үүд хэсэг рүү алхаж байтал манай нөхрийг тэр бүжгийн талбай дээр маргалдаад байж байсан залуу бас тэр залуутай хамт явж байсан хоёр залуу нийлээд гурвуулаа зодчихсон гэнэт л манай нөхрийн нүүр цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-н 12/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч . . . өгсөн: . . . нэртэй бааранд ороод ширээнд сууж байгаад бид нар уух юм захиалаагүй шууд бүжгийн талбай дээр гараад бүжиглээд зогсож байтал нэг танихгүй залуу миний хажууд бүжиглэж байгаад шууд миний өгзөг рүү цохиод авахаар нь тухайн үедээ би юм бодолгүй маргаан үүсгээд яах вэ гээд байж байтал дахиад бүжиглэж байгаад тэр залуу . . . маргалдаад байхаар нь би . . . “наад залуу чинь яг яах гээд байгаа юм бэ? түрүү миний өгзөг рүү цохисон” гээд хэлсэн чинь . . . уурлаад тэр залуутай бүжгийн талбай дээр маргалдаад байж байтал . . . нөхөр нь ирээд эхнэрийгээ өмөөрөөд тэр залуу дээр “яасан бэ” гээд ирсэн чинь тэр залуу шууд . . . түлхсэн тэгтэл . . . тэр залуу бүжгийн талбай дээр хавираад унагаачихсан тэгээд дахиад бүр маргаан үүсгээд яах вэ гэж бодоод сууж байсан ширээн дээрээ очоод гарах гэж байтал тэр маргалдаад байсан залуу . . . шууд цохиод авсан хэсэг бужигнаан дунд юу болоод байгааг сайн анзаарч хараагүй байж байтал . . . газар хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч . . . өгсөн: “.... . .  нэртэй бааранд ороод ширээнд сууж байгаад бид нар уух юм захиалаагүй шууд бүжгийн талбай дээр гараад бүжиглээд зогсож байтал нэг танихгүй залуутай . . . эгч бүжгийн талбай дээр нэг танихгүй залуугийн өөдөөс нь “чи эмэгтэй хүний биед яах гэж хүрч байгаа юм бэ?” гээд зогсож байгаад бид нар гарахаар болоод тэр баарны үүд хэсэг рүү алхаж байтал ард . . . эгчийн нөхрийн хүүр нь бас хувцас нь цус болчихсон байж байсан тэгээд цохисон гэсэн залууг нь тэнд байсан залуучууд барьчихсан сандал дээр суулгаад байж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч . . . өгсөн: “.... . .  нэртэй баар руу орцгоосон. Тэр бааранд ороод хүний гурав гурав шил пиво авч уугаад тэр бааранд бүжиглэж байсан. Тэгтэл бүжгийн талбай дээр . . . 2-3 эмэгтэй хүмүүстэй хэрэлдээд байхаар нь би яваад очтол “намайг хавсраад унагаачихлаа” гэчихсэн зогсож байсан. Тэгэхээр нь тэр эмэгтэйчүүдээс нь салгаад . . . аваад ширээнд суусан. Суугаад удаагүй байж байтал . . . “тамхи татлаа” гээд нөгөө найзтайгаа хамт гараад тамхины өрөө рүү явсан чинь нөгөө найз нь . . . “гараад явчихлаа” гээд над дээр хүрээд ирэхээр нь би ширээнээс . . . хувцсыг аваад гартал доор үүдэнд баарны хамгаалагч нар барьчихсан сууж байсан. “Яасан, юу болсон бэ?” гэсэн чинь “намайг бүжгийн талбай дээр хавсраад унагаасан залууг би мөргөчихсөн” гээд сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 48-50/,

  Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 16140 дугаартай шинжээчийн:

              1. . . биед духны хөндийн гадна болон дотор ялтас, самалдгийн хугарал, тархи доргилт, духанд шарх, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

              2. Дээрх гэмтэл нь 2022 оны 11 дүгээр сарын 26-ны шөнө үүссэн гэмтэл байна.

              3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-н 22-23/,

 

              Шүүгдэгч . . . эрүүгийн хариуцлага хүлээсэн байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 56/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол санаалтай учруулсан болохыг шүүгдэгч өөрөө болон хохирогч нар хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

Шүүгдэгч . . . нь 2022 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг . . . нэртэй шөнийн цэнгээний газрын үүдэнд хохирогчтой тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас нүүрэн тус газарт нь цохиж хохирогч . . . эрүүл мэндэд нь духны хөндийн гадна болон дотор ялтас, самалдгийн хугарал, тархи доргилт, духанд шарх, зүүн шуунд цус хуралт үүсгэсэн хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг гэдэгт нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

  Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч . . . Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Шүүгдэгч . . . нь хохирогч . . . хохирол төлбөрт 4.300.000 төгрөгийг төлсөн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 1.460.900 төгрөгийг төлөөгүй байх тул түүнээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сангийн 100900020080 тоот дансанд олгохоор шийдвэрлэлээ.

Дээрх байдлаар шүүгдэгч . . . нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

Хохирогч . . . нь цаашид гарах эмчилгээний болон гэм хорын зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Шүүх хялбаршуулсан журмаар . . . холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу торгох ял шийтгэл оногдуулж 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч . . . нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч . . . Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. . . . Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар . . . шүүхээс оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар . . . нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар тооцож солих болохыг сануулсугай.

5. Хохирогч . . . нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалсугай.

           

            7. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, . . . нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

      8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч . . . 1.460.900 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сангийн 100900020080 тоот дансанд төлүүлсүгэй.

 

   9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл . . . авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

          ШҮҮГЧ                           Э.ЧИНГИС