Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/261

 

 

 

 

 

  g

 2023          02          17                                    2023/ШЦТ/261

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж, шүүгч С.Олзод, Э.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярбат,

улсын яллагч М.Оюунбат,

иргэдийн төлөөлөгч Б.Энхзаяа,

шинжээч эмч Э.Сүхболд /цахимаар/,

хохирогч Г.Чулуунзүрх /цахимаар/,

шүүгдэгч . . ., түүний өмгөөлөгч . . . нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч . . .  холбогдох “2206 00000 1332” дугаартай хэргийг шүүх 2022 оны 01 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

. . .

Холбогдсон хэргийн талаар

           

Шүүгдэгч . . . нь 2022 оны 3 дугаар сарын 15-ны . . .  тоотод буюу гэртээ байх үедээ иргэн . . . “автомашины лизингийн төлбөрийг төлсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар бусдын амь бие, эрүүл мэндэд хохирол учруулж болохуйц зэвсэг болох ахуйн хэрэглээнд ашиглагддаг, эвхэгддэг хутга буюу тонгоргоор хохирогч . . . цээжний зүүн талд нэг удаа хутгалсны улмаас биед нь цээжний зүүн талд 5-6 дугаар хавирганы түвшинд цээжний хөндий рүү нэвтэрч, үнхэлцэг хальс, зүрхний оройд хатгагдаж, зүсэгдсэн шарх, үнхэлцгийн хөндийд цус хуралдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч . . . мэдүүлэхдээ: “... Тухайн өдөр . . . нь манай гэрт хамт байсан. Гэрт . . . гадна миний хоёр хүүхэд ч байсан. . . . бид хоёр хамтдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ...” гэжээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч . . . мэдүүлэхдээ: “... 2022 оны 3 дугаар сарын 15-ны шөнө . . . гэрт бид хамтдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Бид мөнгөнөөс болж маргалдсан бөгөөд би шөнө нь гарч яваад өглөөгүүр буцаж ирсэн. Миний санаж байгаагаар . . . гартаа тонгорог барьчихсан байсан. Өөр санаж байгаа зүйлгүй...” гэжээ.

           

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч . . . мэдүүлэхдээ: “... Миний бие 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 1150 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргасан. Шинжилгээнд нэг цагаан иштэй хутга, шар иштэй хутга, 3 ширхэг гарын мөр буюу нийт 5 ширхэг объект ирсэн. 2 хутга нь дээрээс шинжилгээнд ирүүлсэн гарын мөр илрээгүй ...” гэжээ.

 

            Мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэргээс гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/, хохирогч . . . өгсөн мэдүүлэг /хх-ийн 26-30/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 4383 дугаартай дүгнэлт /хх-ийн 40-42/, гэрч . . . өгсөн мэдүүлэг /хх-ийн 37/, гэрч . . . өгсөн мэдүүлэг /хх-ийн 190/, гэрч . . . өгсөн мэдүүлэг /хх-ийн 192/, эд мөрийн баримтаар тогтоох тухай мөрдөгчийн тухай тогтоол /хх-ийн 106/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-21/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-12/, шүүгдэгч . . . эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 23/, шүүгдэгч . . . гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 100-102, 194/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 4383 дугаартай дүгнэлт, шинжээч эмч . . . өгсөн мэдүүлэг /хх-ийн 195/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

        Шүүгдэгч . . . нь 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр . . .  тоотод буюу гэртээ байх үедээ иргэн . . . “автомашины лизингийн төлбөрийг төлсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар бусдын амь бие, эрүүл мэндэд хохирол учруулж болохуйц зэвсэг болох ахуйн хэрэглээнд ашиглагддаг, эвхэгддэг хутга буюу тонгоргоор хохирогч . . . цээжний зүүн талд нэг удаа хутгалсны улмаас биед нь цээжний зүүн талд 5-6 дугаар хавирганы түвшинд цээжний хөндий рүү нэвтэрч, үнхэлцэг хальс, зүрхний оройд хатгагдаж, зүсэгдсэн шарх, үнхэлцгийн хөндийд цус хуралдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйлдсэн болох үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон байна.

 

Дээр дурьдсан үйл баримт дараахи нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч . . . өгсөн: “... Би . . .  2021 оны 9 дүгээр сард танилцсан бөгөөд гэр бүлээс гадуурхи харилцаатай байсан. 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр . . . бид хоёр “Хараа” нэртэй 0.75 литрийн хэмжээтэй нэг шил архи хувааж уугаад архи дуусахаар нь дахиад 0.75 литрийн хэмжээтэй “Хараа” архи хүргэлтээр авсан. Тэгээд авсан архиныхаа талыг үлдээгээд унтах гэтэл . . .  над руу агсан тавиад маргаад эхэлсэн. Тэгээд би гарч яваад 102 дугаарт “орцонд согтуу хүн байна” гээд өөртөө дуудлага өгөөд дуудлагын дагуу 2 цагдаа ирээд намайг хэлтэс дээрээ авч ирээд шалгаад явуулсан. Ингээд маргааш нь . . . гэрт ирэхэд өглөөний 7 цаг болж байсан бөгөөд орой нь үлдээсэн тал шил 0.75 литрийн “Хараа” архийг . . . бид хоёр хувааж уусан. Ингээд бид хоёр дахин маргалдаж эхэлсэн. Маргаан үүссэн шалтгаан нь “91-70 УАУ улсын дугаартай, улаан өнгийн приус-20 маркийн гаалиар орж ирсэн автомашиныг ББСБ-ын лизингээр аваад сах бүл 730.000 төгрөг төлдөг” гэсэн бөгөөд “энэ сарын лизингийн мөнгө зохицуулна гэсэн яасан бэ” гээд уурлаад байсан. Тэгээд надад уурлаад байснаа нэг мэдэхэд гал тогоонд ногоо арилгадаг, эвхэгддэг, цагаан өнгийн шаргал хуванцар иштэй жижиг, хутгыг барьчихсан зогсож байгаад миний цээж рүү нэг удаа хатгаад, дараа нь миний цээжин дээр цус гараад байна гээд ямар нэгэн зүйлээр дараад байсан. Үүнээс хойш юу болсныг санахгүй байна. Тэгээд шөнө эмнэлэгт цээжин дээрээ мэс заслын шархтай ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-30/,

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч . . . өгсөн: “... Хохирогч . . . нь миний нөхөр бид 2009 онд гэр бүл болж 2010 онд гэрлэлтээ батлуулж байсан. Дундаасаа 5-12 насны 4 хүүхэдтэй. Миний бие 2022 оны 01 дүгээр сарын эхээр нөхрийнхөө гар утсыг оролдож байгаад түүнийг . . . гэх эмэгтэйтэй гэр бүлээс гадуурхи харилцаа үүсгэж байгааг мэдээд энэ үйлдлийг болих талаар нөхөртөө, . . . хэлж байсан. Миний нөхөр 2022 оны 02 дугаар сард . . . сум руу ажлаар явсан бөгөөд 3 дугаар сарын эхээр утсаар ч ярихгүй сураггүй болсон. Гэтэл 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр цагдаагийн байгууллагаас над руу холбоо барьж, нөхрийгөө хүнд хутгалуулсан талаар мэдсэн. Тэрээр Цэргийн төв эмнэлэгт хүргэгдэн яаралтай мэс засалд орсон. Одоо биеийн байдал хэвийн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/,

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч . . . өгсөн: “... Тухайн өдөр Баянзүрх дүүргийн 25, 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастай 114 чиглэлд цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч . . . хамтаар батлагдсан хуваарийн томилгооны дагуу 24 цагийн үүрэг гүйцэтгэж байсан. Дуудлага мэдээлэлд дэд ахлагч . . . хамтаар очиход хаалгаа эхлээд тайлахгүй байсан ба хаалганы дурангаар доторх орчин харагдаж байсан. Миний бие “хаалгаа тайлаарай” хэмээн хэлтэл 30 гаруй насны согтуу эмэгтэй хаалга, тайлж газар шал нь дээр үл таних эрэгтэй дээшээ харчихсан, цээж хэсэгт нь цус болчихсон хэвтэж байсан. Газар хэвтэж байсан залууд яаралтай тусламж үзүүлж, түргэн тусламж дуудсан. Хаалга тайлсан согтуу эмэгтэй цагдаагийн хэлтэс рүү авч явж, хүүхдүүдийг 108 төвд хүлээлгэн өгсөн. Би хохирогчийг хэн хутгалсан талаар асуухад хохирогч, холбогдогч нарын хэн аль нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан тул тодорхой хариу өгөөгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 190/,

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч . . . өгсөн: “... Би 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр . . .  хорооны нутаг дэвсгэрт . . .  чиглэлд 24 цагийн үүрэг гүйцэтгэж байсан. . . . тоотод хүн хутгалуулсан талаар дуудлага авч, цаг алдалгүй очсон. Гэтэл дуудлага өгсөн айл хаалгаа тайлахгүй байсан бөгөөд удалгүй . . . гэх согтуу хүн хаалга тайлсан. Гэрт ортол үл таних залуу хэвтчихсэн, ухаангүй түүний цээж орчимд улаан өнгийн зүйлээр бохирлогдсон, цагаан өнгийн даавуугаар цээжний дээд хэсэгт дарсан байдалтай нөхцөл байдал байсан. Даавууг сөхөж үзтэл жижиг шархнаас цус гарч байсан тул 103 дугаарт дуудлага өгсөн. . . . нь “наадах чинь өөрийгөө хутгалчихсан” гэж хэлж байсан. Түүнийг цагдаагийн байгууллага руу авч явах гэтэл “хүүхдүүдээ үлдээхгүй” хэмээн эсэргүүцэл үзүүлж байсан тул албадлага хэрэглэж, хүүхдүүдийг 108 төвд хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 192/,

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд . . . яллагдагчаар өгсөн: “... Миний бие прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний машин банк бус санхүүгийн байгууллагын зээлэнд байдаг нь үнэн гэхдээ . . . ямар нэгэн байдлаар “төлбөрийг төлөөд өг” хэмээн хэлж маргасан зүйлгүй. Тухайн өдөр би өөрийн . . .  дугаараас эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн. Тэрээр надад эхнэр хүүхдээсээ салсан, хотод байх айл байхгүй гэсэн учир манайд байдаг байсан.... Тухайн өдөр миний согтолт хэвийн өөрийн үйлдлийг хянах боломжтой байсан. Намайг 00-н өрөө ороод ирэх хооронд түг таг гэх чимээ гарсан бөгөөд гараад хартал . . . өөрийгөө хутгалсан байсан. Би түүний шарх нь дээр алчуураар дарж түргэн тусламж дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 194/,

 

              Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 4383 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

    1. Г. . . биед цээжний зүүн талд 5-6 дугаар хавирганы түвшинд цээжний хөндий рүү нэвтэрч, үнхэлцэг хальс, зүрхний оройд хатгагдаж, зүсэгдсэн шарх, үнхэлцгийн хөндийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

    2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

    3. Энэ гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдэх боломжтой.

    4. Гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

    5. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 40-42/,

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч . . .  өгсөн: “... Энэхүү гэмтлийг хохирогч өөртөө болон өөр бусдаар хутгалуулсан байх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 196/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан . . .  дугаартай: “.... . . . . . тоотод 11 цаг 40 минутад цээжиндээ хутгалуулсан цус алдаад байна...” гэх тэмдэглэл /хх-ийн 5/,

 

            Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-12/,

            Эд мөрийн баримтаар тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 106/,

            Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургуул /хх-ийн 7-12/,

            Шүүгдэгч . . . эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 23/ зэрэг болно.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч . . . зүгээс “...Энэ гэмт хэргийг үйлдээгүй...” тайлбар, мөн түүний өмгөөлөгч . . . хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь хохирогчийн хутгалсан гэх баримт харагдахгүй байна. Өнөөдөр гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар прокурорт би удаа дараа энэ гэмт хэрэгт шүүгдэгчийн гэм буруутайг нотлох баримт байхгүй байна гэсэн хүсэлтийг гаргасан боловч прокурор хүлээж авахаас татгалзсан. Энэ хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх ёстой байсан. Хийлгэвэл зохих ажиллагаанууд бүрэн гүйцэт хийгдээгүй байна .Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн эсэх нь эргэлзээтэй байгаа учраас шүүгдэгчид ашигтайгаар шийдэх гэсний дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх тайлбаруудыг гарган маргаж мэтгэлцэх боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч . . . өгсөн: “...Тэгээд надад уурлаад байснаа нэг мэдэхэд гал тогоонд ногоо арилгадаг, эвхэгддэг, цагаан өнгийн шаргал хуванцар иштэй жижиг, хутгыг барьчихсан зогсож байгаад миний цээж рүү нэг удаа хатгаад, дараа нь миний цээжин дээр цус гараад байна гээд ямар нэгэн зүйлээр дараад байсан. Үүнээс хойш юу болсныг санахгүй байна. Тэгээд шөнө эмнэлэгт цээжин дээрээ мэс заслын шархтай ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-30/, ... Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 4383 дугаартай шинжээчийн дүгнэлт. ... . . . биед цээжний зүүн талд 5-6 дугаар хавирганы түвшинд цээжний хөндий рүү нэвтэрч, үнхэлцэг хальс, зүрхний оройд хатгагдаж, зүсэгдсэн шарх, үнхэлцгийн хөндийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Энэ гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдэх боломжтой. Гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна ...” гэх дүгнэлт /хх-ийн 40-42/ болон бусад нотлох баримтууд шүүгдэгчийн гэм бурууг хангалттай нотолсон гэж үзсэн тул хураангуйлан дараахи байдлаар шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн дүгнэлтэд шүүх няцаалт өгсөн болно.

 

Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараагийн мэдүүлгээ хуульд заасан үндэслэл, журмын дагуу аливаа шахалт, албадлагагүй өгсөн нь хэргийн талаар бодитой мэдээлэл агуулсан, хэрэгт ач холбогдолтой хэвээр байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсныг тэмдэглэж байна.

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг гэдэгт нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл. Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалтай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгсэл ашиглаж үйлдсэнийг ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь байж болно.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч . . . Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар шүүгдэгч . . . гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж шүүхээс дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

Мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “....Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч . . .  нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй...” гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч . . . нь хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч . . . нь бусдад төлөх төлбөргүй гэж шүүхээс үзлээ.

Гэвч хохирогч . . . нь өөрт учирсан гэм хорын болон хохиролтой холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

Шүүхээс шүүгдэгч . . . эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ял шийтгэл оногдуулах шудрага ёсны зарчимд нийцнэ.

            Шүүхээс . . . оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

          Шүүгдэгч . . . нь энэ хэрэгт цагдан хоригдсонгүй хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.3, 66 дугаар зүйлийн   66.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч . . . хүүхдүүд болох 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн. . . 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрсөн . . .  нарын асрамжийн асуудлыг асран хамгаалагч томилох, асран хамгаалах үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад хууль зүйн үндэслэлтэй байна.

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгахаар шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч . . . Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

           2. Шүүгдэгч . . . Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар . . . оногдуулсан 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

   5. Хохирогч . . . нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч . . . нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.3, 66 дугаар зүйлийн   66.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч . . . хүүхдүүд болох 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн . . ., 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрсөн . . .  нарын асрамжийн асуудлыг асран хамгаалагч томилох, асран хамгаалах үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгасугай.

           8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба . . .  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

           9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл . . . авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Э.ЧИНГИС

                     

                                       ШҮҮГЧИД                           С.ОЛЗОД         

 

                                                                                   Э.ОЮУНТУНГАЛАГ