Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2025/0368

 

 

 

Ч.Стгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Оюумаа

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тт

Нэхэмжлэгч: Ч.Ст

Хариуцагч: Баянгол дүүргийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянгол дүүргийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/*** дугаар захирамжийг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дугаар сарын 01-ний өдрийн 228 дугаар шийдвэр

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Ч.Ст, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Т.Бс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тт

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Еликай

Хэргийн индекс: 128/2025/0071/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дугаар сарын 01-ний өдрийн 228 дугаар шийдвэрээр:

“Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 61 дүгээр сарын 61.1-д заасныг баримтлан иргэн Ч.Стгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянгол дүүргийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/*** дугаар захирамжийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

2.Гомдлын агуулга:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ттын анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “...

2.1. "Баянгол дүүргийн Засаг даргын маргаан бүхий захирамжаар мөн дүүргийн Засаг даргын 2019 оны А/*** дүгээр захирамжийн иргэн Ч.Стд холбогдох хэсгийг хүчингүй болгохдоо усны хамгаалалтын бус, шугам сүлжээний газар, тусгай хэрэгцээний газартай тус тус давхацсан бусад нэгж талбаруудыг хамтад нь шийдвэрлээгүй байх бөгөөд дээрх хориглосон газруудтай давхацсан бусад нэгж талбар хүчинтэй байгаа нь газрын мэдээллийн нэгдсэн систем болох egazar.gov.mn дэх мэдээллээр тогтоогдож байх ба энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан шударга ёс, тэгш байдлыг хангах зарчимд нийцэхгүй" гэх дүгнэлт үндэслэлгүй тухайд:

2.1.1. Монгол Улсын Дээд Шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2 дугаар зөвлөмжид "Хуулийг алдаа мадаггүй хэрэглэхийн гол шалгууруудын нэг нь хууль хэрэглээний үндсэн зарчмуудыг чанд баримтлах явдал юм. Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ." Мөн Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.-т "Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ." гэж заасан байдаг.

Иргэн Ч.Стгийн уг маргаан бүхий газар нь:

Монгол Улсын Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-т "Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно", 61 дүгээр зүйлийн 61.1-т "Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно." гэж тус тус заасан.

Мөн Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т "Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно," 22.2.1-т "Онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно",

Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т "Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно",

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болон Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/*** дугаар хамтарсан тушаалын 2 дугаар зүйлийн 2.3-т "Онцгой хамгаалалтын бүсийг дараах байдлаар тогтооно: 2.3.2. "Гол мөрөн, горхи, булаг, шандын эргээс 50 метрээс доошгүй зайд буюу түүнээс өргөн, намаг бүхий татамтай тохиолдолд нийт татмын хэмжээгээр өргөсгөж," 2.3.6. Үерийн хамгаалалтын суваг, түүний хамгаалалтын далангаас 30 метр хүртэлх зайд" байрлахаар заасан.

Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 09 дүгээр сарын 26- ны өдрийн "Газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай" 112 дугаар тогтоолоор баталсан "Сэлбэ, Дунд голын байгалийн нөөц газар"-ын бүсэд маргаан бүхий газар нь багтсан.

Иргэн Ч.Стгийн маргаан бүхий газар нь дээр дурдсан хориглолт, хязгаарлалтыг зөрчиж олгогдсон, Усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс, Үерийн далангийн хамгаалалтын бүс, Цахилгааны шугамын хамгаалалтын бүсэд орсон, орон нутгийн тусгай хамгаалалтын бүсэд багтсан, Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн "Газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай" 112 дугаар тогтоолоор баталсан "Сэлбэ, Дунд голын байгалийн нөөц газар"-ын бүсэд багтсан байх тул Дүүргийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай" А/*** дугаар захирамжаар иргэн Ч.Стгийн Баянгол дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр, "С" ХХК-ийн урд талд, Үйлдвэрлэлийн баруун бүс -1 /***/ тоот хаягт байрлах, аж ахуйн зориулалттай, 200м2 хэмжээтэй, нэгж талбарын 168160**** дугаартай газрын эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Дээр дурдсан хууль, эрх зүйн үндэслэл, бодит нөхцөл байдлыг харгалзан үзэхэд Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2025/0228 дугаар шийдвэр нь бодит баримт, хууль зүйн үндэслэлд нийцээгүй гэж үзэж байна.

2.2. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1. "Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:.." гэж зааснаас үзвэл гэрчилгээг хүчингүй болгох нь Засаг даргын эрх байхад маргаан бүхий захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг Газар зохион байгуулалтын албанд даалгасан нь хуульд нийцээгүй гэх дүгнэлт үндэслэлгүй тухайд:

Маргаан бүхий Баянгол дүүргийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай" А/*** дугаар захирамжийн 1 дэх хэсэгт "Баянгол дүүргийн Засаг даргын 2019 оны А/*** дүгээр захирамжийн иргэн Ч.Стд холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай", 2 дахь хэсэгт "Иргэн Ч.Сттай байгуулсан "Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ"-г цуцлахыг тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгасугай" гэсэн байдаг.

Дээрх үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, мөн хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2025/0228 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2025/0228 дугаар шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч Ч.Стгаас  “Баянгол дүүргийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/*** дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан.

2.Нэхэмжлэгчид маргаан бүхий 200 кв.м газрыг “аж ахуйн зориулалтаар” эзэмших эрхийг хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/*** дугаар захирамжаар олгож, улмаар нэхэмжлэгчээс газар эзэмшүүлэх гэрчилгээ[1] авч, 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гэрээ”[2] байгуулж, мөн хариуцагч Засаг даргын 2019 оны 11 дугаар сарын 01-ний өдрийн А/*** дугаар захирамжаар[3] нэхэмжлэгчийн эзэмшлийн газрыг 15 жилийн хугацаагаар сунгаж, гэрчилгээг[4]  шинэчлэн олгожээ.

3.Маргаан бүхий А/*** дугаар захирамжаар нэхэмжлэгч Ч.Стгийн эзэмшлийн газрыг “Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6 дахь хэсэг, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.2.1 дэх хэсэг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/*** дугаар хамтарсан тушаалын 2 дугаар зүйлийн 2.3.2, 2.3.5, 2.3.6 дах хэсэг, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 112 дугаар тогтоол,  Нийслэлийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/***дүгээр захирамж, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 01-07/**** дүгээр албан бичиг” зэргийг тус тус үндэслэн гарчээ.

4.Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно.” гэж заасан.

5.Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”, 22.2.1-д “онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно.” гэжээ.

6.Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хамтарсан А-230/*** дугаар тушаалаар баталсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын 2.3.2-т “гол, мөрөн, горхи, булаг, шандын эргээс 50 метрээс доошгүй зайд буюу түүнээс өргөн, намаг бүхий татамтай тохиолдолд нийт татмын хэмжээгээр өргөсгөж” 2.3.5-д “ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүсэд”, 2.3.6-д “үерийн хамгаалалтын суваг, түүний хамгаалалтын далангаас 30 метр хүртэлх зайд” онцгой хамгаалалтын бүсийг тус тус тогтоохоор заасан байна..

7.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 112 дугаар тогтоолоор “ ...Баянгол дүүргүүдийн нутаг дэвсгэрт хамаарах Сэлбэ, Дунд голын хамгаалалтын бүсийн 534.0 га талбай бүхий газрыг “Байгалийн нөөц” газрын ангиллаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авч, хил заагийн солбицлыг, хамгаалалтын горим, дэглэмийг тус тус баталжээ.

8.Нэхэмжлэгчийн эзэмшлийн 200 м.кв газар нь усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс, үерийн далангийн хамгаалалтын бүс, орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан Сэлбэ, Дунд голын онцгой хамгаалалтын бүстэй давхцалтай, харин бодит байдалд нэхэмжлэгчийн эзэмшлийн газрын хөрш зэргэлдээ газруудад бусад байгууллага, иргэдээс барилга, байгууламж барьж суурьшин, үйл ажиллагаа явуулж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтууд, зургуудаар[5] тогтоогдож байна.

9.Түүнчлэн, нэхэмжлэгч Ч.Ст нь маргаан бүхий газар дээрээ ямар нэгэн барилга байгууламж барьж, хашаа татаагүй харин авто машины зогсоолоор ашиглаж байгаа гэдэг нь хэрэгт авагдсан гэрэл зураг[6], нэхэмжлэгч талын тайлбараар тогтоогдож байна. Харин нэхэмжлэгчийг Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1-д заасан “барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулах” зэрэг хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулж байсан гэх үйл баримт тогтоогдсонгүй.

10.Маргааны үйл баримтаас дүгнэхэд, нэхэмжлэгчийн эзэмшил газар нь хэдийгээр усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс, үерийн далангийн хамгаалалтын бүс, орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан Сэлбэ, Дунд голын онцгой хамгаалалтын бүстэй давхцалтай боловч тухайн газрын хөрш зэргэлдээ газруудад бусад байгууллага, иргэдээс барилга, байгууламж барьж суурьшин, тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл хариуцагчаас тухайн байршилд байгаа газруудыг бүхэлд хууль зөрчсөн үндэслэлээр чөлөөлөхөөр шийдвэрлэсэн болон өмнө иргэн, байгууллагуудад эзэмшүүлж, ашиглуулсан газрын эрхийг хүчингүй болгож байгаа талаар тодорхой тайлбарыг шүүх хуралдааны явцад гаргаагүй, мөн нэхэмжлэгч иргэн нь эзэмшлийн газартаа хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулаагүй нөхцөл байдал тогтоогдож байна.

11.Иймээс анхан шатны шүүхийн “...маргаан бүхий захирамжийн иргэн Ч.Стд холбогдох хэсгийг хүчингүй болгохдоо усны онцгой хамгаалалтын бүс, шугам сүлжээний газар, тусгай хэрэгцээний газартай тус тус давхцсан бусад нэгж талбаруудыг хамтад нь шийдвэрлээгүй байх бөгөөд дээрх хориглосон газруудтай давхцсан бусад нэгж талбар хүчинтэй байгаа нь газрын мэдээллийн нэгдсэн систем болох egazar.gov.mn дэх мэдээллээр тогтоогдож байх ба энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан шударга ёс, тэгш байдлыг хангах зарчимд нийцэхгүй” гэх дүгнэлт үндэслэлтэй байна. 

12.Харин хариуцагч талаас гаргасан “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, мөн хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.

13.Газар эзэмшүүлэхтэй холбоотой шийдвэрээ хууль тогтоомж зөрчигдсөнтэй холбоотойгоор эргэн харж, хүчингүй болгох эрх хариуцагчид байгаа боловч ийм шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хууль болон Газрын тухай хуульд заасны дагуу бодит нөхцөл байдлыг судлан тогтоож, хуульд заасан шударга ёс, тэгш байдлыг хангах зарчмыг баримтлан нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байсныг дурдах нь зүйтэй.

Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 228 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                     Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                       Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                       А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 83 дахь тал

[2] Хэргийн 85-87 дахь тал

[3] Хэргийн 66-69 дахь

[4] Хэргийн 65 дахь тал

[5] Хэргийн 107-110 дахь тал

[6] Хэргийн 128-132 дахь тал