Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 703

 

 

 

 

 

 

 

 

 

 

М.Дорждагвын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШШ2018/00173 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М.Д,

Хариуцагч Д.О-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 3 360 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэнгээ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.О-тэй 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 2 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн гэрээний дагуу хүү 360 000 төгрөг, алданги 1 000 000 төгрөг, үндсэн зээл 2 000 000 төгрөг, нийт 3.360.000 төгрөгийг төлөөгүй байгааг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Зээлийн гэрээг байгуулсан нь үнэн боловч мөнгийг Д.О бус А.Нямхишиг хүлээж авсан. Зээлийн мөнгийг Д.О бус А.Нямхишиг авсан болох нь эрүүгийн хэргийг шалгах явцад холбогдох этгээдүүдээс өгсөн мэдүүлэг, прокурорын тогтоолоор тогтоогдсон. Мөн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх уг асуудлыг өмнө шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Д.О-өөс 3 360 000 төгрөгийг гаргуулан М.Д-д олгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 68 710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 68 710 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Хариуцагч нь зээлийн гэрээнд дурдсан мөнгийг аваагүй болох нь тогтоогдож, харин түүнийг А.Нямхишиг гэх иргэн авч захиран зарцуулсан, түүнчлэн уг мөнгөтэй холбогдон гарсан үүрэг болох зээлийн хүүг А.Нямхишиг төлж байсан тухай баримтууд хэрэгт авагдсан. Гэтэл анхан шатны шүүх А.Нямхишиг уг мөнгийг авахад Д.О хамт байлцсан гэх үндэслэл, мөн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 1821 тоот шийдвэрийн дагуу бусдын буюу А.Нямхишигийн үүргийг өмнөөс нь гүйцэтгэсэн нь үндэслэлгүй тул 2 160 000 төгрөгийг буцаан авсан үйл баримтад үндэслэн Д.О нэхэмжлэлд дурдсан мөнгийг авсан болгон шийдвэрийн үндэслэх хэсэгт тогтоосон нь өрөөсгөл дүгнэлт болсон.

Нөгөө талаас Д.О нь өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг А.Нямхишигт худалдах хүсэл зорилго байснаас түүний барьцаанд тавьж зээл авах хүсэл зориг байгаагүй. Харин зээл авах хүсэл зориг анхнаасаа А.Нямхишигт байсан ба хүсэл зоригийн дагуу М.Д-ас зээл авч өөрөө захиран зарцуулсан үйл баримт тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг залруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Д.О нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3 360 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн шийдвэрээр зээлийн гэрээний дагуу мөнгийг хүлээн аваагүй нь тогтоогдсон гэж тайлбарлан маргажээ.

Талуудын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр М.Д нь 2 000 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн бөгөөд тус зээлийн гэрээнд зээлдэгч Д.О гарын үсэг зурж баталгаажуулжээ. Хариуцагч Д.О нь гэрээнд заасан мөнгийг бодитоор аваагүй А.Нямхишиг мөнгийг авсан гэх боловч тухайн үед түүнтэй хамт байж зээлийн мөнгөнөөс 200 000 төгрөгийг өөрөө авч, үлдсэнийг А.Нямхишигт өгсөн үйл баримт тогтоогдсон байна. Иймд гэрээнд гарын үсэг зурж, мөнгийг хүлээн авсан этгээдээс Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.4 дэх хэсэгт зааснаар үүрэг шаардах үндэслэлтэй. Тодруулбал, М.Дас мөнгийг А.Нямхишиг шилжүүлэн авах үед Д.О цуг байсан учраас Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1, 42 дугаар зүйлийн 42.8, 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар хэлцлийг “бодит үйлдлээр хүлээн зөвшөөрсөн” гэж анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлт зөв байна.

Иймд хариуцагчаас зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 2 000 000 төгрөг, 3 сарын хүүгийн төлбөр 160 000 төгрөг, алданги 1 000 000 төгрөг, нийт 3 360 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхино. Түүнчлэн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэхээр товлосон өдөр шүүх хуралдааныг хийсэн нь хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд бэлтгэх боломжит хугацаа гэж үзэх боломжгүй боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцож мэтгэлцсэн байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөний улмаас эрх зөрчигдсөн гэж үзэхгүй.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШШ2018/00173 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 69 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                               ШҮҮГЧИД                                    Т.ТУЯА

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ