| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2019/00319/И |
| Дугаар | 399 |
| Огноо | 2019-09-27 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 399
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У би Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 1-р хороо, Эрэл 38-100 тоотод хаягтай, ММД ХХК -ний нэхэмжлэлтэй, Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт холбогдох 5580000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 6 сарын 26-ны өдөр хүлээн авч, 2019 оны 7 сарын 3-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай ММД ХХК нь Дундговь аймгийн Цагдаагийн газартай 2018 оны 1 сарын 15- дөр “Үйлчилщээ үзүүлэх гэрээ”, 2018 оны 2 сарын 20-ны өдөр “Үйлчилгээ үзүүлэх гэрээ” тус тус байгуулсан. 2018.01.15-ны өдрийн гэрээгээр ММД ХХК нь Дундговь аймгийн Цагдаагийн газрын 5555 ДУА улсын дугаартай ВЕРНА автомашиныг бүтэн будахаар, Цагдаагийн газар ажлын хөлсөнд 800000 төгрөг төлөхөөр , 2018.02.20-ны өдрийн гэрээгээр мөн тус Цагдаагийн газрын 0102 ДУЭ улсын дугаартай фургон авто машиныг бүтэн будахаар, Цагдаагийн газар ажлын хөлсөнд 1200000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож гэрээг байгуулсан. Манай компани гэрээнд заасан ёсоор гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн ба дээрх 2 автомашиныг бүрэн будаж хүлээлгэн өгсөн. Мөн тус Цагдаагийн газар нь гэрээ байгуулахгүйгээр 0008 ДУА улсын дугаартай Ланд круйзер авто машиныг бүрэн будуулж, урд болон хойд амартизаторууд, урд хойд талын дугуйны пүрш зэргийг солиулж 3500000 төгрөг, нийт 5500000 төгрөг төлөхөөр тохиролцож үйлчилгээгээ бүрэн хийлгээд явсан. Өнгөрсөн хугацаанд миний бие тус Цагдаагийн газрын ахлах нягтлан бодогч Ц.На-той удаа дараа холбогдож мөнгөө шаардсан боловч огт төлбөрийг барагдуулаагүй. Мөн миний бие тус шүүхэд нэхэмжлэл гаргахын тулд 2019 оны 6 сарын 07-ны өдөр Улаанбаатар хотоос автомашинаар ирсэн тул бензиний зардалд 80000 төгрөг, нийт 5580000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:Тус цагдаагийн газрын албан хэрэгцээнд ашиглагддаг 0008 ДУЭ, 0102 ДУЭ, 5555 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор 2018 онд ММД ХХК-г сонгож дээрх машинуудыг бүтэн будуулах, 0008 ДУЭ улсын дугаартай ланд крузер 200 маркийн автомашинд агергат засвар үйлчилгээ хийлгэж, нийт зардал нь 5580.000 төгрөг болсон. Иймд ММД ХХК-ний нэхэмжилсэн 5580000 төгрөгийг 2019 оны 10 сарын 15-ны дотор бүрэн төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ММД ХХК нь Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт холбогдуулан 5580000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч Дундговь аймаг дахь Цагдаагийн газар нь нэхэмжлэлийн шаардлага болох 5580000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2019 оны 10 сарын 15-ны дотор төлье гэснийг нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрч байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 51475 төгрөг гаргуулж, хариуцагч Дундговь аймаг дахь Цагдаагийн газраас 51475 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ММД ХХК-д олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар хариуцагч Дундговь аймаг дахь Цагдаагийн газар нь нэхэмжлэгч ММД ХХК-ний нэхэмжилсэн 5580000 /таван сая таван зуун наян мянга/ төгрөгийг 2019 оны 10 сарын 15-ны дотор төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102950 /нэг зуун хоёр мянга есэн зуун тавь/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 51475 /тавин нэгэн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөг, хариуцагч Дундговь аймаг дахь Цагдаагийн газраас 51475 /тавин нэгэн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ММД ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгч анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Д.У