| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2019/00323/И |
| Дугаар | 402 |
| Огноо | 2019-09-30 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 402
2019 оны 09 сарын 30 өдөр Дугаар 139/ШШ2019/00402 Дундговь аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж тус шүүхийн “А” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Дундговь аймгийн ******* сумын Нарлаг 7-р баг ******* тоотод оршин суух, Ол овогт Бо-н Бя /*******/, Дундговь аймгийн ******* сумын Нарлаг 7-р баг ******* тоотод оршин суух, Б овогт Ба-н Ү /*******/ нарын нэхэмжлэлтэй,
Дундговь аймгийн ******* сумын Нарлаг 7-р баг Найрамдлын гудамж 13-р байр 1 тоотод оршин суух, Г овогт Д-н Ня /ЗЮ84042902/, Дундговь аймгийн ******* сумын Нарлаг 7-р баг Төрөхийн хашаа 1 тоотод оршин суух, Ба овогт Бу-н Са /ЗИ73061618/ нарт холбогдох
“худалдан авсан орон сууцны 3 өрөөний шал, цонх солих, хүүхдийн өрөөний хана, дотор өрөөний хаалга янзлах, гадна цахилгаан монтаж солих ажлуудыг хийлгүүлэх” тухай нэхэмжлэлийг 2019 оны 6 сарын 28-ны өдөр хүлээн авч, 2019 оны 7 сарын 5-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Бя, Б.Ү, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Бя, Б.Ү бид 2015 оны 3 сард Дундговь аймгийн ******* сум 7-р баг ******* тоотод байрлах 80 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг иргэн Д.Ня, Б.Са нараас 72 сая төгрөгөөр худалдан авсан. Бид 2015.11.30-ны өдөр гэхэд 15 сая 200000 төгрөг өгсөн ба харин гэрээ ёсоор хариуцагч нар нь дээрх ажлуудаас дотор талд вакуум хаалга хийх болон дээврийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Үлдэх ажлуудыг огт хийж өгөөгүй. Иймд гэрээгээр тохирсон үүрэг болох дээрх ажлуудыг хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь зохигчдын хооронд 2015 оны 11 сарын 08-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээ байгуулж, гэрээний 6-р заалтаар тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон бөгөөд хийх ёстой ажлуудаа тодорхой хэмжээнд хийж гүйцэтгэсэн учраас Дундговь аймаг Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид 2019 оны 1 сард өргөдөл гаргаж, байрны төлбөрийн үлдэгдлээ гаргуулсан бөгөөд энэ уулзалтаар дээрх гэрээний заалтын 6-р заалт биелэгдсэн гэж үзэж, байрны дотор засварын асуудлаар дахин гомдол санал гаргахгүй гээд байрны төлбөрийн үлдэгдлийг төлөхийг Б.Са, Д.Ня нар зөвшөөрч эвлэрлийг байгуулсан. Энэхүү 2019 оны 21 тоот эвлэрлийн гэрээг Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 28-ны өдрийн 139//ШЗ2019/00184 тоот шүүгчийн захирамжаар баталгаажуулсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлд дурьдсан үйл баримтын талаар өмнө нь шийдвэрлэсэн, ярилцаж тохиролцсон, гэрээний заалт биелэгдсэн гэж үзэж байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан бүх баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Бя, Б.Ү нар нь Д.Ня, Б.Са нарт холбогдуулан худалдан авсан орон сууцны 3 өрөөний шал, цонх солих, хүүхдийн өрөөний хана, дотор өрөөний хаалга янзлах, гадна цахилгаан монтаж солих ажлуудыг хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна” гэж
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна” гэж тус тус хуульчилсан.
Нэхэмжлэгч нар маргаж буй Дундговь аймгийн ******* сумын Нарлаг 7-р баг ******* тоотод байрлах 80 мкв бүхий 3 өрөө орон сууцыг хариуцагч нараас 2015 оны 3 сард худалдан авсан болох нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, нэхэмжлэлд хавсаргасан 2015 оны 11 сарын 08-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээ, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.Бя, Б.Ү нар нь худалдан авсан орон сууцны 3 өрөөний шал, цонх солих, хүүхдийн өрөөний хана, дотор өрөөний хаалга янзлах, гадна цахилгаан монтаж солих ажлуудыг хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасан боловч уг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон бичгийн баримтыг нэхэмжлэлд хавсаргаагүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй байна.
Нэхэмжлэгч Б.Бя, Б.Ү нар нь нэхэмжлэлдээ “...хариуцагч нар дээрх ажлуудаас дотор талд вакум хаалга хийх болон дээврийн ажлыг хийж гүйцэтгэсэн...” гэж дурдсан нь гэрээнд заасан ажлын зарим хэсэг биелэгдсэн гэж ойлгогдохоор байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч нар нь Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа гэрээний биелэлтийг шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлага хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй байна.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 80217 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Бя, Б.Ү нарын Д.Ня, Б.Са нарт холбогдуулан гаргасан худалдан авсан орон сууцны 3 өрөөний шал, цонх солих, хүүхдийн өрөөний хана, дотор өрөөний хаалга янзлах, гадна цахилгаан монтаж солих ажлуудыг хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 80217 /наян мянга хоёр зуун арван долоо/ төгрөгийг төсвийн орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ Д.У