Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 414

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 10 өдөр                                      Дугаар 139/ШШ2019/00414                                                    Дундговь аймаг

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж тус шүүхийн “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Дундговь аймгийн ******* сумын 8-р баг ******* тоотод оршин суух, Ху овогт Га-н А /*******/-ийн нэхэмжлэлтэй,

Дундговь аймгийн ******* сумын Буянт 3-р баг  ******* тоотод оршин суух, Ду овогт Но-н Ц /*******/-д холбогдох хүүхдийн асрамж өөрчлүүлэх, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 7 сарын 3-ны өдөр хүлээн авч, 2019  оны 7 сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д , хариуцагч Н.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Т.Д , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.У  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.А  шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Н.Цтай 2002 онд танилцаж, 2011 оны 9 сар хүртэл хамт амьдарч байгаад 2012 оны 10 сарын 29-ний өдөр гэрлэлтээ цуцлуулсан. Шүүхийн шийдвэрээр бидний гэрлэлтийг цуцалж охин Ц.Хи-г миний асрамжинд, хүү Ц.Х ыг эцэг Н.Цын асрамжинд үлдээж шийдвэрлэсэн. Н.Ц нь хууль болон шүүхийн шийдвэрээр хүлээсэн үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхгүй, эрхийг нь хамгаалахгүй, хайхрахгүй, хүүгээ эхтэй нь уулзуулах дургүй байдаг.  Хүү 2018 оны намраас надтай байгаа. Иймд хүү Ц. Х ын асрамжийг өөрчлүүлж, өөрийн асрамжиндаа авч, тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжилж байна гэжээ.  

Хариуцагч Н.Ц шүүхэд гаргасан тайлбартаа:Би ******* сумын хөдөө эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Г.А бид хоёр 2012 онд гэрлэлтээ цуцлуулсан. Г.А Ц. Х-г 3 настай байхад орхиж яваад сураггүй байсан, жилийн дараа ирсэн, анхнаасаа хүүхдээ харж ханддаггүй байсан. 2012-2018 оны 12 сар хүртэл би хүү Ц.Х-г өөрийн асрамжиндаа байлгаж хичээлд нь явуулж байна. 2018 оны 11 сард Г.А хүүг ганц хоёр хоног авч хонох гэсэн юм гэж авч яваад одоо болтол өгөөгүй байгаа. Бидний гэрлэлтийг тус шүүхийн 2012.10.29-ний өдрийн 326 дугаартай шийдвэрээр цуцалж, хүү Ц.Хи-н асрамжийг тогтоосон тул дахин асрамж тогтоолгох шаардлагагүй, тухайн шийдвэр хүчин төгөлдөр байгаа болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.                                                             

 

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.А нь Н.Цад холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, асрамж өөрчлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч Н.Ц нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Асрамжийн асуудлыг шийдвэрлүүлэхээр маргаж буй хүүхэд болох Ц.Хи-д эцэг Н.Цын асрамжинд байх хугацаанд буюу 2013 оны 8 сард мотоциклоос унасны улмаас зүүн гарын шуу яс нь  хугарч гэмтсэн болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хүү Ц.Хи-н эрүүл мэндийн дэвтэрт бичигдсэн бичилт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.4-т зааснаар өмгөөлөгч байлцуулан  хүү  Ц.Хи-с санал асуухад эх Г.Аийн асрамжинд байна гэсэн санал гаргасан байна. Мөн хариуцагч Н.Ц нь би хүү Ц.Х-г 3 настайгаас нь хойш асрамжиндаа байлгаж, сургуульд сургаж байгаа гэсэн тайлбар гаргаж байгаа ч хүү Ц.Хи нь Н.Цын төрсөн эгчийн гэрт амьдарч, сургуульд суралцаж байсан болох нь гэрч Д.Ур ,  Н.Со нарын мэдүүлэг, зохигчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.  

Өөрөөр хэлбэл хариуцагч хүү Ц.Х-г биечлэн асардаггүй болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.  Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 121200 төгрөг төлсөн бөгөөд 121200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 121200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзээд

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-д зааснаар 2007 оны 6 сарын 27-нд төрсөн хүү Ду  овогт Ц-ын Хи  /ЗЗ07262712/-ыг эх

Ху овогт Га-н А /*******/-ийн асрамжинд шилжүүлсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2007 оны 6 сарын 27-нд төрсөн хүү Ц.Х-г 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тайд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг Ду овогт Но-н Ц / *******/-аас сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121200 /нэг зуун хорин нэгэн мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Ц-аас 121200 /нэг зуун хорин нэгэн мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  Г.А / *******/-т олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

           ДАРГАЛАГЧ                         Д.У