Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/114

 

 

2023        03           30                                   2023/ШЦТ/114

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан,

Улсын яллагч Г.Анх-Ирээдүй,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа,

Шүүгдэгч Л.Б- нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт Л-ын Б-ад холбогдох эрүүгийн 2225002890133 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дугаар сарын 0-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, аялал жуулчлалын хөтөч мэргэжилтэй, “ххх” ХХК-д засварчин ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт, Улаанбаатар хот 00 дүүрэг 0 дүгээр хороо 0 гудамж 0-0 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 216 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг 1 /нэг/ жилийн хугацаагаар хэрэглэхээр шийдвэрлэсэн,

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 842 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, гавъяа шагналгүй, Б- овогт Л-ын Б- регистрийн дугаар: /хх00000000/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Б- нь өсвөр насны О.Т, С.А нартай бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу шанд багийн 14б дүгээр гудамжны ертөнцийн зүгээр баруун талын төгсгөлийн нарийн гудамжинд насанд хүрээгүй хохирогч Э.А-гийн айфоне-8 загварын гар утсыг хүч хэрэглэж дээрэмдэн 550,000 төгрөгийн хохирол, насанд хүрээгүй хохирогч А.Б-ийн самсунг глакси жэйн загварын гар утсыг хүч хэрэглэж дээрэмдэн 210,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Л.Б- шүүх хуралдаанд: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэсэн мэдүүлэг,

 

- Шүүгдэгч Л.Б- мөрдөн шалгах ажиллагаанд: “...өөрт холбогдсон  хэрэгт мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 177х/,

 

- Насанд хүрээгүй хохирогч Э.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд: “...2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Их залуу багт байрлах Цагаан-Уул дэлгүүрийн ойролцоо найз Б-ийн хамт хичээлээ тараад явж байтал бөөгнөрсөн ах нар байхаар нь хажуугаар нь өнгөрөх гэж байтал 3 зүс таних ах нар ирж бид хоёрыг зогсоогоод уулзъя гэж хэлээд гудамж руу дагуулаад орсон. Тэгээд Б- бид хоёрыг утсаа гаргаад ир ах нар нь өрөнд орчихоод явж байна гэсэн. Тэгээд Б- гар утсаа гаргаад ирсэн чинь зүс таних ах нар одоо утсыг чинь авна гэж Б-т хэлэхэд Б- юу шаагаад байгаа юм гэтэл А- гэх ах Б-ийг алгадчихаад утсыг нь авсан. Тэгээд намайг утсаа гаргаад ир гэхээр нь би яах гэж байгаа юм бэ гэтэл урд талын нарын гудамж руу дагуулж ороод миний утсыг намайг цохиж байгаад утасны кодыг гаргуулаад авсан. Тэгээд Б- бид хоёрыг тэр гудамжаар яв гэж хэлээд хөөгөөд явуулсан. Тийм ээ фейсбүүкээр ороод харахад Б-, А-, Тэмүүлэн нар Б- бид хоёрыг дээрэмдсэн байсан. 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод байдаг Драгон гар утасны худалдааны төвөөс 540,000 төгрөгөөр худалдаж авсан. iphone-8 маркийн улаан өнгөтэй утас байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33х/,

 

- Насанд хүрээгүй хохирогч А.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд: “...Тухайн үед мэдүүлэг өгөхөд би тэдгээр хүмүүсийг танихгүй байсан. Э.А- бид хоёр ангийнхаа хүүхэдтэй хамт явж байтал бид хоёрыг дээрэмдүүлсэн гэх хүүхдүүдтэй тааралдсан. Тэгтэл манай ангийн хүүхэд Э.А- бид хоёрт хандан энэ хүүхдүүдийг танина ш дээ гэж хэлээд фейсбүүкийг нь хэлж өгөөд тэгээд дээрэмдсэн хүүхдүүдээ мэдэж авсан. Тийм ээ фейсбүүкээр ороод харахад Л.Б-, А-, Тэмүүлэн нар Э.А- бид хоёрыг дээрэмдсэн байсан. 2019 онд хувь хүнээс 200,000 төгрөгөөр Эрдэнэт хотоос “jein-2” маркийн цагаан өнгөтэй утас авч байсан...Би гар утсаа төлүүлээд авчихсан ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40/,

 

-  “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ТХҮ- 621/2303 дугаартай "... iphone 8 маркийн гар утас 1 ширхэг 550,000 төгрөг /хэрэглэж байсан/. ...” гэсэн хохирлын үнэлгээ /хх-ийн 79-81х/,

 

-  “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ТХҮ- 621/2304 дугаартай ”... galaxy jein маркийн гар утас 1 ширхэг 210,000 төгрөг /хэрэглэж байсан/...” гэсэн хохирлын үнэлгээ /хх-ийн 87-89х/

 

- Л.Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 99х, зэрэг нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

    

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтад хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

Дээрх нотлох баримтуудаар Л.Б- нь өсвөр насны О.Т, С.А нартай бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу шанд багийн 14б дүгээр гудамжны ертөнцийн зүгээр баруун талын төгсгөлийн нарийн гудамжинд насанд хүрээгүй хохирогч Э.А-гийн айфоне-8 загварын гар утсыг хүч хэрэглэж дээрэмдэн 550,000 төгрөгийн хохирол, насанд хүрээгүй хохирогч А.Б-ийн самсунг глакси жэйн загварын гар утсыг хүч хэрэглэж дээрэмдэн 210,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйл баримт болсон байна.

 

Прокуророос шүүгдэгч Л.Б-ыг өсвөр насны О.Т, С.А нартай бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу шанд багийн 14б дүгээр гудамжны ертөнцийн зүгээр баруун талын төгсгөлийн нарийн гудамжинд насанд хүрээгүй хохирогч Э.А-гийн айфоне-8 загварын гар утсыг хүч хэрэглэж дээрэмдэн 550,000 төгрөгийн хохирол, насанд хүрээгүй хохирогч А.Б-ийн самсунг глакси жэйн загварын гар утсыг хүч хэрэглэж дээрэмдэн 210,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Л.Б-ыг өсвөр насны О.Т, С.А нартай бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу шанд багийн 14б дүгээр гудамжны ертөнцийн зүгээр баруун талын төгсгөлийн нарийн гудамжинд насанд хүрээгүй хохирогч Э.А-гийн айфоне-8 загварын гар утсыг хүч хэрэглэж дээрэмдэн 550,000 төгрөгийн хохирол, насанд хүрээгүй хохирогч А.Б-ийн самсунг глакси жэйн загварын гар утсыг хүч хэрэглэж дээрэмдэн 210,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Мөн шүүгдэгч Л.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөргүй. Л.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, түүнд Эрүүгийн хууийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай гэж,

Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч: Гэм буруу болон зүйлчлэлд маргахгүй. Прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэж тус тус дүгнэлт санал гаргасан ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж хүлээх эрүүгийн хариуцлагын төрөл хэлбэр, хэмжээний талаар прокурортой тохиролцсон байна.

Дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Өөрөөр хэлбэл дээрэмдэх үйлдлийн улмаас хохирогчийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хэд хэдэн эрх, эрх чөлөөлнд халдаж зөрчдөг. Тухайлбал өмчлөх эрхэд халдаж улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд хохирол учруулж болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлох аргаар үйлдсэн байхаар хүндрүүлэх шинжид хуульчилсан. Хүч хэрэглэж гэж гэмт этгээд хохирогчийн бие махбодид халдаж түүнийг эсэргүүцлийг няцаан эд хөрөнгийг авсан байхыг ойлгоно. Харин хүч хэрэглэхээр заналхийлж бусдын эд хөрөнгийг авахаар довтлох гэж гэмт этгээд эд хөрөнгөө өгөхгүй бол түүний эрүүл мэндэд хохирол учруулах, эрх чөлөөг хязгаарлах зэргээр айлган сүрдүүлж довтолсон байхыг хэлнэ.

 

Шүүгдэгч Л.Б- нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь насанд хүрээгүй хохирогч Э.А-гийн “...2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Их залуу багт байрлах Цагаан-Уул дэлгүүрийн ойролцоо найз Б-ийн хамт хичээлээ тараад явж байтал бөөгнөрсөн ах нар байхаар нь хажуугаар нь өнгөрөх гэж байтал 3 зүс таних ах нар ирж бид хоёрыг зогсоогоод уулзъя гэж хэлээд гудамж руу дагуулаад орсон. Тэгээд Б- бид хоёрыг утсаа гаргаад ир ах нар нь өрөнд орчихоод явж байна гэсэн. Тэгээд Б- гар утсаа гаргаад ирсэн чинь зүс таних ах нар одоо утсыг чинь авна гэж Б-т хэлэхэд Б- юу шаагаад байгаа юм гэтэл А- гэх ах Б-ийг алгадчихаад утсыг нь авсан. Тэгээд намайг утсаа гаргаад ир гэхээр нь би яах гэж байгаа юм бэ гэтэл урд талын нарын гудамж руу дагуулж ороод миний утсыг намайг цохиж байгаад утасны кодыг гаргуулаад авсан. Тэгээд Б- бид хоёрыг тэр гудамжаар яв гэж хэлээд хөөгөөд явуулсан...” гэсэн мэдүүлэг,

насанд хүрээгүй хохирогч А.Б-ийн “...Тухайн үед мэдүүлэг өгөхөд би тэдгээр хүмүүсийг танихгүй байсан. Э.А- бид хоёр ангийнхаа хүүхэдтэй хамт явж байтал бид хоёрыг дээрэмдүүлсэн гэх хүүхдүүдтэй тааралдсан. Тэгтэл манай ангийн хүүхэд Э.А- бид хоёрт хандан энэ хүүхдүүдийг танина ш дээ гэж хэлээд фейсбүүкийг нь хэлж өгөөд тэгээд дээрэмдсэн хүүхдүүдээ мэдэж авсан. Тийм ээ фейсбүүкээр ороод харахад Л.Б-, А-, Тэмүүлэн нар Э.А- бид хоёрыг дээрэмдсэн байсан...” гэсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримтын талаар маргаагүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Л.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх тул шүүгдэгч Л.Б-ад прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч Л.Б-ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг  хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Л.Б-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзэв

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

Шүүгдэгч Л.Б-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч гэм буруугаа хүлээж прокурортой ял тохиролцсоныг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу тохирсон эрүүгийн хариуцлагыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Бусад асуудлаар:

      Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-ын 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 30-ны хүртэл цагдан хоригдсон 28 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Л.Б- нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 7 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч Б- овогт Л-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

         2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л-ын Б-ыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Л.Б-ад оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-ын цагдан хоригдсон 28 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч Л.Б- нь бусдад төлөх  төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б-ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

 

7. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.НАРМАНДАХ